38 жилийн турш бизнесийн уудам түүх, урт амжилтаар хөглөгдсөн “Талх Чихэр” ХК-ийг тэртээ 1984 онд “Талх Чихрийн комбинат” нэрээр ЗХУ -ын техник, эдийн засгийн туслалцаатайгаар ашиглалтад оруулж байжээ. Улмаар 1999 онд хувьчлагдан “Талх Чихэр” ХК болов. Өдгөө тус компани талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх зургаа, нарийн боов үйлдвэрлэлийн дөрөв, уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэг шугамтай, жигнэмэг, чихрийн шугам бүхий “Томбат” ХХК, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” бялууны үйлдвэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй, Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэгддэг, Монголын ТОП 50 аж ахуй нэгжийн нэг юм.
-Таны хувьд, “Талх Чихэр” ХК-тай хэзээнээс ажил амьдралын гараагаа холбосон бэ?
-Би анх 20 настайдаа “Талх Чихэр” ХК-д программистаар ажилд орж байсан. Тухайн үед ШУТИС-ийн КТМС-д гурван жил суралцаад дипломын зэрэгтэй компьютерын инженер болж байлаа. Харин дөрөвдүгээр курстээ мэргэжлээ өөрчилж, мэдээлэл технологийн менежерээр үргэлжлүүлэн суралцсан. Манайд бизнесийн хичээлүүд их орохын зэрэгцээ, байгууллага дээр судалгаа, тайлан, дадлага заавал хийхийг шаарддаг байв. Тийм ч учраас анх 1997 онд “Талх Чихэр” ХК-д дадлагажихаар ирж байсан. Миний дагалдаж байсан эгч жирэмсэн байсан тул төд удалгүй хүүхдээ төрүүлэх гээд амралтаа авчихлаа. Тиймээс надад “Сургуулиа төгстлөө хичээлийн хажуугаар ажиллах уу” гэсэн санал “Талх Чихэр” ХК-иас ирсэн. Хамгийн гол нь би ажилдаа маш их дуртай байв. Мөн манай гэр хажууханд нь, 32 дугаар байранд байсан. Тэгээд л миний маршрут ажил, гэр, сургууль болж хувирсан даа. Эхлээд Сансар руу хичээлдээ явна. Үдээс хойш ажилдаа ирнэ. Тэгээд л ажил хэдэн цагт тардагийг ч мэдэхгүй ажилладаг байлаа. Хэдэн эвдэрхий компьютеруудаа хооронд нь хольж, сольж, ажиллуулаад, программ суулгаад ажлынхандаа өгдөг. Ажилдаа дуртай учраас хамт олны уур амьсгал ч сайхан санагддаг байв. Тэр үеийн санхүүгийн программ их хэцүү л дээ. Нягтлангуудын шивсэн сарын тайлан тэр чигтээ л устчихдаг байв. Тэгэхээр нь нягтлан эгч нартаа туслаад, “Та явж бай, би хийгээд өгье” гэсээр цалингийн нягтлан, бараа материалын нягтлан, борлуулалтын нягтлан гээд тус бүр ямар ажил хийдгийг нэг мэдэхэд л мэддэг болчихсон байсан. Бүүр орлогч нягтлангаа баланс гаргах үед нь программ нь гацах вий, эвдрэх вий гэж хажууд нь суусаар баланс тайланг ч гадарладаг болсон. Энэ мэтчилэн явсаар нягтлангийн ажилд дуртай болж, улмаар мэргэжлээ солиход хүрсэн. Ингээд 2005 онд МУИС-д ЭЗС-д элсэн орж нягтлан бодох бүртгэлийн мэргэжлээр суралцан төгсөв. 2014 онд Мэргэшсэн нягтлан бодогч болж, 2018 онд АНУ-д бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан. Сурах, бас хүүхдээ төрүүлэх гээд завсарласнаас бусдаар бол компанидаа 1997 оноос хойш тасралтгүй ажиллаж байна.
-Та энэ салбарт олон жил тууштай ажилласан юм байна. Өөр салбарт ажиллах юм сан гэж бодож байв уу. Хүнд хэцүү, сорилттой цаг үе мэдээж байсан байх?
