2022 он дуусахад хэдхэн хоногийн хугацаа үлдлээ. Улиран одож буй энэ онд Монгол Улсын эдийн засгийн амьдралд нөлөөлсөн, онцлох шийдвэр, үйл явдлуудыг нэрлэж байна.
- Системийн нөлөө бүхий банкнуудын хувьчлал
УИХ-аас “Банкны тухай хууль”-д өөрчлөлт оруулж системийн нөлөө бүхий таван банкыг хувьцаат компанийн системд шилжүүлэх хуулийн төслийг 2021.01.28-ны өдөр баталсан. Эдгээрт Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжлийн банк болон Төрийн банк гэх таван банк багтаж нийт хувьцааныхаа 5-15%-ийг олон нийтэд арилжаалах үүрэг хүлээсэн. Хэдийгээр хувьчлалыг энэ оноор төгсгөл болгохоор хуульд заасан ч дэлхий дахиныг хамарсан санхүүгийн хямралыг тооцож хугацааг хагас жилээр сунгаад байгаа билээ. Одоогоор дээрх таван банкнаас Төрийн банк болон Голомт банк хувьцаагаа амжилттай арилжаалсан бол Хаан банк СЗХ-ноос зөвшөөрлөө аваад буй.
Төрийн банк 2022.09.30-2022.10.06-ны өдрүүдэд нийт хувьцааныхаа 5% буюу 37,475,000 ширхэг хувьцааны захиалгыг авсан. Тэд нэгж хувьцааг 590 төгрөгөөр үнэлж нийт 22.1 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн. Анхлан гарсан хувьцааны үнэ арилжааны эхний өдрүүдэд 80 гаруй хувиар өсөж улмаар өдгөө хувьцааны тогтворжоод байна.
Харин хувьцаагаа арилжаалсан хоёр дахь банк бол Голомт. Нийт хувьцааныхаа 10.09% буюу 80,402,743 ширхэг хувьцааг 11 дүгээр сард олон нийтэд санал болгосон. Банк нэгж хувьцааныхаа үнийг 1.285 төгрөгөөр үнэлж, 103,3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн боловч эхний өдрөөсөө л тогтворгүй үргэлжилсээр ханш өдгөө хүртэл анх гарсан үнэдээ хүрч чадаагүй явна.
Эдгээрээс гадна Хаан банк хувьцаагаа арилжаалахыг СЗХ-ноос зөвшөөрсөн хэдий ч ондоо багтаан хувьцаагаа олон нийтэд санал болгож амжсангүй.
- Төрийн өмчит компаниудын хувьчлал эхэллээ
Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчит хуулийн этгээдүүдийн хувьцааг 2022-2023 онд Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалах шийдвэр гаргасан. Үүний хүрээнд төрийн өмчит 101 компанийн хувьцааг олон нийтэд санал болгохоос энэ оны төсвийн тодотголын хуулийн төслийг дагалдуулан барьсан хуулийн төсөлд 36 төрийн өмчит компани тус бүрийн 34 хүртэлх хувийг нь олон нийтэд санал болгон арилжаалах үндсэн чиглэлийг УИХ-аас баталсан. Тэгвэл СЗХ-ноос эхний ээлжид хувьчлагдах компаниудын салхийг хагалах эрхийг Монголын Хөрөнгийн Биржид өнгөрөгч долоо хоногт олголоо. МХБ компанийн хувьд нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119,157,603 ширхэг энгийн хувьцааг арилжаална. Тэд нэгж хувьцаагаа 100 төгрөгөөр үнэлж 11,915,760,300 төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Тус компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд бүхий л үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авч байна.
Эргэн сануулахад, олон улсын хэмжээнд хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн FTSE Russell группээс есдүгээр сард монголын хөрөнгийн зах зээлийг “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн ангилалд оруулахыг зөвшөөрсөн болохыг мэдэгдсэн билээ. МХБ нь 2012 онд тус Хөгжиж буй зах зээл ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орсон хэдий ч 2015 онд арилжааны төлбөр тооцооны дараа төлбөрт горим буюу Т+2 болон төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэлгүй захиалагч арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, олон улсын кастодиан банкгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд тус ангиллаас хасагдаж байсан юм.
