Компьютерын чипнээс үүсдэг илүүдэл дулааныг хот суурин газрын дулааны шугам сүлжээнд нийлүүлдэг болно.
Европ тивд эрчим хүчний хямрал нүүрлэж буй энэ үед нийгмийн сүлжээгээр дэмий тэнэх, хурлын видео дуудлага, видео стриминг үйлчилгээнд зарцуулсан цахилгаан эрчим хүчийг дахин ашиглаж орон сууц, оффис халаах аргыг Засгийн газрууд эрэлхийлж байна.
Цахилгаанаар цангадаг дата төвүүдийн хэрэглээ маш ихээр нэмэгдэх болсон учир компьютерын чипнээс нь үүсэж буй илүүдэл дулааныг хот суурин газрын дулааны шугам сүлжээнд нийлүүлэхийг Европын улсуудын эрх баригчид шаардах болов.
Илүүдэл дулааныг гадагшлуулах бус ашиглах талаар олон жил ярилцсаны эцэст ийм төрлийн олон төсөл хэрэгжиж эхэллээ. Өнгөрсөн жил Amazon.com Inc, Apple Inc, Microsoft Corp. зэрэг компани Ирланд, Дани, Финланд дахь томоохон дата төвүүдээ тухайн хотын дулааны системтэй холбож эхэлсэн, мөн холбоно гэдгээ зарлаад байгаа юм. Alphabet Inc-ийн эзэмшдэг Google компани Европт тархан байрласан дата төвүүдээс гардаг илүүдэл дулааныг дахин ашиглах боломжийг судалж буй гэдгээ мэдэгдээд байна.
Харин Meta Platforms Inc компани 2020 оноос хойш Данийн Оденс хот дахь дата төвийн илүүдэл дулааныг дахин ашигласаар буй. Фэйсбүүкийн толгой компани энэхүү үйлчилгээг цаашид улам өргөжүүлж, ирэх жил гэхэд 11 мянган айлыг дулаанаар хангах төлөвлөгөөтэй байна.
Бусад дата төв шугам сүлжээнд дулаан нийлүүлж эхэлсэн бөгөөд Хойд Европ дахь Equinix Inc компани Хельсинк хотын дүүргүүдийг дулаанаар хангах ажлаа өргөжүүлж, мөн Герман болон бусад улсад шинээр ийм ажил эхлүүлжээ.
Нидерландад 10 дата төв дулаан хангамжийн үйлчилгээ үзүүлж байгаа бол нэмж 16 төв баригдаж байгаа, эсвэл судалгааны шатандаа яваа талаар Голландын дата төвийн холбоо мэдээлсэн юм.
Украин руу халдан довтолсныхоо дараа Европ руу байгалийн хий нийлүүлэхээ бүрэн зогсоох тухай ОХУ-ын шийдвэрээс улбаалсан эрчим хүчний үнийн өсөлт нь илүүдэл эрчим хүч, дулаанаа худалдан борлуулахад шаардлагатай системд технологийн компаниудын хөрөнгө оруулах сэдлийг төрүүлж эхэллээ гэж мэргэжилтнүүд дүгнэж буй.
“Илүүдэл эрчим хүчээр ажилладаг дулааны сүлжээний бизнес нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал гэнэтхэн сонирхолтой болж ирлээ” хэмээн Голландын дата төвийн холбооны удирдах захирал Стийн Гроув өгүүлэв.
Дата төвүүдийн эрчим хүчний үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэх талаарх олон нийтийн шахалт ч тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж салбарынхан өгүүлж байна. Илүүдэл эрчим хүчээ орон сууц, албан байгууллагын дулаанд зориулж ашиглахад чиглэсэн ТЭЗҮ гаргахыг дата төвүүдээс шаардсан шинэ зааврыг Европын холбоо боловсруулж, дуусах шатандаа ороод байна. Түүнчлэн Франц, Данийн үндэсний болон орон нутгийн засаг захиргаа нь татварын хөнгөлөлт үзүүлэхээс гадна зарим шинэ барилгад зөвшөөрөл өгөхдөө хаягдал дулааныг дахин ашиглах тухай шаардлага тавьдаг болжээ.
“Ерөнхий санаа нь тун зөв бөгөөд улам бүр олны хүртээл болж эхэллээ” хэмээн төрийн өмчийн оролцоотой Финландын эрчим хүчний Fortum Oyj компанийн халаалт, хөргөлт хариуцсан дэд ерөнхийлөгч Тимо Пийспа хэлэв. Тус компани Даблин дахь Amazon-ий дата төвөөс хаягдал дулааныг цуглуулах төсөлд оролцож байгаа бөгөөд Финландад байгуулахаар төлөвлөсөн хоёр том дата төвийн хаягдал дулааныг дахин ашиглахаар Microsoft-той хамтран ажиллаж байна.
