Барилга, дэд бүтцийн салбарын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчдыг
чадавхжуулах, туршлага солилцох, семинарыг аравдугаар сарын 29-нд зохион
байгууллаа.
Энэхүү сургалт, семинарын үеэр оролцогчдын анхаарлыг татсан онцлох сэдэв,
илтгэлүүдийн нэг нь “Монгол Базальт” ХК -ийн гүйцэтгэх захирал А.Энхгэрэлийн
“Тогтвортой хөгжил ба ногоон бүтээн байгуулалт” сэдэвт илтгэл байв. Тэрбээр уг
илтгэлдээ “Тогтвортой хөгжлийн зорилтууд бол хүн төрөлхтний 2030 он гэхэд хийж
гүйцэтгэх ёстой “гэрийн даалгавар” болохыг онцолж, барилгын салбарын шинэ
эрин үеийн онцлогийг тодотгосон ногоон барилга, инновац шингэсэн барилгын
материалуудын хэрэглээг нэмэгдүүлэх нь дэлхий нийтийн хойшлуулашгүй
шийдвэрлэх ёстой асуудлын нэг” гэдгийг дурдсан билээ.
Агаар мандалд буй хүлэмжийн хий ирэх 10 мянган жилд ч арилахгүй
Тус илтгэлд онцолсон сонирхолтой баримтуудаас тоймлон хүргэе.
– Монгол Улс үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг зөвхөн
халаалтын зориулалтаар ашигладаг бөгөөд нийт дулааны 57 орчим хувийг
зөвхөн орон сууцны барилгын халаалт, халуун усны халаалтад ашигладаг
байна.
– Ногоон барилгын гол шалгуурт: Сэргээгдэх эрчим хүчийг ашигласан байх,
усны хэмнэлттэй байх, эрчим хүчний хэмнэлттэй байх, дотоод агаарын
чанар, тохиромжтой эргономик шийдэлтэй байх, эко барилгын материал,
технологи ашигласан байх, ногоон байгууламжтай байх зэрэг үзүүлэлт
багтдаг.
– Харин ногоон барилгад шаардагдах дулаалгын материал нь дараах
шаардлагуудыг хангасан байх шаардлагатай. Дулаан техникийн итгэлцүүр,
насжилт болон тэсвэрлэх хэмжээ, эрчим хүчний зарцуулалт, эрүүл мэнд ба
аюулгүй байдал зэрэг үзүүлэлт багтана.
– Дэлхийн хүн ам хурдацтай өсөхийн хэрээр ирэх 40 жилд дэлхийн өнцөг
булан бүрт сар тутамд Нью-Йорк шиг том хотууд сүндэрлэсээр байх тооцоо
бий. Үүнийг дагаад хүлэмжийн хий их хэмжээгээр ялгарах нөхцөл бүрддэг.
Нэгэнт ялгарсан нүүрсхүчлийн хий агаар мандалд маш удаан хугацааны
туршид тогтож дөнгөж 1/5 нь ирэх 10 мянган жилд ч арилахгүй гэсэн
судалгааны дүнг танилцуулаад буй.
Иймээс дэлхий нийтэд тулгамдаж буй хүлэмжийн хийн ялгарал, агаарын
бохирдлын эсрэг тэмцэхийн тулд барилгын салбарт ногоон барилга байгууламж,
эко барилгын материалуудын хэрэглээг нэмэгдүүлэх, цаашлаад хөгжлийн энэхүү
чиг хандлагаас бид хоцрох ёсгүйг илтгэлд онцолж байв. Мөн А.Энхгэрэл “Монгол Базальт” ХК болон саяхан нээлтээ хийсэн Базальт файбер арматурын онцлог,
хэрэглээнд нэвтрүүлэх боломжуудын талаар танилцуулсан юм.
Дэлхий дахинаа 30 жилийн өмнө агаарын бохирдлын улмаас жилд 1,9 сая хүн нас
бардаг байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгджээ. Тиймээс
үйлдвэржилт, хотжилт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй орчны
бохирдол нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд юун түрүүнд
шийдэх чухал асуудал болж, улс орон бүр агаарын чанарыг сайжруулахад
зориулсан төсвөө жил бүр нэмэгдүүлсээр байгааг илтгэлийн үеэр мөн дурдаж
байв.