Энэ асуулт өнгөрсөн 11 дүгээр сард хиймэл оюун ухааны OpenAI компани хүнтэй гайхалтай адилхан ChatGPT чатботоо олон нийтэд нээснээс хойш Цахиурын хөндийн хамгийн халуун сэдэв байлаа. Олон хүн, нэгэн өдөр бид бүгд мэдээллээ ингэж хайх болов уу гэдгийг урьдчилан харж байна. Мэдээж, энэ төсөөлөл таамаглал бол одоохондоо уул үзэлгүй хормойгоо шуусан хэмжээнд л байна. Миний адил олон хүн ChatGPT мэдээж сонирхолтой, гэвч бүрэн бэлэн болоход хол зай байна гэж үзэцгээж байна.
Хэдий тийм ч Гүүглийн сүйрлийн тухай яриа үндэслэлгүй зүйл биш юм. Хайлтын систем өнгөрөгч есдүгээр сард 24 нас хүрсэн бөгөөд технологийн ертөнцөд бол үеэ өнгөрөөсөнд тооцогдоно. Бараг л монопол болтлоо шүтэгдсэн энэ хайлтын системийн хэрэгцээ тус буурч байгаад олон мэргэжилтэн гомдоллодог.
Гэлээ ч ChatGPT-г Google-ээс илүү мэдээллийн нөөцтэй болохыг нь хүлээх шаардлага байхгүй. Миний сүүлийн үеийн хамгийн чухал интернет хайлтуудын ихэнхийг би, тухайлбал, ямар нэг зүйл сурах, ямар нэг юм засах, аливаа зүйл худалдан авах, эсвэл шийдвэр гаргахдаа Гүүглээс биш, өөр хоёр газраас хийсэн.
Энэ хоёрын нэг бол Reddit сайт бөгөөд миний амьдралд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар би дараагийн удаад бичихээр төлөвлөж байна.
Нөгөө нь YouTube. Энэ үлэмж видео сайт нь маш олон хүмүүст өөр өөр арга замаар маш их хэрэг болдог. YouTube нь бага зэрэг TikTok шиг, бас бага зэрэг Twitch шиг, Netflix-тэй мөн бага сага адил. YouTube нь Google-ээс илүү сайн байдгийг бид дутуу үнэлдэг гэж би боддог. Өөрөөр хэлбэл, энэ нь олон төрлийн сэдвээр найдвартай, бодитой мэдлэг, мэдээллийг онлайнаар олж авах хамгийн сайн газар юм.
Энд өгүүлж буй зүйлийн ихэнх хэсэг нь YouTube-ийг магтаж байгаа мэт сонсогдох тул юуны түрүүнд би түүнтэй холбоотой сайн муу олон асуудлыг ойлгож байдгаа хэлье. Хэлэх ёстой нэг юм бол интернэт дахь “найдвартай” гэдэг ойлголт нь харьцангуй зүйл юм. YouTube худал мэдээлэл, хэт туйлшрал /экстрим зүйлс/-ын эсрэг урьдынхаасаа илүү хатуу бодлого хэрэгжүүлж байгаа боловч бусад онлайн талбарын нэгэн адил энэ нь худал хуурмагийн ар дэвсгэр, эрс тэс үзлийн орогнох газар болсон хэвээр байгаа бөгөөд оролцоонд суурилсан санал болгох алгоритм нь Facebook эсвэл Fox News шиг шуугиан тарьсан эсрэг тэсрэг зүйлсийг ялган гаргаж ирэх нь гарцаагүй.
YouTube бол аливаа асуултын хариултаа олж авах интернэт дэх хамгийн сайн эх сурвалж болохыг харуулдаг.
YouTube нь мөн онлайн контент бүтээгчдийн экосистемд асар их эрх мэдэлтэй бөгөөд монопол байдлаа алдах ямар ч аюул байхгүй. Энэ аварга сайт Google-ийн эзэмшилд байдаг тул YouTube-д шилжих замаар Google-ийн зах зээлд эзлэх байр суурь бараг хэвийн байх бөгөөд ялгаа гарахгүй юм.
Энэ бүхэн YouTube бол аливаа асуултын хариултаа олж авах интернэт дэх хамгийн сайн эх сурвалж болохыг харуулдаг. Хамгийн тодорхой жишээ бол ямар нэг бие бялдрын чадвар эзэмшихийг хүсвэл, эсвэл суфле хийх, бөглөрсөн хоолой засах, гитар сурах, гольфын цохилтоо сайжруулах зэрэгт хэн нэгний хэрхэн хийж буйг хараад сурч болох боломжийг YouTube-ээс өөр хаанаас ч хайх хэрэггүй.
