Учиртай тоонууд: га-ийн ургац 2 дахин, ургамлын зүйл 2 дахин буурсан, 50/50 аргачлал, 49.9 сая хонин толгой
***
Бэлчээрийн даац хэтрэлт
“Аливаа юмс сайнтай бас муутай байдаг” гэж арга билгийн ухаанд нэвтэрсэн ардын маань хэлж ярьдагчилан, 1990-ээд оноос шуургалсан ардчилал, зах зээлийн “цэнхэр” салхи бас сайнтай бас муутай байсны нэг жишээ нь одоо энэ бидний ярих гээд буй бэлчээрийн даац хэтрэлт юм. Бэлчээрийн даац хэтрэлтийн улмаас ган зуд ч урьд байгаагүйгээр ойр ойрхон тохиож, цөлжилт улам хурдаа авч байгааг үгүйсгэх аргагүй. Энэ нь ардчиллын сайн, муу гэхээсээ ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийг монгол хөрсөнд бойжуулж буй манайхны, юуны урьд манай улс төрчдийн л сайн, муугийн асуудал байх аа.
Өнгө мөнгө, зах зээл гэдэг нь өчнөөн зуун жилд хадгалагдаж ирсэн мал сүргийн зүй зохистой бүтцийг тэр чигээр нь сүйрүүлж орхив. Хотоор дүүрэн хониндоо сайндаа л арав, хорин хувьд нь ямаа байлгадаг уугуул малчдын холыг харсан ухаан хэнд ч хэрэгггүй болов. XVIII зууны Англид “хонь нь хүнээ барьж идэв” гэж К. Маркс шогширч байсанчлан, XXI зууны Монголд “ямаа нь хонио барьж идэх” болов. Учир нь “зах зээлийн боловсролд түргэн суралцаж буй” манай орчин үеийн малчид ямааны ноолуур үнэд орохтой зэрэг “хожим хойчоо биш, хоногийн хоолоо бодож” хонь болгоноо ямаа болгох “их үйлсийг “яаравчлан” эхлүүлэв. Ямаа болгоны арьсанд яваа ноолуур нь ямаанаасаа үнэтэй болж, нэг намрын дотор хэдэн арван, магадгүй зуун мянган ямаа нядлан, ноолууртай арьсыг нь бөөн бөөнөөр урагш нь гаргаж байсан түүх саяхных билээ. Нэгэнт ямаа л ашигтай, ямааны ноолуур үнэтэй болохоор ямаагаа өсгөх гэж малчин болгон аль болох олон ямаатай болох гэж уралдацгаана. Гэтэл “ямаа олдвол ягдахын цондон” гэсэн ардын мэргэн үгс сануулсаар байна биш үү?
Ямаа зуны цагт хорж хэвтдэггүй, залхуу бага, сэргэлэн сэргэг учир олон хонин дунд цөөн хэдэн ямаа байхад нийт хонин сүрэг үдийн халуунд хорж хэвтэх нь бага, ямаагаа дагаад идээшлэх цаг нь их тул ямааг зохистой харьцаагаар хонин сүрэгтэй хамт малладаг байжээ. Гэтэл нийт богийн ихэнх нь ямаа байх юм уу, дан ямаан сүрэг нь бэлчээрийг маш хорлонтойгоор сүйтгэж орхидгийг манай малчид бүр эртнээс мэддэг тул хонь, ямаан сүргийн харьцааг ямагт хатуу барьсаар ирсэн байна. Ямаа нь юуны түрүүнд нялх ногооны навч найлзуурыг хазаж биш, зулгааж иддэг тул, бэлчээр сүйтгэх талдаа хониноос хэд дахин илүү тул дээрх алдартай мэргэн үг гарсан бололтой. Гэвч, төрийн зохицуулалтгүй зах зээлийн бодлогын үр дагавар бол хэн нь түрүүлж идэж, хэн нь хожих л юм даа. Ямаа нь хониноосоо түрүүлж идэж, ямаачин нь хоньчноосоо түрүүлж баяжих нь чөлөөт зах зээлийн жам ёс, өрсөлдөөний үр дагавар биш гэж үү?
Бас, аль ч ган зудад хамгийн тэсвэртэй, малчин хүнийг ямагт малтай нь үлдээдэг тэмээн сүргээ тавагных нь тоогоор үнэлж, бөөн бөөнөөр нь нядлан сүйтгэх дөхсөн.
