Худаг хүрэх зам өгсүүр, хад чулуутай ч 40-ийн бидон тэргэн дээр түжигнүүлэн албандаа явдаг сан. Ус зөөх нь миний хамгийн олон жил хариуцлагатайгаар хийсэн ажил. Бидоны хүзүүгээр ус татаад ирвэл, яаран сандран, “Болчихсон, дүүрчихлээ” гээд хашгирна. Худгийн эгч “Хальж, урсгалаа” гэж загнаад “50-ийн хариулт 10 төгрөгийг өгөхгүй болчихно” гэж айсандаа тэр. 40-ийн бидон ус манайд хоёр хононо. Их л хэмнэлттэй. Толгойгоо угаасан усандаа усанд орж, эсвэл хувцасаа угаана. Бүр саван, хөөстэй болчихсон байхад л ээж, “Цэвэрхэн ус” гэж хэлээд дахин ашиглуулна. Хэрэглээгээрээ усанд хайртай гэдгээ илэрхийлдэг байж дээ. Худаг хол, зам нь амаргүй учир ус битгий дуусчихаасай гэж залбирах нь энүүхэнд. Ус аваагүй үед өглөөний цай, өдрийн хоол, оройн аарц гэж байхгүй нь дээр гэр орны нэг ч ажил урагшлахгүй. Хүний бүхий л амьдрал тэр чигээрээ устай холбоотой гэдгийг ингэж л ойлгож өсөв. Харин ус авах, зөөх гэдэг хүнд ажил хялбар болж, 40 литр гэж хэмжихгүйгээр ханан дахь цоргоноосоо халуун, хүйтнээр нь гоожуулдаг болсон цагаас “Усыг үйлдвэрлэдэггүй зөвхөн савладаг” гэдгийг мартаж дээ. “Дахин ашиглана, хайрлана, гамнана” гэсэн ойлголт бараг л үгүй. Төмсөө угаасан усаараа цэцгээ ч болтугай услахгүй асгадаг болсноо хэзээ хойно анзаарав. Учир нь “Ганц хүн хэмнээд юунд хүрэх вэ. Тэглээ ч үнэ хямд. Элбэг болохоор хүссэнээр хэрэглэж болно. Дуусахгүй шүү дээ” гэсэн охорхон хандлагатай болж. Гэвч энэ бол ганц надаар зааглагдахгүй. Нийтээрээ шахам ийм явж ирэв.
Бид усыг чандмань эрдэнэтэй зүйрлэн ярьдаг боловч хэрэглэхдээ ганц аяга цайны ч үнэ төлдөггүй. Адам Смитийн “Ус ба алмааз”-ны парадокс /зөрчил/ гэж бий. Тухайлбал, хэрэгцээт чанараараа асар өндөр үнэ цэнэтэй боловч нөөц нь баялаг тул зах зээлийн үнэ хямд. Энэ байдал нь усыг үнэгүйдүүлэн, үр ашиггүй зарцуулах, бохирдуулах, хомсдол үүсгэх үндсэн шалтгаан гэж томьёолжээ. Тэгвэл усны жинхэнэ үнэ цэн ямар байх вэ. Аливаа зүйл ховордоод ирэхээр л түүний үнэ цэн илүү тодордог. Үүгээр бол өглөө цоргоноос ус гоожихгүй бол хүмүүс “Ус яачив” гэж холбогдох газар луу залгаж, анхаарлаа хандуулна. Үүнээс өмнө “Усаа хайрлая” гэж мэргэжлийн хүмүүс мянга хэлсэн ч төдийлөн тоохгүй, урсгасаар. “Хэдэн мянган жил хуримтлагддаг гүний усаар жорлонгийнхоо бохирыг урсгаж, машинаа угааж, барилгын зуурмаг бэлдээд л ямар баян байгаа вэ” гэж халаглах вий. Тиймээс одооноос л гүний усаа хайрлан, гамнаж, хэрэглэх нь нэн чухал асуудал болж, цэвэр усны хомсдол ойрхон байгааг мэргэжилтнүүд хэлэх боллоо.
