Ирээдүйд хэн их алттай нь бус, хэн их гүний усны нөөцтэй нь дэлхийн бодлогыг тодорхойлно гэж судлаачид үздэг. Сүүлийн 40-н жилд хийсэн судалгааны дүнгээр монгол орны усны нийт нөөц 564.8 сая шоо км. Үүний 10.8 сая шоо км буюу 1.91 хувийг газрын доорх ус бүрдүүлдэг. Бид хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх уснаас авдаг. Ахуйн зориулалтаар бус ашигласан тохиолдолд ус, рашааны нөөц ашигласны төлбөр гэж энэ оны эхний 10-н сарын байдлаар 34 тэрбум төгрөгийг тухайн орон нутгийн санд төвлөрүүлжээ. Нүдэнд үл харагдах далд баялаг нь бидэнд амьдрал, мөнгө, эрүүл мэнд бэлэглэдэг. Харин бид зөвхөн авч, хэрэглэсээр. “Монгол Улсад нэг тонн талх хийхэд 3.5, хими цэвэрлэгээ 35.7, үслэг эдлэл үйлдвэрлэхэд 222.4, зэсийн баяжмал гарган авахад 4.1 шоо метр ус зарцуулж буй тооцоо бий. Мөн Монгол Улсын ус ашиглалтын 2021 оны тайланд, “Унд ахуйн хэрэгцээгээр 84.5, үйлдвэр ахуйн үйлчилгээ 16.2, усалгаатай тариалан 144.8, мал аж ахуй 194.4, уул уурхай 113.4, эрчим хүч, дулаан, 41.5, нийт 594.8сая шоо метр ус ашигласан” гэж дурдав. Өмнөх хоёр жилээс өссөн үзүүлэлттэй гарчээ. “Усыг цацдаг” гэж бидний ярьдаг уул уурхайн салбар нь усыг их хэмжээгээр эргүүлэн ашигладаг тул хөдөө аж ахуйн салбараас бараг хоёр дахин бага байна.
Усны үнэ макро түвшинд усны нөөц ашигласны төлбөр, ус бохирдуулсны төлбөр, микро орчинд цэвэр, бохир усны үйлчилгээний тарифаас бүрддэг. Усны нөөцийн экологи, эдийн засгийн буюу мөнгөн үнэлгээ хийх асуудал 1980-аад оноос хойш манайд эрчимтэй ярьж эхэлсэн. Усны нөөц нь улс орнуудын ДНБ-ий үйлдвэрлэлд чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын Усны тухай хуулийн 3.1.17-д “Усны экологи-эдийн засгийн үнэлгээ гэж усны нөөцийн байгалийн үнэ цэн, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг хэлнэ” гэж тодорхойлсон нь бий. 2013 оноос хойш усны нөөц ашигласны төлбөрийг экологи-эдийн засгийн үнэлгээнд тулгуурлан тооцож байна. НҮБ-ын Статистикийн хэлтсээс гаргасан “Усны нөөцийн экологи-эдийн засгийн тооцооны систем” /SEEAW/ гарын авлагад, “Усны нөөцийн өртгийн үнэлгээ буюу үнэ цэнийн асуудал нь төрийн бодлогын хувьд чухал ач холбогдолтой боловч одоог хүртэл үнэлгээ хийх бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төгс аргачлал хараахан бий болоогүй” хэмээн тэмдэглэжээ. Үүнээс харахад, дэлхий нийт усны жинхэнэ үнэ цэнийг мөнгөөр тодорхойлж чадахгүй байна. Тиймээс хайрлаж, гамнаж хэрэглэж байгаагаар нь үнэ цэн ач холбогдлыг цэгнэж, дүгнэж болох юм.