Арьс, гоо заслын үйлчилгээтэй холбоотой хэвшмэл ойлголтууд (stereotypes), явган яриа элбэг байдаг. Ийм зах зээлд бизнес хийх нь амаргүй. Тусгай зөвшөөрөл олгодог ч хяналт, стандартын хувьд төлөвшөөгүй эмчилгээний гоо заслын чиглэлд мэргэжлийн, ёс зүйтэй, үйлчилгээний олон улсын стандарт бүхий бизнесийг хөгжүүлж яваа “InterCharm” арьс, гоо заслын эмнэлгийн захирал Д.Ган-Очиртой ярилцлаа.
Гоо заслын бизнес рүү орсон түүхээсээ яривал?
Би 1989 онд Говь-Алтай аймагт төрсөн. АШУИС-д элсэн орж 2013 онд Ерөнхий мэргэжлийн их эмчээр төгссөн. Ажлын гараагаа төрөлх нутаг Говь- Алтай аймгийн Эрдэнэ сумын нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийн даргаар ажиллахаар очсоноор эхэлсэн гэхэд болно.
“InterCharm” эмнэлэг нь анх гоо сайхны салон байсан бөгөөд 2014 оноос Монгол Улсад анх удаа мэсгүйгээр арьс өргөх, чангалах технологи дээр суурилсан аппаратыг үйлчилгээндээ ашиглаж эхэлсэн. Шинэ үйлчилгээ нэмэгдэн үйл ажиллагаа өргөжсөнтэй холбоотой мэргэжлийн эмч шаардлагатай болсон тул тухайн жил зарлагдсан эмчийн орон тоонд ярилцлага өгч тэнцсэнээр гоо сайхны салбарт ажиллах болсон юм.
Миний хувьд мэсгүйгээр арьс өргөх технологи дээр дөрвөн жил ажиллаад тухайн салбараа нэлээд сайн ойлгож эхэлсний зэрэгцээ манай байгууллага гоо заслын эмнэлгийн тусгай зөвшөөрлөө авч, эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх болсон нь миний эзэмшсэн мэргэжилд илүү ойр болж ирсэн. Ингээд 2018 оноос байгууллагынхаа ерөнхий менежер, 2019 оноос одоог хүртэл гүйцэтгэх захирлын хариуцлагатай албан тушаалыг эрхэлж байна.
Гоо заслын эмчилгээ, үйлчилгээ гэдгийг ер нь бид юу гэж ойлгох ёстой вэ?
Гоо заслын эмчилгээ, үйлчилгээний талаар зөв ойлголттой болохын тулд хэд хэдэн чухал зүйлийг анхаарах хэрэгтэй болов уу.
Нэгдүгээрт, хүн өөрөө өөртөө итгэлтэй амьдрахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдийн нэг нь дотоод болон гадаад гоо сайхан гэж хэлж болно. Тиймдээ ч энэ салбарынхны хийж буй ажил, үйлчилгээ нь хэрэглэгчдэд чиглэсэн тустай үйл хэрэг юм. Тухайн үйлчлүүлэгчид тодорхой асуудал гараад түүнийгээ шийдүүлэхийн тулд мэргэжилтэн, мэргэжлийн эмнэлгийг зорьдог. Гэхдээ үйлчлүүлэгчийг бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авагч гэж харахаасаа илүүтэй бид үүсээд буй асуудлыг нь шийдэж чадах уу гэдэг талаас харах хэрэгтэй. Учир нь гоо сайхны салбар өндөр үүрэг хариуцлагатай. Иймд мэргэжлийн эмчтэй маш сайн зөвлөлдсөний үндсэн дээр асуудлыг зөв тодорхойлон үйлчлүүлэгчийн хүсэн хүлээсэн үр дүнд хүрэх эмчилгээ үйлчилгээг санал болгох нь хамгийн чухал. Ингэснээр эмчилгээ үйлчилгээний дараа үүсэж болох олон эрсдэлээс талууд өөрсдийгөө хамгаалж чадна.
Эрүүл мэндийн салбарт байдаг нийтлэг нэг дутмаг ойлголт нь хувь хүн аливаа өвчнөөс яаж урьдчилан сэргийлэх тухай юм. Жишээлбэл, өвчтөн би өвдчихлөө, одоо та намайг эмчлэх ёстой гэсэн хандлагаар эмч дээр ирдэг. Гэвч тухайн өвчин үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх боломж үргэлж байдаг.
