Монгол Базальт ХК өнгөрөгч сард Базальт файбер арматурын үйлдвэрийн нээлтээ хийсэн. Энэ нь тус компанийн төдийгүй барилгын салбарынхны эдийн засагт эерэгээр нөлөөлөхүйц шинэ бүтээгдэхүүн болоод буй. Базальт файбер арматурын зах зээл дээрх хэрэглээ, нэвтрүүлэлт болон тус бизнесийн цаг үеийн асуудлаар Монгол базальт ХК–ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэлтэй ярилцлаа.
Түүний хувьд Европын Сэргээн Босголтын Хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Төв Азийн “Бизнес Эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр”–ийн менторуудын нэгээр сонгогдон ажиллаж байгаа юм.
– Монгол Базальт ХК бүрэн автоматжуулсан “БАЗАЛЬТ АРМАТУР” үйлдвэрийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Та манай уншигчдад шинэ үйлдвэрийнхээ талаар танилцуулаач.
-Монгол базальт ХК нь 2009 оноос базальт чулууг хайлуулан чулуун хөвөн, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэж эхэлснээс хойш арав гаруй жилийн хугацааг өнгөрөөсөн байна. Энэ хугацаанд бид базальт чулууг хэрхэн нийгмийн ирээдүйн хэрэгцээнд нийцсэн, илүү үр өгөөжтэй, нэмүү өртөг шингээн бүрэн боловсруулсан, эко бүтээгдэхүүнийг бий болгох вэ гэдэг талаас нь олон жил эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд хийсний үр дүнд бид чулуун хөвөн, дулаан тусгаарлагч материалаас гадна арматур үйлдвэрлэх боломжтой юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.
Үүнээс гадна базальт файбер арматур нь ган арматурыг тодорхой нөхцөлүүдэд орлох боломжтой гэж үзсэн юм. Бид нэгэнт түүхий эд материалтай нь харьцаад, ажиллаад сурчихсан ганц компани учраас энэ үйлдвэрлэлийг Монголд хөгжүүлж нутагшуулах ёстой гэж үзээд базальт файбер арматурынхаа үйлдвэрийн төслийг хоёр жил гаруйн өмнөөс эхлүүлсэн.
Техник эдийн засгийн судалгаа болон үйлдвэр барих төслийн зарим ажлууд хийгдэж дууссанаар өнгөрөгч есдүгээр сард үйлдвэрийн шугамын дамжлагыг ашиглалтад орууллаа.
– Энэхүү шинэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улсын арматурын дотоодын хэрэглээний хэдэн хувийг хангах боломжтой болох вэ?
-2023 он гэхэд дотоодын арматурын жилийн хэрэгцээ 400 гаруй мянган тоннд хүрнэ гэсэн судалгаа бий. Манай улсын хувьд нийт арматурын хэрэгцээнийхээ хамгийн багадаа 80 хувийг нь хоёр хөршөөсөө импортлон авдаг. Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ган арматурын дөрвөн үйлдвэрийн нэгтгэсэн хүчин чадал нь 40 гаруй мянган тоннд л хүрдэг. Дотоодын үйлдвэрлэгч нар нийлээд 10 хувийг хангах боломжтой байгаа нь арматурын материалын зах зээлийн дийлэнх нь импортоос бүрэн хараат байдалтай байна гэсэн үг.
Бидний хувьд эхний ээлжид базальт файбер арматурынхаа үйлдвэрийг 10 000 тонн орчим ган арматуртай дүйцэх хэмжээний хүчин чадалтай үйлдвэр байгуулахыг зорьсон. Түүний дараа зах зээлийн хүлээж авах байдал, хэрэглээнд нэвтрүүлэх явцыг судалж ирэх жилүүдээс хоёрдахь үйлдвэрээ ашиглалтад оруулж, улмаар эрэлтэд суурилан хүчин чадлаа бага багаар нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Базальт файбер арматурыг ган арматуртай харьцуулахад дөрөв дахин илүү бат бөх, галд тэсвэртэй, химийн урвалд ордоггүй учраас зэврэлт үүсдэггүй. Мөн ган арматураас хэд дахин хөнгөн учир тээвэр логистикийн хувьд маш их зардал хэмнэх боломжтой. Барилга, дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарынхны хувьд зардал мөнгийг нь хэмнэсэн бүтээгдэхүүнийг бид танилцуулж, зах зээлд гаргахад бэлэн болоод байна.
