Би Хироши С.тэй хэдэн жилийн өмнө Токио дахь нийгмийн харилцаанаас хөндийрсөн хүмүүсийг дэмжих байгууллагын уулзалт дээр танилцсан юм.
43 настай, тамхи угсруулж татдаг, дагтаршсан өдөн хантаазтай энэ хүн ойролцоогоор “экстрим даяанч” гэж орчуулагчдахаар, японоор бол хикикомори (hikikomori) гэж нэрлэгддэг сая гаруй хүний нэг юм. 1990 оноос хойш үргэлжилсэн Японы эдийн засгийн эрүүл бус нөхцөл байдлаас болж 30-50 насны олон зуун мянган эрчүүд бүх хугацаанд ямар нэг тууштай ажил хөдөлмөр эрхэлж чадалгүй байсаар эдүгээ нийгмийн харилцаанаас хөндийрч зожгорсон, ажилгүй эсвэл ердийн бүтэн цагийн ажил эрхэлдэггүй нийгмийн бүлэг болж үлджээ.
Бүтэн нэрийг нь гаргахгүй байхыг гуйсан Хироши бараг 20-иод жилийн өмнө Японы корпоратив бизнесийн ертөнц дэх хөдөлмөрийн зах зээлээс хасагдаж, түүнээс хойш хөгширч буй, хахир хатуу эцэг эхтэйгээ хамт амьдарч, зээлийн картаар поп соёлын бүтээгдэхүүн байнга худалдаж авдгаасаа болж өрөнд оржээ. Тэрээр амиа хорлохыг ч завдаж байсан аж.
“Япон улс өөрчлөгдсөн” гэж хэлэхдээ тэрээр түүний үеийнхэнд улам бүр ховордсоор байгаа боломж, итгэл найдварыг хамаатуулж хэлсэн юм. Тэр ярьж байхдаа миний нүд рүү нэг ч удаа харсангүй.
Энэ яриа 2017 онд болсон юм. Түүнээс хойш Япон хикикоморичууд болон тэдний харьяалагддаг илүү том хүрээг хамарсан эдийн засгийн хувьд гадуурхагдан алдагдсан үеийнхний цөхрөлийг арилгачихаар тоймтой юм хийсэнгүй.
Энэ бол олон жилийн турш үргэлжилсэн үндэсний хэмжээний сэтгэцийн эрүүл мэнд болон ажил эрхлэлтийн хямрал бөгөөд Ковид цар тахлын улмаас нөхцөл байдал улам дордож байгаа нь санаа зовоож байгаа юм. Гэвч туйлбартай байдал, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг эрхэмлэдэг Японы улс төрийн удирдагчид болон нийгэм үндсэндээ хямралыг даван туулах хүсэл зориг хийгээд арга хэрэгслийг нэгэн зүгт дайчлах чадваргүй байна. Тоо баримтаас харахад, эдийн засгийн зогсонги байдал үргэлжилж буй сүүлийн хэдэн арван жилд насанд хүрсэн Япон улсын алдагдсан үеийн эрүүд, эмэгтэйчүүд нийт 17 саяд хүрчээ.
Тэдний хэцүү амьдрал өнгөрсөн долоодугаар сард Японы ерөнхий сайд асан Шинзо Абэгийн амийг хөнөөсний дараа дахин олон нийтийн анхааралд орж ирсэн юм. Түүнийг буудан хөнөөсөн 41 настай Тэцуяа Ямагами хэрэг гарахын өмнөх өдөр нэгэн блогчид илгээсэн захидалдаа ноён Абэгийн Либерал Ардчилсан Намтай удаан хугацааны турш харилцаатай явж ирсэн Нэгдлийн Сүм гэдэг байгууллагыг “гэр бүлийг минь сүйтгэж, дампууралд хүргэсэн” хэмээн буруутгасан байна. Ямагамигийн ээж нь уг сүмийн гишүүн бөгөөд их хэмжээний мөнгөөр сүмдээ өргөл барьжээ.
