Сүүлийн зургаан арванд анх удаа нас баралт нь төрөлтөөс илүү гарав. Үүнээс үүдэлтэй нөлөө Хятад улс, эдийн засагт нь мөн дэлхий дахинд мэдрэгдэнэ.
Дэлхийн хамгийн их хүн амтай улс эргэлтийн цэгт ирээд байна. Өнгөрсөн нэг жилийн турш төрөлт эрчтэй буурснаар Хятадын хүн ам цөөрөх процесс цаашид буцаах аргагүй үргэлжилнэ гэж шинжээчид үзэж буй.
Хятадад өнгөрсөн онд 9.56 сая хүн төрж, 10.41 сая хүн нас барсан тухай Засгийн газар өнгөрсөн пүрэв гарагт зарласан. 1960-аад онд Мао Зэдуны хэрэгжүүлсэн эдийн засгийн бүтэлгүй туршилт буюу Их Үсрэлтийн бодлогоос улбаатай их өлсгөлөн, нас баралтаас хойш Хятадад анх удаа нас баралт нь төрөлтөөсөө илүү гарсан нь энэ юм.
Ийм мөчийг хойшлуулахын тулд Хятадын эрх баригчид “Нэг-хүүхэд” бодлогыг цуцалж, хосуудыг олон хүүхэдтэй болохыг нь урамшуулж ирсэн. Тэдгээрийн аль нь ч үр дүнгээ өгсөнгүй. Ийнхүү хүн ам цөөрч, насжилт улам бүр нэмэгдэж байгаа нь зөвхөн Хятад, Хятадын эдийн засаг төдийгүй дэлхий нийтэд үр дагавар нь мэдрэгдэх хүн амзүйн хямралыг дохиолж байна.
Статистик мэдээлэл ч үүнийг баталж буй. 1976 он буюу Мао даргыг нас барснаас хойших эдийн засгийн хамгийн сул өсөлттэй жилүүдийн нэг нь 2022 он болов.
Сүүлийн 40 жилд Хятад эдийн засгийн хүчирхэг гүрэн, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улс болсон. Ядууралд автсан улсаас дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хувьсан хөгжсөнөөр дундаж наслалт нэмэгдсэн нь хүн ам буурахад нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, улам олон хүн урт насалж, харьцангуй цөөн хүүхэд төрөх болов.
Эл чиг хандлага өөр нэг санаа зовоом үйл явдлыг улам ойртуулж байна: Эдийн засгийн өсөлтийг нь өрдөх хөдөлмөрийн насны хангалттай тооны иргэн байхгүй болох өдөр.
“Дэлхий нийтийн огт харж байгаагүй Хятадыг бид удахгүй харах нь гарцаагүй. Тус улс хэзээ ч урьдынх шиг залуу, эрч хүчтэй, өсөлттэй хүн амтай байхаа болино. Хөгшин, буурч буй хүн амтай улс гэж Хятадыг үзэх цаг ирнэ” гэж Ирвайн дахь Калифорнийн их сургуулийн социологийн профессор Ван Фэн өгүүлэв.
Хүүхэдтэй болбол бэлэн мөнгө өгч, татварын дэмжлэг үзүүлдэг Засгийн газрын өглөгч арга хэмжээнүүд нь хүүхэдтэй болохыг огт хүсэхгүй байгаа олон хятад залуусын бодлыг өөрчилж чадсангүй.
“Би хүүхэд төрүүлэх хариуцлага үүрмээргүй байна” гэж Бээжинд нөхөртэйгөө амьдардаг 28 настай Луна Жю өгүүлэв. Эцэг эх нь ач зээгээ өсгөх хүсэлтэй, Луна өөрөө жирэмсний амралтын сайн мөнгө өгдөг улсын компанид ажилладаг боловч тэр бээр ээж болох талаар бодохыг ч хүсэхгүй байна.
2021 онд 10.6 сая хүүхэд төрснөөр төрөлт зургаан жил дараалан буурсан тухай Үндэсний статистикийн товчоо мэдээлсэн.
Өдгөө Хятад улсын хүн ам 1.41 тэрбумд хүрсэн бөгөөд 2035 он гэхэд 60-аас дээш насны 400 сая хүнтэй болох аж. Энэ нь хүн амын бараг гуравны нэг хувь юм.
