– Business.MN сэтгүүлийн 2022 оны 08 сарын дугаар (№45) -ын ковер нийтлэл –
Тэрбум долларын зах зээлд тэмүүлж буй Sendly өнгөрсөн хугацаанд олон улсын зах зээлд амжилттай нэвтэрсэн бол энэ удаад IPO хийж, нээлттэй, хамтын эзэмшил бүхий компани болж, хөгжлийн дараагийн түвшинд шилжихээр зэхэж байна.
Sendly IPO – Хөрөнгийн зах зээлийн шинэ тэсрэлт
Зургадугаар сарын 11 -нд “Зайсан хилл цогцолбор”-т олон хүн бужигнаж, урьд урьдынхаас хөл ихтэй байв. Бямба гараг, амралтын өдөр гэдгийг үл харгалзан 1000 гаруй хүн энд цуглажээ. Технологийн таван компани хамтран хөрөнгийн зах зээлийн боломжийн талаар олон нийттэй ярилцахаар “Tech Invest – Ногоон Сум” арга хэмжээг зохион байгуулсан нь энэ бөгөөд эдгээр компанийн захирлууд тус бүр илтгэл тавихаар хөтөлбөрт тусгасан байв. Тайзнаа гарч ирсэн Sendly компанийн ТУЗ -ийн дарга Б.Наранбат өөрт тохиолдсон нэгэн түүхийг хуваалцсанаар илтгэлээ эхлүүллээ. 2016 онд тэрбээр хувьцаагаар шилжүүлсэн мөнгөө Австралид суугаа найзаасаа эргүүлэн авахаар болж. Хэрэв банкаар шилжүүлбэл 2-3 хоног алдахаар байсан тул найз нь хугацаа хожихын тулд хувь хүний дансаар дамжуулан 10 мянган ам.доллар шилжүүлсэн нь 30 минутын дотор түүний дансанд оржээ. Гэтэл зөвхөн шимтгэлд 300 ам.доллар алдсанаа тэр олж мэдлээ. Тухайн үед Төрийн банканд санхүү хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Б.Наранбат Монголд банкны салбар боломжийн түвшинд хөгжсөн, өөрийгөө ч бололцооны банкир хэмээн боддог байсан ч түүний анзаараагүй орон зай, шийдэл үгүйлэгдсэн талбар үлдсэнийг тэгэхэд л анх мэджээ. Ингээд учир шалтгааныг нь судалж эхэлснээр өдгөө 21 мянган идэвхтэй хэрэглэгч бүхий олон улсын мөнгөн гуйвуулгын Sendly аппликэйшнын түүх бичигдэж эхэлсэн юм.
Бизнесийн гол үнэ цэн, хэмжүүрийг хөрөнгө оруулагчид л тогтоодог.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Sendly аппаар дамжуулан 37 мянган удаагийн гүйлгээ хийгдэж, нийт 11.2 сая ам.доллар буюу 35.7 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц валют манай улсын эдийн засагт оржээ. Энэ тоо цаашид ч нэмэгдэх хандлагатайг дэлхийн жижиг мөнгөн гуйвуулгын зах зээл улам бүр тэлж томорч, сая сая хүний амьдралын өдөр тутмын хэрэгцээ шаардлагыг хангаж эхэлснээс тодорхой харагддаг. Өдгөө Sendly апп Америк (2020), Австрали (2021), Япон (2021), Англи болон Европын холбооны 27 улс (2022) -ын зах зээлд нэвтэрч, хилийн чанад дахь монголчууд эх орон руугаа 10 минутын дотор хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг бүрдүүлээд байгаа нь тэдний гол давуу тал. Санхүү болон мэдээлэл технологийн салбарт олон жил ажилласан туршлагатай монгол залуучууд олон улсад эн зэрэгцэн өрсөлдөхүйц түвшний мөнгөн гуйвуулгын бие даасан системийг хөгжүүлж, санхүүгийн шинэлэг үйлчилгээг амжилттай нэвтрүүлж чадсанаараа ийнхүү анхдагч болсон юм. Тун удахгүй тэд Өмнөд Солонгос болон Хятад улсын зах зээлд нэвтэрч, үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна. Харин дунд хугацааны төлөвлөгөөндөө Англи болон Өмнөд Солонгост охин компаниа байгуулсантай адил алхам алхмаар үйл ажиллагаагаа өргөжүүлж эхлэхээр Арабын нэгдсэн Эмират улсын зах зээлийг онилжээ. Ингэснээр булангийн орнуудад зах зээлээ тэлэх боломжид нэг алхам ойртох юм.
“Олон нийтийн итгэлийг дааж, хөрөнгө оруулалтаа цааш үр ашигтай ажиллуулах боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд, үнэлгээний компаниуд дүгнэсний үндсэн дээр манай компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахад бэлэн болоод байна. Өөрөөр хэлбэл, Sendly хөгжлийн дараагийн түвшиндээ шилжиж байна”.