-Албан тушаал өөрчлөгдөж байснаас би бол “Талх Чихэр” ХК-ийн жинхэнэ “бүтээгдэхүүн”. Эндээс л ажил амьдралынхаа гарааг эхэлж, амьдралын зам мөрөө холбосон. 2010 онд энэ өрөөнд орж ирээд, ерөнхий нягтлан болж байлаа. Одоог хүртэл эндээ л байна. Манай компани 1984 онд байгуулагдсан уртаас урт түүхтэй байгууллага. Талх, нарийн боов, бялуу, бейкэри гээд бүх төрлийн гурилан бүтээгдэхүүнийг нэг дор цогцоор нь үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр гэж хэлж болно. Уудам түүх, өндөр нэр хүндтэй байгууллагатай хувь заяагаа нэгэнт холбосон болохоор “Өөр газарт ажиллая, эндээс гаръя” гэж бодож байгаагүй.
Миний хамгийн их сорилттой тулгарсан жил “Чингис маркет” ХХК-д төсөл дээр ажилласан гурван жилийн хугацаа болов уу. “Женко” группийн хүнсний үйлдвэрүүдийн маркетинг, менежмент, төсөл хариуцсан компани байлаа. Тэр үед би хэд хэдэн захирлаас үүрэг даалгавар авч ажилладаг байв. Тэдний үгийг дааж ажиллана гэдэг миний хувьд их том сорилт байж билээ.
-Гэрийнхэн тань таны ажлыг хэр ойлгодог вэ?
-”Талх Чихэр” ХК-ийн төлөө цагаа зориулна шүү дээ гэж би хэлдэг юм. Манай нөхөр ч мөн адил ажлыг маань ойлгож, хүндэлдэг. Хүүхдүүд бол дэлгүүрт ганцхан “Талх Чихэр”-ийн боов, талх зарагддаг гэж төсөөлдөг байх. Учир нь төрсөн өдөр болохоор “Талх Чихэр”-ийн бялуу ширээн дээр байдаг. Өглөө бүр талхаа иддэг. Хөдөө явахад манай компанийн нарийн боовыг авч явдаг. Тиймээс л Монголд ганцхан “Талх Чихэр” ХК-ийн боов зарагддаг гэж бодох нь зөв л дөө. Манай амьдрал тэр чигээрээ “Талх Чихэр”-ээр амьсгалдаг.
-”Талх Чихэр” ХК 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнтэй. Үнэ ханшийг нь өөрчлөхийг танай алба шийдэх үү. Юунаас шалтгаалж бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг вэ?
-Бид бүтээгдэхүүний үнийг тодорхойлохдоо ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани, аж ахуйн нэгжийг огт дуурайдаггүй. Өөрөөр хэлбэл, Монголд ямар үйлдвэр талхны үнээ нэмсэн байна гэж хардаггүй. Үнийн бодлогоо өөрсдөө барьдаг. Гурилын үнэ хэвийн бол манай бүтээгдэхүүн харьцангуй тогтвортой үнэтэй байна. Импортоор масло, ургамлын тос, хуурай сүү, сахар зэргийг авдаг. Энэ нь бүтээгдэхүүний өртөгт 10-15 хувийн нөлөө үзүүлнэ.
Гэхдээ зах зээл дээр бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх нь ажилчдын цалинд нөлөөлдөг. Тиймээс ажилтнуудынхаа амьжиргааг бодож, цалингаа нэмэхээс өөр аргагүй. Цалингийн өсөлт бүтээгдэхүүний үнэд хамгийн их нөлөө үзүүлдэг. Манайх 900 гаруй ажилтантай. Тэдний цаана 2-3 хүн бий гэж бодохоор бид 3-4 мянган мянган хүний амьдралд нөлөөлдөг гэж боддог.
-Дотоодоос түүхий эдийнхээ 80-90 хувийг хангадаг юм байна?
-Гурилаа бид “Милл хаус” гурил тэжээлийн үйлдвэрээс авдаг. Гурил бүхэн талх болохгүй, хүмүүс талхыг дурын гурил аваад хийдэг гэж ойлгодог. Гэтэл гурилын чанар өөрөө цавуулаг, суналт, уналтын тоо, өнгө гээд олон үзүүлэлтээс хамаардаг. Тийм учраас бид “Милл Хаус” ХХК-д гурилаа захиалан үйлдвэрлүүлдэг.