“Дөрвөн цагийн улиралд дураараа нүүдэллэх нутагтай” гэж шүлгэнд хүртэл гардаг малчид маань дураараа нүүдэллэх нутагтаа нүүдэллэж өгөхгүй, аль нэг сум суурин, гол булаг, эсвэл худаг сахин, түүнээ тойрон жилийн турш хагас суурин байдлаар аж төрдөг болсноос хойш тодорхой бүс нутгийн бэлчээрийн даац харьцангүй ихээр нэмэгдэж, бэлчээрийн талхагдал үүсгэн, энэ нь бусад бүс нутгийн ч бэлчээрийн ачааллыг нэмэгдүүлэн, Монголын бэлчээр нутаг тэр аяараа талхагдах хамгийн муу үр дагаварт хүргэж байна. Энэ нь яваандаа талын Монгол, цөлийн Монгол болох хамгийн бүрхэг ирээдүйг ойртуулж буйг анхаарах цаг аль хэдийнээ болжээ.
1960-аад оны үетэй харьцуулахад 2000 оны эхэн үе хийсэн судалгаагаар бэлчээрийн га-ийн ургац 2 дахин, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн мөн 2 дахин буурсныг тогтоосон байна.
Ийнхүү бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн талхагдал нь эмзэг, нимгэн хөрстэй манай Монголын газар нутагт ган зудын давтамж улам ихэсч, хил хязгааргүй цөлжилт нүүрлэхийн хамгийн үндсэн шалтгаан болоод байна.
Тодорхой нөхцөл, зүй тогтол, цаг хугацааны хэмнэлийн дагуу эх байгаль хийгээд орчлонгийн шим мандал нь өөрөө өөрийгөө нөхөн төлжүүлж, сэргэн амилж, эргээд бидэндээ үржил шимээ хайрладаг жамтай билээ. Байгаль эхийн энэхүү гайхамшигт зүй тогтол нь газрын хөрсний шим тэжээл, бэлчээр, ургамалд ч мөн адил хамаатай бөлгөө.
Тийм учраас байгалийн хөрс, бэлчээр ургамлыг хамгаалах, бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй, талхагдуулахгүйн тулд ямархан зохистой харьцааг баримталж, хүний үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар олон улсын эрдэмтэд элдэв төрлийн шинжилгээ судалгаа, хэмжилт, туршилт явуулж, тодорхой дүгнэлт хийж, аргачлал боловсруулсан байна.
Тухайлбал, хөрснөөс цухуйж гарсан ургамлын зөвхөн 50%-иас дээшгүйг малд идүүлж, үлдсэн 50%-ийг хөндөхгүй үлдээж чадвал бэлчээрийн талхагдал эрчимтэй өсөхгүй байх тухай 50/50 гэж нэршсэн аргачлалыг олон улсын эрдэмтэд боловсруулжээ. Хөрс нь бүрхүүл ургамлын навч найлзуураар дамжуулан үржил шимээ авдаг, нөхөн төлждөг тул дээрх харьцааг баримтлах буюу бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх нь хөрсийг өөрийг нь хамгаална гэсэн үг юм.
Дунд сургуулийн ургамал зүйн хичээлд заадагчилан, ургамал ногоо нь хөрсөн дэх ус чийгийн тусламжтайгаар нарны илч гэрэл, агаар дахь нүүрс хүчлийн хийг өөртөө шингээж, шимт бодисыг боловсруулах явдлыг фотосинтезийн үзэгдэл гэдэг бөгөөд энэ нь манай дэлхий дээрх амьдралын үндсийн үндэс билээ.
Ургамлын навч найлзуурыг тасдаж гэмтээх явдал дээрх 50/50 тодорхой харьцаанаас хэтэрвэл фотосинтезийн үзэгдэл явагдахаа больж, ургамал нь шим тэжээлээр дутагдан, хэсэгхэн хугацаанд үндэснийхээ суурь шимээр тэжээгдэх боловч, улмаар үндэс ёзоороо идэж дуусгаад, үхжиж эхэлдэг.
Бэлчээрийн даац хэтэрсэн нутаг орны ургамал, хөрс хэрхэн доройтож, улам улмаар устаж үгүй болдгийг дараах зургаас харж болно. Бэлчээрийн ургамлын навчны ашиглалт 50 хүртэл хувь байхад үндэсний гэмтэл бараг байхгүй, хамгийн ихдээ 2-4 хувь байгаа бол 50 хувиас давуулан ашиглаад ирэхээр үндэсний гэмтэл ямар хурдацтай явагддагийг эрдэмтэд ийнхүү илрүүлсэн байна.