Өнгөрсөн жилүүдэд судалгаа, хөгжүүлэлт, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд голдуу хүч хаясан Sendly компани энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд энэ эрчээ хадгалж чадвал жилийн эцэс гэхэд ашгийн хэмжээгээ таван тэрбумд хүргэнэ хэмээн тооцоолж байна. Өдгөө дэлхий даяар тархан суурьшсан монголчуудад зориулсан мөнгөн гуйвуулгын үйлчилгээг хүргэж буй Sendly 2024-2030 онд олон улсын иргэдэд үйлчилгээ үзүүлж эхлэх, зах зээлээ хэд дахин тэлэх төлөвлөгөөг боловсруулж сууна. Ингэснээр тэд 180 мянган монголчуудыг хамарсан дотоодын мөнгөн гуйвуулгын 500 сая ам.долларын зах зээлээс 280 сая идэвхтэй хэрэглэгч бүхий дэлхийн жижиг мөнгөн гуйвуулгын 773 тэрбум ам.долларын зах зээлд хөл тавих юм. Энэ зах зээлийн гурван хувь буюу 22 тэрбум ам.долларт хүрч ажиллах нь Sendly -ийн зорилго бөгөөд энэ нь манай улсын ДНБ -ээс хоёр дахин их дүн. Товчхондоо, тэдэнд цааш тэлэх хангалттай орон зай, нөөц боломж бий.
“Оролц, бүтээлц, хөрөнгөж” уриатай Tech Invest арга хэмжээний үеэрх илтгэлийнхээ дундуур Б.Наранбат ирэх есдүгээр сард Sendly IPO хийж, олон нийтэд нээлттэй, хамтын эзэмшилтэй компани болохоор зэхэж, бэлтгэл ажил ч төлөвлөсний дагуу өрнөж буйг дуулгасан билээ. Тэрбээр “Олон нийтийн итгэлийг дааж, хөрөнгө оруулалтаа цааш үр ашигтай ажиллуулах боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд, үнэлгээний компаниуд дүгнэсний үндсэн дээр манай компани хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргахад бэлэн болоод байна. Өөрөөр хэлбэл, Sendly хөгжлийн дараагийн түвшиндээ шилжиж байна” гэлээ.
“Sendly -д зах зээлийн маш том боломж, орон зай байгаа учраас цааш ашиг орлогоо нэмэгдүүлж, үнэ цэнээ өсгөх бололцоо бүрэн бий. Энэ ч утгаараа бид хөрөнгө оруулалтын өгөөжийн хувьд нэлээд өндөр ашигтай бизнесийг бүтээсэн гэж харж байгаа. Одоо бид ухрах замгүй. Тиймээс өөрсдийн бүхий л зүрх сэтгэл, эрч хүчээ энэ зорилгодоо төвлөрүүлэн ажиллаж байна”.
Тус компани өмнө нь IPO хийсэн санхүүгийн байгууллагуудтай харьцуулахад компанийнхаа хамгийн өндөр хувийг буюу нийт хувьцааныхаа 29.9 хувийг санал болгож байгаа бөгөөд 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Ингэхдээ 7.5 тэрбум төгрөгийг стратегийн хөрөнгө оруулагчдаас, харин 2.5 тэрбум төгрөгийг олон нийтэд санал болгож буй. Төлөвлөсөн хөрөнгө оруулалтаа татсанаар тэд эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж, компанийнхаа үндсэн үйл ажиллагааг санхүүжүүлнэ. Мөн цаашлаад жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлийн багцаа нэмэгдүүлэх, дотоодын банк бус санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа тэлэх зорилго тавьжээ. Үүнээс гадна ашиг орлогын хэмжээгээрээ Монголын арилжааны банкуудын араас бичигдэж буй банк бус санхүүгийн байгууллага гэдэг утгаараа IPO хийснээр ашигт ажиллагаагаа хэд дахин нэмэгдүүлж, 8-10 тэрбум төгрөгт хүргэнэ хэмээн үзэж байна.
“Sendly -д зах зээлийн маш том боломж, орон зай байгаа учраас цааш ашиг орлогоо нэмэгдүүлж, үнэ цэнээ өсгөх бололцоо бүрэн бий. Энэ ч утгаараа бид хөрөнгө оруулалтын өгөөжийн хувьд нэлээд өндөр ашигтай бизнесийг бүтээсэн гэж харж байгаа. Одоо бид ухрах замгүй. Тиймээс өөрсдийн бүхий л зүрх сэтгэл, эрч хүчээ энэ зорилгодоо төвлөрүүлэн ажиллаж байна” хэмээн Б.Наранбат хэлээд үргэлжлүүлэн “Бидний алсын хараа бол дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн монгол бизнесийг цогцлоох. Өнөөдөр бид дэлхийн хэмжээнд хэдийнэ үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин одоо дэлхийн хэмжээнд үнэлэгдэх ёстой” хэмээн онцлов. Нэгэнт олон улсын түвшинд бизнес хийж байгаа учраас Sendly аль болох эртнээс нээлттэй буюу хөрөнгийн биржид бүртгэлтэй компани болж, засаглалын хувьд төлөвшсөн байх нь олон улсаас хөрөнгө оруулалт татахад шаардагдах нэг шалгуур үзүүлэлт болдог тул эхний ээлжинд Монголдоо нээлттэй компани болохоор зорьж байгаа нь энэ юм.