Би шавар ваарын урлаг, өөрөөр нь эсгэсэн хөрөнгөний зуурмаг хийх гэх мэт хуучны уламжлалт зүйлсийн хоббитой. Иймэрхүү хобби нь зөвхөн өөрөө гараараа хийж, дадаж хөгжүүлж байж л эзэмшиж авдаг гарын ур болоод мэдрэмж шаарддаг хэдий ч миний олж мэдсэнээр бусад хүмүүсийг хийж байгааг олон удаа зүгээр л ажигласнаар нь гарын ур илүү хурдан сайжирч байв. Миний вааран урлалын хичээл долоо хоногт нэг удаа хэдхэн цагийн турш ордог бөгөөд шавартай ажиллах хангалттай хугацаа байдаггүй байсан. Гэхдээ хичээлийн завсарт долоо хоногийн турш YouTube-ийн хэдэн арван шаазан ваарын мастерууд хэрхэн шавраа шидэж байхыг хардаг байсан бөгөөд хичээлдээ явах бүртээ тэдний арга барилыг шингээж авснаа мэдэрдэг байсан. Би YouTube-ээс тэдгээр видео хичээлүүдийг харсны дараагаар хамаагүй хурдан, хамаагүй илүү сайжирсан гэдэгтээ эргэлзэхгүй байна. Үнэндээ, хэрэв бусдын хэрхэн хийхийг онлайнаар харж чадахгүй байсан бол би хоббигоо зүгээр л орхичих байсан болов уу.
YouTube-ээс зөвхөн хобби, ахуйн чанартай ур чадварт суралцаад зогсохгүй, хэрэв ямар нэг нарийн төвөгтэй зүйлийг ойлгохыг хүсэж байвал YouTube дээрх видео нь бусад веб дээрх видео бичлэгүүдээс илүү мэдээлэлтэй байдаг. Судлаачид квант компьютер ашиглан өтний нүх мэт бичил нүхнүүдийг бүтээсэн физикийн нээлтийн талаар та хэдэн сарын өмнө уншсан байх. Үүнийг ойлгоход Quanta сэтгүүлийн17 минутын /17-minute video by Quanta magazine/ энэ видео намайг хамгийн их ойртуулж өгсөн.
Хэдийгээр бодит амьдрал дахь аливаа сургалтыг орлохгүй ч YouTube нь сурагчдад математик, шинжлэх ухаан, түүх болон бусад хичээлд суралцахад асар их тустай байгааг олон эцэг эх тахлын үеэр мэдэж авсан.
Өндөр чанартай боловсролын контент үйлдвэрлэдэг бүлэг контент бүтээгчдийг дэмжих тал дээр YouTube нь бусад өрсөлдөгч онлайн платформоос илүү амжилттай, жишээ нь Crash Course, Veritasium зэрэг сувгуудыг сонирхоод үзээрэй.
Цаашлаад их сургуулийн бүх лекцүүд байдаг. YouTube нь тус улсын хамгийн нэр хүндтэй сургуулиудын бүхэл бүтэн семестрийн алдартай лекц, хичээлүүдээр дүүрэн. Хэдэн жилийн өмнө би Харвардын их сургуулийн Шекспирийн шинжээч Маржори Гарберын Шекспирийн тухай юутай ч эгнэшгүй цуврал лекцийг олсноор би энэ гайхалтай зохиолчийг биширдэг болсон. Би Ричард Фейнманы алдартай лекцүүдээс сонсоод түүний хэчнээн агуу болохыг олж мэдсэн. Хэрвээ та дунд сургуулийнхаа химийн хичээлийг сайн сураагүйдээ харамсдаг бол Массачусетсийн Технологийн их сургуулийн профессор Дональд Садовэй-н удиртгал курсыг үзээрэй.
Олон эцэг эх YouTube-д дургүй байдаг, тэдний санаа зовох нь бас ч гэж буруу биш юм. Үзэн ядалт, мунхаглал, тэнэглэл, хуйвалдааны шинжтэй юм уу өөр бусад зохисгүй видео бичлэг тэнд маш олон, ер нь олон аймшигтай зүйл байдаг. Мөн маш олон утгагүй дэмий юмнууд ч байдаг. YouTube-ийн асар том хэсэг нь телевизийн алтан үеэс өмнөх үеийн өргөн уудам аглаг зэлүүд тал мэт цаг үеэс дээрдэх зүйлгүй.
Гэсэн ч үүнээс зугтах аргагүй, номын санд бас маш олон хэцүү ном байдаг шүү дээ. Үүний зэрэгцээ, би хүүхдүүдийнхээ насан дээр хэзээ ч сурч байгаагүй зүйлсийг тэд YouTube-ээс сурсан байгааг үргэлж гайхдаг юм. Бид нэг өдөр “Байлдагч Райныг аварсан нь” киног үзэж байтал 12 настай хүү маань киноны зураглал дээрх түүхэн цаг хугацааг алдаатай бичсэн байгааг онцолж хэлсэн юм. Би түүний насан дээр тэр талаар огт сонсоогүй байсан. Тэр YouTube-ээр дайны тухай баримтат кинонуудыг их үздэг тул одоо Хойд Африкийн кампанит ажлын талаар ярихаа зогсоож чадахгүй байна.
Энэ бүхэнд Google-ийн хайлт хаана орж байна вэ? Миний Google-н хайлтуудын ихэнх нь тогтсон цөөн хэдэн зүйлсийн дунд эргэлддэг (жишээ нь, Википедиагийн хуудас эсвэл өнгөрсөн долоо хоногт уншсан нийтлэлээ хайх) эсвэл маш энгийн хайлтууд (зарим үгийн ижил утгатай үг, маргаашийн цаг агаар гэх мэт) байна. Хэрэв илүү далайцтай зүйлс хайх хэрэг гарвал юуны түрүүнд би Google-ийн дүүгээс эхлээд хайж үзэх болно.
Фархад Манжоо