Дээрх зурагт харуулж буй зүй тогтлоос бид бэлчээрийн даац хэтэрсэн аймаг сумдын нутагт ургамлын үндэс доройтож, улмаар устаж үгүй болох аюул нүүрлээд буйг тодорхой харж байна. Энэ байдал гэвч сүүлийн 20 гаруй жилийн турш үргэлжилсээр иржээ.
Малд идэмжтэй, тэжээллэг өвс ургамлын гарц, төрөл зүйл жил ирэх тусам буурсаар байгаа тухай хөдөө орон нутгийн малчид ам дамжин ярьж байна.
Монгол эрдэмтэд бэлчээр нутгийн нахиалан ургах хугацаагаар нь дараах байдлаар судлан тогтоожээ: 1) Хавар эртийн, 2) Хаврын, 3) Зун эртийн 4) Зуны, 5) Зун оройн гэж 5 хуваадаг байна. Мөн мал сүрэг идээшлүүлсний дараа, эсвэл өвсийг нь хадаж авсны дараа бэлчээрийн ургамал төлжин ургахад ойт хээр, уулын хээрт 24-36 хоног, 2 дахь удаагаа таслахад 36-45 хоног шаардагддаг байна. Яг энэ үеийг заавал тооцоолж, бэлчээрийн ачааллыг бууруулж, зохицуулахгүй бол бэлчээрийн ургац, төрөл зүйл, үржил шим жил ирэх тутам улам доройтох нь тодорхой. Иймд уламжлалт нүүдлийн аж ахуйн гол онцлог болсон нүүдэл хийх, бэлчээр сэлгэх явдал нь хамгийн чухал ач холбогдолтой хэвээр байна.
Бэлчээр дэх ургамлын төлжин ургах нөхцлийг хангах, олон жилийн туршид ургацыг бууруулахгүй үр ашигтай ашиглахад чиглэсэн энхүү арга хэмжээг орчин үеийн эрдэмтэд “бэлчээрийн сэлгээ” гэдэг. Хашир туршлагатай малчид хаврын бэлчээрийг зун намартаа нөөцөлж, дотор нь алсын, ойрын нөөц гэж хуваарилан ашигладаг байжээ. Ингэж чадвал мал тэжээлгүйдэхгүй, гагцхүү малын хариуллага маллагаанд анхаарах болно. Уг нь улирал бүрийн бэлчээрийг дотор нь хэд хэдэн зурваст хувааж, ээлж дараатай нарийн хуваарьтай ашиглах шаардлагатай. Хавар өвс ногоо дахин хэнзлэх тодорхой үед байдаг. Энэ бол 4 сараас 6 сар хүртэл. Энэ үеэр нь хөрснөөс цухуйсан болгоныг мал түүгээд идээд байвал цааш төлжин ургах чадвар нь алдагдсаар яваандаа алга болно. Эцэг өвгөд маань бидний багад “нялх ногоо битгий зулгаа” гэдэг байж билээ. Энэ их учиртай. Хавар бэлчээрийн ургамал сэргэн ургаж эхлэх үе бол хамгийн эмзэг юм. Нялх үед нь ургамлыг малд ойр ойрхон идүүлэхэд нөөц шим тэжээлийн бодис шавхагдаж нахиа найлзуур нь сэргэн ургах чадваргүй болдог. Хур тунадас сайхан жил байлаа ч нэгэнт туйлдсан ургамал ямар ч цаг агаарын тохиромжтой нөхцөлд ч бүрэн чадавхиараа нөхөн төлжих боломжгүй болж байна гэсэн үг.
Бэлчээрийг ашиглах эрчим нэмэгдэхэд бэлчээрийн бүтээмж ба малын ашиг шимийн үзүүлэлт хоорондын харилцан шүтэлцээ сөрөг үр дүнд хүрдэг зүй тогтол байдаг. Энэ нь ургамлын эрчимтэй ашиглах тусам ногоон навчны талбайн хэмжээ багасч, нарны эрчим хүчийг хүлээн авч химийн энерги болгон хувиргах боломж буурна. Өөрөөр хэлбэл ногоон ургамлын хөрсний үржил шим, чийгийг ногоон ургац болгон хувирах чадвар доройтно гэсэн үг.
