Бичил, жижиг бизнес эрхлэгч төлбөрийн баримт гаргаж өгөхдөө цааргалдаггүй болчихвол ямар ч ХУЛГАЙ нотлогдож, мөрөө үлдээж эхэлнэ. Хулгай хийсэн хүн олсон “мөнгөө” заавал өөр юм болгож хувиргана. Харин тэр хувиргах замд нь төлбөрийн баримт өгдөггүй бүх бизнес туслаж, дэмжиж байгаа юм.
***
Бидний өнөөдрийн амьдрал бухимдлаар дүүрэн байна. Муу муухайтайгаа эвлэрсэн амьдрал хэзээ нэг өдөр тэсэрнэ. Нэг олдсон амьдрал минь орчин үеийн энэ хөгжсөн нийгэмд бусдын үйлдсэн бурууг нийтээрээ хүртэж, бухимдал дунд өөрийгөө аргацаасаар дуусвал харамсалтай байна. Аз жаргалгүй амьдарсан хүн, үр хүүхдүүдээ ч өвлүүлж үлдээх болно.
Гэтэл хуулийн хулгай, нүүрсний хулгай, мөнгөний хулгай, гар утасны хулгай гарч ирээд л, хэсэг хугацааны дараа мартагдаад үнэн худлаа нь нотлогдохгүй, хэн ч хариуцлага хүлээхгүй байгаа нь нийгэмд буруу үлгэрлэл болсоор удлаа. Шат шатны хулгайтай яаж тэмцэх вэ? Залуусын харж байгаа ганц тэмцэл нь жагсаал бололтой. Гэтэл жагсаал нь бухимдлаа тайлах гарц болохоос нийгэм цэвэрших эхлэл болохгүй байна.
Жагсаал тэмцэл мөн үү? “Мэргэжлийн” жагсагч гэсэн ойлголт гарч ирснээр жагсаал бол хэн нэгний зорилгоо биелүүлэх шантааж болжээ. Жагсаж тэмцээд ямар үр дүн гарсан бэ гээд өөрөөсөө асуугаад үзээрэй. Засгийн газраа солиод эсвэл аль нэг улс төрчийг шоронд хийх гэж оролдоод үр дүн гарсангүй. Тэгвэл бид яаж бусдын адил сайхан амьдрахын тулд тэмцэх ёстой вэ.
Хамгийн том тэмцэл бол “санхүүгийн тэмцэл” хийж сурах хэрэгтэй байна. Санхүүгийн тэмцэл гэж юуг хэлээд байна вэ?
Санхүүгийн тэмцэл гэхээр зарим нэг хүмүүс “хулгайчуудыг дэмжихгүйн тулд татвар төлөхгүй байх” гэж ойлгож мэднэ. Ийм бодол нь жагсаалтай адилхан үр дүнтэй. Хэрвээ татвар төлөхгүй байхыг уриалаад эхэлбэл нөгөө л мөнгөтэй, эрх мэдэлтэй нь их татвараа төлөхгүй байх боломж гарч ирдэг. Харин татвар төлөгчдийн дийлэнхийг эзэлдэг бичил, жижиг бизнес эрхлэгчдийн төлөх татвар бол далайд дусал мэт юм. Нийт татвар төлөгчдийн 80 орчим хувийг бичил, жижиг татвар төлөгчид эзэлдэг атал төсвийн орлогын 20 гаран хувийг бүрдүүлдэг гэдгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Тиймээс том, дунд татвар төлөгчдийн гаргаж буй сенсацийг дагаж хошуурах нь бичил жижгүүдэд тэгш, шударга байх зарчмаа эвдүүлж, хор болно.
Бичил, жижиг бизнесүүд хэдийгээр төсвийн орлого бүрдүүлэхэд төдийлэн их нөлөөгүй ч иргэн бүр нь орлоготой, хийх ажилтай байх нь нийгэмд том дэмжлэг болдог. Татварын албаны ажилтнууд хуулийн дагуу орлого олж буй хүн бүрээс татвар авах ёстой болдог. Тиймээс ч тэд хатуу чанд хуулиар арга хэмжээ авахыг урьтал болгон нийгмээ айлгадаг. Татварын албаны буруу биш юм. Хуулиа л бид тэгж баталсан. Татварын бодлого маань бичил, жижгүүддээ хэт хатуу байгаа юм.