Дэлхийд үнэлэгдэх монгол бизнес
“Дэлхийд гарна гэж бизнес эрхлэгч бүр ярих болж. Гэхдээ гол үнэ цэн, хэмжүүрийг хөрөнгө оруулагчид л тогтооно. Энэ бол ирээдүйтэй, зөв бизнес шүү гэдгийг хөрөнгө оруулалтын дүн л харуулна. Тэгэхээр тухайн бизнес ашигтай ажиллаж чаддаг, бодит бүтээмж бий болгодог байх ёстой. Тэгж байж үнэ цэнийг бүтээж, хөрөнгө оруулалтын үр дүнд тэрхүү үнэ цэн хэрхэн өссөнөөр л бодит үнэлгээг илэрхийлнэ” хэмээн Б.Наранбат хэлж байна.
Tech Invest арга хэмжээний үеэрх илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр Sendly -ийн үйлчилгээ Англи болон Европын холбооны 27 улсын зах зээлд нэвтэрснийг зарлаж, цугласан олны өмнө, тайзнаа шинэ зах зээлийн нээлтээ хамтдаа хийсэн бол дараа нь Өмнөд Солонгосын томоохон хөрөнгө оруулалтын сан болох ‘Rhinos – KAI Frontier Fund 1’ -аас хөрөнгө оруулалт авч, стратегийн түншүүд болсноо мэдэгдэж, талууд тайзан дээр гэрээнд гарын үсэг зурсан юм. Мөн АНУ болон Европын хөрөнгө оруулалтын сангуудаас томоохон дүн бүхий хөрөнгө оруулалт татах хэлцэл ид өрнөж буйг дуулгасан. Үүнээс гадна 2021 онд Хятадын WeChat Pay үйлчилгээний Монгол дахь албан ёсны түнш байгууллага болж, энэ ондоо багтаан дотоодын зах зээлд нэвтрүүлж, мөнгөн гуйвуулга хийж эхлэхээр төлөвлөснийг ч дурдах хэрэгтэй. Энэ бүхэн Sendly -ийн үйл ажиллагаа олон улсын стандарт, шаардлагад нийцэж буйг илтгэнэ.
Энэ хүрээнд тэд ойрын ирээдүйд Өмнөд Солонгосын хөрөнгийн биржид Sendly -ийн толгой компани буюу “Монголын финтек групп” -ийн хувьцааг гаргах товч тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Тус групп олон нийтийн сайн мэдэх Sendly, HiPay компаниас гадна үнэт цаасны зуучлал, даатгалын зуучлал, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, хөрөнгийн удирдлага зэрэг чиглэлээр санхүүгийн салбарт дагнан үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй охин компанитай. Эдгээр компаниар дамжуулан тэд санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтай хялбаршуулж, өргөжүүлж, хүртээмжтэй болгож чадсан бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард “Монголын финтек групп” хаалттай хувьцаа гаргаж, компанийнхаа 23.4 хувийг 10 тэрбум төгрөгөөр үнэлэн 238 иргэнээс хөрөнгө оруулалт татан төвлөрүүлж, түүнийхээ тал хувиар Sendly -ийн дүрмийн санг нэмэгдүүлж байв. Үүний үр дүнд өндөр ашигтай ажиллаж чадсан Sendly -ийн үйл ажиллагаа тэлж, өдгөө хөрөнгийн биржид бүртгэлтэй, хамтын эзэмшилтэй компани болохоор зэхэж байгаа юм. Энэ буухиа цааш үргэлжлэх бөгөөд IPO хийх, хөрөнгийн зах зээлийн дараагийн тоглогч нь HiPay компани байх болно гэдгийг тус группийн зүгээс мэдэгдсэн.
