Солонгос улс
Монголчуудын хувьд сурч, ажиллах дуртай орнуудын нэг бол бол Солонгос улс юм. Солонгос хэлийг шимтэн суралцаж буй залуусын хувьд хичээлийнхээ хажуугаар ажиллаж амьжиргааны зардал сургалтын төлбөрөө олох нь элбэг. Солонгос улсад 2 жилийн хугацаанд хэлний бэлтгэлд суралцдаг. Дундаж хэлний бэлтгэлийн төлбөр 1,500,000-1,700,000 мянган вон, дотуур байрны зардал хагас жилээр 1 сая вон /4сар /, эрүүл мэндийн даатгал төлөхгүй ч байсан болдог байна. Хэлний бэлтгэлээр суралцаж эхлээд 6 сарын дараа цагаачлалын албанд хандан ажиллах эрхээ нээлгэдэг байна.
Харин хөдөлмөр эрхлэх боломж гэвэл 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй байдаг. Эрэгтэй хүмүүсийн хувьд айл нүүлгэлт, барилга, үйлдвэрт ажиллах зэрэг ажлуудыг хийдэг. Эмэгтэйчүүд ихэвчлэн буудал, айл цэвэрлэж, гал тогоонд тусалж, зөөгч хийж, үйлдвэрт ажилладаг. Эрэгтэй хүмүүсийн өдрийн дундаж цалин 150 мянган воноос эхэлдэг бол эмэгтэйчүүдийн ажлын цаг, хэмжээнээсээ шалтгаалан 70 мянган воноос эхэлдэг байна.
Ирланд улс
Сүүлийн жилүүдэд Ирланд улсыг зорин боловсрол эзэмшиж байгаа Монголчууд цөөнгүй болсон. Ирланд улс нь ажиллаж амьдрах нөхцөлөөрөө хамгийн тааламжтай улсуудын нэг юм. Тийм ч учраас 2022 оны дэлхийн Энх тайвны индексээр 3-т, дэлхийн Аз жаргалын индексийн 13-т жагсаж байна. Нийслэл Дублин хотыг Lonely Planet-аас 2022 оны дэлхийн 7 дахь шилдэг хотоор шалгаруулсан.
Ирланд улсад суралцангаа 7 хоногт 20 цаг, хичээл амардаг саруудад 40 цаг ажиллах эрхтэй байдаг. Харин нэг цагийн хөдөлмөрийн доод хөлс нь харьцангуй өндөр бөгөөд дэлхийд эхний 10-т жагсдаг, цагт хамгийн багадаа 10-20 еврогийн цалин авах боломжтой. Мөн сургалтын визээ 2 удаа сунгах эрхтэй бөгөөд суралцаад төгссөний дараа бакалавр 1 жил магистр 2 жилээр визээ сунгаж болдог байна.
Ирландын олон бүс нутагт амьжиргааны өртөг сард дунджаар 2500 евро байдаг. Түрээсийн үнэ ойролцоогоор 350-450 евро хооронд байдаг. Дублины гадна, ногоон модтой хөдөө нутагт та 450 ам. доллар эсвэл түүнээс бага төлбөр төлөх боломжтой.
Канад улс
Канад улсад ажиллаж амьдарч суралцаж буй олон улсын цагаачдын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүний зэрэгцээ Монголчууд ч Канад орныг зорих болсон.
Канадад сурч буй оюутнуудын хувьд 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй бөгөөд энэ оноос хүссэн цагаараа хязгааргүй ажиллах боломжтой болж байна. Канад улсад суралцах хэлний бэлтгэлийн 1 сарын төлбөр 1,250 CAD, дотуур байр болон хямд түрээсийн байр 500 CAD, жилийн амьдрах зардал 10,000 CAD байна.