– Business.MN сэтгүүлийн 2023 оны 02 сарын дугаар (№51) -т нийтлэгдсэн ярилцлага –
Олон улсын мөнгөн гуйвуулгын бие даасан сүлжээг үүсгэж чадсанаараа Монголд анхдагч болсон “Сэндли ББСБ” өнгөрсөн есдүгээр сард IPO хийж, 10 тэрбум төгрөгийн санхүүжилт амжилттай татан төвлөрүүлсэн билээ. Тэгвэл энэ буухиа цааш үргэлжилнэ гэдгийг тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Наранбат мэдэгдсэн бөгөөд Sendly -ийн араас HiPay болон эдгээр төслийг эзэмшигч, толгой компани болох “Монголын финтек групп” ойрын жилүүдэд IPO гаргахаар тус тус төлөвлөжээ. Тус группын бүтцэд “Сэндли ББСБ” ХК, “Хай Пэймэнт Солюшнс” ХХК-иас гадна үнэт цаасны зуучлал, хөрөнгийн удирдлага зэрэг чиглэлээр санхүүгийн салбарт дагнан үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй охин компани багтаж буй.
“Сэндли ББСБ” ХК -ийн тухайд хөрөнгийн зах зээлийн тоглолтоо цааш үргэлжлүүлж, 2025 онд БНСУ-ын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргахаар төлөвлөж байна. Өдгөө Sendly аппликэйшн Америк, Австрали, Япон болон Европын холбооны 27 улсад үйлчилгээгээ нэвтрүүлээд байгаа бол тун удахгүй БНСУ, Хятадын зах зээлд гарахаар ажиллаж байгаа юм. Богино хугацаанд өсөлт үзүүлж, олон төслийн ард амжилттай гарсан тус компанийн ТУЗ -ийн дарга Б.Наранбаттай ойрын зорилго, зорилтынх нь талаар ярилцлаа.
Холбоотой нийтлэл:
Дэлхийг сүлжих Sendly -ийн төлөвлөгөө
Sendly: Дэлхийг хэрэх монгол финтек
2022 он та бүхний хувьд нэлээд завгүй, олон чухал ажил амжуулсан жил болж өнгөрсөн болов уу. Компанийн удирдлагын хувьд та өнгөрсөн оноо хэрхэн дүгнэх вэ?
Өнгөрсөн он бидний хувьд HiPay болон Sendly төслүүдээ улам сайжруулан хөгжүүлж, олон бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлсэн бүтээлч жил байлаа. Тэр дундаа, Sendly IPO амжилттай хийж, хувьцаат компани болсон нь хамгийн гол ажил. Манай компанийн гол хэрэглэгч бол залуучууд. Тиймээс залууст чиглэсэн хэд хэдэн ажил зохион байгуулсны нэг нь тавдугаар сарын сүүлчээр болсон “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээний оролцогчдын бүртгэлийг HiPay апп -аар дамжуулан автоматжуулж, Монголд анх удаа RFID хурд хэмжигч төхөөрөмжийг тодорхой цэгүүдэд байршуулж, гүйгчид эзэлсэн байр болон гүйлтийн хурдны мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн. Цаашид ч бид жил бүр “Улаанбаатар марафон”-ы албан ёсны түнш, технологийн хамтрагчаар ажиллахаар болоод байна. Мөн өнгөрсөн есдүгээр сард МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан марафоны үеэр энэ төслөө хэрэгжүүлж, үйл ажиллагааг нь автоматжуулсан.
Харин арваннэгдүгээр сард нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдол хэмжигч Airly ухаалаг төхөөрөмжийг Улаанбаатар хот болон орон нутгийн тодорхой цэгүүдэд нийт 50 ширхэгийг байршуулснаар HiPay апп -аас агаарын чанарын мэдээллийг тогтмол авдаг болоод байна. Польш улсын Airly компанийн үйлдвэрлэдэг энэхүү төхөөрөмжийн тусламжтай иргэд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж буй агаарын бохирдлын түвшин, агаарын чанарын нарийвчлалтай мэдээллийг гар утсаараа хүссэн үедээ авч, гадагш гарах эсэх, хаагуур зорчих зэрэг тодорхой шийдвэрийг гаргаж, өдөр тутмын амьдралдаа ашиглахад дөхөм болоод байна.
