“Боловсролын салбарт маш их боломж байна”, “Монгол Улс баялаг өв уламжлал, соёлоо бусад улс руу экспортлох арга замыг эрэлхийлэх нь зүйтэй”, “Англи хэл заадаг, салбарынхаа шилдэг багш профессоруудыг ажиллуулдаг дэлхийн хэмжээний их сургууль байгуулах нь миний мөрөөдөл”, “Сум, багийн иргэд аймгийн төв орох бус харин төрийн үйлчилгээ тэдэн дээр очдог байх ёстой” зэрэг сонирхолтой санааг илэрхийлсэн Сингапурын Лий Куан Ю -гийн нэрэмжит Нийгмийн бодлогын сургуулийн профессор, зөвлөх Реубен Нг -тай хөгжил тойрсон өргөн сэдвийн хүрээнд ярилцлаа.
Юуны өмнө та манай сэтгүүлийн уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Намайг Реубен Нг гэдэг, Сингапурын Үндэсний их сургуулийн (СҮИС) төгсөлтийн дараах сургууль буюу Лий Куан Ю -гийн нэрэмжит Нийгмийн бодлогын сургуулийн профессор. СҮИС, Оксфорд, Йелийн их сургуулийг зан төлөвийн болон өгөгдлийн судлаачаар суралцаж төгссөн. Миний зорилго бол төр болон хувийн хэвшил, бизнесийнхэнд зориулсан их сургуулийг байгуулах юм.
Та манай улсад ямар зорилгоор ирээд байна вэ. Зорьсон хэргээ бүтээж чадав уу?
Монгол Улсыг илүү сайн таньж мэдэх, төрөл бүрийн боломжийг судлахаар ирээд байна. Тавьсан хоёр зорилгоо давуулан биелүүллээ гэж хэлэхэд таатай байна. Монголд байх хугацаандаа би зөвхөн нийслэл хотоор бус, Увс аймгаар зочилсон нь хөдөө орон нутгийн нөхцөл байдлыг ойлгоход ихээхэн тусаллаа. Хөдөөд эмнэлэг, үйлдвэрлэл асар их хэрэгтэй байгаа нь харагдсан. Улаанбаатар шиг хот сууринд хотын шийдэл тохирох бол саяны дурдсан асуудлыг орон нутагт шийдвэрлэхийн тулд зорилтот шийдэл хэрэгтэй юм.
Төрийн бодлого, үйлчилгээг хөдөөний иргэдэд хэрхэн хүргэх талаар хэд хэдэн санаа надад төрсөн. Хөдөөг хөгжүүлэхийн тулд жижиг, дунд бизнесүүдийг (ЖДҮ) хөгжүүлэх арга замуудыг эрэлхийлэх шаардлагатай байна. Хөдөө орон нутгийн ЖДҮ-д Улаанбаатар хотынхтой ижилхэн анхаарал, бодлогын дэмжлэг хэрэгтэй юм. Бид зарим ажилдаа хос стратеги баримтлах шаардлагатайг энэ бүхэн надад ойлгууллаа. Эдгээрт үндэслээд миний аялал зорилгодоо хүрсэн, үр бүтээлтэй боллоо гэж дүгнэж байна.
Хөдөө орон нутгийн ЖДҮ-дэд Засгийн газраас бодлогын ижилхэн анхаарал шаардлагатай байна гэж та дурдлаа. Сингапурт ЖДҮ-ийг хөгжүүлдэг шилдэг туршлага, бодлогоос сонирхуулна уу?
ЖДҮ-ийг хөгжүүлэх нэг чухал бодлого бол дижиталчлал юм. Хот болон хөдөөгийн ЖДҮ нь хөгжлийн ялгаатай циклтэй учраас нэг янзын дижиталчлал бүгдэд нь тохирох боломжгүй.
Сингапурын туршлагаас та бүхэн хоёр зүйлийг ойлгох ёстой болов уу. Нэгдүгээрт, тухайн ЖДҮ хөгжлийн аль шатандаа явааг эхлээд ойлгох ёстой. Үүний тулд ЖДҮ-ийн дижитал хөгжил ямархуу түвшинд байгааг ойлгох, дүгнэх аргачлал хэрэгтэй. Түвшнийг нь мэдсэн тохиолдолд хөгжлийн дараагийн шатанд авчрах боломж гарч ирнэ. Хоёрдугаарт, хот эсвэл хөдөөд ажилладгаас нь хамаарч ЖДҮ-д зориулсан дижитал гарын авлагыг гаргах ёстой.