Дэлхийн зах зээлийг харвал WorldRemit, Ria зэрэг шинээр үүсгэн байгуулагдсан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлэгч компанийн хувьцааны ханш сүүлийн жилүүдэд тогтмол өссөөр байгаа бол эсрэгээр уламжлалт бизнесүүд зардал чирэгдэл ихтэй тул өрсөлдөх чадварын хувьд финтекүүдэд “цохигдож”, хувьцааны ханш нь унасаар байгаа юм. Санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтай хялбаршуулж буй финтек компаниуд бага зардлаар томоохон мөнгөн эргэлтийг бий болгодог гэдэг утгаараа дэлхийд трэнд болж буй. Нэг ёсондоо, энэ бол өрсөлдөх чадварын гол үзүүлэлт юм. Харин Sendly олон улсын ижил төрлийн эдгээр компанитай эн зэрэгцэн өрсөлдөхүйц чадамжтай дэд бүтцийг бий болгож чадсан нь илүү их амжилтыг татах гол үнэ цэн, ирээдүй гэдгийг компанийн хамт олон онцолж байв.
Өдгөө дэлхий дахинд банк, банк бус санхүүгийн байгууллага болон хувь хүн гэсэн гурван төрлийн сувгаар дамжин мөнгөн гуйвуулга хийгддэг. Эндээс мөнгөн гуйвуулгын албан ёсны үйлчилгээг банк, банк бус санхүүгийн байгууллага үзүүлж, хэрэглэгчдийн хувьд найдвартай суваг болдог бол албан бус мөнгөн гуйвуулгыг гол төлөв хувь хүмүүс өөрийн дансаар дамжуулан хийдэг нь өндөр эрсдэл үүсгэх шалтгаан болдог. Гэсэн ч өдөр тутам, эсвэл тодорхой хугацааны давтамжтай өөрийн орлогоос эх нутаг, ар гэр рүүгээ тогтмол шилжүүлэг хийдэг сая сая хүн дэлхийн өнцөг булан бүрт аж төрж, энэ тоо нэмэгдсээр байгаа нь олон улсын жижиг мөнгөн гуйвуулгын зах зээлийг жилээс жилд тэлсээр байна.
Тэдгээр хүмүүс богино хугацаанд, хамгийн бага шимтгэлтэйгээр мөнгөн гуйвуулга хийх боломжийг эрэлхийлж байдаг нь хувь хүмүүсийн санал болгодог эрсдэлтэй, найдваргүй мөнгөн гуйвуулгын үйлчилгээг сонгох шалтгаан болдог. Харин энэ зах зээлийн тодорхой хувьд хурдан шуурхай, найдвартай, хамгийн бага шимтгэлтэй үйлчилгээг үзүүлэх нь Sendly -ийн зорилго. Тэд НҮБ -ын тогтвортой хөгжлийн 17 зорилтод багтсан олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээний шимтгэлийн дундаж дүнг бага хэмжээнд буюу гурван хувьд барих зорилгыг хоёр жилийн өмнө хэдийнэ хангаад буй.
Зөвхөн өнгөрсөн онд гэхэд Sendly аппаар дамжуулан 19 мянган ширхэг гүйлгээ хийгдсэн нь дотоодын арилжааны бүх банкуудын хүлээн авсан нийт 173 мянган ширхэг SWIFT гүйлгээний тоотой харьцуулахад 10.9 хувьтай тэнцэхүйц үзүүлэлт буюу ийм хэмжээний гүйлгээг дангаараа гүйцэтгэжээ. Эдгээр гүйлгээний дундаж дүн 270 ам.доллар, харин шимтгэл нь дунджаар дөрвөн ам.доллар байгаа нь банкууд болон олон улсын бусад мөнгөн гуйвуулгын байгууллагынхаас хавьгүй бага хэмжээ юм. Нөгөө талаар, хэрэглэгчид Sendly апп ашиглан зөвхөн мөнгөн гуйвуулга хийх бус өөр олон төрлийн үйлчилгээ авах боломжтой. Тухайлбал, хилийн чанадад суугаа монголчууд эх орондоо өөрийн нэр дээр орон сууц худалдан авах, онлайн дэлгүүрээр үйлчлүүлэх, сайн дурын нийгмийн даатгал төлөх зэрэг санхүүгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлээд байгаа юм.
Sendly үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд шинэ хэрэглэгчдийг татахаас гадна шинэ зах зээлд нэвтрэх шаардлагатай тулгардаг. Гэвч шинэ зах зээлд нэвтрэх нь сонсогдож байгаа шигээ тийм ч хялбар биш. Тэр дундаа санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг бол олон улсын байгууллагуудаас эхлээд тухайн улсын зохицуулагч байгууллага хүртэлх шат шатны байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг өндөр стандарт, нарийн дүрэм журам, шалгуурт тэнцэж, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай. Харин өнгөрсөн хугацаанд монгол залуучуудын ур чадвар, оюун ухаанаа дайчлан хөгжүүлсэн Sendly -ийн бие даасан экосистем санхүүгийн бизнес эрхлэхэд шаардагдах нарийн хяналт, шалгалт, зохицуулалтыг хангаж, олон улсын санхүүгийн салбарт амжилттай ажиллаж чадахаа нэгэнт батлан харуулсан юм. Тухайлбал, Америкийн муж тус бүр тусгай зөвшөөрөл шаарддаг учраас Sendly тус улсын 31 мужид тусгай зөвшөөрөл эзэмшдэг Golden Money Transfer, Prabhu Money Transfer, Moneytun зэрэг гурван ч байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж, 2020 оны тавдугаар сард гадаад зах зээлд анхлан хөл тавьж байв.