Монгол Улсад арьс гоо заслын эмчийн дипломтой 150 орчим хүн байна. Энэ салбар хүний нөөцийн асар дутагдалтай. Эмнэлгүүд нээгдэж байгаа ч ажиллах хүчин ховор.
Гоо сайхны хувьд үүнтэй адил урьдчилан сэргийлэх боломжууд маш их. Үүний нэг жишээ нь орчин үед залуугаасаа арьсаа зөв арчлах, шаардлагатай урьдчилан сэргийлэх эмчилгээ, үйлчилгээнд хамрагдах юм. Ингэснээр та залуу төрхөө удаан хугацаанд хадгалж, арьсны эмгэгшил өвчинд өртөх, заавал мэс заслын хагалаа хийлгэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, мөнгө санхүүгээ хэд дахин хэмнэх боломжтой.
Хоёрдугаарт, гоо сайхны эмчилгээ, үйлчилгээ болгон өөр өөрийн гэсэн онцлог шинж чанартай бөгөөд үйлчлүүлэгчдийн хүссэн үр дүн гарах хугацаа нь арьс болон насны онцлогоосоо хамаараад харилцан адилгүй. Жишээлбэл, мэсгүйгээр арьс өргөх технологийн аппаратад орсон хүн бүрийн арьс чангарна гэж байхгүй. Яг ямар хүнд тохиромжтой, хэдэн наснаас эхэлж орвол зохистой, ямар давтамжтай орох хэрэгтэй зэрэг эмчилгээний төлөвлөгөө боловсруулах шаардлагатай болдог. Эмчилгээний ийм төлөвлөгөөгүй үйлчилгээ авснаас үүдэн тухайн үйлчлүүлэгч олон сая төгрөгөөрөө хохирч, үр дүн гарахгүй байх тохиолдол цөөнгүй. Энэ нь бусад үйлчлүүлэгчид арьс чангалах эмчилгээ бол үр дүнгүй гэдэг ойлголтыг өгдөг. Тэгэхээр үйлчлүүлэгчид өөрсдөө эмчилгээгээ сонгох биш асуудал дээрээ тулгуурлан мэргэжлийн эмчийн тусламжтай өөрт тохирох эмчилгээний төлөвлөгөө боловсруулан үйлчилгээ авах нь чухал байдаг.
Гуравдугаарт, гоо заслын салбарт байнга яригддаг нэг зүйл бол хэрэглэгчийн хүлээлт. Өнөөдөр үйлчилгээ аваад маргааш өглөө нь толинд харахад өөрчлөгдсөн байх ёстой гэж ойлгоод байдаг. Ийм хүлээлт, хандлага гоо заслын мэргэжилтнүүдэд том сорилт болдог. Үсчинд ороод шууд үр дүн гарч, “Одоо сайхан болж” гэдэг мэдрэмж авдаг бол гоо заслын эмнэлэгт тийм зүйл байхгүй. Гоо заслын эмчилгээ, үйлчилгээ хамгийн багадаа 1-6 сарын хугацаанд үр дүн өгдөг.
Дөрөвдүгээрт, гоо засал бол гэрийн арчилгаанаас эхэлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрийн арчилгаанд үнэтэй брэнд бүтээгдэхүүн гэхээс илүүтэй тухайн хүн өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнээ хэрэглэх нь л чухал. Манайхан тэр ийм бүтээгдэхүүн хэрэглэдэг, би үүнийг хэрэглэнэ гэх зэргээр буруу нөлөөлж, нэгнийгээ даган туйлширдаг.
Дэлхийн гоо заслын салбарт технологийн хөгжил хаашаа явж байна вэ?
Олон улстай харьцуулахад бид техник технологи, бүтээгдэхүүний тал дээр нэг их хоцроогүй. Гоо заслын эмнэлгүүд олон улсад энэ салбарт гарч буй хамгийн сүүлийн үеийн технологиудыг цаг алдалгүй оруулж ирж байна. Олон улсад эко, химийн найрлагагүй бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчид илүү шаарддаг болсон учраас технологийн хөгжил нь ч энэ чиглэл рүү явж байна.
