Өнөөдөр МҮХАҮТ-аас хоёр жил тутамд явуулдаг “Хүнд суртлын индекс”-ийн 2021 оны төрийн үйлчилгээнд явуулсан судалгааны дүнгээ танилцууллаа. Энэхүү судалгааг 2004 оноос явуулж эхэлсэн бөгөөд цар тахал тархсантай холбогдуулан 2018 болон 2021 оны үйл ажиллагааг харьцуулж дүгнэлт гаргасан. Судалгааг хийж буй зорилго нь төрийн үйлчилгээний хүнд суртлыг ерөнхий болон нарийвчилсан дэд үзүүлэлтүүдээр бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн, цаашид анхаарах сайжруулах асуудлыг тодорхойлоход чиглэдэг. Бизнес эрхлэгчдээс авсан судалгаанаас харахад 2021 онд 2.72 үнэлгээ авсныг цар тахлын өмнөх үе 2018 онтой харьцуулахад 0.18 нэгжээр төрийн үйлчилгээний хүнд суртал өссөн үзүүлэлттэй гарчээ. Уг дүгнэлтийг гарахад төрийн байгууллага хоорондын уялдаа холбоогүй байдал болон тэдний үйлчилгээг авахад зарцуулж буй цаг хугацаа ихээр алддаг нь дүгнэлтэд томоохон байр суурийг эзэлж байна. Харин цахим үйлчилгээ болох “e-mongolia” нэгдсэн системийг нэвтрүүлсэн нь уламжлалт үйлчилгээнээс зөв үйлдэл болсон хэмээн бизнес эрхлэгчид үзжээ.
Төрийн үйлчилгээний үндсэн 4 төрлөөс зөвшөөрлийн үйлчилгээ хамгийн бага үнэлгээтэй ба хамгийн их хүнд сурталтай байна. Түүнчлэн хяналт шалгалт явуулах, худалдан авах ажиллагаанд оролцох зэрэг үйлчилгээнүүд дунджаас бага үнэлэгдлээ. Бизнес эрхлэгчид төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг цуглуулж, 3 албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргадаг. Харин нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 45 хувь нь үйлчилгээ авахдаа албан бус зардал гаргасан ба нэг үйлчилгээ авахад дунджаар 219 мянган төгрөг төлжээ.
Ерөнхий үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын ерөнхий үнэлгээ бусад үзүүлэлтүүдтэй харьцуулахад сайн, харин төрийн байгууллагын ажлын уялдаа холбоо муу байна. Харин нарийвчилсан үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа хамгийн их хүндрэл үүсгэж байгаа бол тухайн үйлчилгээтэй холбогдох мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдал, албан зардлын хэмжээ дунджаас дээгүүр илүү сайн үнэлгээтэй гарлаа.
2018 онтой харьцуулахад албан хаагч, баримт бичиг, хугацаатай холбогдох үнэлгээ хамгийн их дүнгээр буурсан ба эдгээр үзүүлэлтүүдтэй холбогдох хүндрэл, хүнд суртал илүү ихэссэн, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд бодлого, шийдвэр боловсруулан ажиллахдаа эдгээр үзүүлэлтүүдэд анхаарах шаардлагатай байна.
Танилцуулгын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “ Иргэн болон аж ахуйн нэгж төрөөс үйлчилгээ авахад хуульд зөвшөөрөгдөөгүй буюу алба бус зардал гаргаж байгаа нь ашиг сонирхлын зөрчил буюу авлига, хээл хахуультай холбоотой гэсэн үг. Судалгаанд оролцогчдын 45 хувь нь энэ төрлийн зардлыг гаргаж дунджаар 219 мянган төгрөг зарцуулсан. Харин e-mongolia цахимжуулалт судалгааны үр дүнг эерэг талд хандуулсан. Тиймээс цаашдаа төрийн үйлчилгээг 100 хувь цахимжуулж, аль болох хүнээс хамааралгүй болгох нь цаг хугацаа хэмнэгдэнэ” хэмээн мэдэгдлээ.
Хоёр жил тутамд явагддаг уг судалгаанд Улаанбаатар хот, орон нутгийн бизнес эрхлэгчдээс онлайн болон ярилцлагын хэлбэрээр явуулж, түүврийн шаардлага хангасан нийслэлийн 507, 21 аймгийн 244 буюу нийт 751 аж ахуйн нэгжийг хамруулсан байна.