Жил бүрийн хоёрдугаар сарын 10-ний өдөр санхүүгийн салбарт ажиллаж буй хүмүүсийн хувьд нэлээн ачаалалтай өдөр байсаар ирсэн. Санхүүгийн тайлан аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигч, удирдлагуудад хамгийн хэрэгтэй баримт бичиг. Гэвч өөрийнхөө хөрөнгөөр, өөрөө босгож хөгжүүлж буй компанийнхаа хөрөнгө, орлогын мэдээллээ төрд хуулиар далайлгаж, хүчээр өгөхдөө үнэн, зөв хийгдэж буй эсэхийг үл тоон хэдхэн өдөрт санд мэнд тайлагнах нь ямар учиртай вэ?
***
Торгууль уу, авлига уу?
Нөгөө талаас Сангийн яам нягтлан бодох бүртгэлийн стандарт хэрэгжүүлэх, улсын тоон мэдээг нэгтгэх шалтгаанаар өөртөө дата бааз үүсгэн, хуулиар, хүчээр улсад бүртгэлтэй бүх аж ахуйн нэгжээс балансыг нь гаргуулан авч, хэрвээ ирүүлээгүй бол Зөрчлийн хуулиар бичил, жижиг, дунд, том гэж ялгалгүй нэг ижил дүнгээр торгуулийн хариуцлага хүлээлгэсээр ирсэн. Яагаад аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгийн мэдээллээ төрд өгөхдөө төрийн сангийн мэргэжилтнээр загнуулан “баталгаажуулсан” эсэхийг нь хүлээн санаа зовж суух ёстой вэ?
Хоёрдугаар сарын 10-ны дотор балансаа өгөх ёстой 164003 аж ахуйн нэгж бий. Үүнээс тайлант хугацаанд 73 хувь нь балансаа илгээжээ. Балансаа илгээгээгүй 44030 аж ахуйн нэгж нь хоёрдугаар сарын 11-нээс торгууль төлөх ёстой. Хуулиараа аж ахуйн нэгжүүд дөрвөн сая төгрөг төлөх ёстой байдаг. Тэгээд ярьж учирлаж, гуйж, танилаараа нүүр тулж, систем гацсан маргаан дэгдээж байж 400 мянган төгрөгөөр торгуулаад тайлангаа шивэх байх. Хэдэн жилийн өмнө төрийн сангийн мэргэжилтнүүд торгох гэж нэг их хичээдэггүй, хугацаа нь дууссан тайлангаа хэдэн өдөртөө эрхийг нь нээгээд өгчихдөг байсан.
Одоо харин өөр болсон. Магадгүй дүрэм зөрчсөн жолооч цагдаад “мөнгө өгч аргаллаа” гэж ярьдаг шиг төрийн сангийн мэргэжилтнийг бас аргалах явдал үүсдэг байхыг үгүйсгэхгүй. Учир нь торгуулийн дүн олон хүнд ашиг авчирдаг.
Эхлээд төрийн сангийн мэргэжилтэнд сая төгрөг төлөөд баланс нээлгэх эрх авах хүн нэлээд гарна. Товчхондоо бол авлига. Энэ нь дөрвөн сая төгрөгийн торгууль төлснөөс хамаагүй бага шүү дээ. Торгуулийн энэ ханш төсвийн мэргэжилтэнд боломж олгоод зогсохгүй бусад бизнесийн үнэ ханшийг тогтоодог. Тайлан гаргадаг гэрээт нягтлангийн ажлын хөлстэй уялддаг. Аудит хийдэг тусгай зөвшөөрөлтэй компаниудын тамганы дардасны үнэлгээ болдог. Тэд дөрвөн саяын торгууль төлөх үү, бидэнд мөнгө төлөх үү гэсэн сонголт дээр захирлуудыг аваачдаг юм.