Хэн их устай нь дэлхийн бодлогыг тодорхойлно
Өөр ямар ч бодис, химийн элементээр орлуулах боломжгүй “Ус” хэмээх зүйлийн оршин буйг булаг, горхины урсах чимээ, мөнх цас, мөсөн голын бараанаас хардаг. Гэвч нүднээс далд буюу газар доор чулуулгын нүх сүв, ан цавд агуулагдах гүний ус гэж бий. Монгол Улсын газрын доорх усны нөөц бүрэн тогтоогдоогүй бөгөөд бид нийтээрээ газрын доорх ус хэрэглэдэг. Гүний усыг “эрдэнэс” гэж хэлж болно. Учир нь ирээдүйд хэн их алттай нь бус, хэн их гүний усны нөөцтэй нь дэлхийн бодлогыг тодорхойлно гэж судлаачид үздэг. Сүүлийн 40-н жилд хийсэн судалгааны дүнгээр монгол орны усны нийт нөөц 564.8 сая шоо км. Үүний 10.8 сая шоо км буюу 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг. Бид хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх уснаас авдаг. Ахуйн зориулалтаар бус ашигласан тохиолдолд ус, рашааны нөөц ашигласны төлбөр гэж энэ оны эхний 10-н сарын байдлаар 34 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлжээ. Нүдэнд үл харагдах далд баялаг нь бидэнд амьдрал, мөнгө, эрүүл мэнд бэлэглэдэг. Харин бид зөвхөн авч, хэрэглэсээр. “Монгол Улсад нэг тонн талх хийхэд 3.5, хими цэвэрлэгээ 35.7, үслэг эдлэл үйлдвэрлэхэд 222.4, зэсийн баяжмал гарган авахад 4.1 шоо метр ус зарцуулж буй тооцоо бий. Мөн Монгол Улсын ус ашиглалтын 2021 оны тайланд, “Унд ахуйн хэрэгцээгээр 84.5, үйлдвэр ахуйн үйлчилгээ 16.2, усалгаатай тариалан 144.8, мал аж ахуй 194.4, уул уурхай 113.4, эрчим хүч, дулаан, 41.5, нийт 594.8сая шоо метр ус ашигласан” гэж дурдав. Өмнөх хоёр жилээс өссөн үзүүлэлттэй гарчээ. “Усыг цацдаг” гэж бидний ярьдаг уул уурхайн салбар нь усыг их хэмжээгээр эргүүлэн ашигладаг тул хөдөө аж ахуйн салбараас бараг хоёр дахин бага байна.
Усны үнэ макро түвшинд усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, микро орчинд цэвэр, бохир усны үйлчилгээний тарифаас бүрддэг. Усны нөөцийн экологи, эдийн засгийн буюу мөнгөн үнэлгээ хийх асуудал 1980-аад оноос хойш манайд эрчимтэй ярьж эхэлсэн. Усны нөөц нь улс орнуудын ДНБ-ий үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын Усны тухай хуулийн 3.1.17-д “Усны экологи-эдийн засгийн үнэлгээ гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж тодорхойлсон нь бий. 2013 оноос хойш усны нөөц ашигласны төлбөрийг экологи-эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан тооцож байна. НҮБ-ын Статистикийн хэлтсээс гаргасан “Усны нөөцийн экологи-эдийн засгийн тооцооны систем” /SEEAW/ гарын авлагад, “Усны нөөцийн өртгийн үнэлгээ буюу үнэ цэнийн асуудал нь төрийн бодлогын хувьд чухал ач холбогдолтой боловч одоог хүртэл үнэлгээ хийх бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төгс аргачлал хараахан бий болоогүй” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс харахад, дэлхий нийт усны жинхэнэ үнэ цэнийг мөнгөөр тодорхойлж чадахгүй байна. Тиймээс хайрлаж, гамнаж хэрэглэж байгаагаар нь үнэ цэн ач холбогдлыг цэгнэж, дүгнэж болох юм.
