Монгол Улс одоогийн байдлаар найман тэрбум ам.долларын өртэй. Үүнээс 2.6 тэрбум ам.доллар нь бондын төлбөр бөгөөд Засгийн газарт хамаарах 1.1 тэрбум ам.долларын хэмжээний хоёр бонд байна. “Гэрэгэ” бондын 530 сая ам.долларыг ирэх тавдугаар сард төлөх бол 600 сая ам.долларын “Хуралдай” бондын эргэн төлөлтийг ирэх онд төлөх учиртай. Өнгөрсөн онд экспортын гол түүхий эдийн үнэ тогтвортойгоор барахгүй өндөр дүнтэй байсан нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн. Гэвч төсвийн алдагдал 12 хувьд хүрч ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэх хэмжээнд батлагдаж байсан бөгөөд алдагдал гурван хувиар буурсан эерэг үр дүнг үзүүлсэн. Улмаар Сангийн яамнаас 2022 оны эдийн засгийн өсөлтийг 2.6-3.0 хувьтай хэмээн төсөөлж байсан бол оны эцэст 4.0 хувьтай гарсан. Эдгээр өсөлтөд экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрч дээд амжилтаа шинэчилсэн нь ч нөлөөлсөн билээ.
Хэдийгээр эерэг үзүүлэлтүүд гарсан ч бид дотоодын валютын нөөцөөс дээрх бондуудын эргэн төлөлтийг хийх боломжгүй. Иймээс дахин бонд гаргах замаар бондуудын эргэн төлөлтийг хийх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Гэхдээ төлбөрийн 650 сая ам.долларыг шинээр гаргаж буй бондоос төлөх бол 450 сая ам.долларыг улсын төсвөөс төлөхөөр төлөвлөсөн байна. Энэхүү бондыг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд гаргахаар төлөвлөсөн ч мэдээллийн алдаанаас улбаалан манай гадаад зах зээл хаалттай байж улмаар бүтэлгүйтсэн.
Монгол Улсын гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшдэг.
Харин шинээр гаргасан бондод 138 хөрөнгө оруулагчаас 4 тэрбум ам.долларын захиалга ирсэн нь өөрсдийн төлөвлөсөн хүүнээс бага хэмжээний хүүтэйгээр арилжаалах боломжийг олгосон юм. Сангийн яамны зүгээс бондыг таван жилийн хугацаатай, 11-12 хувийн хүүтэйгээр арилжаална хэмээн тооцоолсон ч захиалгын нөлөөгөөр хүүг нь найман хувиар тогтоосон байна. Арилжаанд дотоодын арилжааны банкууд ихээхэн идэвхтэй оролцсон нь ч хүүг бууруулахад ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн. Ерөнхийдөө манай улсын гадаад бондуудын 10-15 хувийг дотоодын банкууд эзэмшдэг билээ.
Бондын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийхдээ “Бид зах зээлээ судалж өнгөрсөн нэгдэх, хоёр дахь өдрийг тохиромжтой хэмээн үзэж олон сар, жил бэлдсэнээр бондын танилцуулгаа хийж нэг өдрийн арилжаа хийлээ. Өчигдөр арилжаа хийгдэж, үүрийн 04.00 цагт хаасан. АНУ-ын Төв банкны хүү нэг хувьтай байхад “Гэрэгэ” бонд 5.7 хувь, “Хуралдай” бонд 8.75 хувьтайгаар гаргаж байсан. Харин өнөөдөр АНУ-ын Төв банкны хүү 4.3 хувьтай байхад бид 8.65 хувийн хүүтэй бонд гаргаж чадлаа” хэмээн мэдэгдсэн юм.
Бондын арилжаа, хөрөнгө оруулагчийн тоо, захиалгын дүнгээс үзэхэд гадны болон дотоодын банк санхүүгийн байгууллагууд манай улсын санхүүгийн байдлыг эерэгээр харж, өсөх боломжтой, найдвартай хэмээн дүгнэж байгаа нь сайшаалтай. Тиймээс ч өмнөх бондоо төлж чадаагүй яваа бид 650 сая ам.долларын бондын төлөлтийн хугацааг 2028 он хүртэл сунгаж, төсөөлснөөс бага хүүтэйгээр арилжаалж чадлаа. Ганцхан өдрийн дотор амжилттай арилжаалсан бондыг даган дотоодын үндэсний компаниудын гадаад өрийн үзүүлэлтүүд даган сайжирсан нь эдийн засагт эерэг нөлөөгөө үзүүлнэ. Сангийн сайд эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх олон тоон үзүүлэлтийг танилцуулсан хэдий ч төгсгөлд нь сануулахад бид өрийг өрөөр л дарлаа.