Ховд аймгийн удирдлагатай уулзаж байхдаа нийгмийн зарим нэг бэрхшээл байдгийг олж мэдсэн. Жишээлбэл, хүүхдээ сургуульд сургахын тулд аймгийн төвд ээж нь ирдэг бөгөөд энэ нь хүүхдүүдийг гэр бүлээсээ тусдаа амьдрахаас өөр сонголтгүй болгож байна. Үүнд үндэслээд бид төрийн үйлчилгээ үзүүлдэг дагуул төвүүд байгуулж болох эсэх талаар авч үзсэн. Тухайлбал, төрийн албаны зарим ажилтан улс, аймгийн өөр өөр хэсгүүдэд очиж төрийн үйлчилгээ үзүүлж болох юм. Үүний тулд төрийн үйлчилгээг дижиталчлах ёстой. Тухайлбал, боловсрол зэрэг төрийн бүхий л үйлчилгээг багтаасан нүүдлийн дижитал төв байж болох юм. Тиймэрхүү нүүдлийн дижитал үйлчилгээний хаабууд нь ЖДҮ-ийг илүү дижитал болоход туслах, улмаар хөгжлийн шат ахихад нь туслах боломжтой. Иргэд аймаг, хотын төв орж төрийн үйлчилгээ авахын оронд төрийн үйлчилгээний дагуул төвүүдийг бий болгосноор хөдөө орон нутаг хөгжиж цэцэглэх боломжтой. Хот, хөдөөгийн ЖДҮ-ийг хөгжүүлэхтэй холбоотой олон бодлын маань нэг энэ юм.
Өргөн уудам нутагтай, хүн ам цөөн Монгол шиг улсад дижиталчлал чухал үүрэг гүйцэтгэх боломжтой. Тэгэхээр төрийн үйлчилгээг хөдөө орон нутагт үр дүнтэй хүргэхийн тулд Монгол Улс дижитал шийдлүүдийг хэрхэн ашиглах ёстой вэ? Тиймэрхүү дижитал шийдлийг хөдөө орон нутаг хүргэхийн тулд хотод байгаа ур чадвартай, авьяаслаг залуусыг хэрхэн ашиглах вэ?
Юун түрүүнд сонгож авсан аймагтаа тохирсон загварыг гаргах ёстой. Одоо байгаа нь зөвхөн аймгийн төвд таарах загварууд. Би юу хэлэх гээд байна вэ гэхээр сум, багийн иргэд Ховд аймгийн төв орох бус харин төрийн үйлчилгээ тэдэн дээр очдог байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, сумууд төрийн үйлчилгээний дагуул төвүүдтэй болох хэрэгтэй.
Иргэд аймаг, хотын төв орж төрийн үйлчилгээ авахын оронд төрийн үйлчилгээний дагуул төвүүдийг бий болгосноор хөдөө орон нутаг хөгжиж цэцэглэх боломжтой.
Улмаар эдгээр төвүүдийн дижитал төхөөрөмжүүдээр дамжуулан төрийн үйлчилгээг хүргэж болно. Зарим малчдын яриа намайг их гайхашруулсан. Гар утасны сүлжээ сайн ордог, фэйсбүүк зэрэг нийгмийн сүлжээг байнга ашигладгаа тэд надад сонирхуулж байлаа. Энэ нь шаардлагатай дэд бүтэц нь Монгол Улсад нэгэнт бий болсныг харуулж байна. Төрийн үйлчилгээг хүргэхийн тулд Засгийн газар үүрэн холбооны сүлжээ ашиглаад эхэлбэл юу болохыг төсөөлөөд үзээрэй. Үүний тулд ямар төрлийн үйлчилгээг дижитал төхөөрөмж ашиглан хүргэх боломжтойг эхлээд тодорхойлох ёстой. Хэрэв тухайн үйлчилгээг дижиталаар хүргэх боломжтой бол хэрэгжүүлэх нь ердөө цаг хугацааны л асуудал болно. Яг ямар загвар бий болгох талаар би тодорхой хэлж чадахгүй ч ийм моделийг орон нутгийн бүхий л оролцогч талуудын хамтын хүчин чармайлтаар үүсгэх ёстой. Ховд аймгийн засаг дарга шинэ зүйлийг хэрэгжүүлэх хүсэлтэй байсан болохоор эл аймагт миний сая дурдсан зарим зүйлийг туршиж үзэх үүднээс бодлого боловсруулж болох юм.