Хятадын хүн ам хурдтай хөгширч байгаатай зэрэгцээд ажиллах хүчний тоо цөөрснөөр татварын орлого болон аль хэдийн хүнд байдалд ороод буй тэтгэврийн санд төвлөрөх мөнгө буурна. Өндөр настны асаргаа, эрүүл мэндийн үйлчилгээ, ахмад насандаа ч тогтвортой орлоготой байх боломжоор Засгийн газар хангаж чадах эсэх нь ард иргэдээ сайхан амьдруулах Коммунист намын олон жилийн үзэл санаанд шууд нөлөөлөх юм.
Коронавирусийн цар тахлын эсрэг хэрэгжүүлсэн “Тэг-ковид” бодлогоо БНХАУ өнгөрсөн сард гэнэт цуцалснаар таагүй үр дагавар авчирсан нэн сорилттой үед хүн ам нь цөөрч буй мэдээ тарав. Өнгөрсөн мягмар гарагт гарсан мэдээллээс үзвэл 2022 онд нас баралт нэмэгдэж 10.41 саяд хүрсэн агаад сүүлийн жилүүдэд энэ тоо 10 сая орчимд хадгалагдаж байсан юм. Цар тахлын халдвар эрс өссөн нь нас баралт нэмэгдэхэд нөлөөлсөн байж болох талтай.
Олон долоо хоногийн турш ганц оронтой тоонд багтахаар нас баралтыг мэдээлж ирсэн албаны хүмүүс саяхан анх удаа ковидын шалтгаант нас баралтыг албан ёсоор зарласан. Гэхдээ л 12.18-01.12-нд 60 мянган хүн нас барсан гэсэн тоо үнэн эсэхэд шинжээчид эргэлзэж байна.
2022 оны 12 дугаар сард ковидын халдвараар нас барсан хүний тоог 2022 онд нас барсан хүмүүсийн тоонд оруулж тооцоогүй гэдгийг Үндэсний статистикийн хорооны карга Кан И өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн.
Мөн энэ өдөр тус улс эдийн засгийн хэр хүнд сорилттой тулгараад буйг харуулсан статистик үзүүлэлтүүдээ танилцуулав. Тус улсын ДНБ өнгөрсөн оны сүүлийн гурван сард буюу хөл хориотой, ковидын халдвар нэмэгдсэн үед ердөө 2.9 хувиар өсжээ. Жилийн дүнгээрээ Хятадын эдийн засаг гурван хувь өссөн нь сүүлийн 40 жилийн хамгийн сул үзүүлэлт юм.
Хүн амзүйн эл түүхэн үйл явдлыг гэнэтийнх гэж хэлж боломгүй. Хятадын хүн амын тоо буурах үзэгдэл 2025 оноос өмнө ажиглагдана гэж өнгөрсөн жил тус улсын албаны хүмүүс мэдэгдсэн. Гэвч хүн амзүйчид, статистикчид, Хятадын Коммунист намын төсөөлж байснаас эрт ийм явдал болов.
Иргэдийн орлого өсөж, боловсролын түвшин нэмэгдэхээр төрөлт буурдаг нь хөгжиж буй олон улсад тохиолддог нийтлэг жам юм. Амьдралын чанар сайжрахаар хүмүүс илүү урт насалж эхэлнэ.
“Энэ бол эдийн засагчдын мөрөөддөг нөхцөлийн нэг” гэж “Aging Asia Research Hub” болон “ARC Center of Excellence in Population Aging Research”-ийн захирал Филип О`Кийф өгүүлэв.
Гэвч иргэд нь баяжихтай зэрэгцээд төрөлтийг хязгаарласан бодлогоо сулруулах гэж Засгийн газар нь хэт алгуурласнаар тус улс хариу арга хэмжээ авах хугацаагүй болсон юм. “Хэрэв цагаа олж хөдөлсөн бол тэдэнд илүү их цаг гарах боломж байсан” гэж О`Кийф нэмж хэллээ.
Төрөлт буурахаас сэргийлэхийн тулд тус улс сүүлийн жилүүдэд хэд хэдэн арга хэмжээ авсан. БНХАУ 30 жилийн турш мөрдсөн “Нэг-хүүхэд” бодлогоо 2016 онд цуцалснаар хосууд хоёр хүүхэдтэй болох боломжтой болсон. Харин 2021 онд хязгаарлалтыг нэмж, гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн. Тэр цагаас хойш хосуудыг хүүхэдтэй болох, 1-2 хүүхэдтэй гэр бүлийг улам өнөр өтгөн болох сэдлийг өгөх үүднээс Бээжин бэлэн мөнгө тараах, татвараас чөлөөлөх, тэр байтугай үл хөдлөх худалдаж авахад хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авсан.