БИЧИЛ, ЖИЖИГ БИЗНЕСийн ЯЛГАРАЛ
Бичил бизнесийн тодорхойлолт Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд бий. Харин татвар төлөхөд иргэнээрээ юу, аж ахуйн нэгжээр үү гэдэг нь хоёр өөр хуулинд хамаарна. Хэрвээ иргэнээрээ бол ажлын байртай эсэхээс хамаарч хуулийн хоёр заалт нөлөөлнө.
Амжиргаа хангах төдий орлоготой бизнес болон дөнгөж орлого олж эхэлж буй бичил бизнесийн орлогыг татварт хураах бус хөрөнгө оруулалт болгон дэмжлэг үзүүлэх бодлого хэрэгтэй байгаа юм. Гэхдээ л манай татварын бодлого бүгдээс авах бодлогоо үргэлжлүүлсээр байна.
Оноос өмнө ХХОАТ-ын хуульд нэмэлт орсноор “ажлын байргүй” бичил бизнесээс авах татварын хэмжээг орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтлан тогтоохоор болжээ. Шинэ оноос эхлэн хэрэгжинэ. Орон нутаг төсвөө бүрдүүлэх нэг боломж юм шиг л харагдаж байгаа юм. Гэхдээ энэ заалт хэрэгжээд ирэхээр НУГАЛАА гээч юм татварын алба, татвар төлөгчийн дунд үүсдэг. Татварын алба энд томоохон эрх мэдэлтэй болж ирнэ. Хэнээс авах вэ, хэнийг үлдээх вэ гэдгээ шийднэ. Бүгдийг хамруулж чаддаггүй. Цахим мэдээлэлтэй болсон ч нүүдлийн маягаар орлого олж буй хүнийг олох гэж явах уу аль эсвэл хэн нэгний мэдээлэл өгсний дагуу очиж шалгах уу гэдгээс сонголт хийнэ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал бичил худалдаа эрхлэгчийн сард төлөх орлогын татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /2023 оны 1 сараас эхлэн 550 000 төгрөг/-ний 1 хувь болох 5500, 50 хувь болох 275000 төгрөгийн хооронд тогтоох ёстой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавих бүр энэ татварын хэмжээ дагаж нэмэгддэг гэдгийг бүү мартаарай.
Жишээ нь Өмнөговь аймгийн ИТХ бичил худалдаа эрхлэгч иргэдийн татварын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1 хувь гэж тогтоосон бол Ховд аймаг орон нутгийнхаа бичил худалдаа эрхлэгч нарт 1 хувь, бусад аймгийн иргэдийн хувьд 50 хувь байхаар тогтоожээ. Харин Хэнтий аймаг бичил худалдаа эрхлэгчийг үйл ажиллагааны чиглэлээр 7 ангилан 2-5 хувиар тогтоожээ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулиар өгсөн эрхийн хүрээнд хэдэн хувиар тогтоох нь тэдний бүрэн эрх. Тус тусдаа ялгаатай хэмжээтэй ч байж болно. Энэ нь төсвийн төвлөрлийг сааруулах бодлого юм шиг байгаа юм. Төвлөрлийг харин сааруулж байна уу үгүй юу гэдгээ харин дүгнэж үр дүнг нь тооцож чадахгүй байх магадлал өндөртэй. Тухайн орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд “хэдэн төгрөг нь хаа юм” гэдэг шиг хэрэгтэй байж мэднэ. Гэхдээ бидний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар нөлөө үзүүлж байгааг тооцох хэрэгтэй байна.
Аймаг бүр ялгаатай хувь хэмжээ тогтоож болно. Энэ нь төсөв бүрдүүлэхээс гадна цаанаа орон нутагт эерэг нөлөө үзүүлэх ёстой. Орон нутгийнхаа татвар төлөгчийн төлөх татварын хэмжээг бусад орон нутгаас ирэх татвар төлөгчөөс багаар тогтоож байгаа нь зах зээлээ хамгаалж буй бодлого гэж эергээр ойлгогдоно. Эсвэл нэг удаагийн хүний хөл ихтэй үзэсгэлэн яармаг худалдаанаас өндөр татвар төлүүлэхээр тооцсон байж болох юм. Харин сөрөг тал нь тухайн орон нутагт өөр аймгуудаас ирж худалдаа хийх боломжгүй болсноор бүтээгдэхүүн сайжрах хөгжил байхгүй болж байна. Аймаг бүрт л адилхан эсгий тавчик байдаг шиг л илүү сайн бүтээгдэхүүн хөгжихгүй байна. Бичил бизнест татвар ногдуулах ийм бодлого баримтлах нь ӨРСӨЛДӨӨН үүсгэхгүйг хичээж буй хэрэг. Иргэд хоорондоо өрсөлдөхөөрөө бусдынхаа барааг авч шидэж байгаатай л ялгаагүй. Ноднин цагаан сарын худалдаагаар Дархан аймагт өөр аймгаас ирсэн худалдаачны тавгийн идээний гүрмэлийг мэргэжлийн хяналтын байцаагч өшиглөж хөөснөөс бөөн маргаан болж байсныг сануулмаар байна.