Мөн энэхүү торгуулийн мөнгө төсөвт хатуу тогтоосон төлөвлөгөө болдгийг үгүйсгэхгүй. Торгуулийн төсвийг тооцоолоход амархан бөгөөд өмнөх жилийн гүйцэтгэлээс 10-20 дахин нэмэгдүүлэхэд хангалттай. Төсөв хүнд байвал 30-40 гэх ч юм уу нэмчихдэг биз. Энэ жил 44 030 аж ахуйн нэгж хоцроосон гэвэл бүгдийг дөрвөн саяар торгож чадах уу. Үржүүлээд үзээрэй. Овоо их мөнгө төсөвт орохоор байгаа биз дээ. Гэвч ингэж торгож чадахгүй. Тиймээс өмнөх оны гүйцэтгэлээс нь хувилж нэмнэ.
Улсын бүртгэлд 2023 оны эхний байдлаар 246 360 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгааг ҮСХ-ны сайтад мэдээлсэн байдаг. Хуулиараа бүх аж ахуйн нэгж баланс өгөх ёстой. Гэвч ердөө 119 973 буюу 48.7 хувиас нь баланс авдаг нь 50 хувьдаа ч хүрээгүй гэсэн үг. Сангийн яам үйл ажиллагаа явуулж байгаа 164 000 орчим аж ахуйн нэгжээс л авах ёстой гэж тооцож ажлаа хийх нь төрийн бодлого гэхэд харамсалтай. Тэдний энэ бодлогын үр дагавраар үйл ажиллагаа эрхэлдэггүй олон компани нэмэгдэж, шинэ компани байгуулах кампанит ажил өрнөсөөр олон жил болж байна.
Миний сошиал хуудсаар зөвлөгөө авах гэж хандсан хэд хэдэн хүн баланс илгээгүй хоёроос дээш жил болсон компанийнхаа үйл ажиллагааг нээх гэтэл төрийн сангийн мэргэжилтэн нь “Үйл ажиллагаа явуулаагүй байсан ч баланс илгээгүй учраас 4 сая төгрөг төл” гэсэн юм билээ. “Яаж тийм их мөнгө төлөх вэ дээ. Сая төгрөгийн эргэлтээр юм хийх санаатай байхад л тэгж нэхээд халгаахгүй юм. Шинэ аж ахуйн нэгж байгуулсан нь дээр үү? Уг нь хуучнаа үргэлжлүүлээд явмаар байна. Туслаач” гэж байсан. “Төрийн сангийн мэргэжилтэнтэй сайн ярь даа” гэж зөвлөөд хоцорсон доо. Өөр яалтай билээ. Тэд харин “Шинэ аж ахуйн нэгж байгуулаад шинээр юмаа эхлүүлье. Хуучнаа тэгээд орхихоос” гээд үйл ажиллагаа явуулдаггүй гэсэн ангилалд үүрд үлдэж байх жишээтэй. Энэ тэгээд зөв бодлого мөн үү?
Санхүүгийн систем торгууль дунд хөгжиж байна
Одоо аж ахуйн нэгжүүд нэвтрэлтийн нэгдсэн системд балансаа холбох гэж зүтгэж байна. Төрөөс хөрөнгө оруулалттай, ямар нэг байдлаар төрөөс хамааралтай үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьд зайлшгүй байх ёстой. Харин жижиг аж ахуйн нэгжүүдийн жижигхэн тоо тэдэнд ямар хэрэгтэй вэ? Төр тэр тоог авснаараа яаж дэмжиж, тусалж байгаа вэ? Зээл авахад хүртэл баланс хэрэггүй болсон үе.
Балансын системд үндсэн дөрвөн тайлан, “Тодруулга” хэмээх 25 мэдээ бүхий 21 хуудас тайлан бөглөдөг. Үйл ажиллагаа явуулаагүй “Х” тайлан байсан ч ийм их тайлан хоосон хадгалагддаг. Аж ахуйн тооцоот газар бол ийм их хоосон орон зайд мөнгө төлж дата сервер үүсгэх хэрэг байх уу. Төсвийн үрэлгэн зардал ч эндээс эхлэлтэй.Татварын албанд 2021 оны жилийн эцсийн тайлангаар 71 252 “Х” тайлан ирсэн. Тэгэхээр балансын системд торгууль төлөхгүйн тулд 71 252 аж ахуйн нэгж баланс тодруулга болох 30 мэдээ хоосон бөглөж явуулсан гэсэн үг. Серверт хэчнээн зай эзэлсэн болохыг та бүхэн гегабайтаар тооцоод үзээрэй. Ийм их хоосон тайлан бөглөдөг балансын систем төрийн албаны “Нэвтрэлтийн нэгдсэн систем”-д холбогдоод гацааж эхлэхээс өөр ашиг тус юу байна вэ?