Бидний алсын хараа бол дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн монгол бизнесийг цогцлоох. Өнөөдөр бид дэлхийн хэмжээнд хэдийнэ үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин одоо дэлхийн хэмжээнд үнэлэгдэх ёстой.
Мөн бид “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт нэгдэж, 1.5 сая ширхэг мод тарих үүрэг хүлээсэн. Энэ хүрээнд “Зөвийг шүгэлдэгчид”, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ болон “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” -гийн удирдлагуудтай хамтран гадаадад суугаа монголчууд тарих мод, байршлаа онлайнаар сонгон, худалдан авч, хандив өргөх бололцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл, иргэд дэлхийн хаанаас ч Sendly апп -аар мөнгөн гуйвуулга хийн дансаа цэнэглэж, HiPay апп -аас модоо сонгон тарих боломжтой гэсэн үг.
Бидний хэрэгжүүлж буй өөр нэг төсөл болох Stocklab апп -аар дамжуулан хилийн чанад дахь монголчууд үнэт цаасны данс онлайнаар нээж, дэлхийн хаанаас ч дотоодын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоход саадгүй болсон. Ингэж автоматжуулсан нь Монголын хөрөнгийн зах зээлийн 32 жилийн түүхэнд байгаагүй шинэлэг ажил болж чадсан. Тун саяхан бид Stocklab апп -даа хүүхдэд зориулсан хувьцааны данс нээх цэс шинээр нэмсэн. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь ирээдүйн хөрөнгө оруулагч иргэн болгон төлөвшүүлэх, хөрөнгийн зах зээлийн мэдлэг боловсрол олж авахад нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдсэн. Ер нь “Монголын финтек групп” -ын хэрэгжүүлж буй 10 орчим төсөл бүгд санхүүгийн үйлчилгээг технологийн тусламжтай автоматжуулж, хялбар, хүртээмжтэй болгож буйгаараа онцлог. Эдгээр технологийг бид өөрсдийн дотоод нөөц бололцоо, чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүдийнхээ хүчээр хөгжүүлж, зах зээлд маш хурдтай нэвтрүүлж чадаж буй нь манай давуу тал. Хэрэв сайжруулах шаардлагатай зүйлс гарвал тэр дор нь засаад явдаг. Нэг ёсондоо, бид ажайл (agile) аргачлалаар ажилладаг.
Sendly IPO хийж, нээлттэй хувьцаат компани болсноос хойш ямар ажлууд амжуулав. Та бүхний хөрөнгийн зах зээл дэх дараагийн алхам юу вэ?
Өнгөрсөн есдүгээр сарын 30 -нд Sendly -ийн анхдагч зах зээлийн арилжаа хаагдаж, компани маань зорьсон санхүүжилтээ амжилттай босгож, нийт 3416 хувьцаа эзэмшигчтэй болж чадсан. Үүний дараа арваннэгдүгээр сард БНСУ-ыг Өмнөд Солонгос улсыг зорьж, тус улсын хоёр дахь том санхүүгийн групп Shinhang Securities компанитай гэрээ байгуулсан. Sendly IPO хийх үеэр ирээдүйд хийнэ гэж бидний дурдаж байсан ажлуудын нэг нь энэ. Манай хамт олон 2025 он гэхэд Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж KOSDAQ -д нэмэлт хувьцаа гаргах ажлын хүрээнд дээрх гэрээг байгуулснаараа онцлог юм. Тэр хүртэл бид дотооддоо ашигт ажиллагаагаа сайжруулж, өмнөх ажлаа сайн гүйцэтгэх ёстой. Мөн тус улсад очих үеэрээ тэнд ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан эвент, уулзалтууд зохион байгуулж, компанийнхаа үйл ажиллагааг танилцуулсан.