- Ипотекийн зээлийн эргэн төлөлт хийгдэх шийдвэр гарав
Монгол Улсын Засгийн газар болон Монголбанк хамтран 2014 оноос залуу гэр бүлийг орон сууцжуулах зорилгын хүрээнд ипотекийн зээлийг олгож эхэлсэн. Хөтөлбөрт арилжааны банкнууд хамтарч улмаар өнөөгийн байдлаар 109.8 мянган өрхөд нийтдээ 6.6 их наяд төгрөгийн зээлийг олгоод байна. Гэвч цар тахлын улмаас банкнуудын зээл олголт болон зээлийн эргэн төлөлтийн хэмжээ огцом буурч хөтөлбөр хэрэгжилтэд ихээхэн хүндрэлийг авчирсан. Үүний улмаас Засгийн газрын зүгээс иргэдийн нуруунд ирэх санхүүгийн хүндрэлийг бууруулах зорилгоор зээлийн эргэн төлөлт болон хүүг хуримтлуулж тооцолгүйгээр хойшлуулах шийдвэрийг гаргасан билээ. Энэхүү шийдвэр нь 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжиж улмаар энэ оныг дуустал буюу таван удаа сунгагдаад байсан юм. Зөвхөн тав дахь удаагийн эргэн төлөлтийн хугацаа сунгагдсанаар 3.4 их наяд гаруй төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй 63.2 мянган зээлдэгч төлбөрөө, хүүгийн хамтаар хойшлуулсан. Улмаар 195.1 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хойшлогдсоны 77.9 тэрбум төгрөг нь үндсэн төлбөрт, 117.3 тэрбум төгрөг нь хүүгийн төлбөрт ногдож байна.
Цар тахлын тоо цөөрсөн, санхүүгийн хүндрэлийг тооцон үзсэний үндсэн дээр Засгийн газрын зүгээс ирэх оноос зээлийн эргэн төлөлтийг хийх саналыг УИХ-д өргөн барьсан. УИХ-ын нэгдсэн чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаарх зарчмын тухай хууль”-ийг хэлэлцэх үеэр 2023 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хийхээр шийдвэрлэсэн билээ. УИХ-ын тус тогтоол нь энэ оны нэгэн чухал шийдвэрүүдийн нэг болон нэрлэгдэж байна.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэв
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос 2019 онд тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 000 төгрөгөөр нэмэгдүүлж 420.000 төгрөг болгох санал хүргүүлж, улмаар батлагдсан билээ. Хэдийгээр Засгийн газрын зүгээс жил бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтооно хэмээн мэдэгдэж байсан хэдий ч энэхүү хэмжээ дахин шинэчлэгдэлгүйгээр өдийг хүрсэн. Харин энэ онд хуралдсан гурван талт Үндэсний хорооноос 2023 оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550 000 төгрөг болгон шинэчилж бүх нийтээр даган мөрдөх шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 130 000 төгрөгөөр нэмэгдэн иргэдийн нэг цагийн ажлын үнэлэмж 3273.8 төгрөг болж өмнөхөөсөө 31 хувиар өсөх юм.
Харин 2024 онд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос шинэчлэн тогтоохоор тогтсон. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед хэрэгжих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Монгол Улсын хэмжээнд 1.1 сая иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагаас 80 000 орчим буюу найм орчим хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг гэх судалгааны дүн гарсан байдаг. Өдгөө үүсээд буй эдийн засгийн нөхцөл байдал, инфляцын өсөлттэй уялдуулан цалин хөлсийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн. Үүнтэй холбогдуулан ирэх оны төсөвт Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зориулж 266.2 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн билээ.
- Түүхэнд байгаагүй нүсэр төсөв
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2023 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв болон Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг УИХ-ын чуулганы 2022 оны арван нэгдүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эцэслэн баталсан. Ирэх оны төсвийг батлахдаа улсын төсөвт төвлөрүүлэх тэнцвэржүүлсэн орлого 13,9 их наяд төгрөг байх бол төсвийн зарлагын хэмжээ 15,4 их наяд төгрөг байхаар тусгагдсан.