Өнөө үед бэлчээрийг төлөвлөгөө, зохицуулалтгүй ашиглаж байгаа нь бэлчээрийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй байна. 1990-ээд оноос өмнө бэлчээр ашиглалтыг их нарийн төлөвлөдөг байжээ. Жишээ нь 1980-аад оны хүн амын хүнсний хэрэгцээ, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр тогтвортой хангах 2000 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа бэлчээрийн даацын норм нормативыг гарган зун намар 87.4 сая хонин толгой буюу 5 төрлөөр … өвөл хаварт үүнээс бараг 2 дахин бага 49.9 сая хонин толгой мал бэлчээр тэжээх бололцоотой гэж гаргаж байжээ. Ингэхдээ 1960-1970-аад оны 10 жилийн судалгааны бүрэн хэмжээний дүгнэлт дээр үндэслэн тогтоосон байдаг. Одоо гэтэл бэлчээрийн талбайн хэмжээ тэр үеийнхээс 20 сая га- гаар багасаад бэлчээрийн ургац талхагдаад буурсан байхад 5 толгойгоор 66.2 сая толгой болсон, хонин толгойд шилжүүлснээр 110,270,000 болсон байдаг. Доктор С. Цэрэндаш нар 2000 онд хийсэн судалгаандаа өнтэй жил дунджаар 86 сая гаруй хонь, харин урьд зун нь гантай жил 57 саяас хэтрүүлэхгүй байх, өөрөөр хэлбэл 100 га бэлчээрийн талбайд 62 хонь бэлчээрлүүлэх экологийн даацтай гэж тооцсон байдаг.
Малын тоо үнэмлэхүй хэмжээгээр өсч, нүүх газар, сэлгэх бэлчээргүй болж, малчдын хооронд, тэр бүү хэл ах дүү хамаатны дунд бэлчээрийн маргаан тасрахаа байсан нь малчдын амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байна. Бэлчээр малын тооны зохистой харьцаа нэгэнт алдагджээ. Сүүлийн 15 жилд 100 га хадлан, бэлчээрийн талбайд ногдох хонин толгойд шилжүүлсэн малын тоо 36 хувиар өсч, улсын хэмжээгээр 1990 онд хонь ямааны тооны харьцаа 3:1 байсан бол ойролцоогоор 1:1 болжээ.
Ган, зуд.
Бэлчээрийн даац хэтрэлт, бэлчээрийн талхагдлын шууд үр дагавар нь Монгол орны улам бүр ойр ойрхон давтагддаг болсон ган, зуд хоёр юм.
“Өчигдөр тавьсан уурга өглөө босоход харагдахгүй байдаг” болтол өвс ургамал ургадаг байсан түүх хэдхэн арван жилийн өмнөх сөн. Гэтэл бэлчээрийн талхагдалтай нутагт бороо хур ороод ороод ургамал ногоо харьцангүй удаж гардаг, үндэс муутай учир гарсан ургамал нь армаг тармаг, тачир хэнз байдаг. Нэгэнт ургамал ногоо тачир тармаг ургасан учир мал бэлчээрлэх газар нутаг их байх шаардлагатай болдог ба энэ нь бэлчээрийн ачаалалд эргээд нөлөөлдөг. Энэхүү гинжин урвалаас болж Монгол нутагт ган гачиг нүүрлэх нь улам ойрхон давтамжтай болж байна.
Ган гачигтай зун намрын улиралд сайтар цадаж, тарга тэвээргээ гүйцэт авч чадаагүй мал сүрэг өвлийн улиралд өлдөж даарах нь амархан тул ялимгүй цас орох юм уу, харьцангүй хүйтрэхэд тарга хүчээ бүрэн алдаж нэрвэгдэх нь их. Ингээд хуучин цагт зуд гэж нэрлэхээргүй үед “харын зуд”, “туурайн зуд” нүүрлэн, “Монгол” ба “Зуд” гэдэг хоёр үг адил утгатай, синоним үгс болтлоо олон улсад ойлгодох болжээ.