-Үйлдвэрлэлийн процессын тухай, өдөрт хэдэн тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг талаараа яривал?
-Өдөрт 60 тонн талх, 16 тонн нарийн боов, 1 тонн бейкери үйлдвэрлэдэг. Манайх 4000 гаруй өдөр тутам очдог харилцагчтай. 100 борлуулалтын машинтай. Нэг машин өдөрт 40 цэгээр орно. Талх өдөр бүр шинэ байх ёстой учраас борлуулагчид өглөө таван цагт ажилдаа ирдэг. Манай компани 2014 оноос эхлэн Чанарын менежментийн тогтолцоо /MNS ISO 9001:2016/, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS/ISO 22000:2018/-г тус тус хэрэгжүүлж байнгын сайжруулалт хийж ирсэн. Эдгээр стандартууд нь бүтээгдэхүүнийг боловсруулах дараалал, үйл явцад илүү төвлөрч ажиллахыг шаарддаг тул хэрэглэгчийн сэтгэл ханамж, харилцагч, түншүүдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх боломж олгодог давуу талтай. Цаашид хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн тогтолцоо /MNS ISO 45001:2018/-г хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Олон зуун ажилтантай үндэсний хэмжээний томоохон компанийн хувьд ажилтнууддаа чиглэсэн ямар бодлого баримталж ажилладаг вэ?
-Бид нэг ч удаа цалингаа хоцроож үзээгүй. Цалин буух үе амралтын өдөр таарвал, урьдчилж өгдөг. Энэ бол “Талх Чихэр” ХК-ийн тогтсон соёл.
Нэг сард манайх дөрвөн удаа цалин тавьдаг. Үндсэн цалингаа сард хоёр удаа хуваан авна. Үүн дээр KPI буюу гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээр ажилтануудаа үнэлэн ажил үүргийн хуваарийн дагуу ажлаа цаг тухайд нь алдаагүй гүйцэтгэвэл цалин нэмэгдэнэ. Мөн 25-нд ажилласан жилийн нэмэгдэл өгнө. 30-нд түлхүүр ажилтны урамшуулал бодогдоно. Түлхүүр ажилтны цалин гурван сард нэг удаа олгогдоно. Түлхүүр ажилтан гэж манай компанид байснаараа бидэнд давуу байдлыг үүсгэж чаддаг ур чадвартай ажилтанг хэлнэ. Түлхүүр ажилтны тоо нэмэгдэж болно. Харин хасагдана гэж байхгүй. Байгууллагад манлайлагч байхгүй бол оршин тогтнох боломжгүй. Тиймээс албан бус манлайлагчид буюу компанийг авч явж буй түлхүүр ажилтныг бид голлон анхаарч байгаа нь энэ.
-Тууштай, урт хугацаанд ажиллаж байгаа хүмүүс танай компанийн нийт ажилтнуудын хэдэн хувийг эзэлдэг вэ?
-Нийт ажилтнуудынхаа насжилтыг харахад, 50 хувь нь 3-5 жил ажиллаж буй шинэхэн ажилтан, үлдсэн хэсэг нь таваас дээш жил тогтвортой ажилласан хүмүүс бий. Тэр ч утгаараа бид олон жил ажилласан хүмүүстээ сэтгэл хангалуун ажлын байр бий болгохын тулд хичээнгүйлэн ажиллаж байна. Харин гурван жил хүртэлх хугацаанд ажиллаж буй залуусаа компанийхаа түлхүүр ажилтан болгохын тулд компаниас тусгайлан хүний нөөцийн бодлого хэрэгжүүлдэг. Тухайн ажилтан ямар албанд харъяалагдаж байгаагаас хамаарч, ажилд нь сургах хүмүүсийг томилж өгнө гэх мэт. Том компанид дасан зохицож, ажилдаа дуртай болоход хугацаа ордог. Ялангуяа хүнсний үйлдвэр гэхээр гаднаасаа талх, нарийн боов үнэртсэн, гоё газар байдаг гэх төсөөлөл бий. Гэтэл дотор нь ороод ажиллахад 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт ээлжээр ажиллах, төлөвлөгөө биелүүлэх, үйлдвэрлэлийн зохистой дадал эзэмших, чанарын стандарт, аюулгүй байдал хангаж ажиллах гээд шинэ ажилтанд сурах зүйл их, дасан зохицох хугацаа шаардлагатай. Тиймээс аливаа хүнээс маш их тэсвэр тэвчээр, ажил мэргэжилдээ дуртай байхыг шаарддаг онцлогтой.