Иргэд хоорондоо өрсөлдөхөөрөө бусдынхаа барааг авч шидэж байгаатай л ялгаагүй.
Бичил бизнес арай томроод жижиг болоод ирэх үедээ хоорондоо зах зээлээ булаацалддаг. Тиймээс л янз бүрийн “тусгай зөвшөөрөл” гэх онцгой эрхийг бий болгохыг шаарддаг. Тэр онцгой эрхтэй нь аваагүй нэгнээ “хөөх”, зайлуулах боломжоор хангагддаг. Харин “тусгай зөвшөөрөл” олгодог газар нь “бутархай мөнгө шиг” тараагаад эхлэхээр нөгөө үндсэн ач холбогдол нь байхгүй болж ямар ч шаардлагагүй, хэрэгцээгүй цаас болж хувирдаг. Харин ч бүр тусгай зөвшөөрөл олгогч төрийн байгууллагын төсөв бүрдүүлэх татварын нэг төрөл болж, бас албан тушаалтны далдуур мөнгө олох эх үүсвэр болгон хөгжүүлсээр ирлээ. Зайлшгүй тусгай зөвшөөрөл авах ёстой үйлчилгээ нь аль вэ гэдгээ ч ялгахгүй болж хувирсан байна.
Нэгнээ ховлож, эсвэл түр ч атугай хаалгах, айлгах зорилгоор зарим нэг ашиг сонирхол ихтэй төрийн албан хаагч нарт мөнгө өгч сургасан нь бизнес эрхлэгчид ӨӨРСДӨӨ юм. Өөрийнхөө асуудлыг ямар нэг “сэргэлэн” аргаар ч атугай шийдүүлээд бусдаа нь хоригт байлгах нь ЯЛГАРАЛ болж хөгжиж ирсэн нь ХУЛГАЙ дээд түвшинд хөгжихийн эхлэл болсон бизээ.
ХУЛГАЙТАЙ ЯАЖ ТЭМЦЭХ ВЭ?
Санхүүгийн тэмцэл гэдэг нь бүх бизнес төлбөрийн баримт гаргадаг болохыг хэлж байгаа юм. Энэ тэмцэл ялангуяа бичил, жижгүүдийг бүрэн хамрах хэрэгтэй байна. Бичил, жижиг бизнес эрхлэгч төлбөрийн баримт гаргаж өгөхдөө цааргалдаггүй болчихвол ямар ч ХУЛГАЙ нотлогдож, мөрөө үлдээж эхэлнэ. Хулгай хийсэн хүн олсон “мөнгөө” заавал өөр юм болгож хувиргана. Харин тэр хувиргах замд нь төлбөрийн баримт өгдөггүй бүх бизнес туслаж, дэмжиж байгаа юм.
Яагаад бичил жижгүүд л төлбөрийн баримт гаргах ёстой юм гэж бухимдаж магадгүй. Бичил жижгүүд Монголын нийт татвар төлөгчдийн 80 орчим хувийг эзэлдэг гэж дахиад л хэлье. Бас бага татвар төлөх хуулийн боломжтой. 80 хувь нь зөв байхгүй бол 20 хувьдаа баригдаж дуусах гээд байна. Зүйрлэбэл 76 хувь нь бичил, жижиг бизнес эрхлэгч бол 24 хувь нь том, дунд бизнесүүд болно. Энэ 76 маань буруу байвал тэр 24 нь дагаж хувираад ХУЛГАЙ НЬ том болж байгаа хэрэг.
Бичил жижиг бизнесүүдийг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогоор заавал дэмжих хэрэгтэй. Ингэж дэмжснээр тэд төлбөрийн баримт гаргаж хэвшинэ. Бага татвар төлдөг байж заавал нуух хэрэг юу билээ. Төлбөрийн баримтаар орлого, зарлагаа тайлагнаснаар татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг цогцоор нь авч, төрөөс олгох зээл тусламжид тэгш хамрагдаж чаддагсан бол төлбөрийн баримт гаргахгүйн тулд ухаан сийлж суух шаардлагагүй болно. Ганцхан орлогын татварын хувийг бууруулснаар дэмжлэг болдоггүй тул цогцоор нь шийдэх хэрэгтэй. НӨАТ-ын буцаан олголтын хувийг бичил жижгүүдэд өөр байлгаж болно. НДШ-ийг бичил жижгүүдэд сайн дурын даатгалын хэлбэрээр хийж болно. Олон гарц байж болох юм. Бичил жижгүүдэд хэт анхаарч хувийг бууруулахаар томууд нь задарч олон болдог тал байдаг ч үүнээс хамгаалах бодлого хамтад нь тооцох ёстой.
