Монголын дэлгүүр супермаркет болон ресторан зоогийн газрын кассан дээр нийтлэг тохиолддог үзэгдлийн нэг бол банкны кодыг дэлгүүр, супермаркет болон ресторан зоогийн газрын кассын ажилтнууд хийдэг асуудал юм. Ялангуяа дэлгүүр, супермаркетад бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийгээд тооцоо хийх үед кассын ажилтан нь “Код нь хэд вэ?” гэж загнах шахуу асууж лавладаг. Зарим хүмүүс банкны нууц кодоо ямар нэг юм бодолгүй шууд хэлж байгаа харагддаг. Дэлгүүр, супермаркетын кассын ажилтан тухайн үйлчлүүлэгчийн өмнөөс хэдэн товч дараад л тооцооны баримтыг банкны карттай буцаан өгдөг.
Монголчууд бид ч сүүлдээ иймэрхүү үзэгдэлд дасал болж, банкны картын нууц кодоо олон хүмүүсийн өмнө шууд хэлдэг болчихсон. Дэлгүүр, супермаркетын ажилтнууд зочин үйлчлүүлэгчийн хувь хүний нууц болон мэдээллийн аюулгүй байдалд халдаж буйгаа төдийлөн мэддэггүй бололтой. Жишээлбэл, тооцоогоо хийж буй хүний ард эвгүй нэг нөхөр зогсож байгаад банкны кодыг сонсож мэдээд араас нь гарч, банкны картыг булааж авах эрсдэл өндөр! Иймэрхүү аюул эрсдэл байгаа гэдгийг дэлгүүр, супермаркетын удирдлагууд болон ажилтнууд онцгойлон анхаарах ёстой! Өөр нэг анхаарах зүйл гэвэл зочин үйлчлүүлэгч банкны нууц кодоо хийх үед нь дэлгүүр супермаркетын кассын ажилтнууд хараад зогсож байдаг. Ийм тохиолдолд аль болох өөр тийш харцаа шилжүүлж, нууц кодыг нь харахаас татгалзах нь зүйтэй.
Хувь хүний нууцад хамаагүй халдаж болохгүй гэдгийг дэлгүүр, супермаркетын менежерүүд нь сайтар зааж сургах нь зүйтэй болов уу! Хэрэв танай дэлгүүр супермаркетаар үйлчлүүлээд гарсан нэг зочин банкны картаа дээрэмдүүлсэн тохиолдолд хэн хариуцлага хүлээх вэ? Мэдээж зочин үйлчлүүлэгчийн банкны кодыг олон хүний өмнө асуусан кассын ажилтан болон дэлгүүр супермаркет хариуцлага хүлээнэ гэсэн үг.
Японд хувь хүний нууц өндөр хэмжээнд хамгаалагдсан байдаг. Японы дэлгүүр, супермаркетууд зочин үйлчлүүлэгчийн банкны нууц кодыг асууж лавлаад, зочны өмнөөс нууц кодыг нь хийх үйлдэл гаргавал цагдаа, шүүхэд дуудагдана. Хувь хүний нууцад халдсан гэсэн асуудал үүснэ. Японд хэн нэгэн хүний утасны дугаарыг танихгүй хүнд дур мэдэн өгдөггүй! Тухайн хүнээс нь утасны дугаарыг ийм хүнд зааж өгч болох эсэхийг заавал лавлаад дараа нь өгдөг. Энэ нь хариуцлагын системтэй холбоотой.
Тэгэхээр дэлгүүр, супермаркетын ажилтнууд болон үйлчлүүлж байгаа зочин худалдан авагч нарын аль аль нь хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн үг юм. Та зарим тохиолдолд дэлгүүр супермаркетын кассын ажилтнуудад шаардлага тавьж банкны нууц кодоо өөрөө хийж хэвших хэрэгтэй. Та ч мөн хариуцлагатай байх хэрэгтэй юм.
Эх сурвалж: japanguide.mn
9905-7125, 9110-6861, 8010-3508
contact@japanguide.mn