2022 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн 246 361 хуулийн этгээдийн 86 356 нь буюу 35 хувь нь үйл ажиллагаа явуулжээ. Үлдэх 65 хувь нь тамга тэмдэг халаасалсан хэн нэгэн хүн бизнес хийх санаа агуулсаар яваа бололтой. Аль эсвэл хуулийн этгээд үүсгэн байгуулснаа ч мартчихсан байж мэдэх юм.
***
Нэлээн хэдэн жилийн өмнөөс хуульчид болон санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгдөг мэргэжилтнүүд хуулийн этгээд байгуулах шаардлага тулгарсан хүмүүст Төрийн бус байгууллага байгуулахыг зөвлөдөг болсон байсан. Төрийн бус байгууллага дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олж болохыг хуульчилсан нь энэ боломжийг олгосон.
Түүний үр нөлөөгөөр төрийн бус байгууллага аж ахуйн үйл ажиллагаа явуулж ашиг олж эхэлсэн нь татвараас зайлсхийх боломжийг үүсгэн байгуулагч нартаа олгосоор ирсэн.
Статистикийн Хорооны тооноос харахад улсын хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 246 361 хуулийн этгээд бүртгэгджээ. Үүний 78 орчим хувь нь компани байна. Сүүлийн 5 жилийн тоон мэдээллийг харахад бизнес регистрийн санд бүртгэлтэй ААНБ-ын дүнд компанийн эзлэх хувь 2018 онд 79.86 хувь байсан бол 2021 онд энэ хувь 77.9 болж буурч байгаад харин өнгөрсөн онд 78.35 болж бага зэрэг өссөн байна. Төрийн бус байгууллагын хувьд 2018 онд 11.38 хувь эзэлж байсан нь 2021 онд 14.42 болж 3 жилийн туршид өсөөд 2022 онд 14.23 хувь болж бага зэрэг буурчээ. (Хүснэгт 1) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар төрийн бус байгууллагын аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогод татвар ногдуулж эхэлсэн нь энэ бууралтад нөлөөлсөн гэсэн таамаг дэвшүүлж болох юм.
2018-2022 оны хооронд тооны өсөлт 42.8 хувьтай байхад чанарын өсөлт 20.4 хувь байна. Үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байгуулахыг дэмжих бодлого барихгүй бол тооны хойноос хөөцөлдсөн байдалд хүрчээ. Нийт бүртгэлтэй хуулийн этгээдийн 35 хувь нь 2022 онд үйл ажиллагаа явуулж татвар төлсөн гэсэн үг. Олон улсын жишиг ямар байдаг судалгаа байдаг байх. Хайж үзсэнгүй. Гэхдээ хуулийн этгээд байгуулаад юу ч хийхгүй тамга тэмдэгтэй явах нь ямар ач холбогдолтой байх вэ?
Сүүлийн таван жилд аль ч хуулийн этгээд огцом өсөлтгүй байгаа нь цахим системээр хуулийн этгээд байгуулах нь хялбар болсноос шалтгаалсан гэх тайлбарыг үгүйсгэж байна.
Энэ онуудад ТББ байгуулах нь бусад хэлбэрийн хуулийн этгээд байгуулахаас өсөж байснаа 2022 онд бага зэрэг буурсан байна. Харин 2022 онд компани байгуулах нь нэмэгджээ.
Нийт байгуулагдсан хуулийн этгээдээс үйл ажиллагаа явуулж байгаа нь сүүлийн таван жилд дунджаар 37.7 хувьтай байна. 2022 онд улсын бүртгэлд бүртгэгдсэн 246 361 хуулийн этгээдийн 86 356 нь буюу 35 хувь нь үйл ажиллагаа явуулжээ. Үлдэх 65 хувь нь тамга тэмдэг халаасалсан хэн нэгэн хүн бизнес хийх санаа агуулсаар яваа бололтой. Аль эсвэл хуулийн этгээд үүсгэн байгуулснаа ч мартчихсан байж мэдэх юм.
Шинээр байгуулж буй хуулийн этгээдийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа ч үйл ажиллагаа явуулж буй хувь яагаад буурсаар байна вэ?
2018 онд байгуулагдсан хуулийн этгээдийн 41.6 хувь нь үйл ажиллагаа явуулж байсан бол 2022 онд энэ хувь 35 болжээ. Цаашдаа буурсаар байвал хэдэн хувь дээр очиж зогсох бол? Татварын бааз суурь хуулийн этгээд дээр биш хувь хүн дээр төвлөрөх болсон гэдгийг энэ тоонууд илтгэж байж мэдэх юм.
Компаниар үйл ажиллагаа явуулахаас нийтээрээ татгалзаад байгаа юм биш биз гэж бодож судалж үзэх шаардлага тулгарсныг харуулж байж ч мэдэх юм. Заавал хуулийн этгээд байгуулах шаардлага үүсвэл ядаж л ТББ нь дээр гэж ярих болжээ.
Яагаад ийм байна вэ? Энэ үзүүлэлт хэвийн тоо юу? Үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын тоо өсөөд байгаа мэт боловч нийт дүндээ буурч байгааг анхаарч судлах ёстой болов уу. Шалтгааныг олсноор хууль эрхзүйн тогтолцоо үнэхээр аж ахуйн нэгж, байгууллагыг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгож байна уу, далд эдийн засаг нь санаснаас их байна уу? Аж ахуйн нэгж байгуулаад хаяж байгаа шалтгаан юу вэ? Аль эсвэл татан буулгаж чадахгүй явна уу? Тамга тэмдэгтэй хуулийн этгээдтэй байх ач холбогдол буурч, иргэнээр үйл ажиллагаагаа явуулаад байна уу?
Үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн хамгийн өндөр хувьтай нь төрийн байгуулсан компаниуд байна. 2018 онд нийт байгуулсан хоршооны 51.1 хувь нь үйл ажиллагаа явуулж байжээ. Гэтэл 2022 онд 28.6 хувь болж буурсан байна. Хамгийн бага бууралттай нь компаниуд байна. Сүүлийн таван жилд тогтвортой өсөлттэй байгаа нь бусад ангилалд байгаа хуулийн этгээдүүд аж.
Хуулийн этгээдийн тооноос харахад хамгийн их байгуулдаг хуулийн этгээдийн хэлбэр нь компани, дараа нь ТББ байна. Энэ хоёр сонголтоос л иргэд тамга тэмдэг бүхий хуулийн этгээд байгуулдаг байх нь. Харин алийг нь байгуулах нь надад ирээдүйд ашигтай вэ гэж бодоход хүрдэг байж мэднэ.
Компани (хязгаарлагдмал хариуцлагатай компани) байгуулах уу, төрийн бус байгууллага байгуулах уу гэж эргэлзэж буй хүнд зориулж Компанийн тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хуулиас харьцуулалт хийлээ. Шийдвэр гаргахад нь тус болж мэдэх юм.
Компани байгуулахад илүү олон хуулийн нөлөөлөл орж ирнэ. Тэр нь эрх ч олгоно үүрэг ч хүлээлгэнэ. ТББ-ын хувьд хамаагүй цөөн хууль үйлчилдэг бололтой.
ТББ үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа нээлттэй тавьж байх ёстой. Гэхдээ хуулийн заалт нь тайлан гэдэг үгээр томьёологдсон нь үйл ажиллагааны тайлан хэлбэрээр явагдахаас санхүүгийн ил тод байх зарчим нь хэрхэн зангидагдах нь тодорхойгүй, магадгүй бусад хуулиар зохицуулагдах бололтой.
Анзаараад байхад ТББ-ын санхүүгийн тайланд хөндлөнгөөс хяналт тавих боломжгүй. Хөндлөнгийн аудит хийлгэх нь гишүүд, хандивлагчдын өмнө хүлээсэн үүрэг байхаар зохицуулагдсан байдаг. Тиймээс үүсгэн байгуулагч нар хоорондоо маргаан үүсгэхгүй явж ирсэн тохиолдолд санхүүгийн тайлан гаргах шаардлага бараг үүсдэггүй.
Сошиал дахь мэдээллээр олон хандивлагчтай “Ид шидийн орон”-ыг бүтээн байгуулж буй залуус санхүүгийн тайлангаа жил бүр хөндлөнгийн аудитаар баталгаажуулж нээлттэй мэдээлээд байгаа харагддаг. Олон нийт, сошиалд хэт их мэдээлэл тавьдаггүй ч чимээгүй ажлаа хийгээд яваа ТББ-ууд ч зөндөө байдаг. Харин тэдний нийтэд дэлгэсэн тайлан мэдээг нэгтгэж харьцуулж, хир их хөрөнгийг гишүүд болон хандивлагчаас хүлээн авч буй, мөн үйл ажиллагаанаасаа хэдий хэмжээний орлого олж байгаа мэдээллийг нэгтгэж олон нийтэд мэдээлэх үүрэг бүхий нэгж байхгүй байгаа нь ТББ олшрох нэг боломж болдог юм биш биз дээ?
Арай л нуршуу юм аа. Хэт олон үг өгүүлбэр дотор гол санааг нь олох гэснээ залхуураад дундас нь хаяв.
Яг тэгдэг ААН аас ТББ дээр ТББ аас ИРГЭН дээр Хувь дансаар эргэлдүүлээд 10 сая даа багтаагаад орлого хийгээд явна хэтрэх гээд байвал ах дүү эхнэр хүүхдийнхийгээ ашиглана НДШ төлөхгүй