Дэлхийд гоо сайхны салбар маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд бид үүнтэй хөл зэрэгцэн ажиллаж байна. Бид мэс заслын эмнэлгээ 2022 онд үүсгэн байгуулахдаа олон улсын хэмжээнд өргөн хүрээтэй судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдийг эмчилгээ, үйлчилгээндээ ашиглаж байна. Жишээлбэл, мэс заслын хагалгааны орчныг олон улсын стандартын дагуу вакум байдлаар зохион байгуулж, хөхний мэс ажилбарын дурангийн хагалгаа, өөх соруулах мэс ажилбар дээр дэлхийн дэвшилтэт технологи болох PAL системийг ашиглаж байна.
Ер нь манай эмнэлэг мэс засал дээр нэлээд анхаарч байгаа. Хагалгааны орчин их чухал учраас нэлээд их судалгаа хийсэн. Ингээд яг олон улсын стандартаар хагалгааны орчноо бүрдүүлсэн. Жишээлбэл, манайд өөх соруулах мэс засал дээр өмнө нь эмч гарын баримжаагаар өөхөө нааш цааш нь соруулдаг байсан бол одоо аппарат нь эдүүд гэмтэх эрсдэлийг бууруулж өөрөө тохируулан соруулдгаараа илүү боловсронгуй болсон.
Тэгвэл манайх шиг хатуу ширүүн уур амьсгалтай нөхцөлд яаж эрүүл арьстай байх вэ. Амьдралдаа хэрэгжүүлэх наад захын хэвшил юу байх вэ?
Аль болох эртнээс зөв эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Хүний арьсны хамгийн чухал зүйл нь чийгшил. Арьс чийглэг байх тусмаа асуудал үүсэх шалтгаан нь харьцангуй бага байдаг. Арьсны чийгийг тодорхойлдог гол хүчин зүйл нь гилароны хүчил. Энэ нь бидний арьсанд 25 нас хүртэл хангалттай хэмжээгээр байдаг гэж үздэг бөгөөд түүнээс хойш арьс үүнийгээ алдаж, хуурайшиж эхэлдэг. Тиймээс арьсны хэв шинжээсээ хамаарч тухайн үед нь тохирсон арчилгааг хийгээд сурчихвал ямар нэгэн асуудал үүсэхгүй.
Гоо заслын салбарын маркетингийн талаар асуух хэрэгтэй гэж бодож байна. Учир нь гоо заслын үйлчилгээний тухай сурталчилгааны агуулга нь бодит амьдрал дээр гарах үр дүнгээс зөрөх нь их байдаг. Та үйлчлүүлэгчдэд хандаж энэ талаар юу зөвлөх вэ?
Маркетинг гэдэг нь зорилтод зах зээлд зориулан үнэ цэн бүтээх, түүнийг түгээх болон харилцаа холбоо тогтоох замаар хэрэглэгчидтэй болох, тэднийг тогтоон барих, улмаар нэмэгдүүлэх урлаг болон шинжлэх ухаан юм.
Маркетингийн олон төрлийн арга барил байдаг. Бид өөрсдийн зорилтот зах зээлд тохирсон маркетинг явуулдаг бөгөөд аль болох үнэ цэн, сэтгэл ханамж дээр суурилдаг гэхэд болно. Өөрөөр хэлбэл, манайх бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхдээ хэрэглэгчдийн хүлээлтээс давуулахыг зорьдог. Энэ нь өөрөө эргээд үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжаар тодорхойлогдож, амнаас ам дамжин яригдах байдлаар маркетинг явагддаг. Ер нь хамгийн сайн маркетинг бол одоогийн үйлчлүүлэгчдээ халамжлан, хүлээлтээс давсан үйлчилгээ өгөх юм.
Тиймээс бид манай гоо заслын эмнэлгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бүрийн таван мэдрэхүйд нь хүрч ажиллаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тав тухаар хангаж таатай мэдрэмж төрүүлэхийг зорьдог. Бидний баримталдаг зарчим “Үйлчилгээ бол мэдрэмж” юм.
