Хөдөлмөр зүтгэл, уламжлалт арга барилаа алдахгүй урагшлах энэхүү бизнесийг ”Grand prince” ХХК-ийнхан “онилж” хоёр жил хөөцөлдсөний эцэст франчайз эрхийг нь авч, монголдоо нэвтрүүлэв.
Түүх ингэж эхэлдэг
1964 онд Япон улсын Кюүшю арлын Кумамото мужид “Ажисэн” гэх рамений газар нээгдэж байв. Одоогоос 54 жилийн өмнө найман хүний суудалтай, мухлаг шиг хэмжээтэй эхэлж байсан эл газар өдгөө дэлхийд 900 гаруй салбартай, өөрсдийн гэсэн онцлог амтаараа алдартай рамений сүлжээ ресторан болтлоо өргөжжээ. Хөдөлмөр зүтгэл, уламжлалт арга барилаа алдахгүй урагшлах энэхүү бизнесийг ”Grand prince” ХХК-ийнхан “онилж” хоёр жил хөөцөлдсөний эцэст франчайз эрхийг авч, монголдоо нэвтрүүлэв. Ийнхүү “Ажисэн” рамений салбар “Гэгээнтэн энтертайнмэнт төв”-д 2016 оны тавдугаар сард нээгдсэн юм. Тэд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд дахин хоёр салбарыг нээж, монголчууддаа япон рамений амтыг мэдрүүлэхийн зэрэгцээ, япон үйлчилгээний соёл, стандартыг нэвтрүүлэн ажиллаж байна. Гэгээнтэн “Ажисэн” салбар нь 2019 онд дэлхийн 900 гаруй салбараас “Хамгийн эрүүл, цэвэрч” гэсэн өргөмжлөлийг хүртсэн нь тус компани франчайз бизнесийг утгаар нь авч явж буйг харуулна. ”Grand prince” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Хулан “Алдартай гоё рамений сүлжээг Монголдоо оруулж ирэх юм сан гэж боддог байлаа. Энэ ч утгаараа япончуудаас эрхийг нь авахын тулд олон удаа хүсэлт өгсөн. Тоймтой хариу авахгүй, үйл явц удаад л байлаа. “Гэгээнтэн” энтертаймэнт төвийг байгуулж байсан үе шүү дээ. Энтертаймэнт салбар байх юм чинь нийтийн хоолны сүлжээ байх хэрэгтэй гэж төлөвлөсөн хэрэг. Өөрсдөө цэс зохиогоод л болсон, болоогүй нэг газар нээж байхаар үйлчилгээний стандарттай франчайз бизнесийг хөгжүүлье гэсэн миний санааг манай гэр бүлийнхэн их дэмжсэн. Иймээс л “Ажисэн” раменийг оруулж ирсэн дээ” гэж хэлэв.
Япончуудын хувьд, сурсан зүйлээ стандарт хэмжээг нь нарийн баримтлан хийдэг. Харин манай монголчуудын хувьд одоог хүртэл энэ чиглэлд суралцаад л явж буй. Тэр ч утгаараа “Ажисэн”-ийг анх байгуулахад хүний нөөцийн асуудал тулгарсан ч ажилтнаа сургалтад хамруулж, соёл, стандартыг ягштал мөрдсөний эцэст, Япончуудын улирал бүр биеэр ирж авдаг шалгалтад хэзээ ч унаж байгаагүй аж. Тухайлбал, мэндчилгээ, үдэлт ямар байна, гал тогооны орчин ямар буйг, улмаар “Ажисэн”-ийн нэр хүндийг хэрхэн авч явж буйг Япончууд үргэлж шалгаж, өндөр шаардлага тавьдаг байна.
Гэгээнтэн “Ажисэн” салбар нь 2019 онд дэлхийн 900 гаруй салбараас “Хамгийн эрүүл, цэвэрч” гэсэн өргөмжлөлийг хүртсэн нь тус компани франчайз бизнесийг утгаар нь авч явж буйг харуулна.
