Эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан байнга хувьсан өөрчлөгдөж ирсэн бизнесийн орчин Ковид-19 цар тахлын дараа өмнөхөөсөө бүр ч илүү хурдтай өөрчлөгдөж, эрс өөр менежментийн арга барилыг удирдагчдаас шаардах болсон. Товчхондоо, бизнесийн уур амьсгал хүчтэй өөрчлөгдөж, ажилтнуудын шилжих хөдөлгөөн нэмэгдэж буй энэ үед хүний нөөцөө уян хатан менежментээр удирдах, мөн ур чадвартай мэргэжилтнүүдийг олж, тогтвортой ажиллуулах шаардлага үүсэж буй. Эдийн засаг, бизнесийн орчны энэхүү өөрчлөлтийг МҮХАҮТ -ын дэргэдэх “Бизнес академи” соргогоор мэдэрч, гүйцэтгэх дээд удирдлагуудад зориулсан Executive Summit 2023 уулзалтыг “Өөрчлөлтөөр манлайлъя” уриан дор өчигдөр буюу хоёрдугаар сарын 9 -нд амжилттай зохион байгууллаа.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан буй уг арга хэмжээнд Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 150 гаруй гүйцэтгэх дээд удирдлага оролцсон бөгөөд бизнес загвараа Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх, байгальд ээлтэй, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах нь тухайн бизнес урт хугацаанд оршин тогтнох суурь нөхцөл болж буй талаар хамтдаа хэлэлцэж, нэгэн ойлголтод хүрсэн юм.
Хэлэлцүүлэг, илтгэл, воркшоп, нетворкинг хэсгээс бүрдсэн баялаг агуулгын дагуу хосолмол, шинэлэг хэлбэрээр зохион байгуулагдсан энэхүү бүтэн өдрийн арга хэмжээ гүйцэтгэх удирдлагуудад бизнесийн ертөнцийн хурдтай өөрчлөлтөд хэрхэн дасан зохицох, өөрчлөлтийг хэрхэн удирдах, хамтын манлайллыг хэрхэн бий болгох вэ зэрэг өнөө цагт тулгамдаад буй асуултуудад хариулт өгч, цааш урагшлах цэнэг өгч чадсанаараа онцлог байв.
“Бизнес моделийн инновац ба тогтвортой хөгжил”, “Өөрчлөлтийг талентууд удирдах уу? Удирдагчид манлайлах уу?” зэрэг сэдвээр дотоодын шилдэг мэргэжилтнүүд хэлэлцүүлэг өрнүүлсэн бол олон улсаас уригдсан шилдэг судлаач, эрдэмтэд цахим хэлбэрээр оролцож, өөрсдийн мэргэшсэн чиглэлээр сонирхолтой илтгэл тавьж, судалгааны үр дүнгээсээ хуваалцсан юм. Тухайлбал, Wharton School -ийн профессор Кэти Милкмэн “Challenge and change”, Harvard Business School Publishing-ийн бүсийн захирал Пердип Кумар “Collobrative leadership & Quality”, Английн Institute of Directors -ийн доктор Рожер Баркер “Corporate Governance” сэдвээр тус тус илтгэл хүргэсэн билээ.
Executive Summit 2023 -ийн нээлтийн үеэр МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Хувийн хэвшил илүү манлайлалтай, санаачлагатай байж чадвал улс орны эдийн засаг тэлнэ” гэж онцолсон бол “Бизнес академи” -ийн захирал Д.Асралт “Өөрчлөлт гэдэг гүйцэтгэх удирдлагын манлайллаар дамжиж аливаа бизнест ирдэг. Олон улсад ч, Монголд ч ялгаагүй зах зээлд үүсэж буй өөрчлөлтийн дохиог сайн анзаараагүйгээс үүдэж, маш олон бизнес дампуурсан байдаг. Тиймээс өнөөдрийн уулзалтаас манлайлагчид маань ямар нэг мессэж, өөртөө хэрэгтэй, өөрийгөө өөрчлөх боломж, арга техникийг суралцах болов уу” хэмээн тодотгож байв.
“Өөрчлөлтийг талентууд удирдах уу? Удирдагчид манлайлах уу?” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлгийн үеэрх онцлох эшлэлийг хүргэж байна.
ХААН банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба
Өөрчлөлтөд хамгийн их нөлөөлдөг зүйл бол тухайн байгууллагын засаглал, соёл. Бүх ажилтан өөрийн дотоод нөөц бололцоогоо тултал гаргаж чадахуйц тийм тогтолцоо, соёл, нөхцөл бүрдсэн цагт байгууллагууд амжилттай ажиллаж чаддаг гэж боддог.
Мобиком корпорацийн Хүний нөөцийн газрын захирал Б.Соёлчимэг
Ямар нэг өөрчлөлтийг нөлөөллийн түвшинд авчрахын тулд бүх шатныхан нэг ойлголттой болох нь чухал. Бидний хувьд өнгөрсөн хугацаанд ямар алдаа, оноо гаргаж, түүнээс юу суралцсанаа нээлттэй дүгнэж, хэлж чаддаг. Тиймээс ирээдүйн зорилго, алсын хараагаа бүх түвшинд ойлгуулж, нээлттэй байх хэрэгтэй.
Сүү ХК -ийн гүйцэтгэх захирал М.Болод:
Нэг компанид ажиллаж, нэг тогооноос хоол иддэг хэрнээ баг болоогүй байгууллага цөөнгүй байдаг. Энэ зөрүү арилсан цагт зөвхөн өөрчлөлтийг авчрах бус, байгууллагын цоо шинэ хэв маягийг бүтээх боломж бүрддэг. Тэгэхээр гүйцэтгэх удирдлага багууд дотор чимээгүй, дуугаа хурааж, урам зориг нь мөхөж буй хэсэг байгаа эсэхийг маш сайн анзаарч, сонсож, ойлгож, маш хурдан өөрчлөгдөж ажиллах ёстой. Нэг үгээр, нэгдмэл баг үүсгэх нь өөрчлөлтийн хамгийн гол нууц, түлхүүр гэж үзэж байна.
Макс группын Хүний нөөц, захиргаа хариуцсан захирал Д.Нямлхаажав:
Өөрчлөлт бий болгох, эерэг үр дүн гаргахад нөлөөлдөг гол хүчин зүйл бол удирдлагын арга барил. “Би бүхнийг мэднэ”, “Бүгдийг минийхээр хийх ёстой” гэсэн дарангуй уур амьсгалтай байгууллагад өөрчлөлтийн санаачлага аль ч түвшнээс гарч дэмжигдэхэд хэцүү. Тэр утгаараа удирдлага өөрөө мэдрэмжтэй, өөрчлөгдөхийг хүсдэг, нээлттэй, ил, үнэн байж чаддаг бол өөрчлөлт, шинэчлэлийг хурдан хийж, эерэг үр дүн гаргадагт итгэлтэй байдаг.