Бид 2019 онд Өмнөд Солонгосын Financial Supervisory Service буюу тус улсын Санхүүгийн зохицуулах хорооныхонтой анх уулзаж, тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаж байсан юм. Ингээд 2021 оны арванхоёрдугаар сард тэнд охин компаниа байгуулж, тус зах зээлд нэвтрэх бэлтгэл ажлаа үргэлжлүүлсээр байна. Хэрэв энэ ондоо багтан тусгай зөвшөөрлөө авчихвал Sendly -ийн хувьд мөнгөн гуйвуулгын маш том зах зээл нээгдэнэ гэж үзэж байна. Албан бус тоогоор Өмнөд Солонгост 50 мянга орчим монгол хүн ажиллаж, амьдардаг. Энэ тоо цаашид ч нэмэгдэж, 5-10 жилийн дараа гэхэд 100 мянгад ч хүрэх бололцоотой. IPO хийхээс өмнө Sendly апп -аар дамжуулан сард 500-600 мянган ам.доллар Монголын эдийн засагт орж ирдэг байсан бол өнгөрсөн 11, 12 дугаар сарын байдлаар буюу IPO хийсний дараа энэ тоо 800-900 мянган ам.доллар болж өссөн. Тэгвэл Өмнөд Солонгос болон Хятадын зах зээлд бид үйлчилгээгээ нэвтрүүлчихвэл энэ тоо өсөж, сард 3-5 сая ам.долларыг Монголдоо оруулж ирэх боломж бүрдэнэ гэж харж байгаа юм.
Монголчууд 3.5 сая хүнтэй энэ зах зээлээ томруулахын төлөө л улсаараа ажиллах нь чухал. Ингэхийн тулд илүү ихийг экспортолж, олон сая жуулчин хүлээн авч, Монголын компаниуд дэлхийд гарах бизнес хийх ёстой.
Өнгөрсөн нэгдүгээр сард бид 8.5 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Сэндли” нээлттэй бондыг амжилттай гаргасан. Энэ нь 2023 онд Монголын хөрөнгийн бирж дээр гарсан анхны нээлттэй бүтээгдэхүүн болсноороо онцлог. Тав хоногийн хугацаанд бид хөрөнгө оруулалтаа татан төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн ч цан цохисноос хойш нэгхэн цагийн дотор 8.5 тэрбум төгрөг бүрдсэн. Энэ бүхэн нэг талаар, хөрөнгийн зах зээлийн идэвхжлийг харуулж байна. Нөгөө талаар, манай “Сэндли” бүтээгдэхүүн брэнд болж, олны итгэлийг хүлээж чадлаа гэж харж байна. Биднийг бонд гаргахаас хэдхэн хоногийн өмнө, нэгдүгээр сарын 20 -нд Монголын хөрөнгийн биржийн ТОП 20 индекст “Сэндли” багтсан. Нэг үгээр, Монголын хөрөнгийн биржид арилжаалж буй үнэт цааснууд дундаас арилжааны идэвх, зах зээлийн үнэлгээ өндөртэй 20 компанийн нэг болж чадлаа. Бидний хувьд дээрх амжилтаа хадгалах, ТОП 20 дотроо 15, 10, цаашлаад тав дахь том компани болохын төлөө зорьж ажиллана. Мэдээж ийм амжилтад хүрэхийн тулд “Сэндли”-гийн эргэлдүүлж буй мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлж байж ашиг орлого өснө. 2023 онд бид 30 орчим тэрбум төгрөгийг дотоод болон гадаадаас босгохоор төлөвлөж, эхний 8.5 тэрбумыг амжилттай татсан нь энэ юм.
Өнгөрсөн сард Хятад улс урт хугацаанд баримталсан “Тэг ковид” бодлогоо зөөлрүүлж, хилээ нээснээр хоёр улсын иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, худалдаа үйлчилгээний эргэлт ч сайжрах төлөвтэй байна. Ингэснээр та бүхний WeChat Pay -тэй хийсэн хамтын ажиллагаа хэрхэн өргөжих боломжтой гэж харж байгаа вэ?