Хуулийн төслийг боловсруулахдаа эдийн засгийг тогтворжуулах, макро тэнцвэрийг хангаж, төсвийн сахилга батыг бүх шатанд хэрэгжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулахыг зорьсон. Улмаар зорилтод түвшин болох ДНБ-ний 3.6 хувиас 481.1 тэрбум төгрөгөөр бууруулж ДНБ-ий 2.6 хувь байхаар тооцсон. Үүнээс гадна ирэх оны төсөвт ₮1.8 их наяд төгрөгийн гадаадын зээл, тусламж авахаар тусгасан нь энэ оныхоос 6.7 хувиар өссөн дүнтэй байна. Үүнийг задалбал, бид Азийн хөгжлийн банкнаас 432 тэрбум төгрөг, Хятадаас 249 тэрбум төгрөг, ЕСБХ-ийн Банкнаас 105 тэрбум төгрөгийн зээл авах бол АНУ-аас 341 тэрбум төгрөгийн туслалцаа үзүүлнэ хэмээн тооцжээ. Энэ нь ерөнхий дүнгээрээ энэ оныхоос 3.6 дахин өссөн үзүүлэлттэй гарч байгаа юм.
Хэдийгээр Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх анхны төсөв, шинэ хөрөнгө оруулалтгүй, үрэлгэн байдлыг хязгаарлах зэргээр нэг их наяд төгрөгийг хэмнэнэ хэмээн мэдэгдэж байгаа ч дээрх дүнгээс харахад урьд өмнө нь батлагдаж байгаагүй өндөр дүнтэй төсөв болон батлагдлаа.
- Орлогоосоо хамаарч шаталсан татвар төлнө
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ыг шаталсан хэлбэрээр оногдуулах хуулийн төслийг баталсан. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй ХХОАТ-ын тухай хуулийн дагуу иргэд орлогоос үл хамаарч бүгд ижил 10%-ийн татвар төлж буй. Хэдийгээр энэ нь нэг талаас иргэдийг ялгаварлахгүй эерэг харагдаж буй мэт боловч тэдний хоорондын санхүүгийн чадамжийн зөрүүг гүнзгийрүүлэх нэг хөшүүрэг болж байна. Тиймээс Сангийн яамны зүгээс авч буй цалинд нь тохирсон шатлалтай татварыг ногдуулах цаг ирсэн хэмээн үзэж шаталсан татвар ногдуулахаар болсон.
Энэхүү санал өмнө нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед өргөн баригдаж байсан хэдий ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч батлагдаж чадаагүй юм. Харин батлагдаад буй гурван шатлал бүхий шинэ хуулийн хүрээнд бид:
– 10 сая хүртэл төгрөгийн цалинтай бол 10 хувь,
– 15 сая ба түүнээс дээш төгрөгийн орлоготой бол 15 хувь,
– 20 сая ба түүнээс дээш төгрөгийн цалинтай бол 20 хувийн татвар төлнө. Ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих уг татварын хоёр дахь шатлал болон түүнээс дээш цалинтай иргэд нийт иргэдийн тоонд үзүүлэх масст тун бага хувийг эзэлж байгаа юм.
Судалгааны дүнгээс харахад эдгээр шатлалд уул уурхайн компани, банк зэрэг “ТОП-100 ААН”-ийн удирдах түвшинд ажиллаж буй 1300 гаруй иргэн л хамрагдана. Гэхдээ энэхүү татварын хэмжээг шууд ногдож буй татвар хэмээн ойлгох нь буруу бөгөөд хэрэв та 15 сая төгрөгийн цалинтай бол эхний 10 сая төгрөгийн цалингаасаа 10 хувийн ХХОАТ-ыг төлж, үлдсэн 5 сая төгрөгийн цалингаас 15 хувийн татвар төлөхөөр хуульд тусгажээ.
- Нүүрсний хулгай
Засгийн газар 2022 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож өөрийн онцгой бүрэн эрхт төлөөлөгчөө томилсон. Учир нь компанийн болон улсын хилээр бүртгэлгүй их хэмжээний нүүрс давж онц их хэмжээний хохирол учруулсан явдал илэрсэнтэй холбоотой. Иймээс компанийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн ТУЗ болон Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан. Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Миний хувьд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хилийг давж 340 мянган тонн нүүрсийг уурхайн ашиглалтын талбайгаас олборлосон асуудлыг шалгана. Хоёрдугаарт, 379 машиныг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудлыг шалгана” хэмээн мэдэгдсэн.