Хөрсний физик шинж чанар доройтохын хэрээр ургац, ургамлын зүйлийн бүрэлдэхүүнд ийнхүү сөргөөр нөлөөлдөг байна. Доктор С. Цэрэндаш, бэлчээрийн даац хэтэрснээс болж ургамлын төрөл зүйл 3 дахин, ургац 2 дахин буурч байгааг судалгаагаар тогтоожээ. Доктор Д. Аваадорж, Я. Баасандорж нарын хийсэн судалгаагаар 1960-аад оны үетэй харьцуулахад 2000 оны эхэн үе хийсэн судалгаагаар бэлчээрийн га-ийн ургац 2 дахин, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн мөн 2 дахин буурсныг тогтоосон байна. Тухайлбал, ойт хээрийн ургамлын зүйлийн төрөл 48 байснаа 23 болж буурсан бол, хээрийнх 33 байснаа 16, цөлөрхөг хээрийнх 23-аас 12 болж, харин цөлийн бүсийнх 16-аас 11 болтлоо буурсан байна. Энэ нь малын идэш тэжээлийн амт шимт чанар буурч байгааг илтгэнэ. Мал амьтны биед эрчим хүч үүсгэх анхны эх үүсвэр нь бэлчээрийн ургамал юм. Ийнхүү зун намар тэжээл аваагуй туранхай мал өвлийн хүйтнийг даахгүй хурдан доройтох, өвчин тусах магадлал өндөр. Манай эрдэмтдийн судалж тогтоосноор соргог бэлчээрт идээшилсэн, дулаан байр хэвтрийн бог малын амьдын жингийн алдагдал өвлийн улиралд дунджаар 6 кг орчим байхад, зун намартаа талхагдсан шим муутай бэлчээрт байлгасан амьдын жин дунджаар 10 кг-аар буурдаг байна.
Зуднаас сэргийлэхийн тулд МАА-г эрчимжүүлснээр шийднэ гэж үздэг хүмүүс бий. Эрчимжсэн МАА-г хөгжүүлсэн орнуудын нийтлэг давуу талуудыг харахад бэлчээрийн бүтээмж өндөр, жилийн 4 улиралд дулаан, ус чийг элбэг голдуу таримал бэлчээр байдаг. Энэ нь голдуу нэг төрлийн ургамал байх жишээтэй. Харин манай Монгол орны нутаг дэвсгэрийн 8.3 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 41.3 хувь нь говь, цөлийн бүсэд хамаарагдах тул экологийн хувьд “өндөгний хальс” шиг хэврэг, талхагдаж доройтохдоо хялбар, төдийгүй дахин нөхөн сэргээх маш төвөгтэй, бараг боломжгүй, амьдрал дээр бүтэшгүй зүйл гэж эрдэмтэд үздэг. Энэ үүднээс дээхэн үеийн эрдэмтэд их нарийн судалгаа хийдэг байжээ. Академич Н. Жагварал 1950-иад оны дундаас бэлчээр сэлгэн ашиглах судалгаа хийгээд Монголд 5 үндсэн хэв маяг байгааг тодорхойлж байжээ. Үүнд: а. Альпийн буюу баруун аймгуудын, б. Уулын тайгын буюу Хангайн в. Ойт хээрийн буюу Хэнтийн, г. Хээрийн буюу Дорнодын талын д. Цөлийн буюу Говь гэсэн нүүдэл. Өндөр ууланд мөнх цасны хормой хүрч зусаад, хэсэг уруудаж уул хоорондын өргөн хөндийгөөр намаржаад уулын бэл хормойн нам уулсын энгэрээр өвөлжөөд жаахан доошилж дов толгодоор хаваржина. Нүүдэл хоорондын зай 60-80 км заримдаа 100 гаруй км хол нүүх явдал бий. Хангай нутгийн малчид өндөр уулын зоо, дэнжээр зусаад уулын бэл хормойд намаржаад уулын дунд хэсэгт өвөлжинө. Хаваржаа нь ихэвчлэн өвөлжөөнөөс доош нам уулс, дов толгод дотор байна. Хэнтий Хянганы нутгийн малчид голын хөндийгөөр зусаад уулын бэл хормой өөд өгсөж намаржаад модны хаяа хүрч өвөлжөөд бага зэрэг уруудаж хаваржина. Нүүдлийн дундаж зай 25-30 км. Тал нутгийн малчдын нүүдэл, ихэвчлэн хойшоо, урагшаа чигтэй байна. Ухаа толгод, нам уулсаар зусаад уруудаж нам хотос хоолойгоор намаржаад нам уулс, бөөрөг толгодын энгэр, хотос, хонхор газар дагаж өвөлжиж хаваржина. Нүүдлийн дундаж зай 30-40км.