Дэлхий даяар дата төвүүд нь нийт цахилгааны хэрэглээний нэг орчим хувийг ашигладаг гэсэн тооцоог 2020 онд Science сэтгүүл гаргаж байсан агаад сүүлийн жилүүдэд клауд үйлчилгээ эрс нэмэгдсэн ч энэ хэмжээ төдий л өөрчлөгдөхгүй, тогтмол хэвээр байна. Харин Европын холбооны бодлого боловсруулагчдын тооцоолж буйгаар сүүлийн жилүүдэд дата төвүүдийн нягтаршил нэмэгдэж, хэрэглээ нь өссөн учир зарим улсад нийт цахилгаан эрчим хүчний гурав орчим хувийг ашиглаж байгаа ажээ.
Хаягдал дулааныг дахин ашиглахыг сурталчилдаг, ЕХ-ны санхүүжилттэй ReUseHeat санаачилгын судалгаанаас үзвэл дүүргийн дулааны системтэй ойр байрладаг дата төвүүд нь жилд 50 тераватт цагийн дулаанаар хангах боломжтой юм. Энэ нь 2020 онд ЕХ-ны айл өрхүүдийн халаалтад ашигласан нийт эрчим хүчний 2-3 орчим хувийг хангах хэмжээ гэж Eurostat тооцоолжээ.
Асар олон компьютероос ялгарсан дулааныг дахин ашиглах замаар үйл ажиллагаагаа эрчим хүчний хэмнэлттэй болгох талаар технологийн компаниуд багадаа 10 жил ярилцаж ирсэн ч үүнийг практикт хэрэгжүүлэхэд технологийн болон хууль зүйн сорилтууд тулгарч байлаа.
Тухайлбал, ихэнх дата төв хөргөлтөө хүйтэн агаараар шийддэг бөгөөд ялгаруулж буй дулаан агаар нь суурин газрын дулааны системд тохирохуйц халуун байж чаддаггүй. Тиймээс технологийн компани, эсвэл хамтран ажилладаг дулааны компани нь агаарыг улам халааж, хэрэглэж болохуйц түвшинд хүргэхийн тулд дулааны насосыг суурилуулах ёстой болно.
Түүнчлэн эрчим хүчний компаниуд 10 болон түүнээс дээш жилээр дулаан, эрчим хүчээр хангах амлалт өгөхийг шаарддаг нь дата төвийг эзэмшигч олон компаниудын санхүүгийн төлөвлөгөөнөөс давсан байдаг юм. Өөр нэг сорилт бол дата төвүүд нь дулааны шугамтай ойр байрлах, ингэснээр дулааны алдагдлыг бууруулах явдал юм. Дэлхийн ихэнх улсад орон сууц, оффисын халаалт нь жилийн зургаа, эсвэл үүнээс цөөн сард шаардагддаг учраас дулааны ихэнх хувийг хэрэглэхгүй хаях нөхцөл бүрддэг байна.
“Манайд дата төв байгаа юм чинь барилга, эсвэл усан санг халаахын тулд ашиглаж болохгүй юм уу гэж хотын захирагч нар биднээс лавладаг. Гэхдээ тохирох дэд бүтэц байхгүй л бол тэгэх боломж тэр бүр байдаггүй” гэж Францын
EDF SA-ийн охин компани Dalkia-гийн олон улс хариуцсан захирал Янник Дюпорт хэлсэн юм. Түүний компани дата төвийн ялгаруулсан дулааныг ашигладаг хэд хэдэн шугам сүлжээг барьсан, мөн ашиглаж байгаа юм. Татварын хөнгөлөлт, орон нутгаас тавьж буй эрчим хүчний хэмнэлтийн шаардлага нь эдийн засгийн тооцооллыг өөрчилж байна гэж тэр бээр нэмж хэлэв.
Данийн Виборг хотын засаг захиргаа Apple-ийн 485 мянган га талбай бүхий дата төвийг хотынхоо дулааны шугам сүлжээнд холбохыг шаардсан агаад тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд уг саналыг энэ жил хэрэгжүүлнэ гэж амлажээ. Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг тус төвөөс гарч буй дулааныг хэрхэн ашиглах талаар хотын эрх баригчидтай ярилцана гэдгээ Apple илэрхийлсэн байна. Эрчим хүчний үр ашигтай зарцуулалтын тухай хуулийн төсөл дээр ажиллаж буй Европын парламентын гишүүн, Данийн иргэн Ниельс Фугсланг “Дарамт улам нэмэгдэж байна. Хэрэв дата төвөөс ялгарч буй дулааныг ашиглаж чадах юм бол эрчим хүчний төлбөрөө хэмнэж, уур амьсгалын төлөө сайн зүйлийг хийх юм” гэж хэллээ.
Сэм Шехнер, The Wall Street Journal