Төсөл бол олон улсын ажил хийх хэл юм. Бас мөрөөдөл биелүүлэх арга ч гэж ярьдаг. Орчин үед ямар ч салбарын олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагад хийж буй бүх том, жижиг ажил төслийн хэлбэрээр явагддаг болсон. Тиймээс төслийн менежментийн мэдлэг, ур чадвар бүхий хүмүүсийн үнэ цэн, эрэлт улам өсөж байна.
Project Management Institute (PMI) олон улсын байгууллагын Монгол дахь салбар “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-аас өнгөрсөн 5-6 ны өдрүүдэд “Шинэ Үе – Шинэ Чадвар” сэдвийн хүрээнд олон улсын бага хурлыг зохион байгуулсан нь үйл ажиллагааны бүхий л чиглэлийн ажил олгогч, ажил хайгчдын хувьд хамгийн үр дүнтэй арга хэмжээнүүдийн нэг байлаа.
Бага хуралд салбартаа манлайлан ажиллаж буй үүсгэн байгуулагчид, гүйцэтгэх захирлууд, менежерүүд, олон улсын төслийн удирдлагын туршлагатай мэргэжилтнүүд, зөвлөхүүд, оюутан залуус гэх мэтээр 500 хүн оролцов. Хоёр өдрийн арга хэмжээний явцад ирээдүйн ажлын байрууд, боловсролын салбар дахь төслийн удирдлага, бүтээлч ур чадварууд, залуучуудын оролцоо ба төслийн удирдлага, hybrid ажлын байр, зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт гэсэн сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг явагдав.
Илтгэгчид, панел хэлэлцүүлэгт оролцсон зарим зочдын хэлсэн үгнээс онцлох санаануудыг сонирхуулъя.
HYBRID АЖЛЫН БАЙРНЫ ТУХАЙ
Ирээдүйд бодит ба хийсвэр ертөнцийн аль алинд нь сэтгэл ханамжтай байж чаддаг байх хэрэгтэй болно.
Орчин үеийн ажлын байр зөвхөн ажлын даалгавар биелүүлдэг газар биш болсон. Ажлын байр бол ажилтны тасралтгүй бие даан суралцах ёстой газар болсон.
Эрхэс. Гүйцэтгэх захирал А.Мэнд-Орших
Зайнаас ажиллах онцлог нь хувь хүн болон компанийн зорилго, ажиллаж буй салбараас хамаарна. Үнэхээр тухайн компанид ажиллахыг хүсэж байгаа хүн бол зайнаас ч гэсэн бүтээмжтэй ажиллаж чаддаг.
ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООНЫ ТУХАЙ
Adam Smith International байгууллагын Монгол дахь захирал Б.Мандхай
Олон улсын төслийн менежментэд гарч буй том өөрчлөлтүүд:
- Ашгийн төлөөх хувийн хэвшлийн байгууллагууд аливаа хөгжлийн хөтөлбөрт маш том үүрэг гүйцэтгэдэг болсон. Менежментийн маш хүчирхэг компаниуд бий болж байна.
- Төсвийн загварууд өөрчлөгдөж байна. Төсөл вакуум хэрэгждэггүй, байнгын өөрчлөлтийг дааж гарах уян хатан, амьд загварууд хөгжиж байна.
- Төслийн нутагшуулалт чухал болсон. Өмнө нь нэг цагаан толгойтой гадаад зөвлөх ирээд баахан зүйл ярьдаг, юу ярьсан нь ойлгомжгүй үлддэг байдал арилж байна. Төслийн тухайн орны асуудлаа сайн мэддэг баг нутагшуулалт хийдэг болсон.
- Уур амьсгал, тогтвортой хөгжлийн агуулга ямар ч төсөлд ордог болсон. Ногоон шалгуурт тэнцээгүй төслүүд аажмаар шахагдаж байна.
Орчин үед төслийн менежер хүнд дараах дөрвөн төрлийн ур чадвар шаардагдаж байна:
- Төслийн менежментийн онолын мэдлэг, ур чадвар
- Мэргэжлийн техник ур чадварууд
- Цаг үеийн чиг хандлагыг ойлгож, мэдээлэл сайтай байх.
- Зөөлөн ур чадвар
Сүүлийн үед зайнаас төслийн ажил гүйцэтгэх нь түгээмэл болж байгаа нь монголчуудад олон улсын зах зээлд ажиллах том боломж олгож байна.
Intelmind. Гүйцэтгэх захирал Ц.Мэндбаяр
Санааг үнэлэх, компанийг үнэлэх хоёр эрс ялгаатай.
Манайд компанийн ирээдүйд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагч бараг алга байна. Тэд уламжлалт арга буюу голдуу балансад суурилж компанийг үнэлдэг.
Сүүлийн жилүүдэд старт апууд хэрхэн хөгжиж буйгаас харахад өмнө нь том бүтэлгүйтэж байсан хүмүүс илүү амжилттай старт ап босгож байна. Үүнтэй зэрэгцээд өмнө нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй, сэтгэл зүй, мэргэжлийн хувьд бэлтгэгдээгүй, шантрахад ойрхон залуучууд бас цөөнгүй байна.