Ноён Ямагами алдагдсан үеийнх байсан нь аллагад нөлөөлсөн гэх дэлгэрэнгүй баримт мэдээлэл хараахан байхгүй. Гэвч Японы зарим хэвлэл мэдээлийн хэрэгсэл, эрдэмтэн судлаачдын бичиж буйгаар Ямагами нийгэм, ажиллах хүчний хүрээлэлд багтах гэж зүдэрч байсан тухай мэдээллээс үзэхэд тэр хикикомори гэдгийг бэлхнээ харуулж байсан аж. Гэвч эрх баригчид түүний асуудалд анхаарал хандуулахын оронд Либерал Ардчилсан Нам 1954 онд Сун Мён Мүүний Өмнөд Солонгост үүсгэн байгуулсан Нэгдлийн Сүм гэх консерватив шашны бүлгэмтэй ямар холбоотой талаар илүү анхаарсан нь түүний уурыг улам хүргэжээ.
Энэ уур хилэнгийн үндэс нь дайны дараа бий болсон, корпоратив ертөнцөд ажиллах нь насан туршийн амьдралыг тэтгэнэ гэсэн итгэл үнэмшил одоо суларч буйтай бас холбоотой. Энэ итгэл үнэмшил, загвар 1990-ээд оны эхээр, Японы эдийн засгийн өнөөг хүртэл үргэлжилж буй зогсонги байдлын суурийг тавьсан хялбар зээл, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл, хувьцааны огцом өсөлтөөс үүдсэн эдийн засгийн хөөс хагарснаас хойш хүчтэй ганхжээ.
Корпорацийн тогтвортой ашиг дээр төвлөрсөн бодлогоор нөхцөл байдлыг улам дордуулсан гэж Японд дайны дараачаас засаглалаа тогтоосон Либерал Ардчилсан Намын авсан хариу арга хэмжээг буруутгадаг. Үр дүнд нь үндсэн ажлын байр танагдаж, оронд нь хөнгөлөлт урамшуулал багатай, эсвэл огт урамшуулал байхгүй богино хугацааны ажлын байрууд нэмэгджээ. Энэ явцыг даган “Ажил эрхлэлтийн мөстлөгийн эрин” гэж нэрлэгддэг хөдөлмөрийн зах зээлийн саажилтын үе ирсэн байна. Дундаж давхаргын орлого багасан, гэрлэлт болон төрөлтийн хэмжээ буурч, ганц бие өрхийн хувь өсчээ.
Японд “gaman” хэмээн тодорхойлдог аливаа зовлон, бэрхшээлийг даах хаттай байх соёл нь сэтгэл зүйн тусламж эрэлхийлэхийг ичгүүртэй хэрэг хэмээн үздэг учир сэтгэл зүйн зөвлөгөө түгээмэл биш хэвээр байна.
Нийгмийн харилцаанаас хөндийрсөн япончууд ихэвчлэн эргэж очих газаргүй болдог. Сүүлийн үед сайжирсан хэдий ч Японд сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, ихэвчлэн үнэтэй хэвээр байна. Японд “gaman” хэмээн тодорхойлдог аливаа зовлон, бэрхшээлийг даах хаттай байх соёл нь сэтгэл зүйн тусламж эрэлхийлэхийг ичгүүртэй хэрэг хэмээн үздэг учир сэтгэл зүйн зөвлөгөө түгээмэл биш хэвээр байна. Дотоодын хэвлэл мэдээлийн хэрэгслээр алдагдсан үеийнхнийг хохирогчид биш, харин хувиа хичээсэн, ач тусыг үл мэдэгчид гэж үзэх нь олонтаа байдаг.
Токиогийн улаан гэрэлт Кабукичо дүүргийн газар доорхи лоунжд болсон дээрх уулзалтад оролцогчид тэдэнд өгсөн тодорхойлолтод дургүйцэж байгаа нь илт байлаа. (Би сэтгүүлчийн хувиар, оролцогч бүх талын дэмжлэгтэйгээр хэд хэдэн уулзалтад оролцсон юм.) Тэдгээр энгийн чөлөөтэй бөгөөд цэвэрхэн хувцасласан 40 орчим оролцогчийн нэг нь ч жирийн бус гэмээр харагдаагүй. Тэд тайван, чин сэтгэлээсээ өөрсдийнхөө итгэлгүй байдал, ажилгүйдэл, ганцаардлын тухай тов тодорхой, илэн далангүй ярьж, ялангуяа, тэдний асуудлыг ойлгож хайхралгүй юм л бол “ганбуру” (“Шаргуу ажилла!”) гэж хариулдаг ахмад үеийхэнд чиглэсэн уур бухимдлаа илэрхийлж байлаа. Зарим нь эцэг эхтэйгээ хамт амьдардаг ч тэдэнтэйгээ бараг ярьдаггүй гэж байв.