Уул уурхай усыг урсгаж орхидог уу
Нэг тонн зэсийн баяжмал үйлдвэрлэхэд дэлхийн ижил төрлийн уурхайн ус ашиглалтын дундажтай харьцуулбал, “Оюу толгой” гурав дахин бага гэсэн саяхны судалгааг олж үзэв. Энэ утгаараа тус компанийн уурхайд усыг хэрхэн ашиглаж байгаатай танилцлаа. Шүдээ угаахдаа хэдэн литрээр нь асгачихдаг тэр усыг энд үнэхээр гамнаж, хайрлаж хэрэглэж байна. Тухайлбал, уурхайн олборлолтод хэрэглэсэн усынхаа 86.4 хувийг дахин ашиглаж, үлдсэн хэсгийг тогтоосон нөөцөөс нөхөн сэлбэдэг аж. Гүний хоолойн газрын доорх ордын ус ашиглалтын дундаж хэмжээ секундэд 918.0 литр боловч үүнээс бага буюу секундэд 460 литр усыг хэрэглэдэг байна. Мөн ундны хэрэгцээний усыг боловсруулах үйлдвэр ажиллуулахын зэрэгцээ 18.9 литрээр нь савалж, “Oyu-Oasis” нэртэй бүтээгдэхүүн гаргажээ. Бүтэн өдөр эл уурхайн усыг хэрхэн ашиглаж буй байдалтай танилцаж явахад, дусал бүрийн үнэ цэнийг мэдэрч, үр ашигтайгаар зарцуулж байгаа нь харагдав. Гараа угааж, эсвэл усанд орохдоо ямар их ус сул асгадаг билээ. Тэр бүр их үнэтэй байсныг уурхайн ус ашиглалтыг хараад л ухаарав. Бүр орон нутгийн хөрсний бүтэц, эко системийг алдагдуулахгүйн тулд “Байгалийн ургамал үржүүлэх газар”-ыг хүртэл байгуулжээ. Өнгөрсөн онд л гэхэд 12 зүйлийн 42 мянган мод суулгасан аж. Хариуцлагатай уул уурхайн эрлээ эндээс олов. “Оюу толгой” компани нь 2013 оноос энэ оны III улирал хүртэл ус ашигласны төлбөрт Өмнөговь аймгийн төсөвт 138.4 тэрбум төгрөг төлжээ.
Дан ганц эл компанийн жишээгээр уул уурхайн салбарын ус ашиглалтын хэмжээг дүгнэж болохгүй. Тиймээс бусад томоохон уурхайн байгаль орчны тайлангаас зарим мэдээллийг татаж харъя. Жишээлбэл, “Эрдэнэт” ТӨҮГ нь Ахаа гүний хошуу нэртэй газрын доорх усны ордоос авч ашигладаг байна. Тус ордын нөөцийг секундэд 2868 литр байхаар 2017 онд баталсан. Үйлдвэртээ ихэнхдээ эргэлтийн ус ашигладаг гэж дурджээ. Харин Багануурын нүүрсний уурхай унд ахуйдаа хоногт 237.4 шоо метр ус хэрэглэдэг байна. Шивээ овоогийн нүүрсний уурхай унд ахуйн зориулалтаар хоногт 62.5 шоо метр ус хэрэглэн, зам, талбай, нөхөн сэргээлтийн усалгаанд шаардагдах усыг уурхайн шүүрлийн уснаас авч ашигладаг гэлээ. “Тавантолгой” нүүрсний уурхайн усны хэрэгцээ өнгөрсөн онд 14.5 сая шоо метр байх төслийн тооцоо хийсэн гэх мэдээлэл бий. Ухаа худгийн нүүрс баяжуулах үйлдвэр нь хоногт 5050 шоо метр ус зарцуулдаг байна. Тус ордын усны нөөцийг секундэд 112.5 литр байхаар 2013 онд тогтоож өгчээ. Нүүрс баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэгцээнд 74 хувийг нь эргүүлэн ашиглаж буй хэмээн бичжээ. Энэ мэтчилэн уурхайнуудын байгаль орчны үнэлгээний тайланд усыг эргүүлэн ашиглан, гамнаж буй тухай тэмдэглэсэн нь сайшаалтай.