HiPay (“Хай пэймэнт солюшнс” ХХК) компани маань 2021 оны арваннэгдүгээр сард Хятадын WeChat Pay төлбөр тооцооны цахим системийн Монгол дахь албан ёсны түнш байгууллага болсон. Ингэснээр Монгол Улсаас албан ёсоор хамтран ажиллаж буй хоёр дахь байгууллага болж чадсан. Гэвч өнгөрсөн хугацаанд “Ковид-19” цар тахалтай холбоотой хязгаарлалт, хөл хөдөлгөөн татарсан зэргээс шалтгаалан үйлчилгээгээ бид төдийлэн идэвхжүүлээгүй. Харин нэгдүгээр сарын 8 -нд Хятадын хил нээгдсэн тул бид Замын-Үүд дэх худалдаа, үйлчилгээ эрхлэгч байгууллагад WeChat Pay -ээр дамжуулан төлбөр хүлээж авах автоматжуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүний үр дүнд, хилээр орж ирж буй зорчигчид, тэр дундаа БНХАУ-ын иргэд өөрсдийн ашиглаж дадсан төлбөр тооцооны систем болох WeChat Pay -ээр дамжуулан төлбөрөө хурдан шуурхай, хялбар байдлаар төлөх боломж нээгдсэн. Нөгөө талаар, энэ бүхэн Монголын бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ борлуулалтыг өсгөхөд эерэгээр нөлөөлнө. Мөн бид тус улсын өөр нэг төлбөр тооцооны платформ болох Alipay -ийг Монголд албан ёсоор нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай улсад WeChat Pay болон Alipay төлбөрийн систем хослон ажилладаг болсноор томоохон давуу тал үүснэ гэж харж байна.
“Монголын финтек групп” аялал жуулчлалын салбарт хөл тавих төлөвлөгөө бий талаар та өмнө нь ярьж байсан. Энэ чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлах тухай тогтоолыг өнгөрсөн долоодугаар сард гаргасан. Үүнтэй холбоотой аялал жуулчлалыг дэмжсэн олон зохицуулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил хийгдэнэ гэж харж байна. Үүнээс гадна арванхоёрдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Казиногийн тухай хууль болон тус хуулийг дагалдуулан багц байдлаар бооцоот таавар, хонжворт сугалаа, бооцоот морин уралдааны тухай хуулийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төсөл аялал жуулчлалыг дэмжих, нэмэгдүүлэх чиглэлд нэлээд дэмжлэг болох болов уу. Бидний хувьд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, тэр дундаа Замын-Үүд чөлөөт бүсээр орж ирэх жуулчид болон тус бүсэд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд зориулан WeChat Pay болон Alipay -ээр дамжуулан төлбөр тооцоог хүлээн авах цэгүүдийг бий болгож ажиллана гэсэн амбиц бий. Мөн зөвхөн Замын-Үүд гэлтгүй Ховд аймгийн Булган боомт, Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Баянхошуу, Сүмбэр боомт зэрэг хил орчмын бүсэд, боломжтой бүхий л газарт төлбөр тооцооны дижитал шийдлийг нэвтрүүлж, дэд бүтцийг хөгжүүлж ажиллахаар төлөвлөсөн.
2025 онд “Сэндли ББСБ” ХК Өмнөд Солонгосын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргана.
Нэгэнт улсаас аялал жуулчлалыг дэмжинэ гэдгээ зарласан учраас бид хувийн хэвшлийн төлөөлөл гэдэг утгаараа хамтран ажиллахын зэрэгцээ үүнийг том боломж хэмээн харж, бэлтгэл ажлаа хангаж байна. Тэр дундаа, холбогдох хууль батлагдвал спортын бооцоот тааврын чиглэлээр тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө бий. Ингэснээр хэд хэдэн давуу тал үүснэ. Тухайлбал, Монголд спортын салбар хөгжихөд тухайн спорт өөрөө мөнгө эргэлдүүлж, мөнгө олж чаддаг байх ёстой. Манай улсад спортын бооцоот таавар хөгжвөл Хятад, Орос зэрэг хөрш улсаас ирэх жуулчдын урсгал нэмэгдэнэ. Учир нь эх газрын Хятад, Өвөрмонгол, мөн Орос улсад энэ төрлийн бооцоот таавар явуулах эрх зүйн орчин бүрдээгүй. Энэ утгаараа Монголд эрх зүйн орчин бүрдвэл дагаад аялал жуулчлал нэмэгдэнэ гэж үзэж байна. Үүнд, бидний хөгжүүлсэн олон мянган хэрэглэгчтэй HiPay, Sendly апп болон хамтран ажиллаж буй WeChat Pay, Alipay зэрэг платформ ихээхэн дэмжлэг болох юм. Өөрөөр хэлбэл, манай групп компани санхүү, мэдээлэл технологийн чадварлаг боловсон хүчнийг нэгтгэж чадсан учраас спортын бооцоот тааврын чиглэлээр тусгай зөвшөөрөл авчихвал энэ төрлийн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхэд харьцангуй бэлтгэлтэй, дэд бүтэц сайтай гэдэг утгаараа давуу тал болно. 2023 онд энэ чиглэлээр холбогдох ажлын хэсгийг томилж, судалгааны ажлаа эхлүүлээд байна.