“Хүн байрнаасаа хөдөлж, өөрчлөлтийг хийж, татгалзаж, бас аливааг орхиж чаддаг байх ёстой”.
Шинэ зах зээлд нэвтрэх, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа тэлэхээр тэд тууштай ажиллаж байх тухайн үед Монгол Улс FATF (Financial Action Task Force буюу Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага) -ийн “саарал жагсаалт” -д орж, санхүүгийн үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй орнуудын тоонд багтаад байсны зэрэгцээ жижиг зах зээлтэй гэх шалтгаанаар хамтран ажиллахаас татгалзсан хариу удаа дараа авч байсан нь зорилгодоо хүрэх үйл явцад нь багагүй бэрхшээл учруулж байв. Гэсэн ч Америкийн FinCEN (Financial Crimes Enforcement Network) буюу Олон улсын санхүүгийн гэмт хэргийн эсрэг сүлжээний шаардлагыг хангаж, уг сүлжээгээр хянагддаг Plaid буюу АНУ -ын 4300 банк холбогдсон томоохон системд Sendly амжилттай холбогдож чаджээ. Ингэснээр тус улсын бүх банкны дансыг Sendly -ийн дотоод системд шууд холбон ажиллах боломж бүрдсэн юм.
“Энэ бол бидний мөрөөдлөө тасралтгүй эрэлхийлж, хурал цуглаанд нь тогтмол оролцож, өөрсдийгөө танилцуулж, илтгэл тавьж, уйгагүй зүтгэснийх. Үйл ажиллагаагаа жилээс жилд байнгын шинэчилж, сайжруулж явсны хүчинд олон улсын түншүүд маань итгэл хүлээлгэж, хамтын ажиллагаа эхлүүлсэн нь бидний хувьд маш том амжилт, сорилт, бэрхшээл, бас бахархал. Бүтэхгүй гэж хойш суулгүй, бүтээхийн төлөө бид тууштай зүтгэсэн. Их ч цаг хугацаа, хүч зарцуулсан. Үүнийг биднээс өмнө яагаад хэн нэгэн зориглон хийгээгүй вэ гэвэл амаргүй даваа л гэсэн үг” хэмээн Б.Наранбат хэлж байна.
Туршлагаар баталгаажсан үнэ цэн
Б.Наранбат МУИС -ийн Эдийн засгийн сургуулийг санхүүч мэргэжлээр төгсөөд, 2008 онд Сангийн яаманд ажилд орсноор карьераа эхлүүлжээ. Сангийн яамны Санхүү, эдийн засгийн бодлогын газарт дөрвөн жилийг өнгөрүүлэхдээ Монголын макро эдийн засаг, бизнесийн орчинд төвлөрч ажилласны зэрэгцээ 2010-2011 онд Япон улсад хөгжлийн эдийн засгийн чиглэлээр суралцаж амжжээ. Харин дараа нь Сангийн яамнаас гарч, Төрийн банканд хэлтсийн захирлаар очиход түүний эл шийдвэрт шүүмжлэлтэй хандах хүн олон байв. Тухайн үед Төрийн банк өнөөдрийнх шиг 500 гаруй салбартай, системийн нөлөө бүхий банкуудын нэг биш, 30 -аадхан салбартай жижиг банк байсан бөгөөд энд ажиллахдаа Б.Наранбат хэлтсийн захирлаас газрын захирал, санхүү хариуцсан дэд захирал, гүйцэтгэх захирлын орлогчоор дэвшин ажиллаж, төлбөр тооцоо, корреспондент банк, SWIFT гүйлгээ зэрэг гадаад харилцааны асуудлыг хариуцаж, гадаадын банк, санхүүгийн түнш байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага хуримтлуулсан байна.
Үйл ажиллагаагаа жилээс жилд байнгын шинэчилж, сайжруулж явсны хүчинд олон улсын түншүүд маань итгэл хүлээлгэж, хамтын ажиллагаа эхлүүлсэн нь бидний хувьд маш том амжилт, сорилт, бэрхшээл, бас бахархал.