Уурхайн үйл ажиллагаа уснаас бүрэн хамааралтай. Зөвшөөрсөн хугацаанд тогтоосон нөөцөөр аваад, одоохондоо бүх зүйл болж буй мэт харагдавч, цаашлаад дахин усны нөөцөө олж илрүүлэх, судалгаа тооцоолол хийх шаардлага гарч ирнэ. Тиймээс уул уурхайн салбарынхан ирээдүйн усны мэргэжилтнүүдээ бодлогоор бэлдэх хэрэгтэй. Монгол Улсын хэмжээнд гидрогеологичдыг ганцхан ШУТИС-д бэлдэн гаргаж буй. Гидрогеологич гэдэг бол маш чухал, ирээдүйд асар хэрэгцээтэй, үнэ цэн бүхий мэргэжил юм. Тэд үйлдвэр эсвэл уурхай усны хэрэгцээг тодорхойлж, судалгаа, тооцоо хийж өгдөг. Тухайлбал, “… ордоос … хэмжээний усыг … жил авч хэрэглэхэд экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй” гэсэн судалгааны дүгнэлтэд үндэслэн, шаардлагатай хэмжээгээ усны нөөцийн зөвлөлөөр орж батлуулдаг байна. “Ус олдлоо” гээд л бүгдийг нь ховх сордоггүй аж. Өөрөөр хэлбэл, уул уурхай, үйлдвэрүүд их хэмжээний ус ашигладаг боловч тэр нь мэргэжлийн судлаачдын тооцоолж өгсөн хэмжээнээс хэтэрдэггүй. Хэрвээ давуулж ашиглавал усны тухай хуулийн дагуу торгуультай. 2021 оны байдлаар гидрогеологийн эрэл хайгуул, судалгаа хийж, газрын доорх усны 411 ордын нөөц батлуулжээ. Одоогоор газар нутгийн 14.9 хувьд гидрогеологийн зураглалын ажил хийсэн байна. Газрын доорх усны хайгуул судалгааг нэмэгдүүлэх шаардлагатайг салбарынхан онцолж буй.
Ундайн сайр хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоов
Уул уурхайнууд тухайн нутгийн “зочин” нь гэж өөрсдийгөө тодорхойлж, одоо болон ирээдүйн эздэд нь хүндэтгэлтэй хандан, гүний усыг зохистой ашигладаг жишиг манайд нэвтэрчээ. Энд нэг жишээ татвал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Ундайн сайрыг ил уурхайн хаягдал чулуулгын овоолго дайрч өнгөрөөхөөр төлөвлөсөн байжээ. Харин “Оюу толгой” компани Ундай сайрын голдиролд хэсэгчлэн тохируулга хийж хамгаалах төслийг хэрэгжүүлсэн аж. Ингэснээр ил уурхайн гүн рүү ус алдагдахаас бүрэн сэргийлэхээс гадна Ундай сайрын голдиролын доод хэсгийг аливаа нөлөөлөлд өртүүлэхгүй хэвээр нь хадгалах нөхцөлийг бий болгов. Тухайн үед нутгийн иргэд нь эл төсөлд маш таагүй хандаж, холбогдох харьяа газарт нь эсэргүүцэл гомдлоо гаргасан аж. Гэвч мэргэжлийн судлаачид, “Ундайн сайрын голдиролд тохируулга хийснээр голын үндсэн горимд нөлөөлөөгүй” гэсэн дүгнэлт хийснээ танилцуулжээ. Биднийг Ундайн гол дээр очиход, сүүлийн жилүүдийн хэмжилтийн үр дүнг харуулав. Усны түвшин тогтмол өссөн үзүүлэлттэй бөгөөд малчдын гар худагт усны чанар, хэмжээнд сөрөг нөлөөлөл үзүүлээгүй байна. Мөн Ундай сайрын хөрсний усыг шилжүүлэн үндсэн голдиролд эргүүлэн нийлүүлснээр “Шинэ бор овоогийн булаг”-ийг уурхайн талбайн өмнөд хэсэгт шинээр байгуулжээ. Монголд уул уурхайн үйл ажиллагаанаас гол, сайрыг хамгаалсан анхны бөгөөд амжилттай болсон төсөл бол энэ. Уул уурхай газрын гүний болоод гадаргын усыг хэрхэн хамгаалж, хайрлаж буй харж болохоор. Одоо Ундайн сайр дагасан гар худаг болон булгууд нь нутгийн иргэд болон зэрлэг ан амьтдын ундны усны эх үүсвэр болсоор байна.
