Байгууллагын зах зээл нь хэрэглэгчийн зах зээлээс ялгарах нэг онцлогтой нь харилцагчтай хэлцэл хийх процесс нь илүү удаан хугацаа шаарддаг, олон оролцогчтой, голдуу өндөр үнийн дүнтэй байдаг.
***
Байгууллагын зах зээл дээр ажиллаж буй жижиг, дунд бизнесийн захирал, менежерүүдийн хувьд STP (Segment, Target, Position) – гээ сайн тодорхойлох хэрэгтэй байдаг. Энэ нь танай зорилтот хэрэглэгчид хэн бэ (Segment), түүнийгээ илүү нарийвчилж чиглүүлэх (Target) тухай юм. Нэг бизнес дээр Segment болон Target нь хэд хэд байж болно. Харин Position гэдэг нь бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зорилтот хэрэглэгчдэдээ хүргэхдээ хэрхэн ялгарал бий болгох тухай юм.
Үүнээс гадна 4P (product, price, place, and promotion) гэж бий. Энэ нь бүтээгдэхүүн, үнэ, байршуулалт, идэвхжүүлэлт юм. Олонх жижиг бизнес эрхлэгч ямар бүтээгдэхүүнийг ямар үнэтэйгээр гаргаж, хаана байршуулж, ямар идэвхжүүлэлт хийх талаар тодорхой ойлголт, мэдлэгтэй байдаг. Гэхдээ зах зээлээ сайн ойлгож, ялгарлаа гаргаагүй болохоор олонхийн жишиг дагасан маягаар маркетинг хийгээд үүнээсээ цааш явж чаддаггүй.
Өнөөдөр зах зээл маш өрсөлдөөнтэй байгаа учраас niche буюу сиймхий зах зээл дээр өөрийн ялгарал үүсгэж, хэрэглэгчдэд асуудлыг нь шийдэх түвшинд үнэ цэн өгч байж цаашаа явна. Яагаад гэвэл жижиг, дунд бизнесүүдийн хувьд зах зээлийн ихэнхийг эзэлнэ, брэнд маркетинг хийнэ гэсэн ойлголт байхгүй. Тиймээс л STP-гээ ойлгох нь маш чухал.Үүний дараа маркетингийн стратегиа боловсруулах боломжтой болдог.
Байгууллагын зах зээл нь хэрэглэгчийн зах зээлээс ялгарах нэг онцлогтой нь харилцагчтай хэлцэл хийх процесс нь илүү удаан хугацаа шаарддаг, олон оролцогчтой, голдуу өндөр үнийн дүнтэй байдаг. Тэгэхээр массын зах зээлтэй адилхан аргаар бүтээгдэхүүнээ сурталчилж, идэвхжүүлэх нь үр дүн муутай гэсэн үг. Хэрэглэгч худалдан авалтын тодорхой замналыг (Buyer Journey) туулахдаа тухайн бүтээгдэхүүний сурталчилгааг харангуутаа шууд худалдан авалт хийх магадлал маш бага. Тиймээс Inbound маркетингийн аргаар буюу зорилтот зах зээлдээ боловсрол, мэдлэг өгөх замаар өөрийн хэрэглэгч болгож, нэг үгээр, хэрэглэгчээ бэлддэг.
Inbound маркетингийн арга нь тодорхой шатлалтай:
- Persona буюу хэрэглэгчийн дүрээ тодорхойлно. Энэ нь танай бүтээгдэхүүн, үйлчилгээг авснаар асуудлаа шийдэх, өөрийн хэрэгцээг хангах учиртай зохиомол дүр юм. Нэг үгээр, зорилтот зах зээлдээ дүр өгнө гэсэн үг.
- Дараа нь хэрэглэгчийн тэрхүү дүрийн худалдан авалтыг замналыг гаргана. Хэрэглэгч худалдан авалт хийх болтлоо худалдан авалтын тодорхой үе шатуудыг туулдаг. Эхлээд танилцуулга авна, эргэлзэнэ, судална, өрсөлдөгчтэй нь харьцуулна, дараа нь шийдвэр гаргана гэх мэтээр.
- Худалдан авалтын замнал бүр дээрээ Inbound маркетингийн дагуу борлуулалтын сэжмүүдийг арчилдаг. Тухайн хэрэглэгч худалдан авалтын замналын аль хэсэгт яваагаас шалтгаалж ямар контентыг ямар ээлж, дараатай өгөх вэ гэдгийг тодорхойлно. Энэ бол дижитал маркетингийн хамгийн том давуу тал юм.
- Хэрэглэгчид тухайн контентыг үзсэнээр тэдний талаарх өгөгдлүүд бий болдог. Үүнд зориулсан дижитал маркетингийн олон төрлийн хэрэгслүүд байдаг.
- Хэрэглэгчийн дата бий болсноор сэжмийн арчилгаа хийх буюу маркетингаа илүү оновчтой хийх боломж бүрдэнэ.
Digital & Inbound Marketing Agency. Гүйцэтгэх захирал Б.Батмөнх