Бүхий л агуу уран бүтээлчдийн адилаар авьяас хэзээ ч хөгширдөггүй гэдгийг залуус давамгайлсан өнөөгийн дэлхий дахинаа дөч дөхөж яваа агуу хөлбөмбөгч маань илтгэн харууллаа.
***
Хөгжмийн зохиолч, эсвэл зохиолчийн сүүлчийн бүтээлийг тодорхойлохын тулд хожуу стиль хэмээх нэршлийг утга зохиол шүүмжлэгч Эдвард Сайд гаргаж иржээ. Тэрбээр үүгээрээ тамирдсан бие нь уран бүтээлчид зөвхөн санаа хэлэхээс цаашгүй болж, бүтээлч байдал нь насан туршийн саад бэрхшээл, алдаа оноо, амьдралын ухаанаар солигдсон байдлыг илэрхийлсэн байна.
Харин хөлбөмбөгийн хэлээр бол 35 нас нь Аргентины багийн довтлогч Лионел Мессиг яахын аргагүй настан буурал болгож байгаа юм. Энэ удаагийн ДАШТ түүний хувьд сүүлчийн бүтээл, Бетховеноор бол сүүлчийн утсан хөгжмийн дөрвөл эсвэл Монегийн Сараана цэцгийн цөөрөм бүтээл нь байлаа. Аргентинчуудын энэ удаагийн итгэмээргүй ялалтыг улам амттай болгож байгаа зүйл гэвэл Мессигийн карьерын оргил мөч болоод буруугаар эргэж ч болохоор байсан хожуу стилийн төгс төгөлдөр гүйцэтгэл юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө мэргэжилтнүүд юунд анхаарлаа голлон хандуулах вэ гэдэг нь тодорхой байлаа. Энэ цаг үеийг тодорхойлогч Л.Месси, К.Роналду хэмээх хоёр агуу тоглогч дэлхийн аварга хэмээх эрхэм цолоос бусад бүх хэргэм зэргийг хүртээд байсан. Катарын тэмцээн тэдний хувьд энэ сул орон зайгаа нөхөх, түүхэн дэх хамгийн агуу тоглогч гэх алдар нэрийг авахад зайлшгүй хэрэгтэй тус цомыг атгах сүүлийн боломж нь болсон юм.
Бие ядарч байгаа эсэх, ямар мөчид өөрийгөө бүрэн дайчилж тоглох вэ гэдэг дээр Л.Месси гайхалтай мэдрэмжтэй байж, үргэлж зөв шийдвэр гаргасаар ирэв.
Бие махбод нь хөгширч буйтай дасан зохицож чадаагүйн улмаас өдгөө 37 настай К.Роналду энэ удаад бүтэлгүйтэв. Тэрбээр өөрийгөө 10 насаар залуу байгаа мэт санаж тоглохыг хичээж байлаа. Тэрбээр багийнхаа гол тоглогч мэт “аашилснаар” өөрийгөө жагсаалаас гаргасан юм. ДАШТ-ий сүүлийн буюу Мароккогийн багт харамсалтайгаар ялагдсан тоглолтод К.Роналду талбайд сэлгээгээр гарч тоглоод багтаа олигтой тус хүргэсэнгүй, өрсөлдөгч нартайгаа ч гар барьсангүй, урам хугарсан нэг багийн андуудаа ч тайвшруулалгүй уйлсаар ганцаараа талбайг орхисон билээ. Тэрбээр ийн ДАШТ-ийг таагүй байдлаар орхин одсон юм.
Энэ нь Л.Мессигийн ялалттай харьцуулбал тэс өөр дүр зураг байсан. Хөлийнх нь хүч, хурд буурсан учир Л.Месси эрч хүчээ гамнаж тоглов. Залуу тоглогч мэт дүр эсгэхийн оронд тэрбээр яг л ахмад тоглогч шиг тоглож байлаа. Өөрийнхөө ур чадварыг тодоор харуулах мөчид зориулж тэрбээр өөрийгөө нөөж, талбай дээр аажуухан алхаж байв. Бие ядарч байгаа эсэх, ямар мөчид өөрийгөө бүрэн дайчилж тоглох вэ гэдэг дээр Л.Месси гайхалтай мэдрэмжтэй байж, үргэлж зөв шийдвэр гаргасаар ирэв.
К.Роналдугаас ялгаатай нь Л.Месси тэс өөр төрлийн манлайлагч болж төлөвшсөн нь харагдлаа.