Төрийн бодлогын хувьд ихэнх үзэл бодол, санаа нь барууны хэв маяг, угшилтай байдаг учраас хотын иргэдэд илүү тохирдог. Харин Монгол Улсын хувьд малчин иргэдийн хүсэл, ашиг сонирхолд нийцүүлсэн өөрийн гэсэн санааг гаргах цаг иржээ. Монгол, Казахстан, Төв Азийн бусад улсын нүүдэлчин ард иргэдэд тусгайлан зориулсан ямар ч загвар одоогоор алга байна. Хэрэв бид анхдагч загварыг гаргаж ирэх юм бол Төв Азийн бүх нүүдэлчин, малчин иргэдэд ач тусаа өгнө гэж бодож байна.
Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ экспортлох боломжийг ЖДҮ-д олгодог худалдааны нөхцөл, дэд бүтэц Монгол Улсад дутмаг. Таны бодлоор ЖДҮ-ийг бүтээгдэхүүнээ экспортод гаргах, улмаар бүс нутагтаа өрсөлдөх түвшинд хүргэхэд юу чухал байна вэ?
Засгийн газрын агентлагийн дэргэд ЖДҮ-ийн экспортын лабораторийг байгуулж болох юм. Гэхдээ олон улсын бус улсын хэмжээний асуудал ярьж байгааг минь анхаараарай. Өөрөөр хэлбэл, Ховд аймаг дахь ЖДҮ Монгол Улс даяар борлуулалт хийх тухай юм. Энэ бол бүс нутгийн зах зээлд гарахаасаа өмнө дотооддоо өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг турших анхны алхам болж өгнө. Жишээлбэл, бүтээгдэхүүний чанараа хэрхэн сайжруулах вэ, үйлдвэрийн бүтээмжийг яаж нэмэгдүүлэх вэ, яаж илүү сайн сав баглаа боодолтой болох вэ гэдэг зөвлөгөөг экспортын лабораториос ирж авдаг байж болно.
Сум, багийн иргэд аймгийн төв орох бус харин төрийн үйлчилгээ тэдэн дээр очдог байх ёстой.
ЖДҮ-ийг юу хийх ёстойг нь хэлж өгөхийн оронд тэдэнд туршиж үзэх боломж, санаануудыг өгөх ёстой юм. Улс дотроо, дараа нь олон улсад юу зарж болох вэ гэдгийг тодорхойлохын тулд эхлээд турш л гэж би хэлэх байна. Дараагийн алхам бол бүтээгдэхүүнүүдийг хэрхэн багцлах вэ, ингэснээр ЖДҮ-үүд бие биедээ яаж туслах вэ гэдгийг бодох ёстой. Жишээ нь би дизайн гаргахдаа сайн, өөр нэг хүн тавилга хийхдээ сайн бол бид хоёр хамтраад брэнд гаргаж болно. Энэ тал дээр нэг жишээ дурдахад “Nike” компани пүүзний улаа хийлгэхийн тулд “Goodyear” компанитай хамтран ажиллаж байлаа. Тийм болохоор ЖДҮ-д зориулсан зах зээлийн зарим стратегийг хамтран хэрэгжүүлж болно. Ингэснээр хүчирхэг ЖДҮ-ийн салбар бий болох учиртай юм.
ЖДҮ-ийг олон улсад гаргахын тулд Монголын Засгийн газар хэрхэн манлайлж оролцох ёстой вэ?
Засгийн газрын хийж чадах хэдэн чухал зүйлсийн нэг нь татаас юм. Иргэдээ ямар нэг зүйл хийх санаачилга, хүслийг төрүүлэхийн тулд татаас өгөх, эсвэл хөрөнгөөр дэмжих явдал гэж боддог. Тухайлбал, Сингапурт Засгийн газрын мэдлийн “Enterprise Singapore” байгууллага нь дотоодын компаниудаа олон улсад хөл тавихыг нь дэмжиж мөнгөн тусламж олгодог. Ийм тусламж нь компаниудыг баглаа боодлоо сайжруулах, гадаад улсаас хамтрагч олох зэргээр бизнесээ арай өөрөөр хийх сэдлийг өгдөг гэж болно. Тийм учраас Засгийн газрын зүгээс иймэрхүү төрлийн мөнгөн тусламж, дэмжлэг олгох замаар ЖДҮ-дийг гадаадад бараа бүтээгдэхүүнээ гаргах сэдлийг төрүүлэх ёстой юм.
