Монголын стартап бизнесийн экосистемд томоохон үүрэг гүйцэтгэх болсон МСтарс Хаб нь хоёр дахь элсэлтийн 11 стартапаа төгсгөж, энэ сарын 17-нд хөрөнгө оруулагчдад зориулсан “Демо өдөр”-ийг зохион байгууллаа. МСтарс Хаб бол дөнгөж эхлэлийн шатандаа яваа стартапуудыг “бойжуулдаг” хурдасгуур хөтөлбөр бөгөөд 2022 оны 10 дугаар сараас хойш зургаан сарын хугацаанд шалгарсан стартапуудыг бүтээгдэхүүнээ амжилттай хөгжүүлэн туршиж, зах зээлд гаргахад нь дэмжсээр сая хөрөнгө оруулагчдад танилцуулсан нь энэ юм.
Ингэж дэмжихдээ 15-30 сая төгрөгийн грант, мастеркласс сургалтууд, менторын хөтөлбөр болон ажил хэргийн сүлжээгээр (нэтворкинг) хангаж иржээ. “Демо өдөр” дээр хөрөнгө оруулагчдын өмнө пич/найраагаа хийж буй стартапуудын гол зорилго нь хангалттай борлуулалт хийн мөнгөн урсгал бий болгож, хэрэглэгчдийнхээ тоог нэмэн цаашид өсөх чадамжтай бизнес гэдгээ гуравхан минутын илтгэлээр нотлон харуулах байдаг. Тэгвэл 2023 оны “Демо өдөр”-ийн үр дүнд дээрх 11 стартап тус бүр дундажаар 6-7 гаруй хөрөнгө оруулалтын сонирхол авснаас нэг стартап хөрөнгө оруулалтын гэрээгээ үзэглэжээ. Харин бусад стартапыг хөрөнгө оруулагчидтай хийх дараагийн уулзалт, хэлцлүүд хүлээж байгаа.
Эдгээр стартап нь өнгөрсөн жил “MStars Hub Cohort II”-т бүртгүүлсэн нийт 130 гаруй багаас шалгарсан билээ. Тэдний дундаас виртуал дохионы хэлмэрч апп Hand Pro, хиймэл оюун ашиглан хүний нөөц бүрдүүлэх Metacog платформ, урамшуулал дээр суурилсан краудфандингийн систем болох Seedshare, AR технологийн тусламжтай өрөөний тохижуулалт хийдэг Just платформ зэргийг дурдах хэрэгтэй болов уу. Мөн олон улсын сэлбэг үйлдвэрлэгчдийг Монголын бизнесүүдтэй холбох цахим сэлбэгийн дэлгүүр Autoparts-ийнхан хөрөнгө оруулагчдад бизнесээ танилцууллаа.
Хурдасгуур хөтөлбөр нь экосистемд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, стартапуудыг бизнес загвараа чамбайруулах, санаагаа бодит бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон хөгжүүлж зах зээлд танилцуулахад гол хөшүүрэг болдог. Харин хөрөнгө оруулагчдад тодорхой түвшинд боловсорч, зах зээлээ олсон бизнест хөрөнгө оруулахад нь тусалдаг. “Демо өдөр”-ийн гол зорилго нь ч энэ юм. МСтарс Хабын гүйцэтгэх захирал Ч.Даваажамцын ярьснаар энэ удаагийн элсэлтээр хамтрагч түншүүд, менторууд болон М-Си-Эс Венчерс, анхны төгсөгч стартапуудынхаа хамтаар хөтөлбөрөө илүү сайжруулж чадсанаар хөтөлбөрийн гол зорилго биелсэн байна.
МСтарс Хаб-ын хоёрдугаар төгсөлтийн стартапууд:
- Hand Pro – Сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцааг хүртээмжтэй болгоход чиглэсэн хиймэл оюун ухаанд суурилсан виртуал дохионы хэлмэрч
- Sharely – “Хэрэглэсэн”(шинэ болон эдлэгдсэн) бараа болон бизнесийн үйлчилгээг газарзүйн байршилд тулгуурлан, хялбар түгээх, солилцох боломжтой платформ
- Grado – Хүн бүрд мэргэжлийн дизайнер байх боломжийг олгох дизайны платформ
- Gamebank – Тоглоомын аргачлалыг ашиглан байгууллага, хэрэглэгч хоёрын харилцааг илүү хөгжилтэй, аз жаргалтай, удаан үргэлжлүүлэх технологийн шийдэл.
- Metacog – Хүний нөөцийн бүрдүүлэлтийн үед анкет, тестүүдийг орлох боломжтой тоглоомжуулсан платформ.
- Ger Glamping – Монгол гэрийн давуу талуудыг шингээсэн тансаг аяллын цоо шинэ, инновацлаг бүтээгдэхүүн
- RoCo – Бүрэн автомат хоолны машин, өөртөө үйлчлэх кофе машин зэрэг инновацлаг бүтээгдэхүүнээрээ хүмүүсийг илүү бүтээмжтэй амьдрахад нь туслах стартап
- Seedshare – Бизнес, төсөл, санааг амилуулах бүтээлч эдийн засагт боломж нэмэх санхүүжилтийн шинэ хэлбэр
- Just – AR технологийг ашиглан хүссэн тавилгаа, хаана ч бодит хэмжээгээр нь байрлуулан үзэх боломжтой платформ
- Autoparts – Олон улсын сэлбэг үйлдвэрлэгчдийг Монголын бизнесүүдтэй холбох цахим сэлбэгийн дэлгүүр
- YLD – Хэвлэл мэдээллийн цогц паблишинг платформ ба дижитал зар сурталчилгааны шинэ шийдэл