Карьерынхаа дийлэнх он жилүүдэд Л.Месси талбайн төвд очиж, хамгаалагчдын байрлалыг алдагдуулж, улмаар багийн андууддаа довтлох дайрах боломжийг гаргаж өгсөөр ирсэн. Түүнийг бөмбөг авсан цагт хамгаалагч нар түүнийг бөмбөгөөр юу хийхийг нь, өөрийг нь хуураад өнгөрөх эсвэл урд байгаа багийн андуудаа оновчтой дамжуулалт өгөх эсэхийг нь тааж яддаг байсан юм.
Харин одоо хурд нь нэгэнт байхгүй болсон учир тэрхүү онцгой авьяасаа ашиглах боломжгүй болсон. Энэ удаагийн тэмцээний үеэр Л.Месси дамжуулалт, хууралт, мөрний хуурмаг хөдөлгөөн, эргэлтдээ голлон найдаж тоглов. Чухам энэ бүхний ачаар тэрбээр Хорватын багийн 20 настай хамгаалагч Йошко Гвардьолыг мангартуулан хуурч гараад Хулиан Алварест гоолын дамжуулалт өгч, эсвэл Голландын хамгаалалтыг биширмээр дамжуулалтаараа бут ниргэж чадсан билээ. Эдгээр нь зөвхөн байгалийн өгөгдөл авьяас бус карьерын турш хуримтлуулсан мэдлэг, туршлагын үр дүн байсан юм.
Багаа дараагийн түвшинд аваачиж байгаа мэт аашлахгүй хэрнээ багаа удирдах үүрэг хариуцлагыг Л.Месси даруухнаар гүйцэтгэж байсан юм. Түүний энэхүү манлайлал нь үндсэндээ багаа “тайвшруулж” байсан гэж болно.
К.Роналдугаас ялгаатай нь Л.Месси тэс өөр төрлийн манлайлагч болж төлөвшсөн нь харагдлаа. Хөлбөмбөгийн элит түвшинд тоглох бие физиологитой болохын тулд тэрбээр “Барселона” багт ирээд өсөлтийн гормон уудаг байлаа. Түүний даруухан, дотогшоо зан нь талбай дээрх галзуу, солиотой, үзүүштэй тоглолтоос нь тэр өөр санагддаг.
“Катар-2022” тэмцээний үеэр түүнийг ямархуу хувь хүн болж төлөвшсөнийг дэлхий даяар харсан нь сэтгэл хөдөлгөм байлаа. Эсрэг багийн тоглогч дээр ширүүн алдаа гаргаж, бусадтай маргалдах зэргээр талбай дээр тэрбээр хорон санаатны дүрд ч орж байсан, мөн өөрт нь яг тохирох манлайлагчийн үүргээ ч гүйцэтгэж байв. Багаа дараагийн түвшинд аваачиж байгаа мэт аашлахгүй хэрнээ багаа удирдах үүрэг хариуцлагыг Л.Месси даруухнаар гүйцэтгэж байсан юм. Түүний энэхүү манлайлал нь үндсэндээ багаа “тайвшруулж” байсан гэж болно.
Эдварт Сайдаас дахин эш татахад, Л.Месси сүр дуулиантай бусад одуудтай харьцуулахад олны нүднээс хол, даруухан, гэхдээ мэдээж тансаг амьдрахыг чухалчилсан. Гэхдээ тэрбээр гадаад улсад тоглодог учраас эх орноосоо холбоо тасарсан мэт, харин өргөж авсан гэж болох Испани, Францад гадны хүн мэт амьдарсаар ирсэн. Эх орондоо хөлбөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн том шагналыг авчраагүй байхад нь ч түүнийг эх орон нэгтнүүд, харь улсын иргэд тахин шүтсээр байсан билээ. Дэлхийн аваргын алтан цомын төлөөх түүний энэ удаагийн аялал нь нэг талаар Аргентин улстай, Аргентины иргэдтэй харилцаагаа төгс болгоход чиглэж байсан гэж болох юм.
Энэ удаагийн ДАШТ-ий сүүлийн тоглолтод Л.Мессиг тоглохыг үзэнгээ хөлбөмбөгийн түүхэн дэх нэгэн агуу тулааны уур амьсгалд бүрэн автсан байлаа. Гэхдээ уран бүтээлчийн сүүлийн бүтээл нь магадгүй хамгийн агуу нь байдаг гэдгийг өөрийн биеэр дэлхий дахинд харуулсан тэрхүү бяцхан шидтэнд талархах, түүнээр баярлан бахдах мөчийг өөртөө гаргаж чадсан билээ.
“Atlantic”-ийн сэтгүүлч Франклин Фоэр