Өрсөлдөөнтэй, том зах зээл, тогтворгүй худалдан авалт, эргэлзэж, тээнэгэлзсэн үйлчлүүлэгчид гээд тоочиж баршгүй бэрхшээлтэй “тулалдах” UB Eats багийнхны зэвсэг нь тэдний хөгжүүлж буй өвөрмөц бизнес модель юм.
“Хүргэлтийн хоол” гэх түлхүүр үгээр интернэт хайлт хийлээ. 34 секундын дотор л гэхэд олон газрын “Pizza & chicken”-ээс эхлээд ресторануудын меню, төрөл бүрийн сурталчилгаанууд гарч ирэв. Үүнээс харахад, тодорхой нэг стандарт манайд улсад байхгүй төдийгүй “Эрүүл бус үйлдвэрлэл” гэх ойлголт нийгэмд түгжээ. Тэгвэл эл хэвшмэл хандлагыг халж, хүргэлтийн хоолны салбарт мөс хагалахаар UB Eats төслийнхөн ажиллаж байна. Тэд ирээдүйд тус зах зээлд хүргэлтийн хоолны стандартыг тогтоож, улаан шугам татах том амбицыг зорилгоо болгожээ. Өрсөлдөөнтэй, том зах зээл, тогтворгүй худалдан авалт, эргэлзэж, тээнэгэлзсэн үйлчлүүлэгчид гээд тоочиж баршгүй бэрхшээлтэй “тулалдах” UB Eats багийнхны зэвсэг нь тэдний хөгжүүлж буй өвөрмөц бизнес модель юм. Тэд энэ төрлийн дэлхийн жишиг бизнесүүдийг судлан, хамгийн тохирох моделийг сонгон авч, тодорхой хэмжээнд өөрчилж, өөрсдийн бизнесийн замыг зурж байна. Зах зээлд үйлчилгээгээ нэвтрүүлээд удаагүй байгаа ч хэдийнэ хэрэглэгчдэд танигдаж, цахиур хагалж буй эл бизнесийн үүссэн түүх, цаашдын бизнес төлөвлөгөөнөөс уншигч та бүхэнд хуваалцъя.
Хамгийн анх мэдээлэл технологийн ангийн дөрвөн оюутан код бичих уралдаанд оролцож, “Хэрэглэгч аппликейшн ашиглан, жолоочоо дуудна” гэх бизнес санааг танилцуулжээ. Энэ санаа нь маш амжилттай хэрэгжиж, удалгүй тэд “Мизорн” хэмээх технологийн компаниа байгуулав. Улмаар 2013 онд UBCab компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. Одоо тус компани 22 мянга гаруй жолооч, 600 мянган хэрэглэгчтэй, 21 аймагт салбартай, Монгол дахь хамгийн том такси, тээврийн үйлчилгээ үзүүлэгч компани болжээ. Энэ төрлийн буюу краудсорсинг бизнес нь тээвэр ложистикийн салбарт үүсгэсэн дэд бүтцээ ашиглан хүргэлтийн хоолны бизнест шилжин ажилладаг онцлогтой. Үүнтэй адил 2021 онд UBCab компани энэ чиглэлээр ажиллах бэлтгэлээ базааж, өнгөрсөн арваннэгдүгээр сард UB Eats төслөө хэрэгжүүлж эхлэв. Түгжрэлээс шалтгаалан дуудлагын такси цагтаа ирэхгүй байх тохиолдол байдаг. Мөн ачаа бараагаа бид маргааш авъя гэж хойшлуулдаг үе ч бий. Харин хүргэлтийн хоол яг цагтаа ирэх шаардлагатай. Хоолоо удааж, эсвэл маргааш авахыг хэн ч хүсэхгүй. Тиймээс такси үйлчилгээний компаниудын хувьд энэ нь ахисан шатны тээврийн үйлчилгээ юм. Өөрөөр хэлбэл, тэд өргөжин тэлж, хүргэлтийн үйлчилгээг шат ахиулж буй.