Маш богино хугацаанд санхүүгийн салбарт өөрийн гэсэн онцлогтой олон төсөл хэрэгжүүлж чадаж буйн цаана ямар бодлого, менежмент байгаа вэ?
Бид маш бага зардал, цомхон боловсон хүчнээр шинэ төслүүдээ эхлүүлж, хэрэгжүүлж чаддаг. Тухайлбал, Airly, Stocklab зэрэг төслийн ард гэхэд л 3-4 хүнтэй менежментийн баг ажилладаг. Технологийн үндсэн хөгжүүлэлт, маркетинг, брэндинг, санхүү, хууль зэрэг олон салбарын ажлыг толгой компани болох “Монголын финтек групп” нэгдсэн байдлаар шийддэг учраас нэгж төслийн хөрөнгө оруулалт маань маш бага түвшинд байж чаддаг. Энэ нь бидний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Тухайн төслийг маш бага зардлаар, маш хурдтай нэвтрүүлж, түүнийгээ зах зээлд шууд тест хийж, алдаа гарвал тэр дор нь засаж сайжруулан суралцаад явдаг буюу олон улсад ид трэнд болж буй ажайл аргачлалыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн. Ингэснээр сүүлийн хэдхэн жилийн дотор олон тооны төсөл хэрэгжүүлж амжаад байна. Нэг үгээр, бид шинээр нэвтрүүлэх төслүүдээ ч зах зээлд хурдтай нэвтрүүлж чадна гэсэн үг. Хэдий чинээ шинэ боломжуудыг олж харж, тэдгээрийн нэг хэсэг болж, амжилттай төсөл хэрэгжүүлнэ, тэр хэрээр 2021 онд “Монголын финтек групп” хаалттай хувьцаа гаргаж, 10 тэрбумын санхүүжилт босгоход оролцсон 231 хүний хөрөнгө оруулалтын үнэ цэн өсөх юм.
Үүнтэй холбогдуулан энэ жил бид толгой компанидаа хаалттай хэлбэрээр нэмэлт хувьцаа гаргахаар төлөвлөж байна. Мөн өмнө дурдсанчлан гадаадын хөрөнгө оруулалт татах төлөвлөгөө бий. Өнгөрсөн онд бид стартапаас олон нийтийн хяналттай, системийн хувьд төлөвшсөн, корпорейт соёл бүхий компани болох шилжилтэд бэлдэж, өөрсдийгөө сорьсон бол 2023 онд үйл ажиллагаагаа тогтворжуулж, өсөлтөө хадгалах, хил орчмын аялал жуулчлалд төвлөрч ажиллахаар төлөвлөсөн. Эдгээр төлөвлөгөөндөө хүрч чадвал оны эцэс гэхэд групп компанийн маань зах зээлийн үнэлгээ ч дагаад өснө гэсэн хүлээлттэй байна.
Өнгөрсөн таван жилийн хугацаанд бидний өсөлтөд нөлөөлсөн хамгийн гол зүйл бол хөрөнгийн зах зээлийн хөгжил, сэргэлт, мөн санхүүгийн салбарт бий болж буй томоохон өөрчлөлт, шинэчлэлт. Хэрэв манай компани 2012 онд байгуулагдаж, одоогийн төслүүдээ хэрэгжүүлээд явсан бол тухайн үед хөрөнгийн зах зээл өнөөгийн түвшинд хөгжөөгүй байсан гэдэг утгаараа асар их саад бэрхшээлтэй тулгарах байсан. Тэгэхээр цаг үеэ мэдэрнэ гэдэг маш чухал. Бидний хувьд Монголд финтек өндөр өсөлт үзүүлж, хүчээ авахаас өмнө голлох төслүүдээ эхлүүлсэн байсан нь оносон. “Ковид-19” цар тахлын үед л финтек, дижитал шилжилт маш чухал гэдгийг хүмүүс бүрэн утгаар нь ойлгосон шүү дээ. Харин бид түүнээс өмнө төслүүдээ эхлүүлсэн нь давуу тал болсон.