Төрийн банканд мөн л дөрвөн жил ажиллаад, 2016 онд тэр өөрийн хүсэлтээр ажлаа өгч, карьерынхаа дараагийн алхмыг эхлүүлсэн нь түүний хувьд томоохон шийдвэр болжээ. Уг шийдвэр нь эргэн тойрны хүмүүсээс бас л багагүй шүүмжлэл хүртэв. Нэг талаар, өндөр цалин, хангамжтай захирлын суудлаас холдож шинэ талбарт өөрийгөө сорих, нөгөө талаас, Австралийн хэд хэдэн их сургуулийн магистрын хөтөлбөрт тэнцсэн учраас хилийн чанадыг зорьж, сурч, боловсрох хүсэлтэй байв. Ингээд хилийн чанадад очсон хойно нь тогтмол орлогоор хангах бизнесийг Монголд эхлүүлэхээр судалгаа хийж явсаар 2016 оны есдүгээр сард IMTC ASIA (International Money Transfer Conference буюу Олон улсын мөнгөн гуйвуулгын нэгдсэн чуулган) чуулганд оролцохоор Энэтхэгийн Нью Дели хотыг зорьжээ. Уг чуулганд Монголоос оролцож буй анхны хүн болсон бөгөөд олон улсын мөнгөн гуйвуулгын зах зээлийг тэр судалж, бизнесийн орон зай байгааг анзаарснаар Энэтхэгт ирсэн нь энэ юм.
Харин дараа нь үүргэвчээ үүрэн, цор ганцаар Зүүн Өмнөд Азийн орнуудаар сар орчмын хугацаанд аялаад эргэж ирэхдээ бизнесийн төлөвлөгөөгөө толгойдоо боловсруулчихсан байв. Ингээд өөрийн нөөц бололцоо, зах зээлийн бодит байдлыг үнэлж дүгнэх, ирээдүйд юу хийх ёстойгоо сайтар эргэцүүлж бодсоор хэсэг хугацааг өнгөрүүлжээ. Үүнээс нэг их удалгүй Сангийн яаманд ажлын гараагаа хамт эхлүүлж байсан М.Цолмон найзтайгаа хамтран өнөөдрийн Sendly -г байгуулж, эндэх ажил хэрэг нь улам сонирхолтой, бас амжилттай өрнөж эхэлсэн учраас магистрт сурах бодлоо хойш тавьж, бизнестээ бүрэн төвлөрснөөр бидний мэдэх түүх эхэлсэн юм.
Энэ талаар Б.Наранбат “Өөрийн зөн совиндоо, ‘Энэ замаар л явах ёстой’ гэсэн дотоод мэдрэмждээ би их итгэдэг. Банкны захирлын ажлаа өгсөн, мөн гадагшаа сургуульд явахаа больсон гээд л карьерынхаа турш гаргасан шийдвэрүүдээ эргэн харахад зөв байсан санагддаг. Нэг цонх хаагдахад өөр нэг цонх нээгдэж байдаг шүү дээ. Мэдээж тухай бүрт өөрчлөлттэй нүүр тулах, түүнийг хэрэгжүүлэх явцад бэрхшээл тулгарах хэдий ч тэр бүхэн эргээд давуу тал, туршлага, үнэ цэнийг бүтээдэг. Тэгэхээр хүн байрнаасаа хөдөлж, өөрчлөлтийг хийж, татгалзаж, бас аливааг орхиж чаддаг байх ёстой. Энэ бүх туршлагын хүчинд л өнөөдрийн бизнесийг хийж байна” хэмээгээд “Хүмүүс намайг буруугаар ойлгох, үнэлэх хандлага байгааг анзаарсан учраас юу хийж чаддагаа харуулъя, юу сурсан мэдсэнээ үзүүлье гэсэн нууцхан бодол байсан маань энэ бизнесийг эхлүүлэх гол хөдөлгөгч хүч болсон. Харин мэргэжлийн өнцгөөс бол банкуудын хийдэггүй, банк бус санхүүгийн байгууллагууд хийх гээд хүчин чадал нь хүрдэггүй тэр л шинэчлэлийг хийх ёстой гэдгийг олж харсан” гэлээ.
“Нийгэмд үйлчилгээ үзүүлж, нийгмээс ашиг орлого олж байгаа компаниуд эргээд нийгэмдээ заавал өгөх ёстой”.
Бизнесээ эхлүүлэхдээ л дэд бүтэц, боловсон хүчнээ оновчтой бүрдүүлж, сууриа зөв тавьсан учраас охин компаниуд нь богино хугацаанд ар араасаа мэндэлжээ. Энэ тухайд “Бизнес хийгээд тухайн зах зээлээ таньж мэдээд эхлэхээр дараа дараагийн боломжууд харагдаж эхэлдэг” хэмээн тэд хариулж байна. Sendly аппын ард санхүү болон мэдээлэл технологийн салбарт олон жил ажилласан туршлагатай, инновацлаг, бүтээлч сэтгэлгээтэй, зах зээлийн онцлогийг нарийн мэдэрч, давуу, сул талыг олж харж, тодорхойлж чаддаг чадварлаг баг байдгийг удирдлагын зүгээс онцолсон. Нэг үгээр, Sendly -ийн хамт олон бол тэдний хамгийн том давуу тал, бас үнэт зүйл.