Төртэй хийх харилцааг татварын хуулиар л биелүүлэхийг шаарддаг байвал бичил, жижиг аж ахуйн нэгжүүдэд ирж буй ачаалал буурч, халамж авах иргэдийг хөдөлмөрт дурлах боломж үүсэх шалтгаан болмоор санагддаг юм. Иргэд аж ахуйн нэгж байгуулаад ажиллаж эхэлсэн эхнийхээ сараас нийгмийн даатгалын болон татварын тайлан, балансаа хоцроосон гэсэн үндэслэлээр торгуулийн хариуцлага хүлээж эхэлдэг. Энэ бол эхний л тайлан мэдээтэй холбоотой торгууль шүү. Өөр торгууль олон бий.
Торгууль дунд л санхүүгийн систем хөгжиж байна гэхэд худал болохгүй. Бичил, жижиг бизнес бүрд төрөөс хөнгөлөлттэй зээл өгч чадахгүй ч, торгодог системээ өөрчилмөөр байна.
Аж ахуйн нэгж бүрээс баланс авах гэж дата баазаа дүүргүүлж, сервер системээ гацаалгаж, томруулах талаар л шинэчлэх төлөвлөгөө хийж байснаас хэрэгтэй хэсгээс нь оновчтой тоогоо авдаг болмоор байна.
Тайлан ирүүлсэн тоонд бус чанарт анхааръя
Сүүлийн 10 жилийн байдлаар татварын албаны системд тайлан ирүүлж буй аж ахуйн нэгжүүдийн харьцуулсан тоон графикаас харахад чанарын үзүүлэлт буурсаар ирсэн. Шинээр бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ тайлангийн чанарын асуудал хурцаар тавигддаг. ААНОАТ-ын 2022 оны тайлангийн тоон мэдээллээ татварын алба одоогоор нийтэд мэдээлээгүй байна. Татварын албанд ААНОАТ-ын тайланг 2021 онд 142599 аж ахуйн нэгжээс ирүүлсний 71252 буюу 49.9 хувь нь “Х” буюу үйл ажиллагаа явуулаагүй тайлан ирүүлжээ. /Татварын албаны тайлан ирүүлэлтийн тоо, мэдээ өдрөөр өөрчлөгдөж байдаг тул 6 сард зарласан энэ тоо өөрчлөгдсөн байх магадлалтай./
Бид эхлээд баялаг бүтээгчдийг олноор нь бий болгомоор байна. Баялаг бүтээгээд эхэлсний дараа татвараа тайлагнуулж сургах хэрэгтэй. Дараа нь аяндаа баланс тайлангаа гаргах хэрэгцээ шаардлага үүссэн үед нь санхүүгийн тайланг нь нэхмээр байна. Хүн шууд том болчихдоггүй шиг татвар төлөгч бүрээ зөв “бойжуулж”, бэлдмээр байх юм.
Гэтэл төрийн “хаалга” бүр ямар нэг мэдээ тайлан нэхэж, өгөөгүй бол торгож, хариуцлага хүлээлгэх гэж сүр далайлгах нь хэрээс хэтэрснээс л аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулахаас иргэд залхаж эхлээд байна.
Хэт хатуу, сахилга баттай байлгах гэж шаардсан ийм систем залуу үеийг эх орноосоо дүрвэж, өөр улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах мөрөөдөлтэй болгоод байгаа юм биш биз дээ гэж бодогдох үе гарах юм. Бид өөрсдөө л өөрчлөхгүй бол дараа үеийнхэн энэ бүгдийг ойлгох гэж дахиад 30 жил туулах гэж үү?