UB Eats-ийн хувьд, жолооч тухайн ресторанаас хоол очиж аваад, хэрэглэгчид хүргэдэг хялбар бөгөөд түгээмэл замыг сонгосонгүй. Учир нь хүргэлтийн хоолны салбар төдийлэн хөгжөөгүй шалтгаан нь хаана, хэзээ хийсэн нь тодорхойгүй, чанарын шаардлага хангаагүй хоол, хүлээлт үүсгэж, хүндрэл учруулдаг хүргэлтийн үйлчилгээ гэдгийг тэд судалгаагаар баталжээ. Энэ шалтгаанаар хүргэлтийн хоол хүргэлтийн гал тогооноос гарах ёстой гэж үзэн, 250 метр кв-т найман гал тогоо ажиллуулж, “Клауд китчен буюу хүргэлтийн гал тогоо” хэмээх шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Хүргэлтийн хоолонд зориулж, хүргэлтийн гал тогоо ажиллуулснаар олон давуу тал үүснэ. Тухайлбал, монгол, хятад, европ гэх зэрэг төрөл бүрийн хоолыг нэг дороос захиалах боломж бүрдэж буй. Нэг хоолонд тухайн рестораны байршил, түрээсийн зардал, зар сурталчилгааны өртөг зэрэг олон зардал шингэдэг. Гэсэн атал хэрэглэгчид тухайн газрын интерьерийг мэдэрч, үйлчилгээг аваагүй хэрнээ цэсэн дэх үнээр хоолоо захиалдаг. Тэгвэл UB Eats -ийн хамт олон хүргэлтийн хоолонд зориулж бүтээсэн гал тогооноос, шударга үнээр, стандартын дагуу савалсан хэмжээ бүхий хоолыг захиалах боломжийг хэрэглэгчдийн өмнө бий болгожээ. UB Eats -ийн өдрийн хоолны үндсэн багц 11,900 төгрөгөөс эхэлдэг. Одоогоор Хүнсний дөрөв буюу оффисын бүсэд нээгээд буй шинэхэн салбар нь хүргэлтийн жолоочид шаардлагатай авто угаалга, такси ресторан, хоолны бэлдэц, түүхий эд агуулах үйлдвэр гэх зэргээр нийт 1000 метр кв объектоос бүрдэж буй. 2023 оны зургадугаар сар гэхэд тэд дахин хоёр гал тогоог нэмж барихаар төлөвлөж байна. Эхний удаад оффисын бүсэд хүргэлтийн хоолны үйлчилгээгээ нэвтрүүлсэн залуус цаашдаа хүргэлтийг хамгийн боломжит үнэтэй байлгах бодлого баримтлан ажиллаж байгаа юм.
Нөгөө талаар, хүргэлтийн хоол өдөр бүр тогтсон хэмжээгээр эрүүл ахуйн стандартын дагуу бэлтгэгдэх шаардлагатай. Мөн хоолноос дээж сорьц тогтмол авч, шалгаж байх ёстой. Тэгвэл хоол үйлдвэрлэлтэй холбоотой бүхий л үйл явцыг MGC Star Group компанийнхан хариуцан ажиллаж буй. Тус компанийн Дэми буюу С.Батмөнх захиралтай баг хамт олон хоол үйлдвэрлэлийн салбарт 13 жил ажилласан туршлага, ур чадвараараа ялгардаг. Тэд хүргэлтийн хоолыг түргэн шуурхай бэлтгэхийн зэрэгцээ өглөө бүр шинэ хүнс, түүхий эдээр хоолоо бэлтгэхэд анхаарч ажилладаг онцлогтой. Тиймээс ч хоолны түүхий эд бэлтгэхдээ Easycook компанитай хамтардаг байна. Хүргэлтийн гал тогоо нэг хоолыг 20 минутад хийж, 10 минутад ялган савалж, 30 минутад хэрэглэгчид хүргэнэ гэсэн зарчмын дагуу маш хурдтай үйлчилдэг. Ийнхүү түүхий эд бэлтгэх Easycook, стандартын дагуу хоол боловсруулах, хяналт тавих Дэми тогоочийн баг, бэлэн болсон хоолыг хурдан шуурхай хүргэж өгөх UB Eats төслийнхөн хамтарч, 2024 он хүртэл хүргэлтийн хоолны зах зээлд шинэ стандартыг хэвшүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад, Улаанбаатар хотын хэмжээнд таван клауд гал тогоо бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд франчайз эрх олгож, хувь хүмүүс болон компаниуд эл бизнес моделийг ашиглах боломжийг бүрдүүлэх юм. Таван хүргэлтийн хоолны гал тогоог нээснээр нийт 500 гаруй ажлын байр бий болох аж.
Энэ талаар UB Eats төслийн гүйцэтгэх захирал Ц.Туваасүрэн “Өмнөх клауд гал тогооны сонгон шалгаруулалтад идэвхжүүлэлт бага хийсэн. Үндсэндээ нэг л видео цацахад, ирсэн нийт танилцуулгын дийлэнх нь тогоочийн багийнх байсан. Үүнээс бид хамгийн туршлагатай, ур чадвартай гэсэн дөрвөн тогоочийн багийг сонгож, хамтран ажиллаж байна. Энэ бол төдийлэн ашигтай бизнес биш. Гэхдээ бидний гол зорилго бол нийгэмд тулгамдаж буй асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэх. Өдрийн хоол захиалахад итгэж найдаж болохуйц ганц ч болов үйлчилгээ байгаасай гэж хүсэж байна. Нэгдүгээрт, хоол найдвартай, хоёрдугаарт, цагтаа хүргэдэг байх нь манай үйлчилгээний хамгийн том зорилт. Тиймээс бид урьдчилсан захиалга авч байгаа. Үйлчлүүлэгч өдрийн хоолоо хэдэн цагт идэх вэ гэдгээ сонгож, урьдчилсан захиалга өгөх юм. Харин бид хэрэглэгчийн сонгосон цагт гарт нь хүргэж өгнө” гэв.
Ийнхүү тэд хоол хүргэлтийн үйлчилгээ явуулж буй жолоочийг хамгийн өндөр орлого олох, хэрэглэгчид сэтгэл ханамжтай байлгах гэсэн үндсэн логиктой эл бизнес моделио улам боловсронгуй болгохын төлөө хичээн ажиллаж байна.