“Би өөрөөсөө илүү чадвартай, мэдлэгтэй, шилдэг боловсон хүчнийг цуглуулж байж сайн баг бүрдэнэ. Цаашид бид хамгийн шилдэг нь болох шаардлагатай учраас тасралтгүй суралцах, мэдлэг оюундаа хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарч байна”.
Үнэт зүйл болсон хамт олон, боловсон хүчнээ компанийн ирээдүйн зорилго, алсын хараанд чиглүүлж, дэлхийд өрсөлдөх бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгохын тулд өдөр бүр сурч, байнга хөгждөг соёлыг төлөвшүүлэхийг тэд хичээж буй. Тиймээс баг хамт олноо сургаж хөгжүүлэхэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж, гадаад, дотоодын сургалтад хамруулсаар иржээ. Хүн суралцаж, мэдлэг боловсрол олж авч, туршлага хуримтлуулах үйл явц хэзээ ч зогсохгүй, үргэлж шинийг сурч мэдэж, тэр хэрээрээ хувь хүний хөгжлөө нэмэгдүүлж явах ёстой гэдэгтэй санал нийлдэг Б.Наранбатын хувьд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн Senior Executive Leadership Program нэг жилийн хөтөлбөрт хамрагдан суралцаж эхэлсэн бөгөөд эндээс сурсан мэдсэнээ компанидаа нэвтрүүлэхийг хичээх болжээ. Тэдгээрийн нэг нь Хятадын технологийн аварга Tencent компанийн долоо хоногийн ажлын нэг өдрийг бүтэн сургалт, хөгжилд зарцуулж, ажилтнуудынхаа мэдлэг боловсролд анхаарч байж дэлхийд тэргүүлнэ хэмээх жишээ юм. Үүний нэгэн адил тэрбээр компанийнхаа ажилтнуудын дунд баасан гараг бүрийг сургалт, семинарт зориулсан өдөр болгон зарлажээ. “Би өөрөөсөө илүү чадвартай, мэдлэгтэй, шилдэг боловсон хүчнийг цуглуулж байж сайн баг бүрдэнэ. Цаашид бид хамгийн шилдэг нь болох шаардлагатай учраас тасралтгүй суралцах, мэдлэг оюундаа хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн анхаарч байна” хэмээн хариуллаа.
Мөн тэд байгууллагын соёлоо мерит зарчмаар төлөвшүүлэхийг хичээж, ажилтнууддаа өөрийн хичээл зүтгэл, ур чадварыг шударгаар үнэлүүлж, шударгаар өрсөлдөх орчин нөхцөлийг бүрдүүлж өгөхийг зорьж байна. Компаниа анх үүсгэн байгуулж байхдаа л Б.Наранбат, М.Цолмон хоёр компанийн соёлоо бүрдүүлэхдээ өөрсдийн хамаатан садан, ураг төрлийн хүнийг ажилд авахгүй, харин хүний ур чадвар, мэдлэг боловсролыг эн тэргүүнд тавих зарчмыг хатуу хэрэгжүүлэхээр тодорхойлсон нь өдгөө нийт ажилтнуудад өсөн дэвжих, хөгжиж боловсроход нээлттэй, эрүүл системийг цогцлоожээ. Үүний зэрэгцээ нийгмийн халамжийн асуудалд нь ч онцгойлон анхаарч, арилжааны банкуудад л гол төлөв ашигладаг хүний нөөцийн бодлогын жишиг загварыг дотооддоо нэвтрүүлэн ашиглах болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэхээс эхлээд сайн үйлсийн аяныг идэвхтэй өрнүүлж, 50 гаруй эмчийг гадаадад тэтгэлгээр сургасан гээд нийгмийн хариуцлагын хүрээнд ч олон ажил хийж амжсан байна. “Нийгэмд үйлчилгээ үзүүлж, нийгмээс ашиг орлого олж л байгаа бол компаниуд эргээд нийгэмдээ заавал өгөх ёстой” хэмээх зарчмыг Sendly -ийнхэн баримталдаг.
Sendly олон улсын ижил төрлийн эдгээр компанитай эн зэрэгцэн өрсөлдөхүйц чадамжтай дэд бүтцийг бий болгож чадсан нь илүү их амжилтыг татах гол үнэ цэн, ирээдүй гэдгийг компанийн хамт олон онцолж байна.