Нөгөө талаас мал хариулга их үүрэгтэй байжээ. Хавар цагийн маллагааг гойд анхаардаг малчин, “хөл өргөх, үе чангаруулах маллагаа” гэж нэрлэдэг. Өвлийн хатуу, хээлийн хүндийн тээж хаврын хавсаргатай золгож байгаа ядарч сульдсан малыг хурдан тэнхрүүлэх, жилбэ оруулах хурга ишигийг эхийн сүүнд цатгах, махлуулах хариуцлагатай үед байдаг. Энэ үеийн мал маллагаа үнэхээр хариуцлагатай. Өнжсөн буюу борог өвсөнд мал цадаж амархан тэнхэрдэг гэж ярьцгаадаг. Хавирга нэвт үлээсэн хаврын хавсарга туранхай байтугай, царигтай малыг туйлдуулдаг. Аливаа ажилд өөрийн гэсэн өвөрмөц технологи бий, түүнийг зөрчвөл ямар нэг хохирол авдаг. Бэлчээрийн МАА-н нарийн технологи бий.
Бэлчээрийн ачаалал нэмэгдсэн, цөлжилт газар авч, бэлчээрийн талхагдал, доройтол ихэссэн зэрэг нь сумын хэмжээнд бэлчээрийн менежментийн маш тодорхой төлөвлөгөө боловсруулж, түүнийг жинхэнэ бодит ажил болгон хэрэгжүүлж, явцыг тогтмол хянаж байхыг шаардаж байна. Үүнд: доройтсон бэлчээрийг үнэлэх, нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээнүүдийг төлөвлөх, бэлчээрийн ургац, түүний шимт чанарын сар улирлын өөрчлөлт, жил бүрээр сүргийн бүтэц, нас хүйс, тоо зэргийг нарийн төлөвлөж зохион байгуулах хэрэгтэй байна. Малчдын дунд бэлчээр нутгийг хуваарилж ашиглахдаа баримталдаг “бичигдээгүй хууль” бий. Уламжлалаараа бол малын тоо толгой, бэлчээрийн даац хоёрын хооронд тэнцвэртэй харьцааг нүүдэл суудлаараа зохицуулдаг байжээ.
Бэлчээр ашиглалтын ийм нарийн асуудал мэргэжлийн хариуцсан байгууллага байхгүй, олон Яамд, агентлаг албадын дунд орхигдох явдал үргэлжилсээр байна. Засгийн газар бэлчээр доройтлыг бууруулах, зүй зохистой ашиглалтын бодлогоо тодорхойлж хэрэгжүүлэх чиг үүргийн мэргэжлийн байгууллагатай болох хэрэгцээ байгааг анхааралдаа авна байх гэж найдлага тавьсаар байна.
Монгол орны газрын харилцааны асуудал ч бүхэлдээ бэлчээрийн асуудал байх ёстой атал бэлчээрийн газрын нийгэм, эдийн засаг, экологид гүйцэтгэж байгаа үүрэгтэй нь харьцуулахад бэлчээрийн талаар авч байгаа арга хэмжээ, ялангуяа судалгаа шинжилгээний ажлын цар хүрээ, үр дүн ихээхэн хоцорч байна.
Цөлжилт
Олон арван жилийн турш бэлчээрийн даац хэтрүүлж, талхагдуулсан явдал нь бэлчээр нутгийн цөлжилтийг улам эрчимжүүлэхэд хүргэж байна. Ургамлан нөмрөггүй болсон хөрс салхи шуурга, үер усны нөлөөгөөр эвдрэлд орон эмзэг болж, хөрсний өнгөний үржил шимтэй хэсэг нь угаагдан хийсч, сарниж алга болсоор байна. Хөрсний дээд хэсгийн ургамал хамгаалалт болдог. Энэ байхгүй бол хөрсний гадарга дээр буусан нарны гэрэл хөрсний хур чийгийг хатааж, ямар ч хамгаалалтгүй болсон хөрс салхи усны хүчинд хялбархан гэмтэж, эвдрэлд орно. Салхи, усаар элэгдсээр газрын хэвлийп гүнзгий гуу жалга, эрэг шуудуу үүснэ.