–Монгол Улс гэлтгүй дэлхий дахинаа ковид цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал геополитикийн улмаас цаашид ч үргэлжлэх хандлагатай байна. Энэ цаг үетэй зэрэгцэн шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж байгаа нь зөвхөн компанид гэлтгүй улсын эдийн засаг, барилгажилтад дэмжлэг болно хэмээн харж байна?
– Ковид цар тахлын дараах эдийн засгийн хямрал Монгол Улсад төдийгүй дэлхий нийтэд тулгарч байгаа боловч амьдрал өөрөө зогсохгүй. Олон асуудал тулгамдлаа гээд хүн амын нягтаршил багасахгүй, бүтээн байгуулалтууд ч зогсох боломжгүй. Эдийн засгийн байнгын эргэлтэд орж байж нийгмээрээ тэг зогсолт хийхээс бид өөрсдийгөө хамгаалах ёстой.
Улсын төсвийн алдагдал, Монголбанкны мөнгөний бодлого гэх мэт асуудлаас шалтгаалж эдийн засаг эргэлтэд оролгүй зах зээл, амьдрал зогсох юм байна гэсэн хандлагаар харж болохгүй. Тэр тусмаа хувийн ААН-үүд энэ амьдралыг тэгж гутрангуй харах боломж байхгүй. Бидэнд тийм эрх ч байдаггүй. Цаашид ямар ч улс төр, эдийн засаг, зах зээл, ямар ч асуудалтай тулгарсан түүнийг сөрж, давж, хөгжүүлэх үүргийг хувийн салбар үүрсээр л байна.
Тиймээс Монголдоо томоохон төсөл хэрэгжүүлэгч барилга, дэд бүтэц, уул уурхайн компаниуд зах зээл хэцүү гээд үйл ажиллагаагаа зогсооно хэмээн төлөвлөж ажиллах амаргүй байдаг. Тэдний ард олон арван мянган айл өрхийн амьжиргааны асуудал бий. Иймээс ч бид ямар нэгэн аргаар хямралын үеийн стратеги төлөвлөгөө боловсруулаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлж ирсэн. Үүнтэй адил манай компани ч ялгаагүй хямралын үеийн эдийн засагт суурилсан үйлдвэрлэл болон ханган нийлүүлэлтийн бодлоготой ажиллаж байна. Бид бүтээгдэхүүнээ төрөлжүүлэн нийгэмд илүү хүртээлтэй болгож бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг нэмэгдүүлсээр л байх ёстой гэж хардаг.
Ингэж байж бид тодорхой хэмжээнд гадагшаа урсаж буй валютын алдагдлыг бууруулж, төгрөгийн ханшийг чангаруулж, инфляцын эсрэг сөрж амьдрах нөхцлийг ажилчдадаа өгөх боломжтой. Үндэсний ААН үйлдвэрлэгч байгууллагууд бүгд ийм бодолтой ажиллах юм бол бид эдийн засагтаа бага гэлтгүй тодорхой хэмжээнд нөлөө үзүүлэх боломж бий. Харин төр засаг биднийг энэ өнцгөөс харж ойлгон дэмждэг байгаасай гэж хүсдэг.
– Танай компанийн хувьд дан ганц арматур гэлтгүй бусад бүтээгдэхүүнүүдээ хоёр хөрш улсад экспортолж улсын валютын урсгалын нөөцийг нэмэгдүүлэх боломж ямар байна вэ?