Бодит амьдрал дээр гарах үр дүн өөр байдаг гэдэг тухайд мэргэжлийн хүний хувьд зөвлөхөд гоо сайхны аливаа үйлчилгээний гарах үр дүн нь тухайн үйлчлүүлэгчийн арьсны онцлог шинж чанар, мэргэжилтний хийсэн үйлдэл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг гэж хэлмээр байна.
Тэгвэл Intercharm эмнэлэг үйлчлүүлэгчдэд үйл ажиллагаагаа яаж таниулдаг вэ?
Бидний бусдаас ялгарах давуу тал бол мэргэжлийн байдал, найрсаг үйлчилгээ гэж хэлэх байна. Үйлчлүүлэгч манайд ирэхэд ямар нэгэн байдлаар стресстэхгүй байх нь маш чухал. Үйлчилгээ авч буй хэрэглэгч бүр төрөл бүрийн хэрэгцээтэй орж ирдэг. Тэр бүрийг мэдэрч, хэрэглэгчээ тайван амрааж, асуудлыг нь шийдээд, илүү өөртөө итгэлтэйгээр эндээс гараасай гэж хүсдэг.
Хэдийгээр бид олон арван брэнд бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлээд өдий хүртэл явж байгаа ч монгол хүний арьсны онцлог манай байгаль, цаг ууртай хэрхэн зохицох вэ гэдэг том асуудал бий. Хэчнээн мундаг технологийг оруулж ирлээ ч яг тухайн технологийг бий болгосон оронд байдагтай адил үр дүн гарахгүй байх тохиолдол бий. Тэгэхээр яавал илүү үр дүнтэй байх вэ гэдэгт анхаарч ажилладаг.
Зарим хүний арьсыг бэлтгэж байж эмчилгээнд оруулж, эмчилгээ хийсний дараах арьс арчилгааг хүртэл бид хийж өгч байж тодорхой үр дүнд хүрдэг. Тухайн технологийн зөвхөн өөрийнх нь зааврын дагуу явахад манайд ямар ч үр дүн гарахгүй тохиолдол бий.
Дашрамд хэлэхэд, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалаас болж монголчуудын арьсанд судасжилтууд үүсдэг асуудал бий. Үүнийг эмчлэх лазер эмчилгээ гэж бий. Гэтэл үүнийг хийгээд үр дүн өгөх үү гэдэг эргэлзээтэй.
Тиймээс бид олон талын судалгаанд үндэслэж эмчилгээ, үйлчилгээ явуулдаг. Эндээсээ мэргэжилтнүүдээ ч чадавхжуулж сургаж байдаг. Манай улсад энэ салбарт судалгаа, шинжилгээний бааз суурь гэж бараг байхгүй.
Гадаад орчны шинжилгээнээс эхлээд бүгдийг өөрсдөө хийх шаардлагатай нүүр тулж байна.
Мэргэжлийн хүний хувьд энэ салбарын ямар асуудлуудад илүү санаа зовж, анхаардаг вэ?
Монголд одоогийн байдлаар гоо заслын чиглэлээр 70 гаруй эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Гоо заслыг дотор нь эмчилгээний болон гоёлын гэж хоёр ангилж авч үздэг. Салоны үйл ажиллагаа эрхэлдэг газрууд гоёлын гоо заслын үйлчилгээнүүд болох үсчин, маникюр, гоо сайхан, энгийн массаж, нүүр будалт зэргийг хийдэг. Харин эмчилгээний гоо засал нь эмнэлгийн түвшинд арьс салстыг хөнддөг, тарилгын тусламжтайгаар арьс салстад эмчилгээ хийдэг.
Энэ салбарт эмчилгээний гоо заслын тусгай зөвшөөрөлгүй, бэлтгэгдсэн мэргэжилтэн буюу хүний нөөцгүй, гоо заслын эмчилгээний заалттай хийгддэг эмчилгээ, үйлчилгээг эмнэлгийн зориулалтын бус орчинд үзүүлж байгаа нь асуудал дагуулж байна. Үүнд ямар нэгэн зохицуулалт, хяналт байхгүй.
Эмчилгээний гоо засалд тавигддаг шаардлагууд гэж бий. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж буй аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл авахын тулд мэргэжлийн мэргэшсэн эмчтэй байх, тухайн эмч нь мэргэжлээрээ таваас доошгүй жил ажилласан байх ёстой, мөн мэргэжлийн сувилагчтай байх шаардлага. Эмчилгээ хийх өрөөний талбай, тухайн өрөөний байгалийн гэрэлтүүлэг, тасалгааны агааржуулалтыг хүртэл нарийн заасан байдаг.
