Монгол туургатны түүх соёл, ёс заншил, уламжлалт ахуй амьдралын хэв маягийг түүхийн шаргал хуудаснаас хөрвүүлэн, судалж улмаар биет бус соёлын өвийг биет өв болгон бүтээж буй газар бол “Хаадын гэр” брэнд юм. Энэхүү брэнд нь 2000 жилийн тэртээх Хүннүчүүдийн урлаж байсан ширмэл ширдгийн эх загвараас сэдэвлэн, инновац шингээсэн бүтээлийг төрөл бүрээр урлахын сацуу түүхийн чухал элементүүдийг агуулсан тавилга, модон болон эсгий эдлэл, керамик урлалыг үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, Хүннү, Сяньби, Жужан зэрэг Төв Азийн нүүдэлчин эртний монгол угсааны овог аймгуудын хэрэглэж байсан эдлэл хэрэглэлүүдийг түүхийн ном бичгээс сурвалжлан хээ хуар, зураг будаг, уран нарийн хийцийг инновац шингээн бүтээж, орчин үеийн хэрэглээ болгожээ. Өдгөө 9 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Хаадын гэр” брэндийн өвөрмөц бизнес моделийг уншигч та бүхэнд танилцуулъя.
Одоогоор тэд 1000 гаруй үнэнч хэрэглэгчтэй болж, Монголын тавилга, декорын зах зээлд “од” болон гялалзаж байна. Учир нь Чингис хаан музейн сан хөмрөгт зориулсан “Монгол бахархлын танхим”-д байршуулах XVII-XVIII зууны үеийн “Язгууртан хаадын гэр”-ийг барьжээ. Мөн “Хүннү” гэрээрээ Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас БНСУ-ын эмэгтэй зохион бүтээгчдийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулдаг үзэсгэлэнд оролцож, алтан медаль хүртсэн түүхтэй. Цаашлаад, Ерөнхийлөгчийн өвлийн өргөө, Их тэнгэрийн аман дахь Ерөнхий сайдын хүндэтгэлийн гэрийг тохижуулж, улсын аварга малчдын гэр, зочид буудлын төсөл гэх зэрэг энэ чиглэлд тэдний оролцоогүй ажил ховор.
“Хаадын гэр” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ ойн агнуурын техникч мэргэжилтэй. Үйлдвэрлэл эрхлэхэд түүний энэ мэргэжил их тус болсон гэдэг. Учир нь бүтээгдэхүүний түүхий эд болох модыг таньж, ялгах нь маш чухал ажил юм. Мөн тэрбээр эдийн засагч мэргэжлээр суралцаж, төрийн байгууллагад буюу Монгол Улсын Татварын албанд тэр дундаа Татварын ерөнхий газарт 15 жил ажиллажээ. Төрийн албанаас хувийн бизнес рүү үсрэхдээ тэрбээр ямар ч мэдлэг туршлагагүй байгаагүй юм. Учир нь багаасаа монгол өв соёлтой холбоотой түүх, домгийг сонсож өсжээ. Түүний аавынх нь ээж тайж гаралтай бол ээжийнх нь өвөө дархан удмын хүн байсан аж. Тиймээс Д.Болор-Эрдэнэ өөрийн тордож, өсгөж яваа эл бизнесийг өвөг дээдсээсээ ирсэн үүрэг даалгавар гэж боддог. Тэрбээр хэлэхдээ, “Монголын түүх, өв соёлтой холбоотой сайхан галерей эсвэл музей байгуулах юм сан гэж хүсдэг байлаа. Хорвоод хүн болж төрснийхөө хувьд ямар нэгэн юмыг хийж бүтээж, үр хүүхэд, хойч үедээ үлдээх юм сан гэж хичээдэг. Тэр л хүсэл сонирхлынхоо дагуу энэ салбарт ажиллаж байна” гэж өгүүллээ.
Тэрбээр анх 2014 онд модон эдлэлийн цехээ байгуулж, Хүн гүрний үеийн гэрийн судалгааг түүхийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач Эгиймаагаас авч Хүннүгийн үеийн загвартай гэрийг урлажээ. Үүний дараа гэрийн хөлтрөг хаяавч, хошлон, гэрийн доторх ширмэл ширдэг зэрэг зөөлөн эдлэлийг хийж, урлагийн түвшний цогц бүтээл хийхээр зориг шулуудан, оёдлын цехээ нээв. 2016 онд гэр, орон сууц гэж ангилахгүй, хаана ч хэрэглэх боломжтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх дараагийн зорилгодоо хөтлөгдөн, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэмжлэгт хөтөлбөрт хамрагдаж, “Брэнд-Арт” маркетингийн компани болон монголын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийжээ. Энэхүү ажил нь амжилттай болж, 2018 оноос орон сууц, хаус, зочид буудалд “Хаадын гэр” брэнд өөрсдийн бүтээгдэхүүнээ нийлүүлж, 2019 оноос тансаг хөшиг, гараар зурж чимэглэсэн тюль гэх мэт гэрийн интерьерт шаардлагатай зүйлсийг үйлдвэрлэв. Харин 2020 оноос тавилгын интерьерт үндэсний хэв маягийг цогцоор бий болгож, орон сууц, хаус, зочид буудалд нэвтрүүлсэн байна. Өнгөрсөн оноос импортыг орлох албан тасалгааны тавилгуудыг хийж эхэлжээ. Энэ жилийг тус компанийнхан экспортын жил хэмээн зарлаж, Америк, Европын зах зээлийг “онилж” байна. Түүх, өв соёл нэгтэй учраас Өвөрмонголын зах зээл тэднийг уриалгахан хүлээж авдаг аж. “Ковид-19” гарахаас өмнөхөн Англи, Орос, Хятад, Өвөр Монгол, Казахстан, Япон зэрэг орон руу бүтээгдэхүүнээ нийлүүлсэн.