Энэ бүхэн буурч буй төрөлтийг тогтворжуулах, гэр орондоо эмэгтэй хүний гүйцэтгэдэг үүргийн талаарх уламжлалт үзлийг өөрчлөхөөр хэмжээний цогц байж чадаагүй гэж Сингапурын үндэсний их сургуулийн социологийн дэд профессор Жен Му өгүүлэв. “Хүүхэд асрах, хүүхдийн боловсролын талаар ярих бүрийд ихэнхдээ эмэгтэйчүүд эдгээрийг хариуцах ёстой нь харагддаг” гэж тэр бээр хэлсэн юм.
Хүн ам зүйл сорилтыг анхаарах гол чиглэлээ болгож, “Төрөлтийг нэмэгдүүлэх үндэсний бодлогын систем” хөгжүүлэхээ Хятадын удирдагч Ши Жинпинь саяхан зарлав. Гэвч төрөлтийн тоо буурч буй нь бодит байдал дээр буцаахын аргагүй чиг хандлага болсон гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.
Япон, БНСУ-ын адилаар дундаж төрөлтөөр дэлхийд хамгийн сүүлийн байруудад ордог орны нэг нь БНХАУ бөгөөд төрөлтийн эргэн нөхөгдөх түвшин гэж хүн ам зүйчдийн нэрлэдэг үзүүлэлтээр мөн бага юм. Ийм түвшнийг хангахын тулд тухайн улсын өрх бүр хоёр хүүхэдтэй байх ёстой.
Харин НҮБ-ын тооцооллоос үзвэл Энэтхэгийн хүн ам энэ оны сүүлчээр Хятадыг гүйцэж түрүүлнэ. Энэ байдлаар бол Хятадын хүн амын бууралтыг зогсоох нь тун хэцүү гэж Ф.О`Кийф үзэж байгаа бөгөөд “Төрөлтийн тоо нь ийм бага болсон хэр нээ төрөлтийн эргэн нөхөгдөх түвшиндээ эргэж хүрсэн нэг ч улс байхгүй” гэсэн юм.
Эдийн засаг амаргүй энэ цаг үед хүүхэд өсгөх зардал нэмэгдсэн нь нэрмээс боллоо гэж олон залуус учирлав. Бээжинд амьдардаг гэрэл зурагчин Рэчель Жан (33 нас) хүүхэдтэй болохгүй гэж гэрлэхээсээ өмнө нөхөртэйгөө тохирчээ. Хүүхэдгүй байхаар шийдсэн Хятад хосуудын товч уриа болох “Давхар орлого, Хүүхэдгүй үлдэх” гэсэн амьдралын хэв маягийг Жан сонгожээ. Заримдаа гэр бүлийн ахмад гишүүд залуусыг хүүхэдтэй бол гэж шахдаг аж.
“Энэ үзэл бодолдоо үнэнч үлдэнэ. Хүүхэдтэй болох хүсэл надад хэзээ ч төрж байгаагүй” гэж тэр өгүүлэв. Хүүхэд өсгөх зардал нэмэгдэж, сайн сургуультай дүүрэгт байр олох хэцүү болсон нь түүнийг бодлыг улам бататгажээ.
Хөгшин эцэг эх, өвөө эмээгээ асрах дарамттай олон залуус тулгардаг нь тэднийг олон хүүхэдтэй болохоос татгалзахад хүргэдэг нэг хүчин зүйл юм.
Бараг гурван жилийн турш бөөнөөр тест авах, хорих, тусгаарлах арга хэмжээг хэрэгжүүлсэн “Тэг-ковид” бодлогын улмаас зарим гэр бүл тусдаа олон сараар амьдарсан нь илүү олон залуу гэр бүлийг хүүхэдгүй байх шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болох талтай.
Хүүхэдтэй болохгүй гэсэн шийдвэрийг нь цар тахал улам нэмэгдүүлсэн тухай таван жилийн өмнө өмнө гэрлэсэн Жу өгүүлэв. “Ялангуяа цар тахлын үеийн гурван жил илүү нөлөөлсөн. Амьдралын их олон зүйл надад хүнд хэцүү санагддаг болсон” гэж тэр бээр хэлсэн юм.
The New York Times. Александра Стивенсон, Зи Сю Ван