Ихэнх компанийн тулгарч байгаа асуудлын нэг нь яах аргагүй хүний нөөц. Тэр тусмаа миний уулзсан захирлуудаас гурван компани тутмын хоёр нь хүний нөөцийн тулгамдсан асуудалтай байдаг. Гэхдээ энэ удаа зөвхөн хэдэн бизнесийн байгууллагад тулгарч байгаа асуудал биш болж, түүнээс хэтийдэж улс орны түвшинд ярих асуудал болж хувирлаа.
Хэдэн жилийн өмнө компаниуд чадвартай ажилтнууд дутагдаж байна гэж ярьдаг байсан бол, одоо бол чадвартай битгий хэл чадваргүй нь ч олдохгүй байна, орж ирсэн нь тогтвор суурьшил огт алга, ороод л удахгүй орхиод гардаг яг л зочин шиг “хоноцын” сэтгэлгээтэй ажилтнууд олширчээ гэж яригдах болсон. Нэг жилийн дараа, хоёр жилийн дараа гадагшаа явах хүртлээ ажилд орчихъё, таалагдахгүй бол гарчихъя гэдэг сэтгэлгээ хаа сайгүй.
Монгол даяараа л залуучууд нь амьжиргаагаа дээшлүүлмээр байна, гадагшаа гарч амьдармаар байна гэдэг нийтлэг хандлага ноёлж байгааг харахаар тэднийг буруутгахын аргагүй.
Улс төрчид, шийдвэр гаргагчид нь олон мянган хүмүүсийг гадаадад ажиллах хүчээ гаргахаар боллоо гэж баярлан тууз хайчлах… Япон руу эдэн мянган хүн, Солонгос руу тэдэн мянга хүн гээд л тоо хэлээд л, одоо бүртгэл эхэллээ гэж зарлаад л. Саяхан Солонгост ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэж эхэллээ гээд мэдээ гарсан тэр өдөртөө 50,000 хүн бүртгүүлсэн.
Урьд нь Монголд салбар дотроо хүний нөөцийн өрсөлдөөн байдаг байсан. Дараа нь аймаг, хотуудын хооронд хүн амын шилжилт хөдөлгөөн хийж байгаатай холбогдуулж, аймаг, сумд их хот руу хүнээ алдах асуудлууд нэмэгдсээр. Одоо бүр Монгол улс хүнээ дотроо бус, гадагшаа хэдэн мянгаар алдаж байгаа нь илэрхий. Удахгүй ХҮНГҮЙ Монгол болох вий.
Улс орнуудын хооронд хүний нөөцийн өрсөлдөөн үүсэж байна. Нэг талаас хамгийн оюунлаг, чадварлаг авьяастнууд, бүтээмжтэй ажиллах залуу боловсон хүчнүүдийг татаж байгаа бодлого нөлөөлж байгаа. Нөгөө талаас хаана тааламжтай сайхан боломж олгож байна, хаана ахуй цалин авч амьжиргаагаа дээшлүүлэх вэ гэдэг бодол ямар ч хүний хувьд бодох нь зүйн хэрэг.
Урьд нь Монголын хүний нөөц голдуу Солонгос руу урсдаг байсан бол одоо Япон, Австрали, Чек, Унгар гээд олон олон улс руу (Хятад руу ч гэсэн) хүчтэй түрэн урсаж байна.
Монголын статистик судалгаагаар хөдөлмөрийн насны 300 мянган монгол иргэн гадаадад ажиллаж амьдардаг гээд бодохоор бид хамгийн оргил цаг хугацаандаа байгаа, хамгийн бүтээмжтэй ажилладаг залуу боловсон хүчнээ, чадварлаг оюун ухаан, авьяастнуудаа гадагшаа алдсаар байгаа нь илэрхий. Энэ тоо жил жилээр, өдөр өдрөөр нэмэгдсээр. Ингээд харахаар Монгол улс гадаад улс оронд хүний нөөц бэлдэж өгдөг улс орон болж хувирсныг гэрчилнэ. Энэ урсгалыг гадагшаа биш дотогшоо урсгамаар байдаг.
Монгол улс хүний нөөцөө урьд хожид байгаагүйгээр алдаж байгаа нь юутай холбоотой вэ? Миний бодлоор:
- Улс орны түвшинд урт хугацааны хүний нөөцийн стратеги алга.
- Төр засгийн халамжийн бодлого хэрээс хэтэрч, тэжээлгэх сэтгэлгээг хүмүүсийн оюунд суулгаснаар ажиллахгүйгээр аргалж амьдрах хэв маяг
- Монголын ихэнх бизнесийн байгууллагуудын хүний нөөцийн бодлого стратеги нь хуучирсан, хүнээ тогтоон барих бодлогоо шинэчлээгүй
- Улс орны хэмжээнд өндөр цалинтай ажлын байрыг олноор бий болгох бодлого дутагдаж байна.
- Чадварлаг ажилтнуудад өндөр цалин олгох эдийн засгийн чадавх бизнесийн байгууллагууд муу байна.
Эдгээр тавыг бүгдийг нь шийдмээр байна. Нэг нэгээр нь шийднэ гэхээсээ илүү, яаж хамтдаа цогцоор нь шийдэх вэ гэдгийг төрийн бодлого гаргагч нар бизнесийн байгууллагууд, хүний нөөцийн зөвлөхүүдтэй хамтарч ажилламаар санагдах юм.