Та бүхэн бага хүчээр ихийг хийж чаддаг гэлээ. Мөн баг хамт олноо санхүү, мэдээлэл технологийн салбарын чадварлаг мэргэжилтнүүдийн хослол гэж байна. Тэгвэл боловсон хүчнээ тогтвортой, бүтээмжтэй ажиллуулахын тулд хүний нөөцийн менежментийн ямар бодлого хэрэгжүүлж ажилладаг вэ?
Бид бүхнийг тэгээс эхэлсэн. Аливааг тэгээс эхлүүлж, бодит ажил хэрэг болгохын тулд өөрийн хариуцсан салбараа сайн мэддэг мэргэжилтнүүдийг нэгтгэж байж л бид зорьсноо хэрэгжүүлж, улмаар хүмүүсийн өдөр тутмын асуудлыг шийдэж, үнэ цэнийг бий болгосоор ирсэн байна. Манай суурь боловсон хүчин, менежментийн багийн хувьд гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагуудад олон жил ажилласан туршлагатай хүмүүс байдаг. Мөн бид анхнаасаа л банкны менежментийг шууд авч нэвтрүүлсэн нь зөв алхам болсон. Үүний зэрэгцээ компанийн ирээдүйн өсөлт, дэвшил, амжилт эргээд ажилтан хуримтлал бий болгох, үр хойчдоо үнэ цэнтэй хөрөнгө оруулалт үлдээх боломжийг бүрдүүлэхийн төлөө байдаг. Энэ ч үүднээс ажилтнууддаа компанийн хувьцааны тодорхой хувийг эзэмшүүлж, хамтын эзэмшигч, хөрөнгө оруулагч болгох зорилгоор ESOP (Employee stock ownership program) хөтөлбөрийг нэвтрүүлээд байна. Түүнчлэн ажилтнуудаа эмчийн үзлэгт тогтмол хамруулж, олон нийтийн арга хэмжээ идэвхтэй зохион байгуулах, байгууллага дотор сонирхлоороо нэгдсэн клубүүдийг идэвхжүүлэх зэрэг төрөл бүрийн ажил хийж байна. Өнгөрсөн жил “Монголын финтек групп” компанийн таван жилийн ой тохиоход бид нийт 20 хүнийг шилдэг ажилтнаар шалгаруулж, гадаадад аялах эрхийн бичгээр шагнасан. Үүнээс гадна жил бүр тодорхой тооны ажилтнууддаа орон сууцны зээлийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлдэг. Энэ бүхнээс хамгийн чухал зүйл болох ажилтнуудаа сургах, боловсруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.
Жишээлбэл, миний хувьд 2022 онд Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн Senior Executive Leadership Program хөтөлбөрт хамрагдан суралцсан нь бизнест ч эерэгээр нөлөөлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг компани байхын тулд боловсон хүчин өөрөө шилдэг байх ёстой. Шилдэг боловсон хүчин гэдэг нь эдийн засаг, санхүү, бизнес, технологийн салбарын чиг хандлагыг мэддэг, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, мэдээлэлтэй ойр байж чаддаг ажилтнуудыг хэлнэ” гэсэн санааг гүйцэтгэх удирдлагын хувьд сайтар тусгаж авсан. Тиймээс менежментийн түвшний 20 ажилтнаа “Бизнес академи” -ийн “Харвард МенежМентор” хөтөлбөрт хамруулж, сургасан. Тухайн хөтөлбөрт манай төсөл хариуцсан захирлууд болон менежерүүд хамрагдсанаар тодорхой хугацааны дараа шууд бодит үр дүн гарч эхэлсэн. Тэд илүү хариуцлагатай, маневр сайтай, хурдан шуурхай болохын зэрэгцээ богино хугацаанд багийнхантайгаа ойлголцох, хурал удирдан, зохион байгуулах зэрэг чадварт суралцаж байна.