Монгол орны нутаг дэвсгэрийн 8.3 хувь нь ойгоор бүрхэгдсэн, 41.3 хувь нь говь, цөлийн бүсэд хамаарагдах тул экологийн хувьд “өндөгний хальс” шиг хэврэг
Хөрс, ургамал эх байгалиас заяасан нөхөн төлжих чадвараа нэгэнт алдах тэр үе шатыг “босгоо давах” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг. Энэ босгыг давсны дараа ургамал, түүний хөрс өөрийн нөхөн төлжих чадвараа бүрмөсөн алдлаа гэсэн үг. 10 см үржил шим хөрст байгальд бий болоход 2000 жилийн хугацаа ордог. Байгалиас заяасан хөрс, ургамлын нөхөн сэргэх чадварыг хадгалахын чухлыг эрдэмтэд сануулсаар байна. Бэлчээрийн хөрс талхагдаж нягтарснаар ус чийг агаар нэвтрүүлэх горим алдагдана. Энэ нь ургамлын үндэсний өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж эхэлнэ. Бэлчээр соргог байх үед 1 га-д 8 тонн үндэс агуулагддаг байсан бол талхагдсан бэлчээрт түүнээс 2 дахин бага буюу 4 тонн болдогийг эрдэмтэд тогтоожээ. Мөн хөрсний ус нэвтрүүлэх чадвар буурч хур борооны ус хөрсөнд шингэхгүй, газрын гадарга дээгүүр урссанаар хөрс, усанд угаагдаж эвдэрдэг байна. Соргог бэлчээрийн газрын хөрсний ус нэвтрүүлэх чадварыг шинжилж үзэхэд 141.9 мм цаг байгаа бол талхагдсан бэлчээрийнх 70.8 мм цаг болж хөрсний ус нэвтрүүлэх чадвар 2 дахин буурсан байна. Тал хээрийн соргог бэлчээрийн сүвшилт (агаар ус нэвтрүүлэх) 3-7 см-ийн гүнд 56.0 хувь, 12-16 см-ийн гүнд 55.2 хувь байгаа бол талхагдсан бэлчээрийнх 3-7 см-ийн гүнд 53.7 хувь болж хөрсний өнгөн үеийн сүвшилт 4.1 хувиар буурсан байна. Бэлчээрийн газар талхагдалд орсноор хөрсний сүвшилт буурч байгаа нь газрын доройтлын нэг шинж юм. Мөн хөрсний бүтэц бүхэлшилт багасаж илүү тоосорхог болон салхи усны эвдрэлийг тэсвэрлэх чадвар буурна. Хөрсөн доторх 1 мм-ээс том хэсгийн эзлэх хувийн жин бага багаар буурна гэсэн үг. Ийнхүү бэлчээрийн хөрсний бүтэц аажмаар алдагдсанаар салхи, усны эвдрэлд улам бүр эмзэг болж цөлжинө. Манай Монголын нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртсөн гэж эрдэмтэд тогтоожээ.
Монгол оронд цөлжилт эрчимтэй явагдахад нөлөөлж буй үндсэн хэд хэдэн хүчин зүйлс байна гэж үзэж байна. Үүнд:
- Бэлчээрийн даац хэтрүүлэлт буюу талхагдал. Ялангуяа, нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийг тойрсон нутгийн бэлчээрийн талхагдал, сум, суурин, ундарга сайнтай гол булаг, худаг усанд ойр газрын бэлчээрийн талхагдал.
- Жил алгасалгүй уринш хийж, хангалттай нөхөн сэргээлт, сэлгэлт хийлгүйгээр, нэг л төрлийн ургамлыг тухайн талбайд олон жил дараалан тариалдаг, технологийн шаардлага хангаагүй газар тариалан эрхлэлт.
- Төв аймгийн Заамар сумын Заамарын хөндий, Өвөрхангайн Уянга сумын Өлтийн хөндий зэрэг ихээхэн талбай бүхий малын бэлчээр нутагт хөрс шороог ухаж төнхөн, газрын хөрсийг эргүүлэн, нөхөн сэргээлтийг гүйцэд хийхгүй, гол ус, зам харгуйг эвдэж гэмтээн сүйрэл авчирсан эмх замбараагүй уул уурхайн үйлдвэрлэл эрхлэлт.
- Дэлхийн дулааралтай холбоотойгоор говь нутгаас жил тутам хойд өргөрөг рүү түрэн хүрээгэээ тэлж буй байгалийн ерөнхий цөлжилт эдгээр болно.
Гэвч эдгээрээс хамгийн уршигтай нь бидний ярианы гол сэдэв болсон бэлчээрийн даац хэтрэлт буюу бэлчээрийн талхагдал мөнөөс мөн.