Уснаас ирсэн захидал
Ус ашиглахгүйгээр хөгждөг нийгэм, эдийн засгийн салбар гэж үгүй. Надгүйгээр явагддаг үйлдвэрлэл, үйлчилгээ ч ховор. Монгол оронд хур тунадас харьцангуй бага ордог учраас гүний усны тэжээмж хязгаарлагдмал. Чулуугаар хучигдаагүй уст давхаргууд бол тодорхой хэмжээний тэжээгдлийг хур тунадаснаас авдаг. Харин үл нэвтрүүлэх чулуулгаар хучигдсан уст давхаргын тэжээгдэл нь хэдэн мянган жилийн турш үргэлжилдэг. Тиймээс хүмүүс минь ус намайг үр ашигтай зарцуулах, хайрлан гамнан хэрэгцээ шаардлага хаалгыг чинь тогшиж байна.
“Усны нөөцийг хамгаалах чиглэлд хур борооны усыг хуримтлуулах далан барих, хиймэл нууруудыг үүсгэж, гол мөрөнүүдийн урсацыг ихсэх, газрын дор усны нөөцийг шинээр олж тогтоох” гэх мэтээр мэргэжлийнхэн хэлж байхыг сонслоо. Энэ зөв л дөө. Гэхдээ хамгийн чухал нь хүн бүрийн усыг хайрлан гамнах сэтгэл юм. Та бүхэн намайг хэрхэн зөв зохистой ашиглахыг дор бүрнээ мэдэж байх учиртай. Аль эртний 13-р зууны Их засаг хуульд устай хэрхэн харьцах, усыг яаж хайрлах, хамгаалах, ашиглах талаар дурдсан ч бий. Монголчууд бол намайг хайрлан гамнах ухаанд хамгийн сайн суралцсан улс гэж би боддог. Орчин үеийн хүүхдүүд хүртэл 1 литр биш 100 грамм усаар шүдээ угааж хэвшиж байгаа харагдах юм. Хэрвээ намайг яаж хайрлахаа мэдэхгүй байгаа хүнтэй тааралдвал “Усыг хэрхэн хэмнэх вэ” гэж интернэт хайлт хийхэд хэдхэн секунд л хангалттай шүү гэж хэлээрэй. Усыг их ашигладаг гэж барьцаж, адалдаг уул уурхайн салбар чинь хүртэл гүний усыг гүнээсээ хайрлах тухай ярьж, ажил хэрэг болгож байна. Тиймээс одоо та бүхний ээлж. Усгүй амьдралыг төсөөлөөд үз. Тэгвэл гүнээсээ хайрлаж чадна.
Үнэхээр сайхан нийтлэл бичжээ. Ирээдүйтэй сайн сайн сэтгүүлч байна.
gaihaltai bichjee… olon ch talaas ni durdaj… sain bichver boljee…