Манай улс импортлогч улс хэвээр, бүс нутгийн болон олон улсын үнэ цэнийн сүлжээнд нэгдэж чадаагүй байна. Тийм учраас Монгол Улсыг үнэ цэнийн сүлжээнд нэгдэх, улмаар худалдааны хааб болоход юу хэрэгтэй вэ. Та энэ талаар зөвлөгөө өгнө үү?
Маш чухал асуулт. Монгол Улс уул уурхайн таваар ихэвчлэн экспортолдог, эдийн засаг нь нүүрсний салбараас ихээхэн хамаардаг учраас эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй байна.
Миний сэтгэлийг хөдөлгөж, гүн сэтгэгдэл төрүүлсэн өөр нэг зүйл бол баялаг уламжлал, соёл нь юм. Миний бодлоор Монгол Улс энэ баялаг өв уламжлал, соёлоо бусад улс руу экспортлох арга замыг эрэлхийлэх нь зүйтэй. Бид Соёлын яамны хүмүүстэй уулзаж, Монгол Улсыг рэбрэндинг хийх, зөвхөн уул уурхай, түүхий эдээс хамааралтай улс биш гэдэг имижийг хэрхэн бүрдүүлэх талаар ярилцсан. Тиймээс тэрхүү рэбрэндингийн нэг хэсэг нь уламжлал, соёлоо экспортлох байх ёстой.
Түүнчлэн соёлын зарим бүтээгдэхүүнийг рэбрэндинг хийж чадах юм бол жуулчид Монголд ихээр ирэх боломжтой. Бүтээгдэхүүнээ тус тусад нь экспортлохоос илүү Монгол Улс нэгдмэл байдлаар хийх ёстой. Монгол Улс Төв Ази руу гарах гарц болж болно. Мөн төрөл бүрийн олон улсын хурал чуулган, үзэсгэлэнг зохион байгуулах хэрэгтэй. Хэрэв Монголд нэг том арга хэмжээ болох юм бол олон улсын хэвлэл мэдээллээр улсаа маш сайн сурталчлах боломж гарч ирнэ.
Монголын их сургуулиуд орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай ур чадвараар оюутнуудаа хэрхэн “цэнэглэх” ёстой вэ?
Энэ бол олон улсад, тэр дундаа Сингапурт ч учирч буй бэрхшээл юм. Их сургууль төгсөгчид нь тухайн салбартаа ажиллахад шаардлагатай ур чадвараар дутмаг байна. Толгой нь сайн ажиллаж байна, гагцхүү хөдөлмөрийн зах зээлд тохирч ажиллах хэмжээний ур чадвар тэдэнд алга. Тийм учраас Сингапурт оюутнууд дөрвөн жил их сургуульд суралцахын оронд тал хугацааг нь суралцаж, талыг нь тухайн салбартаа дадлагаар ажиллахад зарцуулдаг болсон. Ингэснээр оюутнууд их сургуульдаа мөн дадлага хийж буй компанидаа гээд хоёр багштай болж байгаа юм. Үүний үр дүнд хөдөлмөрийн зах зээлд бэлэн, шаардагдах ур чадварыг эзэмшээд сургалтаа дуусгах боломжтой болж байна. Тиймээс оюутнуудыг ажиллах хүч болгон бэлтгэхийн тулд компаниудтай илүү сайн хамтран ажиллах нь зүйтэй.
Та Монголын бизнесмэнүүдтэй уулзав уу?
Тийм ээ, уулзсан. 2019 онд би НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн урилгаар Монголд ирж байсан. Миний нэг сургалт нь төрийн өмчит компаниудын талаар байсан учир бизнесийн салбарын зарим төлөөлөлтэй уулзсан юм. Тэдний хувьд их сургууль төгсөгчдийг дахин сургах нь том асуудал болж байсан. Энэ нь боловсролын систем хөдөлмөрийн зах зээлд тохирсон хүмүүсийг төгсгөж чадахгүй байна гэсэн үг юм. Үүнийг шийдвэрлэхийн тулд их сургуулиуд гэж юу вэ гэдгээ эргэн харж, хувийн хэвшилтэй илүү ойр дөт ажилладаг болгох ёстой.