Таны ярианд “мэргэжлийн” гэдэг үг их давтагдаж байна. Гоо заслын салбар хүний нөөцийн хувьд хэр хүрэлцээтэй байдаг вэ?
Монгол Улсад арьс гоо заслын эмчийн дипломтой 150 орчим хүн байна. Энэ салбар хүний нөөцийн асар дутагдалтай. Эмнэлгүүд нээгдэж байгаа ч ажиллах хүчин ховор.
Салбар хөгжихийн хэрээр арьс, гоо сайхны салон гэдэг ойлголтоос арьс гоо засал буюу илүү нарийн мэргэжлийн түвшинд хөгжих болж, арьс гоо засал, тэр дундаа дэвшилтэт технологи дээр суурилсан мэсгүй гоо сайхны эмчилгээ, үйлчилгээнүүд эрчимтэй нэвтэрч байгаа. Түүнийгээ дагаад бид ч мөн алхам тутамдаа өөрсдийгөө боловсруулж, хөгжүүлж, тасралтгүй суралцах шаардлага үүсэж байна.
Манай компанийн хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг чадвартай 40 гаруй эмч, мэргэжилтэн ажиллаж байна. Тэднийгээ гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтуудад тогтмол хамруулж, ажил гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг ур чадвараар хангах, мэргэшүүлэх, шинэ залуу үе, залгамж халааг тасралтгүй бэлтгэх, тасралтгүй сурч хөгжих хэрэгцээг нь илрүүлэн дэмжих байдлаар хүнээ хөгжүүлэхийг зорьдог.
Intercharm эмнэлэг ямар алсын харааг томьёолж, танай баг юунд тэмүүлж байна вэ?
Эмнэлгийнхээ алсын харааг “Бид дэлхийн гоо сайхны жишгээр танд үйлчилнэ” гэж тодорхойлсон. Дэлхийн жишиг гэдэг бол ерөөсөө л үйлчилгээний чанар, стандартын тухай яриа юм. Энэ тал дээр дэлхийд үйлчилгээний стандартаараа нэртэй Сингапурын туршлагыг нэвтрүүлж байна.
Олон улсад үйлчилгээний салбарын үйл ажиллагааг сайжруулах, төгөлдөршүүлэх олон стандарт байдаг бөгөөд Азийн улс орнууд түгээмэл хэрэгжүүлж буй Сингапурын Excellence загварчлал нь бусад загварчлалд үндэслэж бий болсон тул хамгийн сайнд тооцогддог. Business Excellence буюу шилдэг үйлчилгээний байгууллагыг тодорхойлох стандарт нь үйлчилгээний салбарт зориулсан Service Excellence стандарт, байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулахад зориулсан People Excellence, чанарын үзүүлэлтийг сайжруулах Quality Excellence гэх мэт стандарттай. Энэ стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.
Ер нь менежментийн тухай ойлголт нь аливаа байгууллагын үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран ерөнхий нэг ухагдахуунаар томьёологддог. Өөрөөр хэлбэл, менежмент нь өргөн утгаараа байгууллагын зорилгыг тодорхойлох, арга замыг төлөвлөх, санхүү, хүн хүч, материалын нөөцийг оновчтой зохион байгуулах, хүмүүсээ манлайлах, эцсийн үр дүнг нь хянах үйл явц юм. Тэгэхээр манай байгууллагын хувьд ч гэсэн энэхүү үндсэн ойлголт дээрээ тулгуурлан аль болох зөв зохион байгуулалттайгаар, өндөр үр дүнтэй ажиллахыг хичээдэг. Мэдээж гоо сайхны салбар өөрөө маш өндөр хариуцлага шаарддаг тул миний хувьд зөв цагт нь чанартай бүтээгдэхүүн, олон улсад батлагдсан сүүлийн үеийн технологид суурилсан тоног төхөөрөмж ашигладаг, мэргэшсэн хүчний нөөцтэйгөөр хэрэглэгчдэдээ үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.
Intercharm эмнэлгийн хүний нөөцийн стратегийн талаар тодруулж яривал?
