УИХ-аас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах Түр хороог нэг жилийн хугацаатайгаар байгуулсан. Хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын хоёр дахь шат хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн сонсголоор “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК, “Шинэ төмөр зам” зэрэг олны анхаарлыг татсан хөрөнгө оруулалтуудын талаар хэлэлцсэн юм. Сонсголд 134 гэрч дуудагдсанаас 81 нь оролцож, 27 гэрч өргөдөл, албан бичиг, хүсэлтийн дагуу оролцох боломжгүй болохоо мэдэгджээ.
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүд 1.5 тэрбум ам.долларын “Чингис” болон бусад бондыг гаргаснаас үүдэлтэй. “Чингис” бондын 500 сая ам.долларыг 5 жилийн хугацаатай 4.1 хувийн хүүтэй, нэг тэрбум ам.долларын 10 жилийн хугацаатай, 5.1 хувийн хүүтэйгээр босгосон. Бондуудыг босгох үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр энэхүү сонсголд гэрчээр дуудагдан оролцсон юм. Сонсголын үеэр түүнээс хуралдаан даргалагч Б.Энхбаяр “Томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх шаардлагатай байсан “Чингис” бондын мөнгийг яагаад төсвийн шинж чанартай маш олон арга хэмжээнд зарцуулсан” болохыг тодрууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллахдаа гадаад зах зээлээс мөнгө оруулж ирснээс биш мөнгө захиран зарцуулах эрх эдлээгүй.
Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр: “2012 оны сүүлийн хоёрдугаар хагасаас дэлхийн эдийн засагт эрдэс баялгийн үнэ огцом унаж нэг тонн нүүрс 30 ам.долларт хүрэхээс гадна алт, зэсийн үнэ унасан. Энэ нь Монгол Улсад эдийн засгийн томоохон эрсдэлийг дагуулах болсон тул хохирол багатай даван туулахын тулд “Чингис” бонд босгохоор болсон. Энд би албан ёсоор хэлэхэд, Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллахдаа гадаад зах зээлээс өртөг хямд хөрөнгийг оруулж ирснээс биш авч гараагүй. Монголд мөнгө оруулж ирснээс биш мөнгө захиран зарцуулах эрх эдлээгүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Засгийн газар хямралт байдлаас гарахын тулд эдгээр хөрөнгийг босгосон, тэр зорилгоо ч биелүүлж огцом уналтаас Монгол Улсыг аварч чадсан. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын босгосон бонд 8.65 хувийн хүүтэй байсан нь “Чингис” бондын хүүгээс даруй хоёр дахин үнэтэй боссон шүү” хэмээн хариулсан юм.
Хоёр дахь шатны сонсголын үеэр олон нийтийн анхаарлыг зайлшгүй татаж байсан хөрөнгө оруулалт бол “Шинэ төмөр зам” төсөл. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн уг төсөлд Хөгжлийн банкнаас 224 сая долларын санхүүжилт олгожээ. Төслийг хэрэгжүүлэх тогтоол хоёр удаа гарсан бөгөөд “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан шийдвэрлэхийг Ерөнхий сайд асан Сү.Батболд Хөгжлийн банканд даалгажээ. Сонсголд оролцсон шинжээч “Энэхүү тогтоолын 55 сая доллароос 22.5 сая доллар нь олгогдсон. 32.5 сая нь олгогдоогүй. 399 тэрбум төгрөгтэй тэнцэх 200 сая доллароос 197.8 сая доллар нь олгогдсон” хэмээн мэдэгдсэн юм.
Түр хорооны дарга Б.Энхбаяр: Төмөр замын солбицол яагаад зөрсөн талаар ард түмэнд мэдээлэл өгөх шаардлагатай учраас тайлбар өгнө үү?
ЗТХ-ийн сайд асан А.Гансүх: Төмөр замын холболтын цэг зөрсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд улс төрчид мэдэгддэг. Яг бодитой нотлох баримт эсвэл шинжээчийн дүгнэлт гараагүй гэж би ойлгодог. Холболтын цэг зөрөх байтугай цэгээ тохироогүй байсан. Тохироогүй цэг зөрнө гэж байхгүй.