Жишээлбэл, компаниуд их сургуулийн сургалтын хөтөлбөрийг гаргахад тусалдаг байж болно. Ингэснээр тэд шинээр төгсөгчдийг дахин сургахад зориулах хугацаа, хөрөнгөө хэмнэх давуу талтай. Хоёрдугаарт, багш профессорууд тухайн сургуульдаа удаан хугацаанд ажилласан бол салбарын чиг хандлагаас төсөөрсөн байх магадлалтай. Тиймээс багш нар салбарын өнөөгийн нөхцөл байдалтай хамаатай судалгааг хийхийн тулд компаниудтай хамтран ажиллах ёстой.
Монгол Улс баялаг өв уламжлал, соёлоо бусад улс руу экспортлох арга замыг эрэлхийлэх нь зүйтэй.
Түүнчлэн их сургуулиуд өөрийн гэсэн лабораторитой болсноор оюутнууд нь сурч буй салбарынхаа талаар судалгаа хийдэг болно. Татаас, тэтгэлгээр дамжуулж Засгийн газар нь их сургууль болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих шаардлагатай. Тухайлбал, компаниудтай хамтарч судалгаа хийсэн бол их сургуулийн багш нар судалгааныхаа төлөө тэтгэлэг авдаг байж болно. Энэ бол хамтын ажиллагааг бий болгох нэг сэдэл мөн.
Танд Монголын бизнесийн орчны талаар өөдрөг, эсвэл сөрөг ямар байр суурь байна вэ?
Монгол Улсын хүн ам эрч хүчтэй, залуухан. Үүнтэй ижил давуу талтай ихэнх улс хүн ам зүйн талаасаа үр шимийг нь хүртдэг агаад энэ нь залуучууд эдийн засгийн бүтээмжид ихээхэн оролцдогтой холбоотой юм. Сингапур өмнө нь ийм байсан ч одоо хүн ам нь хөгширч байна. Эрч хүчтэй, тэмүүлэлтэй, ухаалаг маш олон залуу иргэнтэй Азийн цөөн улсын нэг нь Монгол гэж би боддог. Хамгийн гол нь тэдэнд аль болох их боломжийг нээж өгөх хэрэгтэй. Тэднийг ажлын байр, тэгш боломжоор хангаж чадах юм бол Монгол Улсын эдийн засаг ихээхэн тэлж хөгжих нь гарцаагүй.
ЖДҮ зэрэг бизнесийн салбарынханд туслахын тулд Засгийн газар шийдвэр гаргах процесстоо өгөгдлийн шинжилгээг хэрхэн ашиглах ёстой вэ?
Өгөгдлийн задлан шинжилгээ нь ЖДҮ-д ямар үнэ цэн өгөх вэ, яаж туслах вэ гэдгийг мэдэх нь их чухал. Товчдоо бол энэ арга нь ЖДҮ-ийг орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулахад нь туслах учиртай. Орлогоо нэмэгдүүлэх тухайд өгөгдөл нь харилцагч, хэрэглэгч нараа илүү ойлгоход ЖДҮ-д тусалдаг. Бүтээгдэхүүнээ өөр аргаар, ялгаатай худалдан авагчдад санал болгож эхлэх үү, эсвэл хамгийн их үнэ цэн өгдөг харилцагч хэн бэ гэдгийг өгөгдлийн тусламжтайгаар мэдэх боломжтой. Үүний үр дүнд танай нийт орлогын 80 хувийг худалдан авагчдын 20 хувь бүрдүүлж байгааг олж мэдэж ч магадгүй. Үүнийг ойлгож мэдэхэд өгөгдөл л танд тусална. Мөн зах зээлээ илүү сайн ойлгох, маркетингийн стратегийг илүү сайнаар тодорхойлоход хэрэгтэй.
Үүний зэрэгцээ зардлаа бууруулахад тусалдаг. Хэрэв багаар ихийг бүтээж чадах юм бол та илүү өндөр бүтээмжтэй, илүү ашигтай ажиллах нь гарцаагүй юм. Ерөнхийд нь авч үзвэл өгөгдөл бидэнд янз бүрийн байдлаар тусалж байна.