-Ер нь гарааны бизнесүүд, жижиг, дунд ч бай бүгд л “олон улс руу чиглэсэн, экспортод зориулсан үйлчилгээ үзүүлж, үйлдвэрлэл эрхэлж, бүтээгдэхүүнээ гаргахыг хүсэж байна” гэж их ярьдаг. Дотоодын эдийн засгаа өөр өнцгөөс нь дахиад нэг эргэж харах хэрэгтэй. Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгчид улам хөгжих хэрэгтэй байгаа ч экспортын тухай ярихад бид нэг чухал алхамыг алгассан болохыг ойлгосон. Нэгдүгээрт, үйлдвэрлэгчид дотоодынхоо эрэлт хэрэгцээнийхээ нийлүүлэлтийг 100 хувь хангадаг, чанартай, хямд бүтээгдэхүүн нийлүүлэх чадамжтай болох нь нийгэм эдийн засгийн хөгжилд маш их шаардлагатай байна. Үйлдвэрлэл эрхэлж буй тухайн салбартаа импортоор ижил төстэй бүтээгдэхүүн оруулж ирэх шаардлагагүй болгох хэмжээнд ажиллаж чадвал гадагшаа урсах худалдан авалтын валютаа барьж улмаар валютын тэнцэлд бага гэлтгүй нэмэр болно.
Хоёрдугаарт, улсын төсвөөр хийгдэж буй асар их бүтээн байгуулалт, тендер, төслүүдийн зардлын багагүй хувь нь гадагш худалдан авалт болон урсаж байдаг. Барилга бүтээн байгуулалтын ажлыг зогсоохгүй гэх нэрээр одоо бид цементээ хүртэл гаднаас авдаг болчихлоо. Жил бүр хэдэн их наядаар гадагш урсах валютын урсгалын эсрэг үндэсний үйлдвэрлэгч нар хэр их хэмжээний бүтээгдэхүүнийг борлуулж байж валютын урсгалыг тэнцвэржүүлэх талаар яригдаж эхлэх вэ? Тиймээс бид гадагшаа чиглэсэн экспортлогч улс болох тухай ярих нь зөв хэдий ч, үүнээс өмнө дотоодын үйлдвэрлэгч нарын хууль эрх зүйн орчин, боловсон хүчний чадамж, тэдэнд зориулсан улсын татварын бодлоготой эсэх, хүнд суртал, давхардсан хураамж шимтгэлүүд, тээвэр логистикийн үнийн тогтмол өсөлтийн хяналтын бодлого, хөрш орнуудын импортын хэт өндөр тариф гэх мэт үйл ажиллагааны ашигт шууд нөлөөлөх хүчин зүйлүүдийг засаж сайжруулах шаардлагатай байна. Эдгээр асуудлуудын урт хугацааны тогтвортой шийдлийг олох нь өөрөө үндэсний компаниудын хамгийн том ажил болсон гэж харж байна.
–Монгол базальт ХК-ийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн тайлан мэдээг харахад дан ганц арматурын үйлдвэр бариагүй нь харагдаж байна. Бусад бүтээн байгуулалтаасаа танилцуулаач.
–Монгол Базальт ХК нь дулаан тусгаарлагч чулуун хөвөн гэсэн үндсэн бүтээгдэхүүнтэй. Мөн сендвич хавтан, шугам хоолойн дулаалга үйлдвэрлэдэг. Үүн дээр нэмэгдээд базальт файбер арматур үйлдвэрлэдэг боллоо. Мөн бидний шинээр хөгжүүлж буй Монгол базальт ХК-ийн “Ногоон төсөл” Growool гидропоник базальт чулуун үндэс баригчтай, хөрсгүй тариалан эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх төсөл. Эдгээр үндсэн дөрвөн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэлт хийн ажиллаж байна.
Манай компанийн өөрийнх нь үндсэн философи, суурь зарчим бол технологи, инновацын хөрөнгө оруулалтыг тасралтгүй хийж үйлдвэрлэлээ зогсолтгүйгээр ажиллуулах. Чулуун хөвөн, дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэлийн технологи процесс нь тогтмол байнгын хөрөнгө оруулалтыг шаарддаг учир энэ төрлийн үйлдвэр дэлхийд төдийлөн олон байдаггүй. Өнөөдрийг хүртэл Монголд манайхаас өөр энэ төрлийн үйлдвэр байхгүй байгаа нь үүнийг бататгаж байна. Энэ бол өөрөө нэлээн амаргүй зах зээл, амаргүй бизнес учир бид олон жилээр дараа дараагийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнүүдийг гаргаж ажилладаг.