-Ажилтнуудаа сургаж, хөгжүүлэхэд анхаардаг гэлээ. Хүний нөөцийн хувьд танайх харьцангуй тогтвортой юу?
-Өмнө нь компанийн стратеги, бодлого төлөвлөлт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн шинэчлэлт гэх мэт асуудлыг чухалчилж үздэг байлаа. Харин сүүлийн жилүүдэд дотоодын компаниудад хамгийн их тулгамдаж буй бэрхшээл нь хүний нөөцийн асуудал болсон байна. Бидэнд ч мөн энэ асуудал тулгарсан учраас хүний нөөцийн хөтөлбөрүүдээ шинэчилж эхэлсэн. Компанидаа сургагч багш нарыг бэлдэж, сургалт хөтөлбөрүүдийг мэргэжил, сэдвийн дагуу хуваарийн дагуу явуулахаас гадна, мэргэжлийн сургалтын төвүүдтэй хамтран ажилладаг. Мөн тэдэнд нийгэмших нь чухал учраас компани дотор төрөл бүрийн клуб бий болгож, идэвхтэй ажиллуулж байна. Мөн соёл, спортын арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж онцгой ур чадварыг үнэлэн урамшуулалт хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн. Судалгаа хийж үзэхэд, шинэ ажилтнуудад нэгт, хамт олон, хоёрт, компанийн нэр хүнд, гуравт, цалин чухал байдаг юм билээ.
-Компанийг хүн удирддаггүй. Соёл удирддаг гэж ярьдаг шүү дээ. Танай компанид он удаан жилийн хугацаанд тогтсон соёлуудаас хуваалцвал?
-Компаниа хүндлэх, албан тушаалтнаа хүндлэх, ажлын байраа хүндлэх гэсэн ёс зүйн дүрэм шиг тогтсон зүйлс бий. Зарим байгууллагаар орохоор хэт залуужсан, удирдах, удирдуулах гэдгийг мартсан нь харагддаг. Хамгийн гол нь бид олон улсын хүнсний аюулгүй байдлын стандартууд, чанарын удирдлагын тогтолцоо, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажиллаж үйлдвэрлэлийн зохистой дадлыг үйлдвэрүүддээ нэвтрүүлж ажиллаж байгаад манай компанийн гол соёл оршиж байгаа юм. Бид ОУ-ын түвшинд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Компанид ямар нэг асуудал үүсэх үед удирдах албан тушаалтан хурдан, бодит шийдвэрийг компанийн дотоод дүрэм, журмын дагуу гаргавал байгууллага доторх харилцаа эрүүл, зөв үргэлжилдэг. Тиймээс манай компани байгууллагын үнэтэй соёл, дэг журмыг шингээсэн дотоод журмыг өндөр түвшинд боловсронгуй болгож дагаж мөрддөг ба энэ нь хувь хүнээр бус хууль дүрмээр зохицуулагддаг засаглалтай компани гэдгийг илэрхийлж байдаг.
-Та ажилтнуудаа удирдаж, манлайлж, чиглүүлэх үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр манлайлагч хүн гэж таныхаар ямар чадвартай хүнийг хэлэх вэ?
-Зорилгоо олж хараад, түүндээ хүрч чаддаг хүнийг хүчирхэг хүн гэнэ. Харин бусдыг зорилгоо харахад нь тусалдаг, тэдэнд зорилгодоо хүрэх хүчийг өгдөг хүнийг манлайлагч гэж ойлгодог. Бусдыг зоригжуулж, мөрөөдүүлж, сургаж, илүү ихийг хийлгэж чадаж байвал та манлайлагч.