Миний хувьд ямар ч мэргэжлийн хүн эхлээд зөв хүн байх ёстой гэж боддог. Тиймээс компанийнхаа үнэт зүйлсийн дагуу ур чадвартай ажилтан гэхээс илүүтэй зөв хүнээр багаа бүрдүүлэхийг зорьдог.
Бид ажилтнаа сургаж хөгжүүлж ур чадварыг нь дээшлүүлснээр салбартаа тэргүүлэх цалин олгох бодлого баримталдаг. Бид ажилтны мэргэжлийн болон ерөнхий ур чадвар, хувийн хөгжил, зан байдлын төлөвийн зөв, бодит үнэлгээ гаргаж, ажилтан тус бүртэй ганцаарчлан ярилцсаны үндсэн дээр ажилтан тухайн хүнд зориулсан сургалтын хөтөлбөр боловсруулдаг. Улмаар цалингийн системээрээ ажилдаа хичээл зүтгэл гаргасан ажилтныг зөв, оновчтой урамшуулна.
Манай баг хамт олны нэг гишүүн байхад хүн нь зөв байхад л хангалттай. Харин чадварлаг багш нарын явуулдаг сургалтын системээр дамжуулан мэргэжлийн хүний нөөцөө бэлддэг. Ингээд үзэхэд ажилтны сургалт хөгжил бол манай хүний нөөцийн албаны чухал стратеги юм.
Энэ бүхнийг бид дүрэм, журмаар албажуулж буй нь хүн хүнийг удирдах биш бодлого хүнийг удирддаг байх зорилготой юм. Учир нь хүн ажлаасаа ядардаггүй, харин байгууллагын ойлгомжгүй, тодорхой бус байдал, чиг үүрэггүй ажил, удирдлагын үзэмж харсан шийдвэрээс л ядардаг гэж үздэг.
Intercharm эмнэлэг мэргэжлийн гоо заслын байгууллагын хувьд нийгэмд нөлөөлж, өв үлдээх ямар ажлууд төлөвлөж байна вэ?
Манай улсын хүн амын дунд шилжилтийн насанд үүсдэг батгашилт маш их байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд манай эмнэлгийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд ийм асуудалтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллана.
Мөн өвчний улмаас хөхөө авхуулсан хүнд нөхөн сэргээх эмчилгээ хийхээр төлөвлөж байгаа. 2022 оноос мэс заслын эмнэлгийн үйл ажиллагаа маань эхлээд явж байгаа. Монголд байгаа гоо сайхны нөхөн сэргээх мэс заслын ганц эмч нь манайд ажилладаг бөгөөд өмнө нь ийм төрлийн эмчилгээ хийж байсан туршлага бий.
Гоо заслын эмнэлгийн захирлын хувьд өөрийн гоо сайхан, эрүүл мэндэд хэрхэн анхаардаг вэ?
Зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь хамгийн чухал гэж боддог. Тухайлбал, 2013 онд “Гар бөмбөгийн спортын мастер” болсон бөгөөд сүүлийн үед талбайн теннис, фитнесээр хичээллэж байна. Товчхондоо, дасгал хөдөлгөөн болон зөв хооллолтыг амьдралын хэв маягтаа хэвшил болгохыг чухалчилдаг.
Та ажлынхаа юугаар нь хамгийн их бахархдаг вэ?
Бид анх наймуулаа ажилладаг байсан бол одоо 70 гаруй мэргэшсэн болон нарийн мэргэжлийн ажилтантай, салбартаа тэргүүлэгч байгууллага болтлоо өсөн дэвшиж буйгаараа бахархдаг.
Гоо заслын эмнэлгийн захирал хүний мөрөөдлийг сонирхмоор байна?
Хүний мөрөөдөл амьдралын явцад өөрчлөгдөж байдаг гэж боддог. Хүүхэд насны мөрөөдөл, залуу насны мөрөөдөл гэх мэтээр. Яг одоогийн мөрөөдөл гэвэл цаашдаа эмнэлгээ салбарынхаа үлгэр жишээ болсон, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй дэлхийн жижигт хүрэхүйц үйлчилгээг үзүүлдэг байгууллага болгон хөгжүүлэхийг хүсэж байна.