Гэтэл Төр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн бодлогын нөлөөг урьдчилан тооцоолж, цогц байдлаар хуульчилж чадахгүй байгаа нь ХУЛГАЙ томрох боломж өгсөөр байна. Томуудын нөлөөнд ТӨР засаг нь хэт автаад, жижиг бичлүүд нь өөрийнхөө “жаахан”-ыг нуух гэсээр томуудынхаа ХУЛГАЙГ өөгшүүлж, томруулсаар байна.
60 саяын цэцэгний шуугианыг жишээ болгон задлаж тайлбарлая.
60 САЯЫН ЦЭЦЭГ
Цэцэг борлуулагч төлбөрийн баримт гаргаж өгсөн үү гэдгээс эхлэн асуудлыг тайлбарлах гэж оролдьё.
Энэ шуугиан хэсэг дэгдээд намдсан учраас баримт гаргаж өгөөгүй байжээ гэж бодлоо. Баримт гаргаж өгөөгүй бол 2 хардлага төрүүлнэ.
- Энэ бол худлаа сенсаци, тухайн тээвэрлэгч пейж хуудасныхаа лайкийг нэмэгдүүлэх гэж шуугиан тарьсан оролдого.
- Худалдан авалт бодитой хийгдсэн ч төлбөрийн баримт гаргаж өгөөгүй. Нотлох боломжгүй учраас тэр хэний хаанаас олсон мөнгө болох нь тодрохгүй. Хэрвээ нотлох шаардлагатай бол эдийн засгийн цагдаа, прокурорын байгууллага оролцож бүх оролцогчдын дансны хуулга шалгах ажил эхлүүлнэ. Харин хэн ийм шалгалтыг хүсэх билээ дээ.
Аль нь ч байсан энэ бол гэмт үйлдэл юм. Ер нь бол ийм мэдээлэл нийтэд цацагдаж буй тохиолдолд шалгах шаардлагатай. Тэр нь далд эдийн засагтай тэмцэж буй хэлбэр.
Татварын байгууллага ийм шуугиан дэгдэх бүрт тайлбар хийж, системд бүртгэгдсэн эсэхийг мэдээлж баймаар байна. Үгүйдээ сэргэлэн сэтгүүлчид ийм өнцгөөс холбогдох албан тушаалтнаас асуулт тавьж хариулт авдаг байвал сайнсан.
Нийгэмд худлаа сенсаци дэгдээх боломжгүй болгох ёстой. Татварын алба мэдээлдэггүй юм гэхэд “дөрөв дэх засаглал” гэгдэх сэтгүүлч нар хаанаас, ямар асуулт асууж нийгэмд гарсан шуугианыг зөв тийш чиглүүлэх ур чадвар суух хэрэгтэй байна.
Худлаа сенсаци яваандаа үнэн болж мөнгө угаах үйлдэл болохыг хэн байг гэх билээ. Татварын албанаас мэдээлэл хийх нь бас эрсдэл дагуулна. Тухайн байгууллагыг толгойлж буй хүнийг хувь хүний нууц задруулсан хэргээр албан тушаалаас нь зайлуулах боломж өрсөлдөгчдөд нь гарч мэдэх юм. Хувь албан тушаалтны эрх ашгаас улс нийтийн эрх ашгаа дээгүүр тавьдаг нийгэмд бол гэмт хэргийг нуун дарагдуулахгүй байх шүгэл үлээсэн том мэдээлэл байж мэднэ.
Хэрвээ Татварын алба ийм худалдан авалт системд “бүртгэгдсэн” гэж мэдээлбэл он дуусахаар тайлагнал хийгдээд татвар төлөх нь тодорхой болно. Хэн худалдан авсан бэ гэдэг нь дараагийн сэдэв болно.
Харин “бүртгэгдээгүй” гэж хариуцлагатай мэдэгдвэл анх сошиалд мэдээлэл оруулж, худлаа сенсаци дэгдээсэн тэр нөхрийг зөрчлийн хуулиар торгох ёстой. Хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.