Өнөөдөр Sendly цомхон баг бүхий стартапаас дараагийн түвшинд шилжих алхмаа хийж, зөвхөн хэн нэг удирдлагаас хамаардаггүй өөрийн инерциэр ажиллаж чадах систем бүхий компани болохыг зорьж байна. Байгууллага өргөжин тэлэхийн хэрээр ганц гүйцэтгэх захирал бүгдэд хүрэлцэхгүй болж, хүмүүст ажил үүргийг нь хуваарилах, зөв менежмент хийх, өөрөө аль болох бага оролцоотой байх зайлшгүй шаардлагатай болж иржээ. Үүнийг дагаад тодорхой түвшний ажилтнууддаа эрх мэдэл, шийдвэр гаргах эрхийг шилжүүлж ажиллуулах хэрэгтэй болсон нь удирдлагын хувьд хэцүү хэсэг хэмээн Б.Наранбат тодотгоод “Хэн ч гүйцэтгэх захирал байсан тэнд өөрөө ажилладаг систем бүрдүүлэх нь санхүүгийн бизнесийн хамгийн чухал хэсэг” гэв. Энэ ч утгаараа охин компаниудынхаа дараагийн CEO, удирдагчдыг эхнээс нь бэлтгэж, томилж эхэлсэн талаараа ч хуваалцсан юм. Групп компанийн үйл ажиллагааг тэлэхдээ Сангийн яам, арилжааны банк, олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай, салбартаа мэргэжлийн ур чадвараараа танигдсан хамтрагчдаа урьж авчран, хувьцаа эзэмшигч болгох замаар бусад төслөө хариуцуулан ажиллуулах бодлого баримталсан нь тэдний хувьд богино хугацаанд өндөр өсөлтийг авчирчээ.
Тэд ажилтнууддаа чиглэсэн өөр нэг чухал бодлогыг хэрэгжүүлдэг нь компанийн ирээдүйн өсөлт, дэвшил, амжилт эргээд ажилтанд хуримтлал бий болгох, үр хойчдоо үнэ цэн бүхий хөрөнгө оруулалтыг үлдээх боломжийг бүрдүүлэхэд чиглэж буй. Энэ хүрээнд ажилтнууддаа компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшүүлэх замаар хамтын эзэмшигч, хөрөнгө оруулагч болгох үндсийг тавьж, ESOP (Employee stock ownership plan) хөтөлбөрийг ч нэвтрүүлжээ. Харин өнөөдөр Sendly IPO хийснээр өөрсдийн бүтээсэн үнэ цэн, баялгийн үр шимийг олон нийттэй хуваалцаж, бүгд эн тэнцүү хөрөнгөжье хэмээн уриалж, зорьж байна.
“Бидний хийж буй ажил, алсын хараа залуучуудад итгэл найдвар, урам зориг өгөх болов уу гэж дотроо бодож явдаг. Учир нь Sendly -ийн ард салбар салбарын туршлагатай залуус нэгдэн нийлж, ямар нэг татаас, хөнгөлөлттэй зээл, тендэрээр бус, цэвэр хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, түүгээрээ бүтээгдэхүүн үйлчилгээ, бүтээмжийг бий болгож байна. Ард иргэдийн итгэл найдвараар хөрөнгө босгож, Монголдоо бизнес хийж болдгийг бид харуулж байгаа” хэмээн Б.Наранбат ярьж байна. Түүнийхээр өнөөдөр финтек компаниуд олноор байгуулагдаж байгаа ч 10 жилийн дараа гэхэд тэргүүлэгч цөөн тооны компани л зах зээлд шалгарч үлдэнэ. Харин тэдгээр тэргүүлэгч компанийн тоонд Sendly багтана гэдэгт тэр бүрэн итгэлтэй байна. Учир нь тэдний зорилго зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдалгүй дэлхийн зах зээлд технологийн хүчээр нэвтэрч, тив далай алгасан, олон улсын хэрэглэгчдэд хүрч, тэрбум долларын зах зээлд нэвтрэх юм. Улмаар монгол залуучууд дэлхийд гарсан бизнес хийж болдгийг харуулаад зогсохгүй дэлхийн зах зээлийн томоохон тоглогч бүхий үлгэр жишээ компани бүтээх алсын зорилгынхоо нэг шатыг Монголын хөрөнгийн зах зээлд IPO хийж, жирийн ажилтан, албан хаагч, хувь хүн бүрийн өмнө Sendly -д хөрөнгө оруулж, хамтран эзэмшигч болох боломжийг нээж, амжилтаа улам бүр ахиулахыг зорьж байна.
– Business.MN сэтгүүлийн 2022 оны 08 сарын дугаар (№45) -ын ковер нийтлэл –
Хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://ipo.sendly.mn/ цахим хуудас болон харилцагчийн үйлчилгээний 7799-7700 утсаар хандан авах боломжтой.
Мөн та Stocklab аппликэйшнээр дамжуулан хувьцааны дансаа онлайнаар нээж, захиалга өгөх бүрэн боломжтой.
“SENDLY”- ТАНЫ ВАЛЮТЫН ОРЛОГООР БАТАЛГААЖСАН ХӨРӨНГӨ.
mundag zaluust amjilt khusi