Үлгэр ингэж өрнөдөг
“Ажисэн” сүлжээ рестораны гурван салбар 100 гаруй ажилтантай. Анх үүсгэн байгуулагдаж байх үед ажилд орж байсан хүмүүсийн 70-80 хувь нь одоог хүртэл бий. Энэ тухайд захирал Б.Хулан “Хүн тогтоож, ажиллуулах асар хэцүү. Зарим өдрүүдэд би хүмүүсээ хэрхэн урам зоригтой ажиллуулах вэ, хэрхэн тогтоон барих вэ гэдгийг л бодож, ширээний ард суудаг. Манай компанийн хувьд, дунд түвшний менежерүүдэд итгэл хүлээлгэж ажиллуулдаг. Тэр ч утгаараа найдвартай хүмүүсээ томилохыг хичээдэг. Нэг үеэ бодвол, “Ажисэн”-ий хамт олон гэр бүл шиг болсон. Энэ хэмжээнд хүргэнэ, хүн удирдаж ажиллуулна гэдэг мэргэжил боловсролоос илүү чадвар байх” хэмээн онцолж байлаа.
“Ажисэн” рамений хамт олон долоо хоног бүр үйлчилгээний стандартын сургалт явуулдаг. Сард нэг удаа бүгдээрээ рамен амталгаа хийдэг. Учир нь үйлчлүүлэгчдэд амтаа тайлбарлаж мэддэг байх нь эдний үйлчилгээний соёлын нэг хэсэг юм. Одоогоор “Ажисэн”-ий цэсэн дээр 21 төрлийн рамен бий. Үйлчлүүлэгч нартаа зориулаад олон төрлийн раменийг шинээр гаргахыг зорьж ажилладаг байна. Зөвхөн “Ажисэн”-ий Монгол дахь салбараас дэлхийн өөр хаана ч байхгүй гурван төрлийн раменийг амтлах боломжтой. Өөрөөр хэлбэл, хонины махтай рамен, адууны махтай рамен, органик рамен буюу гоймонг нь гурилаар хийсэн раменийг зөвхөн Монголд идэж болно.
“Ажисан” сүлжээ рамений гол зорилго нь дэлхийн аль ч салбарт очсон өөрсдийнх нь нэг л төрлийн амтыг гаргаж авахыг эрмэлздэг. Тиймээс “Монгол амт оруулах уу” гэсэн саналыг үүсгэн байгуулагчдад хэлж байжээ. Харин тэд зөвхөн япон амтыг л үйлчлүүлэгч нартаа хүргэхээр шийдсэн аж. Энэ ч утгаараа он удаан жил уламжлалт аргаар боловсруулсан гахай ясны шөл, Окинава аралын давс, шарсан сармис, рамений 1, 2, 3, 4-р төрлийн соус, халуун ногооны соус гээд бүх л түүхий эдийг Японоос имтортолдог байна. Энэ ч утгаараа зарим бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж ирдэг ч “Ажисэн” раменийнхэн дундаж үнийг үйлчлүүлэгчид санал болгодог аж.
Зөвхөн Монголд байгаа “Ажисэн”-ий салбараас дэлхийн өөр хаана ч байхгүй гурван төрлийн раменийг амтлах боломжтой аж.
Япончууд эрүүл мэнддээ гойд анхаарч, эрүүл хүнс хэрэглэдэг ард түмэн. Иймээс “Ажисэн” рамен ресторанаар ямар ч насны хүмүүс үйлчлүүлж болох аж. Учир нь түүхий эдийг үйлдвэрлэхдээ эрүүл ахуйн стандартыг нарийн тогтоож, баримталдаг учир, баталгаатай хүнс, мөн байнгын шалгалттай орчин учраас үйлчлүүлэгч эрүүл хүнс үү, цэвэр орчинтой юу гэдэг огт эргэлзэхгүй байж болохоор. Үйлчлүүлэгчид “Танайх хурдан шуурхай үйлчилгээтэй, танайд хүүхдүүдээ дагуулаад, гэр бүлээрээ хооллох дуртай шүү” гэж үргэлж сэтгэгдлээ илэрхийлдэг. Нөгөө талаасаа, хүмүүст ийм сайхан сэтгэгдэл үлдээх, үйлчилгээг үзүүлж байгаагаараа “Ажисэн” рамений хамт олон урам зоригтой ажилладаг байна.
”Grand prince” ХХК нь цаашид гурван салбартаа анхаарч, үйлчилгээгээ улам чанаржуулж ажиллах бодлого баримталж буй. Тэд монголд анх удаа нийтийн хоолны салбарт франчайз бизнесийг нэвтрүүлжээ. Япон үйлчилгээ стандарт гэдэг дэлхийд өндөртөө ордог. Тиймээс япон үйлчилгээ, япон соёл, япон стандартыг нутагшуулж, үйлчлүүлэгч нартаа японд байгаа мэт мэдрэмж төрүүлэхийн төлөө тэд ажиллаж байна.