2019 онд ганц бие, ажилгүй, 51 настай эрэгтэй хутга барин хүмүүс рүү дайрч, хоёр хүний амь егүүтгэж, 17 хүнийг гэмтээж шархдуулсны ихэнх нь сургуулийн охид байсан. Энэ хэрэг эдийн засаг, нийгмийн хувьд гадуурхагдсан хүмүүсийн уур хилэн, хүчирхийллийн талаархи олон нийтийн санаа зовнилыг нэмэгдүүлсэн юм. Долоо хоногийн дараа, засгийн газар “Ажил эрхлэлтийн мөстлөгийн эрин”-д хаягдсан тэдгээр хүмүүст зориулан 300 000 ажлын байр бий болгох төлөвлөгөө боловсруулжээ. Гэвч энэ төлөвлөгөө төдийлөн биелээгүй бөгөөд ноён Абэгийн эдийн засгийн бодлого нь ажил хайгчдад үзүүлэх дарамтыг улам хүндрүүлсэн гэж буруушаадаг.
Олон япончуудын хувьд ноён Ямагами гадуурхагдан алдагдсан үеийнхний, мөн энэрэлгүй хүйтэн сэтгэлтэй эцэг эхдээ адлагдан хөндийрсөн хүмүүсийн тод жишээ бөгөөд заримынх нь өрөвдөх сэтгэлийг төрүүлдэг.
Гэсэн хэдий ч олны санааг амраах ямар нэг бодлого гарч ирээгүй л байна. Ноён Абэгийн залгамжлагч, Ерөнхий сайд Фумёо Кишида өнгөрсөн жил албан тушаалаа хүлээн авахдаа баялгийн дахин хуваарилалт хийх, цалин нэмэгдүүлэх, хагас цагийн болон богино хугацааны ажилчдын хөнгөлөлт урамшууллыг бий болгох гэх мэт асуудлыг багтаасан “шинэ капитализм”-ын төлөвлөгөө боловсруулсан.
Гэвч ноён Кишидагийн засаг захиргаа гишүүдээс нь хандив шаргуу гуйсан гэж буруутгаж байгаа Нэгдлийн сүм ба Либерал Ардчилсан Намын хоорондын холбооноос болж өөрсдийгөө хамгаалсан байр суурьтай байна. Ноён Кишида ноён Абэгийн хүндэтгэлд зориулж татвар төлөгчдийн санхүүжилтээр төрийн оршуулгын ёслол зохион байгуулахаар шийдсэн олны дэмжлэг хүлээгээгүй шийдвэр, инфляцийн өсөлт, иений уналт зэрэг нь түүний хүлээн зөвшөөрөгдөх, ямар нэг зүйлд хүрэх чадварыг сулруулсан юм. Тэрээр шинэ капитализмын тухай дурдахаа больсон, харин эдийн засгийн өсөлтийг нэн тэргүүнд тавих талаар ноён Абэгийн үгийг давтаж байна.
Энэ бүхний эцэст дутуу байгаа зүйл бол алдагдсан үеийнхнээ зөв зам дээр гаргаж ирэх арга замын тухай олон нийтийн бодит хэлэлцүүлэг юм. Шийдэл нь бодит өөрчлөлтийг шаардана, гэхдээ эдгээр олон сая тэвчээртэй хүмүүсийн өөрчлөлт биш харин тэдний амьдарч буй энэ явцуу нийгмийн бодит өөрчлөлтийг шаардах болно.
Роланд Келц (@rolandkelts) Япон-Америкийн зохиолч, Токиогийн Васэда Их сургуулийн хүндэт профессор юм.