Сүүлийн үед тогтвортой хөгжлийн асуудлууд маш ихээр хөндөгдөж байна. Ирээдүйд ч бүр ихээр хөндөгдөх болно. НҮБ- ын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалуудын талаар манай улс, нийгэм, ААН-үүд, банк санхүүгийн байгууллагууд маш сайн ойлгодог болж эхэлж байна. Энэ бол эерэг дохио. Манай компанийн бүтээгдэхүүн эцсийн хэрэглэгчид өгөх өгөөж нь эрчим хүч, дулааны алдагдлыг бууруулж, улмаар уур амьсгалын эсрэг хамгийн том үүрэг гүйцэтгэдэг бүтээгдэхүүнүүдийн нэг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, олон улсын хэмжээнд зарласан. Тиймээс бид маш өндөр ач холбогдолтой, нийгэмд эерэг нөлөө бүхий бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байгаагаараа бахархдаг. Цаашид тогтвортой хөгжлийн зорилгыг баримталж байгаа улс орнуудын чулуун хөвөнгийн хэрэглээ ихэсч, зах зээл улам “томорно” гэсэн хүлээлттэй байдаг.
– Манай улсын иргэдийн сэтгэхүйд компани гэдэг бол удам дамжин явдаг, үйл ажиллагаа нь төдийлөн нээлттэй бус хэмээх бодол суусан нь ажиглагддаг. Танай компанийн хувьд нээлттэй компани болсноор иргэдийн энэхүү бодлыг халж чадсан уу? Компанийн үүсгэн байгуулагч Л.Ариунболд захирлын залгамж халааг охин нь үргэлжлүүлж, хүнд үйлдвэрлэлийг эмэгтэй хүн удирдаж байгаад хүмүүсийн хандлага ямар байдаг вэ? Та компанийнхаа ирээдүйн удирдлагыг хэрхэн төсөөлж байна вэ?
-Хөгжингүй орнуудад олон зуун жил өв залгамжилж яваа бизнесийг хамгийн сайн, хамгийн шилдэг бизнес гэж нийгэм нь үздэг. Учир нь бизнесийн үнэ цэн өв залгамжлагдсан тул зөвхөн ашиг харсан байх боломжгүйг илтгэдэг үзүүлэлт юм. Өв залгамжлан яваа бизнес ямар үнэ цэн дээр босож, тухайн бизнесийн босгосон анхны бүтээгч, эзэмшигч нь амьдралын ямар философитой амьдардаг хүн байсан вэ гэдэг нь дараа дараагийн үедээ залгамжлагддаг. Германд гэхэд өв залгамжлан яваа бизнесүүдэд хүмүүс нь ажиллах дуртай, банкууд нь хөрөнгө оруулалт хийх дуртай, хөрөнгө оруулагчдыг илүү их татах боломжтой байдаг. Учир нь эдгээр бизнесменүүд “хоёргүй” сэтгэлээр ажилдаа ханддагаас гадна эргээд бизнес рүүгээ хамгийн их хөрөнгө оруулалт хийж ажилладаг хүмүүс. Энэ бол дэлхийд нотлогдсон туршлага. Европын орнуудад 100-200 жилийн түүхтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн бараг 99 хувь нь өв залгамжилсан бизнес. Тиймээс ч тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжтой байдаг. Энэ зарчим философийг Монголд хүмүүс бага багаар ойлгож, нэвтрээсэй гэж хүсдэг. Зөвхөн яриад ойлгох биш бид өөрсдөө түүнийг харуулахыг хичээх болно.
