Монгол Нэхмэл ХК нь боловсруулалт маш сайтай хонины ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, ямааны ноолуураар хөнжил, даавуу, драп, плед, алчуур, шааль, ороолт, малгай, өмд, цамц, пальто зэрэг 600 гаруй нэр төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг.
***
Монголчууд “Дулаан явбал мянган лан” гэж ярьдаг. Тэгвэл улсын хүн ам, эдийн засаг “дулаан явах” нэг гол нөхцөл нь хөнгөн үйлдвэр, тэр дундаа ноос, ноолуурын салбарын хөгжил байдаг. Монгол улсын хувьд нэхмэлийн үйлдвэрийн чиглэл яг л утасны эрч сулрах, чангарахтай адил түүхэн зам мөрийг туулж иржээ.
1934 онд Аж үйлдвэрийн комбинат байгуулагдахад “Эсгий цэмбэний фабрик” нэхмэлийн цех бий болсон нь манай улсын нэхмэлийн салбарын суурь болж хөгжлийн утас ээрэгдэж эхэлсэн. 1960 онд дээрх цех бие даасан нэхмэлийн үйлдвэр болж хонины нарийн, хагас нарийн болон бүдүүн ноосоор төрөл бүрийн даавуу, цэмбэ үйлдвэрлэдэг болсноор эрч нь улам чангарав.
1970 оноос үйлдвэр хөгжлийн шинэ шатанд гарч, инженерүүдийн ур ухаанаар гавардино, бостон, шавиот, А драп, буурал драп, одончуу, шинелийн цэмбэ, гутлын дотор, ноосон хөнжил, тэмээний ноосон хөнжил, хивсний утас, сүлжмэлийн утас зэрэг олон бүтээгдэхүүнээр үйлдвэрлэлээ тэлсэн байна. Ийнхүү Ноосон нэхмэлийн үйлдвэр нь 30-аад жилийн турш дотоодын хэрэглэгчдийг даавуу, хөнжил, утсаар хангаж, мөн дотоодын байгууллагууд болон социалист орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байжээ.
Харин 1990 оноос үйлдвэр огцом уналтад орсон. 1992 онд Монгол нэхмэл ХК болж нэрээ өөрчилсөн бөгөөд зах зээлд шилжих хүнд жилүүдийг туулсаар 2000-аад оноос сэргэлтийн үе эхэлж “утасны эрч” буцаад чангарчээ. Энэ үеэс үйлдвэр технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж орчин үеийн үйлдвэр болох эхлэл тавигджээ.
Эдүгээ Монгол нэхмэл компани нь будах, утас ээрэх, нэхэх, гүйцэтгэн боловсруулах үндсэн цехүүд, лаборатори зэргээс бүрдсэн ноос, ноолууран ээрмэл, нэхмэл, сүлжмэлийн үндэсний хэмжээний цогц үйлдвэр хэлбэрээр хөгжиж байна. Ингэхдээ бүтээгдэхүүндээ нэхмэлийн ууган үйлдвэр хэмээх өв уламжлалаа шингээхийг зорьдог.
Нийтдээ боловсруулалт маш сайтай хонины ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноос, ямааны ноолуураар хөнжил, даавуу, драп, плед, алчуур, шааль, ороолт, малгай, өмд, цамц, пальто зэрэг 600 гаруй нэр төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг. Жилд зун-хаврын, намар-өвлийн гэсэн хоёр үндсэн коллекц гаргаж, классик, уламжлалыг хадгалсан загвар, хийц бүхий сонголтуудыг хэрэглэгчдэд санал болгодог байна.
Тус компани 2006 оноос ээрэх үйлдвэрээ түлхүү хөгжүүлсээр одоогийн байдлаар бүрэн хүчин чадлаараа 75 тонн утас ээрдэг болжээ. Энэ үзүүлэлтээрээ Монголд эхний тавд ордог. Харин 2019 оноос нэхэх үйлдвэрээ 108 мянган метр даавуу нэхэх хүчин чадалтай болгож шинэчилжээ. Үүгээрээ Монгол Нэхмэл ХК нь ээрэх, нэхэх чиглэлдээ цөөхөн тоглогчдын нэг болж гадаад, дотоодын зах зээлд утас, нэхмэлийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.
Харин сүлжмэлийн үйлдвэрийн хувьд жилд 50 мянган ширхэг сүлжмэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд аажмаар бүтээгдэхүүний чанараа сайжруулж, зах зээлээ тэлсээр байна. Тухайлбал, Европ, Ойрхи Дорнод, Хойд Америк, Оросоос харилцагчдын хүрээгээ нэмэгдүүлж чаджээ.
Сүүлийн жилүүдэд текстилийн салбарт тогтвортой үйлдвэрлэлийн үзэл санаа төлөвшиж, Монгол Нэхмэл ХК нь нийт салбарын гинжин хэлхээ, өртгийн сүлжээнд үнэ цэнтэй томоохон оролцогч байхыг зорьдог. Тиймээс Текстилийн тогтвортой үйлдвэрлэлийн үндэсний стандартын дагуу байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлдэг, шударга хөдөлмөрийг дээд зэргээр үнэлдэг, бүрэн тогтвортой, ил тод, ёс зүйтэй корпорац болох эрхэм зорилт тавин ажиллаж байна.