Эдгээр мэдэгдэл гарсантай холбогдуулан иргэд ихэд бухимдаж нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахыг шаардан олон хоног үргэлжилсэн жагсаал зохион байгуулсан. Иргэдийн бухимдлыг зөөлрүүлэх зорилгоор УИХ-аас нээлттэй сонсгол зохион байгуулсан ч өгч буй мэдээлэл нь тодорхойгүй, шийдвэртэй бус хариултууд нь жагсагчдын бухимдлыг дарж чадаагүй. Тэд хулгайтай холбоотой хүмүүсийн нэрсийг дахин дахин нэхсэнийхээ хариуд 17 хүний нэрийг авч чадсан. Гэвч жагсагчид эдгээр “жижиг гар”-уудыг бус “нууц ноёнтон”-уудын нэрийг хүссээр л. Харин “ард иргэддээ хайртай” эрх баригчид суулт зарлан хувцсаа тайлсан иргэдийн эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьж, үүгээрээ шалтаглан жагсаалыг зогсоож чадлаа. Гэвч тэд одоогийн байдлаар тус уурхайгаас яг хэдий хэмжээний нүүрс алдагдсан, үүнтэй хэн холбоотойг эцэслэн бүрэн тогтоож чадаагүй явна.
Нүүрсний хулгайтай холбогдуулан УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг баталсан. Хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бирж байгуулах эрх зүйн орчин бүрдэж, нийлүүлэгч, худалдан авагчийг холбох найдвартай тогтолцоо бий болох боломж бүрдэх юм. Мөн зах зээлийн бодит ханш тогтох, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдсанаар хөрөнгө оруулагчдыг найдвартай мэдээллээр хангах зэрэг олон ач холбогдолтой. Хууль ирэх оны долоодугаар сараас хэрэгжиж эхлэх бол хоёрдугаар сараас нүүрсийг цахимаар арилжаалж эхэлнэ.
- Төмөр замын бүтээн байгуулалтууд
Монгол Улсын экспорт, импортын гарц болон түүхий эдийн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр замыг 2022.11.25-ны өдөр ашиглалтад оруулсан. Үүнээс гадна нүүрсний экспортын гол гарц болоод буй Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг 16 жилийн хугацаанд барьж өнгөрсөн есдүгээр сард дуусгасан. Дээрх хоёр төмөр зам ашиглалтад орсон нь Замын-Үүд-Эрээний чиглэлийн төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг монголчууд бид бүтээн байгуулж чадсанаараа түүхэн ач холбогдолтой төсөл болон үлдэж байгаа юм.
Ханги Мандалын боомтыг төмөр замаар холбосноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонн, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэх боломжтой. Мөн экспортын бүтээгдэхүүнээ өмнөд хөршийн хил дээр хүргэх зам 242 км-ээр богиносож, улмаар тээврийн өртөг, хугацаа хэмнэх боломж бүрдэж байгаа юм. Төмөр замын бүтээн байгуулалтуудыг ашиглалтад оруулснаар ирэх 2023 онд экспортын орлого анх удаа 11 тэрбум ам.долларыг давна хэмээн тооцоолоод байгаа билээ.
- Хөгжлийн банкны зээл
Хөгжлийн банкнаас буцаан төлөх зорилгогүй зээл авсан хүмүүсийн өр зээлийг буцаан төлүүлж, хохирлыг барагдуулах асуудал иргэдийн анхаарлыг ихээхэн татсан. Мөн санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулагдаж гурван үе шаттайгаар сонсгол зохион байгуулсан билээ.
Үүний үр дүнд 2022.01.20-12.26-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ. Зээлийн эргэн төлөлтийн 724.4 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр, 89.7 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүлсэн байна. Мөн 14 зээлдэгчийн зээл бүрэн хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, хоёр зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагджээ.
Хөгжлийн банк нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна. Үүнээс 26.5% нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 736.7 тэрбум төгрөг, 73.5% нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 2 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэлд ногдож байна.