Монгол Улсын Их Хурал 2023 оны төсвийн тухай болон түүнийг дагалдуулан хэлэлцдэг Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай зэрэг хуулиудыг хэлэлцэж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өчигдөр/2022.10.19/ “Төсөв-2023” олон нийтийн хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа.
Төрийн ордонд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ “Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-д заасан “ард түмний засаглах эрх”-ийг хангаж буй нэгэн шинэ алхам юм. Иргэдээс ирсэн санал, мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөмжөөс үзвэл төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, татварын орчныг сайжруулах, гадаад зээл тусламжийг эдийн засагт бодит үр өгөөжтэй төслүүдэд зарцуулах, алдагдалгүй төсөв баталдаг болох, ажилгүйдлийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бизнесийг дэмжих, халамжийг зөвхөн зорилтот бүлэгт чиглүүлж хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах нь зүйтэй гэж үзэж байгааг бид онцгой анхаарах ёстойг тэмдэглэж хэлье” хэмээн онцолсон юм.
Хуульд тусгагдах иргэдийн саналыг аравдугаар сарын 7-17-ны өдрүүдэд цахим систем, утас, мейл гэх гурван хэлбэрээр хүлээн авсан. Энэ хугацаанд D-Parliament цахим системд 68,641 хүн зочилсноос 14,563 иргэн ирэх оны төсвийн тухай хуультай танилцаж, 798 иргэн өөрийн санал хүсэлтээ илэрхийлжээ.
Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэхийн тулд шинэ хөрөнгө оруулалтуудыг царцаан улмаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг татварын бодлогоор дэмжих зорилтыг төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан. Сангийн яамны зүгээс ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж уул уурхай, аж үйлдвэрийн салбарын төслүүдийг дуусгахыг чухалчилсан. Харин валютын гадагшаа урсгалыг хаах зорилгоор эрчим хүчний салбарт шинэ төслүүд эхлүүлэхээс гадна нийслэлийн нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлтийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Есдүгээр сард улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувийн өссөн үзүүлэлттэй гарчээ.
Уг хэлэлцүүлэгт оролцсон МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн илтгэлээ Төсвийн хүрээний мэдэгдэлд хамаарах, Төсвийн бодлого, орлого, зарлага, хөрөнгө оруулалт, Засгийн газрын өр гэх гурван бүлэгт ангилж саналаа танилцуулсан. Танилцуулгадаа “Шинэ сэргэлтийн бодлого” нь эдийн засгийн сэргэлтэд нөлөөлөх хугацаа хожимдсон байдалтай байгааг анхааруулж, АМНАТ-т тусгагдсан үнийн ялгаатай байдлыг арилгах, Засгийн газрын өрийн хэмжээ цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг анхаарууллаа.
Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.9 хувийн өсөлттэй гарч уул уурхайгаас бусад салбарын үйлдвэрлэл сэргэж эхлээд байна. Үүний хүрээнд өнгөрөгч есдүгээр сард улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 70 орчим хувийн өссөн үзүүлэлттэй гарчээ. Гадаад валютын нөөц 2.4 тэрбум ам.доллар хүртэл буурсан нь сүүлийн арав гаран жилийн туршид жилд дунджаар дөрвөн хувийн алдагдалтай батлагдаж ирсэн улсын төсөвт гадаад өрийн хэмжээ ихээхэн дарамт бий болгохоор байна.