Мөн миний хамрагдсан хөтөлбөрт Хятадын Tencent компани ажилтнуудынхаа мэдлэг, боловсролд анхаарч, долоо хоногийн баасан гараг бүрийг бүтэн сургалт, хөгжилд зарцуулдаг бөгөөд ажилтан, менежер, захирлуудад зориулсан гурван түвшний сургалт явуулдаг өөрийн гэсэн академитай талаар зааж байсан. Манай групп компани ч яваандаа баасан гараг бүрийн хагас өдрийг сургалт, семинарт зориулдаг болох хэтийн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Аливаа компани амжилттай ажиллахад алсын хараагаа зөв тодорхойлох, компанийн ажилтан бүр нэг зүгт харж урагшлах нь чухал гэдгийг удирдах түвшнийхэн байнга онцолдог. Та бүхний хувьд алсын хараагаа хэрхэн тодорхойлсон бэ?
Бидний алсын хараа бол дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн монгол бизнесийг цогцлоох. Өнөөдөр бид дэлхийн хэмжээнд хэдийнэ үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Харин одоо дэлхийн хэмжээнд үнэлэгдэх ёстой. Хоёр жилийн дотор толгой компани болох “Монголын финтек групп” -ын хувьцааг Монгол болон Өмнөд Солонгосын хөрөнгийн бирж дээр гаргана гэсэн товч тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байна. Үүний өмнө мэдээж HiPay -ийн IPO -г хийнэ. Дэлхийд танигдана, хүлээн зөвшөөрөгдөнө гэж бизнес эрхлэгч бүр ярих болж. Гэхдээ гол үнэ цэн, хэмжүүрийг хөрөнгө оруулагчид л тогтооно. Энэ бол ирээдүйтэй, зөв бизнес шүү гэдгийг хөрөнгө оруулалтын дүн л харуулна. Тэгэхээр тухайн бизнес ашигтай ажиллаж чаддаг, бодит бүтээмж бий болгодог байх ёстой.
Танай хамт олон нэгэн зэрэг олон төсөл хэрэгжүүлж ажилладаг. Мөн шинэ төслийн бэлтгэлдээ ч хэдийнэ ороод байна. Ингэж зогсолтгүй урагшлах гол хөшүүрэг тань юу вэ?
Ер нь хүн тухайн салбарт тодорхой хугацаанд ажиллаад ирэхээр хаана боломж байгааг илүү сайн олж хардаг шүү дээ. Бид энэ салбартаа хэдий чинээ ажиллана төдий чинээ шинэ боломжуудыг олж харж, өөрсдийгөө сорьж цааш урагшилна. Тухайн салбарт дөнгөж хөл тавиад л зах зээлээ ойлгож, мэдрэх ямар ч боломжгүй шүү дээ. Заавал хийж, туршиж, туршлагажиж байж зах зээлээ, өрсөлдөгчөө, харилцагчаа ойлгож мэднэ. Бид ч бас сураад, хийгээд, хэрэгжүүлээд, туршлагажаад явж буй л хамт олон. Ирээдүйд ч энэ хэвээрээ байна. Учир нь зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн хандлага цаг ямагт өөрчлөгдөнө. Урагшлах явцад боломжууд нэмж гарч ирнэ, зарим нь хаагдана. Үргэлж шинэ төслүүд хэрэгжүүлнэ, болохгүй байгааг нь зогсооно. Шинэ сорилт, шинэ саад бэрхшээлтэй байнга тулгарна. Гэхдээ юу үнэн, бас юу чухал гэхээр бид зах зээл, хэрэглэгчдийнхээ багтаамжийг үргэлж тэлж, томруулахын төлөө ажиллах ёстой. Монголоосоо давж, дэлхийн зах зээлд гарч бизнес хийнэ гэж зорьж байгаа маань ч ийм учиртай. Ерөөс монголчууд юу хийх ёстой гэхээр 3.5 сая хүнтэй энэ зах зээлээ томруулахын төлөө л улсаараа ажиллах нь чухал. Ингэхийн тулд илүү ихийг экспортолж, олон сая жуулчин хүлээн авч, Монголын компаниуд дэлхийд гарах бизнес хийх ёстой гэж боддог.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 02 сарын дугаар (№51) -т нийтлэгдсэн ярилцлага –