Монголд энтрепренерийн соёл өвлөгдөөгүй. Тиймээс ийм соёлыг цаашдаа өвлүүлж, ирээдүйд “ингэж бизнес босгож болдог юм байна” гэдэг итгэлийг үлдээхийн тулд бид санхүү, цаг хугацаа, энергийн хувьд тодорхой золиос гаргах шаардлагатай. Ингэж байж экосистем бүрэлдэнэ. Золиос гаргахгүй бол 10 жилийн дараа энэ асуудлаа ярьсан хэвээр л байх болов уу?
Нито Тек компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал З.Уянга
Боловсролын салбарын ур чадвар олгож байгаа байдал, хөдөлмөрийн зах зээлийн шаардлага хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байна.
Хүмүүсийг ур чадвараар нь ерөнхийдөө гурав ангилдаг.
- Харилцаандаа сайн. Ийм хүмүүс хамтын ажиллагаа үүсгэдэг.
- Гүйцэтгэлдээ сайн. Ийм хүмүүс урдах ажлаа яг таг хийдэг, гадуур явах дургүй.
- Шинийг санаачлагч.
Ажилтнуудынхаа эдгээр онцлогийг харгалзаж, хүний нөөцийн бодлогодоо тусгах нь чухал. Баг удирдаж буй менежер өөрийн ур чадвартай төстэй ур чадвартай хүмүүсийг сайн ажиллаад байна гэж харах нь түгээмэл бөгөөд өөр төрлийн ур чадвартай хүмүүсээ хүлээн зөвшөөрөхгүй байх нь хүний нөөцийн бодлогын үүднээс буруу.
Зориг сангийн гүйцэтгэх захирал Б.Цолмон
Залуучууд асуудлыг гаднаас нь харж шүүмжлэхээс илүүтэй өөрсдөө тэр асуудлаа барьж аваад шийдэхийн төлөө явах хэрэгтэй. Энэ нь маш их зүйлд сургадаг.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хурдасгуур төвийн захирал Б.Дөлгөөн
Мэдлэг гурван төрөл байдаг.
- Цаасан дээр кодлогдож үлдсэн мэдлэг. Үүнийг сэргээн хэрэглэхэд хялбар.
- Тоног төхөөрөмж, машин.
- Нөү-хау. Ийм мэдлэг удаан хугацаанд бүрэлддэг.
Шинэ сэргэлтийн бодлогоор төрийн албаны чадамжийг сайжруулах зорилго тавьсан. Яагаад гэвэл чадамжгүй төрийн алба бусад бүх зүйлээ татан унагаадаг.
БҮТЭЭЛЧ УР ЧАДВАРЫН ТУХАЙ
Лхамур брэндийн үүсгэн байгуулагч Д.Хулан
Бүтээлч сэтгэлгээ бол орчин үеийн бизнест амьдралын хэв маяг болсон. Бүтээлч сэтгэхгүй л бол өрсөлдөх чадваргүй болно.
Бүтээлч санааг гүйцэтгэлийн үнэлгээ, урамшууллын системтэй уяж өгвөл үр дүнтэй байдаг.
B Production болон 440Hz Records-ийн үүсгэн байгуулагч Д.Болд
Урлагийн салбарт задгай байгаа авьяаст менежмент хийж сурах шаардлагатай байна.
Уран бүтээлчид гэрээний харилцаанд суралцах хэрэгтэй. Зөвхөн онгодоо дагаж биш, дотоодын болон олон улсын зах зээлийг мэдэрч ажилладаг байх шаардлагатай.
Хүн дуртай зүйлээ хийж байвал бүтээлч ажиллаж чаддаг. Гэхдээ тэр нь бас мөнгө олох боломжтой байх хэрэгтэй.
Урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл
Авьяаслаг хүмүүс уран бүтээлээ л хийх ёстой. Тэдний авьяасынхаа потенциалийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх нь өөрөө сайн менежмент юм.
“Шинэ Үе – Шинэ Чадвар” арга хэмжээний үеэр уламжлал ёсоор оны шилдэг төсөл болон шилдэг төслийн менежерийг шалгарууллаа.
Энэ удаа М-Си-Эс Проперти ХХК-ийн хэрэгжүүлсэн “Оюу толгойн гүний уурхайн материал дамжуулах систем-1” төслийг Монгол Улсын хэмжээнд амжилттай хэрэгжсэн, шилдэг төслийн удирдлага бүхий “2022 ОНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ”-өөр шалгарууллаа.
Харин Ганбаартарын Эрдэнэбаатарыг “Оюу толгойн гүний уурхайн материал дамжуулах систем-1” төслийг Монгол Улсын хэмжээнд амжилттай удирдан, хэрэгжүүлснийг нь үнэлэн “2022 ОНЫ ШИЛДЭГ ТӨCЛИЙН УДИРДАГЧ”-аар шалгарууллаа.