Ялгаатай салбарт ажилладаг ЖДҮ-үүдэд өөр өөр өгөгдөл хэрэг болох учраас тэдэнд зориулж гарын авлага гаргах нь зүйтэй. Жишээлбэл, орлогын урсгалаа нэмэгдүүлэхэд туслах арга замуудыг багтаасан өгөгдөл бүхий гарын авлага байж болно.
Та маш их мөнгөтэй, Монголд бизнес хийх боломж олдлоо гэвэл ямар төрлийн бизнес хийх вэ?
Боловсролын салбарт маш их боломж бий гэж бодож байна. Монголд англи хэлний хөтөлбөртэй их сургууль тийм ч болон биш юм шиг санагдсан учраас Төв Ази руу нэвтрэх үүд гэж боддог Монгол Улсад дэлхийн хэмжээний их сургуулийг байгуулах байх. Тэгэх юм бол АНУ, Их Британи эсвэл Сингапур явалгүй Монголд ирээд дэлхийн хэмжээний маш сайн боловсрол олж авч болно.
Товчоор хэлбэл, англи хэл заадаг, салбарынхаа шилдэг багш профессоруудыг ажиллуулдаг дэлхийн хэмжээний их сургууль байгуулах нь миний мөрөөдөл. Ирээдүйд гадаадын хөрөнгө оруулагчид Монголын боловсролын салбарт хөрөнгө оруулах боломжтой. Улмаар энэ их сургууль маань хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдсэн боловсон хүчнийг бэлтгэх хөтөлбөрийг гаргахын тулд төрөл бүрийн салбарын компаниуд, Засгийн газрын агентлагуудын хүчин чармайлтыг нэгтгэдэг газар болох юм.
Мөн залуус карьерын хувьд дараагийн түвшинд гарахын тулд үргэлж шинэ ур чадварт суралцахыг хүсэж байдаг учраас захирлуудыг сургах хөтөлбөрийг ч санал болгож магадгүй. Миний мөрөөдлийн их сургууль нь зөвхөн магистр, докторын зэрэг авах хүсэлтэй залууст бус тэдний карьерыг бүхэлд нь хөгжүүлэхэд чиглэх болно. Та бүхэн ийм загварыг хэрэгжүүлж үзэх хэрэгтэй гэж зөвлөе. Магадгүй Монгол Улс нэг өдөр дээд зэргийн чанартай боловсрол олгодог олон улсын томоохон төв болж ч мэднэ.
Та төрийн бодлогын талаар ихээхэн туршлага хуримтлуулсан. Төрийн бодлогоор дамжуулж авлигыг бид яаж бууруулах вэ?
Авлигатай маш олон улс тэмцэж байна. Та бүхэнд Сингапурын туршлагаас хуваалцъя. 1965 онд тусгаар тогтносны дараа төрийн эрх баригчид дараах хоёр зүйлийг хэрэгжүүлсэн. Нэгдүгээрт бүтээмж, цалинг нэмсэн бол хоёрт, авлигын эсрэг дүрэм журмыг маш сайн сахиулж эхэлсэн юм. Ингээд авлигын хэргийг мөрдөж, шүүх бүрэн эрхтэй Авлигатай тэмцэх газрыг байгуулсан.
Төрийн бодлогын үүднээс авч үзвэл авлигын хэргийг үнэн зөв шүүх нь авлигыг бууруулахад хувь нэмрээ оруулдаг. Миний зөвлөх өөр нэг зүйл бол залуусыг авлигаас ангид байлгахын тулд сургаж, сэтгэлгээг нь өөрчлөх явдал юм. Нэмж хэлэхэд авлигыг бууруулах хамгийн зөв аргуудын нэг бол дижиталчлал, ил тод байдал. Дижиталчлагдсан, ил тод системд авлига оршин байх аргагүй.
Дүгнээд хэлэхэд, авлигыг дарахын тулд нэгдүгээрт сайн шүүх, хоёрдугаарт ил тод, дижиталчлагдсан систем, эцэст нь залуусыг соён гэгээрүүлэх явдал чухал юм.
Материал дээр хамтран ажилласан М.Ариунзаяа, Н.Энхбаяр