Манай улсын хувьд 1990 оноос хувьчлал явагдаж, зах зээлийн нийгэм эхэлснээс хойш өмч хувьчлалын аргачлалаар хувийн компаниуд томоохон үйлдвэрлэлүүдийг худалдан авч туршлагагүй, оновчгүй менежментийн үйл ажиллагааны улмаас олон үйлдвэрлэлүүд харамсалтайгаар дампуурсан. Олон хувьцаа эзэмшигчид ч хохирч, хөрөнгө оруулагчдын хөрөнгө үнэ цэнгүй болсон. Энэ мэт хохирсон тохиолдлуудыг 30 гаруй жил бид харж бас мэдэрсэн учраас сөрөг хандлагатай байх нь аргагүй. Харин цаашид ямар байх вэ гэдэгт бид ирээдүй рүүгээ харах ёстой. Ирээдүйд манай улсад өв залгамжилсан бизнес өөрөө хэрхэн, яаж илүү үр ашигтай ажиллах боломжтой байна вэ, ямар хөгжил, дэвшлийг бий болгож чадах вэ, яаж амьдралын үнэ цэнийг илүү сайжруулах вэ, ажиллагсдынхаа амьдралын чанар руу хүртэл яаж орж ажилладаг гэх зэргийг бид үйл ажиллагаа, үр дүнгээрээ харуулах ёстой. Олон компаниуд олон жилийн турш үүнийг харуулж чадсан тохиолдолд нийгмийн өнөөдрийн хандлага өөрчлөгдөнө.
Өв залгамжлан яваа бизнесийг зөв, сайн, эерэг талаас нь харж суръя гэж байгаа юм. Ер нь заавал өв залгамжлах ёстой гэж хэлж байгаа юм биш. Тухайн бизнесийг хүүхдүүд нь авч явах сонирхолгүй, анх үүсгэн байгуулагч нартайгаа юм уу аав, ээжтэйгээ санал нийлэхгүй байж бас болно шүү дээ. Ийм нөхцөл байдалтай хүмүүс ч олон бий. Тиймээс тухайн бизнесийг цааш авч явж чадна гэдгээ тодорхой хэмжээнд өөрөө ойлгосон, анхны үүсгэн байгуулагчтайгаа адилхан үнэ цэн, философийг баримталдаг, хөгжлийн үнэ цэнийг ойлгож ирээдүйгээ адил өнцгөөс харж, нэг нэгнийхээ дутуу талыг нөхөөд ажиллаад явах боломжийг олж хараад өв залгамжлан ажиллаад явж байгаа хүмүүс ч байна.
Монгол Базальт ХК-ийн үүсгэн байгуулагчийн охин нь залгамж халааг нь аваад компанид Гүйцэтгэх захирлаар нь ажиллаад явж байна гэхээр барилгын, хүнд үйлдвэрлэлийн салбарынхан их гайхсан, толгой сэгсэрсэн, “юу л бол доо” гэсэн байдлаар хандах тохиолдол нэлээд байдаг. Миний нас ч өөрөө залуу байгаа болохоор “хэр зэрэг туршлагатай юм бол доо” гэх мэт олон асуултууд ч ирдэг юм шиг байгаа юм. Цаг хугацаа өөрөө туршлага бий болгодог гэдэгтэй би тэгж их санал нийлдэггүй. Маш их цаг хугацааг нэг салбарт зарцуулаад төдийлөн сайн мэдлэг, туршлага олж авч чадаагүй, цагаа дэмий үрчихсэн хүмүүс зөндөө л байдаг. Богино хугацаанд хэрэгтэй ур чадварыг сайн эзэмшээд явж чадаж байна уу гэдэг бас нэг ур чадвар, харах ёстой өнцгүүдийн нэг гэж боддог.