Харин торгохоосоо өмнө шалгаж асуудлыг тогтооно. Сошиалд мэдээлэл оруулсан тээвэрлэгч ажлын хөлсөө авахдаа төлбөрийн баримт гаргаж өгсөн бол хуулийн хариуцлагаас мултарна. Тэр хүн үнэн хэлснээ төлбөрийн баримтаар баталгаажуулсан байна. Тэгэхээр 60 саяын цэцэг тээвэрлүүлсэн талын буюу төлбөрийн баримт авсан хүний мэдээллийг шалгана.
Тээврийн хөлсийг хоёр хүн төлсөн байх магадлалтай.
- Цэцэг борлуулагч
- Цэцэг худалдан авагч
Цэцэг борлуулагч тээврийн хөлс төлсөн тохиолдолд тэр бизнесийн тээврийн зардал төлбөрийн баримтаар баталгаажна. Харин 60 саяын борлуулалт нэг удаа хийсэн эсэх нь төлбөрийн баримтаар баталгаажаагүй тул нөхөн гаргуулж, давхар торгууль төлүүлнэ. Татварын байгууллага системд бүртгэгдээгүй гэж зарласан учраас хуулийн хариуцлага хүлээх ёстой юм. Мөн тухайн цэцэг борлуулагч НӨАТ төлөгч болох ёстой.
Цэцэг худалдан авагч өөрөө тээврийн хөлсөө төлсөн бол түүнд 60 саяын борлуулалт хийсэн цэцэгчний төлбөрийн баримт байх ёстой. Гэвч тийм баримт байхгүйг Татварын алба мэдээлсэн гэвэл цэцэг тээвэрлүүлсэн шалтгааныг тодруулна. Борлуулагчаас авсан бол эхний тохиолдлоор баримтаа нөхөж авна. Цэцэг борлуулагч НӨАТ төлөгч байсан бол ядаж л нэг сая төгрөг төсвөөс буцаан авах эрх үүснэ. Харин өөрөө гадаадаас цэцэг оруулж ирсэн бол гаалийн татвар төлсөн эсэхийг шалгах ажил хийгдэнэ. Огт цэцэг борлуулдаггүй этгээд их хэмжээний цэцэг оруулж, тээвэрлүүлээд түүнийгээ бэлэг гэж тайлбарлаж буй бол тэр цэцгийг борлуулсан гэж үзэн татварын акт бичих болно. Энэ нь татвараа төлж бизнес хийж буй дотоодын татвар төлөгчөө хамгаалж буй татварын бодлого юм.
Энэ бүхний дараа л бид цэцэг бэлэглэгч хэн бэ гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Тэр хүн хэрвээ төрийн албан хаагч бол цэцэг авсан орлогыг шалгах ёстой. Хэрвээ бизнес эрхлэгч бол ийм хэмжээний бэлэг өгсөн орлогыг шалгах ажил ундарна.
Ямар ч тохиолдолд бид баталсан хуулийнхаа хариуцлага хүлээлгэх үе шат бүрийг үл тоон зөвхөн дарамт гэж харах болж. Хууль нь бас хэт хатуу, бүхнийг адилтган торгох чиглэлээр хөгжиж, батлагдсаар байгаа нь ийм болгоход нөлөөлж байна. Бидний сонгосон төрийн төлөөллүүдийн маань ажлын чанар нэг талаасаа харагдаж байгаа нь энэ юм.
Буруу үйл хийгчдээ өмөөрч, хамгаалсаар хуулийн хариуцлага тооцож чадахгүй байна. Ингэж давраасаар байгаад бидний байгуулж буй ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн нийгэм маань буруу бүхэндээ живж, сошиалаар шуугиж, хэрэлдэхээс хэтрэхгүй хамгийн эцсийн тэмцэл нь ЖАГСААЛ болон үлджээ.
Нүүрсний хулгай яг үүнтэй адил зарчмаар баримтаар нотлогдох ёстой юм. Нүүрс өөрөө шилжээд, нисээд гарчихгүй шүү дээ. Үе шат бүрт худалдан авалт, борлуулалт хийгдэж байгаа. Тэр үе шат бүрт оролцогч нь бичил, жижиг татвар төлөхгүй шүү гэсэн бодолтой хүн баримт авахгүй эсвэл гаргаж өгөхгүй гүйлгээ хийж байгаа. Тиймээс л бид хулгайг өөгшүүлж өөрсдийгөө болгоод явна гэсэн аминч үзлээр улсаа хорлож ХУЛГАЙД автуулж байгаа юм.