Манлайлагчид төрөлхийн өгөгдлөөрөө, эсвэл өөрийнхөө хичээл зүтгэлээр тодорч, гарч ирдэг байх. Хичээл зүтгэлийн ачаар туршлага хуримтлагдаж байдаг, туршлагаа шийдвэр болгож хувирган бизнесийг удирдана гэсэн үг. Миний хувьд, багаасаа л нийгмийн идэвхтэй, олны дунд бужигнах дуртай хүүхэд байсан. Тиймээс ч олон ажилтантай, арвин түүхтэй компанидаа олон жилийг аз жаргалтайгаар өнгөрөөсөн байна.
-Бид талхыг иддэг хүнс л гэж боддог. Талх үйлдвэрлэдэг хүмүүс өөрсдөө ямар сэтгэлээр талхаа барьж, хэрэглэгчдэдээ хүргэдэг вэ?
-Хүнсний бүтээгдэхүүн хийдэг хүмүүс ажилдаа сэтгэл зүрхээ зориулж, чин сэтгэлээсээ урлаж хийдэг юм. Тиймээс бид ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөлд нь маш их анхаарал тавьдаг. Хэдийгээр тоног төхөөрөмж ашиглан үйлдвэрлэж байгаа ч гэсэн ядарсан, уурласан хүн түүнийг удирдвал ямар бүтээгдэхүүн гарах вэ? Энэ утгаараа бид ажлын таатай орчин бүрдүүлэхийг зорьдог. Манай ажилтнууд ажлаа дуусаад шүршүүрт орох душ бэлэн, ажлын хувцсаа угаалгынхаа цэгт өгөөд угаалгачихна, эмнэлэгийн анхан шатны үзлэг, үйлчилгээ авах боломжтой, эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагддаг. 50 хувь хөнгөлөлттэй үйлчлэх хоолны газар, бэйкери ажиллаж байна. Хүнсний байгууллага учраас хагас жил тутамд 3-5 шинжилгээг улсын эмнэлэгт заавал өгдөг. Чанартай, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн гаргахын тулд түүнийг үйлдвэрлэж буй хүн эрүүл байх хэрэгтэй. Сэтгэл тайван, элдэв асуудалгүй, ажлын байр нь таатай уур амьсгалтай байж л эрүүл бүтээгдэхүүн үйлдвэрээс гарна шүү дээ.
-Танайх жилдээ улсад хэчнээн хэмжээний татвар төлдөг вэ. Мөн хүнсний салбарт Засгийн газрын дэмжлэг хэр байдаг вэ?
-Жилд 350 хоног тасралтгүй дөрвөн ээлжээр ажиллаж, 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, өдөр тутам 4000 цэгт хүрч үйлчилснээр жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийн татвар улсдаа төлдөг. Саяхан Засгийн газрын “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5-р судалгаагаар Улсын хэмжээнд Улаанбаатар хот дахь хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн үзүүлэлт 68% байна гэж мэдэгдсэн. Хэзээ үйлдвэрлэгдэж, хаанаас импортоор орж ирсэн нь тодорхойгүй лаазалсан, савласан бүтээгдэхүүн зах зээлээр дүүрэн байгааг бид бүгд мэднэ. Хүнсний хангамжаа дотооддоо хангахын зэрэгцээ экспортыг нэмэгдүүлнэ гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Хүнс үйлдвэрлэлийн салбарынхан бид үүнд маш их баяртай байгаа. Гэхдээ яаж гэдэг нь тодорхойгүй байна. Ядаж л дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа жигнэмэгийн төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжмээр байгаа юм. Хүнсний салбарт хүний нөөцийн бодлого алдагдаад байна. Хүнсний үйлдвэрийн технологийн болон инженер техникийн чиглэлээр шинэ төгсөгчидийн тоо хангалтгүй байна. Иймд хүнсний салбарт ажиллаж байгаа ажилчдад чиглэсэн бага хүүтэй ипотекийн зээл олгох, ХАОАТ-аас чөлөөлөх гэх мэт бодит дэмжлэг хэрэгтэй байна.