“Энержи ресурс” компани ажлаа эхлээд “Самсунг” компанийг сонгож газар шорооны нь ажил зургаан хувьтай явж байхад ч тохироогүй байсан. Яагаад тохироогүй байсныг сайн ойлгоод аваарай. Нөгөө талаас Хятадын “Шинхуа” ТӨК төмөр замаа манай хил дээр тулгаж бариад энэ цэгт ирж холбо хэмээн биднийг шахдаг. Хариуд нь манай ТЭЗҮ-ийн судалгаагаас үзэхэд тухайн цэгт очиход нэгдүгээрт, Дархан цаазат газраар дайран өнгөрч байна. Хоёрдугаарт, маш их хэмжээний зардал мөнгө нэмэгдэж гарна. Дээр нь өндөржилтийн зөрүү их учраас маш өндөр гүүр барина. Иймд бид татгалздаг байсан. Бүрэн эрхт тусгаар тогтносон улсын Засгийн газартай холболтын цэг тохирохгүйгээр Хятадын ТӨК манай хил дээр тулгаж ирчхээд энд холбо гэж яагаад шаарддаг юм бэ? Бид зөвшөөрөхгүй гэснээс маргаан үүссэн. Би компанийнх нь ТУЗ-ийн даргатай биечлэн уулзаж энэ асуудлыг хэлэлцэж ажлын хэсэг томилсон ч шийдэж өгдөггүй.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Төмөр зам барих ажлыг хувийн сектор хийх боломжтой байсан ч цуцалсан. Тухайн үед Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг гишүүн, Ерөнхийлөгчөөр Х.Баттулга нар ажиллаж байсан. Та бүхэн ямар үндэслэлээр хувийн сектор авч явж байсан концессын гэрээг цуцалсан бэ?
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг: Есөн жилийн өмнө болсон юм, би сайн санахгүй байна. 2012 оны гуравдугаар сард Сү.Батболдын засгийн газар байхад төмөр зам барья гэж шийдээд, “Энержи Ресурс”, “Дорнын төмөр зам” компаниудад барих эрхийг өгчихсөн юм билээ. “Энержи Ресурс” урагшаа явдаг ганц хатуу хучилттай зам барих эрхийг өгчихсөн учир тэндээ ганц монополь компанитай болчихсон. Дахиад урагшаа Гашуунсухайт руу явдаг төмөр замаа нэг компанид өгчхөөд, тэрүүгээр бусад нь юмаа тээвэрлэнэ гэхээр хүндрэл гарна. Хоёрдугаарт, төрийн өмч зонхилсон компани төмөр замын суурь бүтцийг өмчлөх ёстой. Ийм байдлаар А.Гансүх сайдын тогтоолыг хэлэлцэн гаргаж, тэр компаниудтай хийсэн концессын гэрээг цуцалсан.
Үүнээс гадна олны анхаарлыг татаж байсан нэг сэдэв бол “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” барих төсөл. Цогцолборын бүтээн байгуулалтад Хөгжлийн банк 2014 оны эцсийн байдлаар 8.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Шинжээч санхүүжилтээс:
– Судалгаа шинжилгээний ажилд 6.3 тэрбум орчим төгрөг
– Хуулийн зөвлөх үйлчилгээнд 604.8 сая төгрөг зарцуулсан нь нийт зээлийн 87.1 хувь болж байна.