Мөн “Хаадын гэр” компани соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж, бүтээсэн брэндээ ногоон технологиор тогтвортой хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Иймээс ч “Түүхий эдийг дотооддоо хийсэн байх ёстой” гэх экспортын гол шаардлагыг бүрэн хангажээ. Бүтээгдэхүүний гол орц бол мод, ноос, шавар учраас дотоодын зах зээлээс авдаг. Мөн хонины ноосоо “Могол” ноос компаниас авч хэрэглэдэг бөгөөд ноос нь угааж самнасан сайн чанарын хонины ноосны ноолуур юм. Ширмэлийн утсыг тэмээний ноос, хонины ноосон маш өндөр эрчлээстэй чанартай утсаар оёдог аж. “Хаадын гэр” брэндийн бүтээгдэхүүнүүд нь үеэс үед дамжуулан, өвлөгдөх үнэ цэнтэй бүтээгдэхүүн учраас түүхий эд, материал сайн байхыг шаарддаг. Модон эдлэлийг сайн чанарын цэвэр модоор хийдэг учраас дагалдах цавуу, будаг, лак гэх мэтийн орцууд нь бүгд хар төмөрлөгийн агууламжгүй, эко байдаг.
Түүхий эд, өнгө, хээ хуар, загварын сонголтоос гадна судалгаанд суурилан 100 хувь гар аргаар урладагт бүтээгдэхүүний үнэ цэн оршино. Мөн бүтээгдэхүүнийг гурван цагийн хэлхээс дээр хийдэг бөгөөд түүхэн загвар нь Хүн гүрнээс Богдхаант Монгол Улс хүртэлх түүхийн олон олон жилийг хамарч байна. Мөн уламжлалт буюу классик, орчин цагийнх нь модерн, минимал гэж ангилжээ. Товчоор хэлбэл, уламжлалт суурьтай, өв соёлоо шингээсэн, арт байдлыг илэрхийлсэн, орчин үеийн хэрэглээнд нийцсэн, дахин давтагдашгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний гол зарчим юм. Хэрэглэгч “Хаадын гэр” компаниас гаргасан загваруудаас сонгохоос гадна өөрийн хүссэн загварынхаа дагуу захиалгаар хийлгэх боломжтой.
Компани бүтээгдэхүүний түүхийн судалгааг монголын түүхч, эрдэмтэд, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан судалгаанаас авахаас гадна үүсгэн байгуулагч Д.Болор-Эрдэнэ нь СУИС-ийн Соёл судлалын тэнхимд докторын зэргийг горилж буй судлаач юм. Чиглэл чиглэлийн эрдэмтэдтэй хамтарч ажилласны үр дүнд суурь судалгаа нь сайн болдог байна. Тэрбээр “Нэг талаасаа компаниа ашигтай ажиллуулах, нөгөө талдаа түүх өв, соёлоо шингээсэн бүтээгдэхүүн гаргахын тулд эрдэмтэн судлаачдын судалгааны материалуудыг харж, чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг” хэмээв. “Хаадын гэр” компанийн хамт олон мэргэжлийн сургууль төгссөн уран бүтээлчид, урлаачдаас бүрддэг учраас ур чадвар өндөртэйд тооцогдоно. Учир нь хүний нөөцийн бодлогодоо, “Ур чадвартай, сэтгэлтэй, бүтээлч ажилтнаар компаниа бүрдүүлнэ” гэж тусгаж өгчээ. Гараар хийж буй бүтээгдэхүүн урлаачийн сэтгэл зүйгээс ихээхэн хамаардаг. Энэ тал дээр компани чамгүй анхаардаг байна. Тиймдээ ч инновац шингээсэн брэндийг бий болгохын төлөө “Хаадын гэр” компанийнхан хичээн ажилладаг. Д.Болор-Эрдэнэ “Амьтай бүтээл хийнэ гэдэг өөрөө маш чухал. Туурвисан бүтээлээ эргээд харахаар бахархаж, омогших сэтгэл төрдөг юм” гэж онцлон өгүүлж байлаа.
Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэх салбарын хүндрэлтэй асуудал нь бүтээгдэхүүн зах зээлд бодит үнээр үнэлэгдэж чадахгүй байх юм. Тухайлбал, уран бүтээлчид бүтээлээ дан гараар хийдэг учраас цаг хугацаа их шаарддаг. Мөн чанартай бүтээгдэхүүнд маш сайн түүхий эд ордог учраас бодит үнэлгээ өндөр гардаг. Олон өдөр, хоног, сар, жилийн турш хийсэн бүтээгдэхүүн зах зээлийн тогтоосон үнэд хүрч чадахгүй байх нь элбэг. Бас нэг хүндрэлтэй асуудал нь түүхий эд материал борлуулагчид НӨАТ төлөгч биш байгаагаас НӨАТ-ын буцаан олголт хийдэггүй. Бусад орны хувьд, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарынханд төрөөс дэмжлэг үзүүлдэг. Манайд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлагдахаар төслийн шатанд хэлэлцэж байна. Тус хуулиар ямар бодит дэмжлэг ирэх бол гэдэгт бизнес эрхлэгчид анхаарлаа ихээхэн хандуулж буй.