Хүйс, нас гололгүй энэ салбар руу орж ажиллаж байгаа хүнийг улам сайн дэмжээд, ойлгоод явдаг болоосой гэж хүсэж байна. Мөн өв залгамжилсан бизнесийн хамгийн чухал үзүүлэлт бол компанийг цаашид авч явах сонирхолтой залгамжлагчаа бэлтгэнэ гэдэг үүсгэн байгуулагч, удирдагч нарын хамгийн “том” ур чадвар. Хэрхэн яаж философийг суулгах вэ, бизнес, менежмент, санхүү, макро, микро зах зээлийг мэдрэх, улс нийгмээ ойлгож хөгжүүлэх сэтгэл, сэтгэлгээтэй байх зэрэг олон зүйлсийг тухайн үүсгэн байгуулагч залгамж үедээ өгч чадсан эсэх нь чухал. Энэ чинь бас л нэг төрлийн “пропаганда” хийж байгаа хэрэг. Яагаад эцэг, өвгөд маань үүнийг хийсэн юм бэ, энэ бизнес хэнд хэрэгтэй юм бэ, цаашид гэр бүл улс нийгэм, эдийн засагт ямар өгөөжтэй юм бэ гэдгийг маш сайн ойлгуулж чадсан бол эцсийн үр дүнд нь өв залгамжлах бизнесээ хайрладаг, ойлгодог, хөгжүүлэхийг хүсдэг хүмүүс болж бэлтгэгдэнэ.
–Та манай уншигчдад ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Ковид цар тахалтай тулгарсан өнгөрсөн хугацаанд хүмүүс яг гэртээ амьдарч үзлээ шүү дээ. Манай орон гэрийн сайн, муу тал нь юу байна, ямар зүйлс хэрэгцээтэй байна гэдгийг мэдэрснээс үүдэлтэйгээр энэ жилээс ажиглагдаж буй хүмүүсийн тренд хандлага бол орон сууцаа сайжруулах, дахин дулаалах, засвар үйлчилгээ хийх, шинээр амины орон сууц, байшин бариулах хандлага ихсэж байна. Тэр тусмаа бага насны олон хүүхэдтэй айлууд хотын дуу чимээ, замын хөдөлгөөн, агаарын бохирдлоос холдох юмсан гэсэн хүсэлтэйгээр яаж ийж байгаад хотоос холгүй амины орон сууцтай болохыг хүссэн гэр бүлүүд олширсон. Харамсалтай нь, тэдгээр хүмүүст ямар байшинг, хэнээр бариулахаа мэдэхгүй, мэдлэг мэдээлэл дутмаг байна. Эдгээр хүмүүст зөвлөхөд, барилгын төсөлдөө чулуун хөвөн дулаан тусгаарлагч материал ашигласан барилгууд, амины орон сууцуудын чанар стандартууд хамгийн сайнаар шалгарсан байдаг. Яагаад гэвэл энэ бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэсэн байшин, барилга бусад материалууд дээрээ ч сайн чанартайг нь сонгосон байдаг. Монгол базальт ХК-ийн борлуулалтын менежерүүд, техник, тусламжийн албаны инженерүүд байнгын зөвлөгөө, тусламж өгч ажиллаж байдаг. Тиймээс та бүхэн амины орон сууцны дахин дулаалга, засвар шинэчлэлтэй холбоотой мэдээлэл, зөвлөгөө авах бол манайх хэзээд бэлэн байж үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл авч байгаарай. Бид та бүхэнд зөвлөгөө өгч ажиллахад манай компани үргэлж нээлттэй байдаг шүү гэж хэлмээр байна.
Мөн аль ч салбараас үндэсний үйлдвэрлэлийн салбар өөрөө хамгийн хүнд болов ч хамгийн тогтвортой хөгжсөн, урт хугацаанд оршин тогтнох боломжтой салбаруудын нэг байдаг тул, манай улсын залуу хойч үеийнхний сэтгэлгээнд энэ бизнесүүдээ дэмждэг, хайрладаг, салбаруудын онцлог, бизнесийн мөчлөгүүдийг анализ хийж оновчтой дүгнэлт гаргаж сураасай гэж хүсдэг.
Бид өөрсдөө, бүгд хамтдаа улс эх орноо хөгжүүлэх их үйлсэд сэтгэл зүтгэл гаргадаг байж, улс төрчид л бидний өмнөөс хийх ёстой гэж бүхнийг шүүмжлэн зэмлээд хаялгүй, хамтдаа шийдэл гаргах хөдөлгөөн үүсгэж, дуу хоолойгоо нэгтгэн өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлбэл дараагийн хойч үедээ илүү сайхан нийгмийг бүтээлцэж чадах болно.
–Ярилцсанд баярлалаа.