Гэвч хяналт шалгалтын явцад Хөгжлийн банкны данснаас 1.8 тэрбум төгрөгийн зарцуулалт нь тодорхойгүй чекээр авсан зэрэг зөрчил байна. Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн 28 хувийг “Сайншанд аж үйлдвэр”-ийн цогцолборын бүтээн байгуулалтад зарцуулсан байх магадлалтай. Одоогоор цогцолборын дансанд 1.9 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа нь төсвийн мөнгө хяналтгүй, үр ашиггүй байгааг харуулж байна хэмээн танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Сайшанд аж үйлдвэрийн цогцолбор” ТӨХК-ийн зээлтэй холбогдуулан “Зээлийн төсөл хөтөлбөрийн санхүүжилтийг үр дүнтэй зарцуулагдсан гэж харагдахгүй байна. Үүнд тайлбар өгнө үү?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Энэ нөхцөл байдлыг би ойлгохгүй бол өөр хэн ойлгох билээ. Хөшөөт-Баруун-Урт чиглэлийн төмөр замын ажлын зургийг Японы компани хийчхээд байхад дараагийн Засгийн газар яг энэ ажил дээр тендер зарлаад сууж байгаа юм. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт би холбогдох бүх материалыг нь аваачиж өгсөн. Бидний уялдаагүй ажилладаг байдал өнөөдрийн ийм нөхцөлд хүргэлээ. Одоо тэгэхээр бид гадаадын мэргэжилтнүүдийн хийсэн дүн шинжилгээг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарт танилцуулж хүлээлгэж өгмөөр байгаа юм.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Тухайн үед ямар хэмжээний хөрөнгө оруулалтыг хаанаас оруулж ирнэ гэдгээ тодорхой ярьсан зүйл байдаг уу?
А.Гансүх: Бүрэн эрхт тусгаар тогтносон улсын Засгийн газартай холболтын цэгээ тохироогүй Хятадын компани манай хил дээр тулгаж ирчхээд энд холбо гэж шаарддаг.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Аж үйлдвэр барихад шаардлагатай газар, ус, тээврийн асуудлаа шийдэж, хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийгээ Засгийн газар хоёр тэрбум ам.доллароор үнэлдэг. Харин 66 хувь дээрээ дотоод, гадаадын хөрөнгө оруулагч нартай яриагаа сэргээх ёстой. Өөрөө Дэлхийн банканд ажиллаж байсан байх. Макет гэдэг гоё ганган эд биш. Энэ ажлын цааснуудыг үнэлээд “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларыг босгосон. Энэтхэг, БНСУ,БНХАУ, Бразил, Япон улсын олон хөрөнгө оруулагчтай хийсэн санамж бичгийн хүрээний баримтыг үзүүлж болно. Өөрөө Дорноговийн Алтанширээд очиж үзээгүй учир буруу сурталчлаад байдаг байх. Ингэж буруу сурталчилдаг цөөн хүн бий.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний зэх зээлийг хаашаа гаргана гэж тооцоолсон вэ?
Ерөнхийлөгч асан Х.Баттулга: Зүүн Ази болох БНХАУ-ын Манжуурт. Одоогийн байдлаар тус газарт жилд хоёр сая машин үйлдвэрлэж байна. Тэнд төмрийн хэрэглээ өндөр. Манай улс төмрийн хүдрээ түүхийгээр нь хил давуулдаг. Сайн чанарын коксжсон нүүрс Тавантолгой дээр бий. Үүнийгээ нийлүүлээд ган, ширэм гаргах боломжтой бүх судалгаа хийгдсэн.
Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголыг хааж хэлсэн үгэндээ сонсголын гурав дахь шатанд хэлэлцэх асуудал өмнө нь аудитын хяналт, шалгалтаар орж байгаагүй, олон нийтэд мэдээлж байгаагүй гэдгээрээ онцлогтой болохыг цохон тэмдэглэсэн юм. Гурав дахь шатны сонсгол 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд явагдана. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкнаас арилжааны банкнуудаар дамжуулан олгосон 2500 зээл, түүний зарцуулалттай холбоотой асуудлыг нотлох баримтын хүрээнд шинжлэн судлахаар төлөвлөжээ. Нэг жилийн хугацаатай ажиллах хороо 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн дотор нотлох баримтыг шинжлэн судалсан гурван шатны сонсголын талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна.