2022 оны дөрөвдүгээр сард Ховард Щульц гуравдахаа буюу компанийн амласнаар түүний гүйцэтгэх захирал байх сүүлчийн удаагаа Starbucks-д эргэн ирэхэд компанид кофе хэрэгтэй байгаа харагджээ. Цар тахал борлуулалтад нөлөөлж, хувьцаа нь дэгэн догон болсон байв.
Дөрвөн бариста тутмын нэг нь компанийн нэр хүндтэй тэтгэмжид хамрагдах боломжийнхоо хаяанд ирчхээд байхдаа ч ажлаасаа гарсан гэж мэдээлсэн байдаг. Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл мэдэгдэхүйц бага байдаг салбар хэдий ч Starbucks-ын кафе-нууд үйлдвэрчний эвлэлд аажмаар нэгдэж эхэлсэн бөгөөд тэдний 100 гаруй нь үйлдвэрчний эвлэлийн сонгууль явуулахыг хүсжээ. Үүний хариуд Starbucks үйлдвэрчний эвлэлд элсээгүй ажилчдын цалинг нэмж, тэтгэмжийг сайжруулахаа амласан байна. Хөдөлмөрийн Харилцааны Үндэсний Зөвлөлийн бүс нутгийн алба тус компанийг 200 гаруй хөдөлмөрийн зөрчил гаргасан гэж буруутгасан. Уолл Стритийн зарим шинжээч үүнийг хариуцлага хүлээх үндэслэл гэж онцолжээ.
Щульц ажлаа аваад сар гаруйн хугацаа өнгөрсний дараа хөрөнгө оруулагчдад ашиг, алдагдлын тайлангийн талаар утсаар хийсэн хурлын үеэр тэрээр Starbucks-ыг “Starbucks байлгадаг” бүх хүчин зүйлийг дахин шинээр үнэлсэн гэжээ. Тухайн үеийн хэвлэлийн мэдээнд дурдсанаар Starbucks “Огт өөр төрлийн компани” болон гарч ирэх бэлтгэлтэй байсан төдийгүй хөрөнгө оруулагчдад “өсөлттэй компани” хэвээр байгаа гэдгээ итгүүлж чаджээ. Гэхдээ Америкт биш бололтой.
Хятадад есөн цаг тутамд Starbucks-ын нэг кафе нээгдэж байдаг гэсэн тоо бий.
Шанхайд Starbucks-ын нэрийн дэлгүүр дэлхийн аль ч хотоос хамгийн олон тоогоор байдаг. Хятад 2025 он гэхэд Starbucks-ын хамгийн том зах зээл болох Америкийг гүйцэж түрүүлнэ гэж Щульц есдүгээр сард мэдэгдэв.
Сиэтлд төвтэй энэ кофены аварга компани тус зорилгынхоо төлөө 30 жилийн турш чимээгүйхэн ажиллаж байна. Коммунист намын албан тушаалтнуудтай харилцах, хамтарсан түншлэл тогтоох, аажмаар стратегийн хувьд өргөжин тэлэх зэрэг гадаадын аж ахуйн нэгжийн хувьд Хятадад амжилттай ажиллахад шаардлагатай ердийн алхмуудыг хэрэгжүүлжээ. Гэхдээ Starbucks олон талаараа АНУ-ын бусад компани, тэр дундаа гүйцэтгэх захирлууд нь Ши Жиньпиний эрх баригч намтай анхаарал татахуйц гэрээ хэлцэл хийсэн Тесла болон Apple-аас хол илүү урагшилсан. Тус улсад үйлдвэр барьж, ажилчин авч, зах зээлээ хөгжүүлж байгаа компаниудаас ялгаатай нь Starbucks бүс нутгийн ард иргэдэд нь өөрсдөө тариалан эрхлэхэд нь тусалж байгаа юм. Тэрээр 2007 онд Хятадын кофены Юньнань мужид үрийн туршилт хийж, фермерүүдтэй хамтран ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш дотоодын ханган нийлүүлэлтийн сүлжээгээ хөгжүүлж, 30 000 гаруй фермерийг сургасан байна. Гадаадын томоохон аж ахуйн нэгжүүд Хятадын ашгийн бус байгууллагуудад хандив өгөх зэргээр буяны болон сайн дурын төслүүдэд оролцох нь түгээмэл байдаг ч Starbucks-ын Хятадын санаачилгад үзүүлдэг дэмжлэгүүд хэвийн жишгээс давж гардаг. Тус компани хөдөө орон нутгийн дэд бүтцийг шууд барьж, тус улсад өөрийн санг ажиллуулж байна. Starbucks өөрийн кафенуудаа аюулгүй, найдвартай түрээслүүлэхийн тулд “төрийн албан тушаалтнуудтай бат бөх харилцаа тогтоох” ёстойг Шульц аль эрт хүлээн зөвшөөрсөн бөгөөд корпорацын ашгийг Ши Жиньпиний Хятад дахь “нийтийн хөгжил цэцэглэлт” гэсэн үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд үндсэндээ ашиглаж байна.Тус компанийн 2021 оны жилийн тайланд “Бидний ашиг, өсөлтөд чухал ач холбогдолтой Хятад дахь манай зах зээлийн улмаас бид эрсдэлд өртөж байна” хэмээн хүлээн зөвшөөрч, ялангуяа АНУ-Хятадын харилцааны хурцадмал байдал, болзошгүй хоригууд, Америкийн эсрэг үзэл, COVID-ийг тэглэх бодлого, үл хөдлөх хөрөнгийн хямрал, ханган нийлүүлэлтийн сүлжээний хяналтаас гадуурх зардал, Бээжингийн “уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээ”, хүнсний аюулгүй байдлын хяналт шалгалт зэрэг гэнэтийн зохицуулалтаас үүсэх эрсдэлүүд тулгарч байгааг дурджээ. Цар тахалтай холбоотой хоригуудаас болж Starbucks-ын Хятад дахь борлуулалт 2022 оны хоёрдугаар улиралд өмнөх улирлаасаа 23%-иар буурч, компанийн бүтэн жилийн хэтийн төлөвийг түдгэлзүүлэхэд хүргэв. Дараагийн улиралд борлуулалт үлэмж хэмжээгээр буюу 44% буурчээ. Wedbush-ийн шинжээч Ник Сетян хэлэхдээ, COVID-ийг тэглэх бодлого гарахаас өмнө Хятад Starbucks-ын үнэлгээний 10% -ийг бүрдүүлдэг байсан, гэхдээ удалгүй энэ үзүүлэлт 5% -д ойртсон гэж байв.
Гэсэн хэдий ч Starbucks эрчимтэй урагшилсаар байсан. 2023 оны эхээр Шульцыг гүйцэтгэх захирлаар томилохын тулд Starbucks Хятадад ажиллаж байсан, туршлагатай, үндэстэн дамнасан корпорацын ахмад зүтгэлтэн Лаксман Нарасимханыг урьсан.
Ирэх гурван жилийн хугацаанд тус компани Хятадын зах зээлд 220 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, дэлгүүрийнхээ тоог 6000-аас 9000 хүртэл нэмэгдүүлэн, 60 гаруй мянган хүнтэй ажиллах хүчийг 100 мянга шахам болгож Хятад дахь үйл ажиллагааны орлогоо дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Хятадын Starbucks компанийн ТУЗ-ийн дарга Белинда Вонг өнгөрөгч оны есдүгээр сард хоёр жилд нэг удаа болдог хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн үеэр мэдэгдэхдээ ирэх зун гэхэд Шанхай хотын гадна Кофены инновацын парк шинээр нээнэ гэж зарласан. Starbucks-ын өнөөг хүртэл хэрэгжүүлсэн хамгийн том төслүүдийн нэг нь тус компанийн долоо дахь үр хуурах үйлдвэр бөгөөд тус байгууламж одоогоор АНУ-д тав, Европт нэг байна. Ойролцоогоор 150 сая ам.долларын өртөгтэй энэхүү цогцолбор нь Хятадын Starbucks-ыг үрээс аяга хүртэлх өртгийн сүлжээгээ бүрэн хянадаг кофены жижиглэн худалдаалагч болгожээ. “Бид Хятадад байгуулсан кофены өвөрмөц экосистемээрээ үнэхээр бахархаж байна” гэж Вонг Сиэтл дэх төв оффисын хурал дээр хэлээд, “Өнгөрсөн жил Starbucks Хятад ажилчдадаа урьд өмнө хэзээ ч байгаагүй урамшуулал хүртээсэн” гэж нэмж хэлэв. Хятад ажилчдын ихэнхдээ жилийн эцэст нэмж авдаг 13 дахь сарын цалинг нугалж, ажилтан бүрд хоёр сарын цалинг урамшуулал болгон өгсөн ажээ.
Түүнийг үг хэлж байхад Starbucks-ын Америк дахь олон зуун бариста болон дэмжигчид гадаа цугларч, үйлдвэрчний эвлэлийг задлах тактик явуулах гэсэн тус компанийн оролдлогыг эсэргүүцэв.
Тус компани Хятад дахь амбицаа нуугаагүй. Тавдугаар сард Starbucks-ын ашиг орлогын тайлангийн хурлын үеэр Шульц шинжээчдэд хандан “Хятадын тухайд бидний хүсэл тэмүүлэл хэзээ ч ийм агуу байгаагүй гэдгийг бүү орхигдуулаарай” гэж хэлжээ.
Хятадын аварга том худалдааны төв болох Дэлхийн Худалдааны Төвийн (China World Trade Center) нэг давхарт байрлах Starbucks-ын анхны кафе нь 1999 онд нээгдсэн бөгөөд үндсэндээ улаан туузаар ороосон капиталист кофе зардаг байв. Энд орон нутгийн гурилан бүтээгдэхүүн борлуулж байсан бөгөөд хагас нь төрийн мэдлийн “Beijing Capital Agribusiness & Food Group”-ийн мэдэлд байсан. Үүнээс хойш хоёр жилийн дараа Starbucks Хориотой Хотын ханыг нэвтэрч, 600 жилийн түүхтэй ордны ховорхон, хятад бус худалдааны цэг болж, кофегүй латте, хушга, гадил жимстэй хөөсөн боов санал болгов. 2005 он гэхэд засгийн газар Цагаан хэрэм дээр дэлгүүр нээхийг Starbucks-т зөвшөөрөв. NPR /National Public Radio: Вашингтонд төвтэй Америкийн ашгийн бус хэвлэл мэдээллийн байгууллага/ тухайн үед Шульцаас “Коммунист нийгмийн дарангуйлал дор ухаан санаагаа алдчихалгүй хэрхэн бизнес хийж байна даа?” гэж асуухад тэрээр Starbucks- нь “Улс орныг бүтээн бий болгосон уламжлал ба өв соёлд маш хүндэтгэлтэй хандаж чадна” гэдгээ нотолсон учраас коммунистууд Starbucks-ыг амжилтад хүргэхийг үнэндээ хүсэж байгаа юм гэж хариулжээ.
Компани хэчнээн их хүндэтгэл үзүүлсэн ч энэ нь тэдний шулуун дардан замаар явах баталгаа биш байлаа. 2007 онд Хятадын Төв Телевизийн хөтлөгчийн Хориотой хот дахь Starbucks-ын кафег нүүлгэх тухай өргөдөл хэд хоногийн дотор Weibo дээр хагас сая хүний дэмжлэг авчээ. Удалгүй Хааны Ордон музейн эрхэлдэг кофе шоп Starbucks-ын байрыг эзэлж, цэст нь “уламжлалт ундаа”-ны сонголт нэмэгдсэн байдаг. Starbucks нүүж буйгаа чимээгүйхэн зарлаж, “Бид тэдний хийж буй зүйлийг хүндэтгэдэг” гэж мэдэгдэв. (Хэдэн жилийн дараа Starbucks Цагаан хэрэм дэх байршлаа мөн л чимээгүйхэн хаасан.)
Энэ мэтээр “ташуурдуулах” нь Бээжинтэй хийдэг бизнесийн зөвхөн нэг хэсэг юм. Хуульч Дэн Харрис “Хятад юу өгнө, түүнийг авах л болно” гэж хэлжээ. “Бээжин энэ хувирамтгай байдлаа өөрийн давуу тал болгохдоо гарамгай” гэж Strategy Risks зөвлөх компанийн гүйцэтгэх захирал, “Хоёр дахь Америк: Америкийн элитүүд Хятадыг хэрхэн хүчирхэгжүүлсэн нь” номын зохиогч Исаак Стоун Фиш хэлж байна. “Компаниудыг үргэлжийн эргэлзээнд байлгах нь заримдаа мөрдөгдөж буй ямар ч дүрмийг зөрчдөггүй компаниудад шийтгэл болдог” гэж тэр хэлэв. “Энэ тэгш бус байдал санаа зовоох зүйл биш, энэ бол нэг онцлог нь юм.”
2000-аад оны сүүлээр Хятадын орон нутгийн засаг захиргаа Юньнань дахь кофены аж ахуйг хөгжүүлэхээр зорьж байсан бөгөөд үйлдвэрлэлийг тав дахин (жилд 200 гаруй мянган тонн хүртэл), тухайн үед нэрд гараагүй байсан энэ түүхий эдийн үнийг 10 дахин буюу эрс өснө (1.5 тэрбум ам.долларт хүрнэ) гэж төсөөлж байв. Хэдийгээр Nestlé 1980-аад оны сүүлээр орж ирж, уусдаг кофенд зориулж импортын үр боловсруулах үйлдвэр барьсан байсан ч (Коммунист намд өндөр чанарын арабика үр тариалахад туслахаасаа өмнө) Starbucks Юньнань кофег газрын зураг дээр байршуулахаа амласан.
2010 он гэхэд Юньнань мужийн Пуэр хотод Starbucks урьд өмнө хэзээ ч нээж байгаагүй хэмээн мэдэгдсэн компанийн эзэмшлийн анхны фермээ эхлүүлэхээр засгийн газартай түүхэн чухал гэрээ байгуулжээ. “Starbucks 40 жилийн түүхэндээ анх удаа кофе тариалах гэж байна” гэж Шульц тэр жилийнхээ 11 дүгээр сард Бээжинд аялах үеэрээ сайрхаж байв. “Бид дэлхийн хамгийн шилдэг кофе үйлдвэрлэж чадах газар нутгийн нэг хэсгийг нээсэн. Гурваас дөрвөн жилийн дараа бид Юньнаниас дэлхий дахинд кофе авчрах болно” гэж тэр хэлэв.
Starbucks нь Колумб, Бразил, Этиоп зэрэг кофе үйлдвэрлэлээр тэргүүн байранд явдаг орнуудад “фермерүүдийг дэмжих төв” гэж нэрлэдэг хамгийн сүүлийн үеийн агрономийн лаборатори ба корпорацын гял цал оффисуудын сүлжээг ажиллуулдаг.
Тус компани зургаа дахь төвөө Пуэр хотын ойролцоо байгуулж, жилд 45 сая фунт ногоон кофены үрийг боловсруулах хүчин чадалтай асар том кофены тээрэм барьжээ. Үрийн шинэ сортуудыг судалж, талбай дээр орчин үеийн усалгааны системийг суурилуулж, тус төвийн агрономчид өдөр бүр хэдэн цагаар фермүүдээр явж, нутгийн иргэдэд тариалалтын үр дүнтэй арга техникийг үнэ төлбөргүй зааж сургадаг ажээ.
Starbucks “Юньнань кофены төслөө” өргөжүүлэхийн тулд 2018 оноос эхлэн нутгийн 50 мянган тариачин болон тэдний ар гэрийн амьжиргааг 2023 он гэхэд тодорхой түвшинд хүртэл дээшлүүлэх зорилготойгоор буяны байгууллагууд болон орон нутгийн намын удирдлагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш усан сан барьж, тариаланчдад хурдтай ажиллахад нь тусалдаг хуурайшуулах машин хандивлан, бордоо болон хатаах тавиур тарааж өгчээ. Мөн нийгэмд үзүүлэх нөлөөллийн янз бүрийн хөтөлбөрүүдэд 20 сая ам.доллар, эмэгтэйчүүдийн хөгжил, алслагдмал нутгийн боловсролын хөтөлбөрүүдэд гурван сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнд Юньнаний орон нутгийн удирдлагатай хамтран бага насны хүүхдүүдэд зориулсан хөдөө аж ахуйн сэдэвтэй долоо хоногийн зуслан зохион байгуулах, бага сургуулиудад номын булан байгуулах зэрэг санаачилга багтсан байна.
Хүргэлтэд төвлөрсөн Luckin Coffee зэрэг чадвартай өрсөлдөгчдөөс сэргийлэхийн тулд Starbucks нь гадаадын компаниудад жижиглэн худалдааны үл хөдлөх хөрөнгийг шууд эзэмших боломж олгосон орон нутгийн бодлогын өөрчлөлтийг ашиглан Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай түншүүдээс 2017 онд худалдаж авсан. (1.3 тэрбум ам.долларын хэлцэл нь компанийн түүхэн дэх хамгийн том алхам бөгөөд үүний дараа мөн Тайвань дахь үйл ажиллагааныхаа өөрийн эзэмших эрхийг худалдсан юм.) Дараа жил нь Starbucks Хятадын технологийн аварга Алибаба компанитай хамтран орон даяар хүргэлтээ эхлүүлж байгаагаа зарлав.
Энэхүү алхам нь Starbucks-ыг Алибаба групптэй нягт холбосон. Улмаар Starbucks Хятад дахь бараг бүх дижитал үйлчилгээндээ аутсорсинг хийх шаардлагатай болжээ. Жишээлбэл, интернетийн аварга компани Tencent нь Хятадын мессеж илгээх, QR код, цахим төлбөр, тоглоом зэрэгт давамгайлдаг, бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авдаг мега апп болох WeChat-аараа дамжуулан Starbucks-ын Хятад дахь бүх кафены гар утасны гүйлгээг хийдэг.
Starbucks-аас эрс ялгаатай нь улам нэмэгдэж буй геополитикийн хурцадмал байдалд өртөж байгаа барууны олон компани хувьцаагаа татаж эхэлсэн. LinkedIn 2021 оны 10 дугаар сард өөрийн сайтын хятад хувилбарыг хаасан. Yahoo тэднийг шил даран бизнесийн орчныг “улам сорилттой болсон” хэмээн мэдэгдэв. Apple, Microsoft, Google компаниуд Хятад дахь зарим үйлдвэрлэлээ задлахаар чармайж байна. (Google одоо Вьетнамд ухаалаг гар утасны зарим хэсгээ үйлдвэрлэж байгаа бөгөөд Apple компани iPad-ын зарим үйлдвэрлэлийг тийш нь нүүлгэсэн бол Amazon нь Fire TV-гээ Энэтхэгт хийж байна.) Үүний зэрэгцээ 2022 оын тавдугаар сард Airbnb тус улсад байрны зараа зогсоож, долоодугаар сард Jeep компанийн толгой компани “улс төрийн оролцоо ихэссэн” гэсэн шалтгаанаар татагдсан. Old Navy болон Urban Outfitters хувцасныхаа онлайн худалдааг зогсоов. Өнгөрөгч оны зургаадугаар сард АНУ-Хятадын Бизнесийн Зөвлөл гишүүдийнхээ дунд, зарим нь Хятадад 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж буй үндэстэн дамнасан 117 компанид санал асуулга явуулахад тус улсад бизнес эрхлэх урам зориг хамгийн доод цэгтээ хүрсэн дүн гарчээ.
АНУ-ын албаны хүмүүс Хятад улсаас үндэсний аюулгүй байдал, хувийн нууцад учруулж буй эрсдэлийг улам бүр аймшигтай үг хэллэгээр онцлох болж, болгоомжтой байхыг уриалж эхэлж байна. Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен бараг жилийн өмнө Хятад улсыг дэлхийн дэг журамд “урт хугацааны хамгийн ноцтой аюул заналхийлэл” учруулж байна гэж хэлсэн бол Холбооны мөрдөх товчооны захирал Кристофер Рэй жилийн өмнө NBC News-т өгсөн ярилцлагадаа “Бидний инновац, бидний санаа, манай эдийн засгийн аюулгүй байдалд Хятадаас илүү хүчтэй заналхийлж байгаа өөр улс байхгүй” гэж мэдэгджээ.
АНУ-ын албан тушаалтнууд хувьдаа ч гэсэн тус улс дахь корпорацын өсөлтийн тухай санаанд тун хүйтнээр хандаж байна. Өнгөрсөн 12 дугаар сард болсон АНУ-Хятадын Бизнесийн Зөвлөлийн Колумбия дүүрэгт жил бүр зохион байгуулдаг гала тоглолтын үеэр Төрийн департаментын эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргын орлогч Хосе Фернандес гишүүн компаниудад хандан “АНУ-Хятадын худалдаа нь манай компаниудад үл тоомсорлож болох эрсдэлүүдийг авчирч байна” гэж хэлжээ. Тус арга хэмжээний оролцогчдод “Ямар нэгэн зүйл тохиолдвол бидэнд гомдол тоочих хэрэггүй” гэсэн мессеж нь тодорхой байлаа. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй.
Хятад улс 150 тэрбум ам.долларын хохирол учруулж, олон сая хүнийг орон гэргүй болгосон 2008 оны Сычуаны их газар хөдлөлтийн өмнөхөн компанийн нийгмийн хариуцлагын тухай ойлголтыг дөнгөж олж нээсэн ажээ. Саяхан засгийн газар бүх компанийг “нийгмийн хариуцлага хүлээх”-ээр болгож, хуульд өөрчлөлт оруулсан бөгөөд тэр цагаас хойш Коммунист нам үүнийг хамгийн сүүлд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Хятадын “нийтийн хөгжил цэцэглэлтэд” туслах хэрэгсэл болгон ашиглаж хөдөө тосгоныг ядуурлаас гаргахад хэрэглэж байна. Орон нутагт корпорацуудын өгөөмөр байдал заримдаа хэр хэмжээнээс хэтрэх явдал ч байдаг. (Tencent 2021 онд хөдөөгийн хөгжил, эмнэлгийн тусламж, боловсролын хөтөлбөрт зориулж 15 тэрбум ам.доллар амласан.) Гадаадын компаниуд халдашгүй байх албагүй: Apple-ийн талаас нэлээд харам хандаж байгаад хилэгнэсэн Хятадын эрх баригчид Apple-ийг шахсанаар, 2016 онд гүйцэтгэх захирал Тим Күүк таван жилийн хугацаанд дор хаяж ойролцоогоор 275 тэрбум ам.доллар амласан гэж мэдээлсэн.
Гадаадын олон компани Хятадын нөлөө бүхий ашгийн бус байгууллагуудад үнэ цэнтэй “бэлэг” өгөхийг сонгодог. Жишээлбэл, Google нь Chunshan боловсролын сантай, NBA нь Яо Минг-ийн сантай, Amazon нь Хятадын YouChange нийгмийн энтрпренерүүдийн сантай хамтран ажилласан.
Хятадын ядуурлыг бууруулах сангийн мэдээлснээр 2021 оны хандивын 15% нь Apple, Samsung, Visa, бас Starbucks зэрэг гадаадад төвтэй компаниудаас ирсэн байна. Starbucks энэ сангаас гадна хэд хэдэн санд хандивласан.
2020 онд Starbucks тус улсад өөрийн буяны байгууллага, “Beijing Starbucks Foundation” санг байгуулжээ. Тус сангийн 2021 оны үйл ажиллагааны хүрээнд үерийн гамшигт 700,000 ам.доллар, хөдөө тосгоны соёлын өвийг хамгаалах ажил хийж буй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд 900,000 ам.доллар хандивласан ба энэ үзэл санааг нь Австралийн Стратегийн Бодлогын Хүрээлэнгийн харьяа Шинжааны мэдээллийн төсөл Хятадын үндсэрхэг үзлийг сурталчилсан гэж шүүмжилжээ.
2021 оны хоёрдугаар сард “Beijing Starbucks Foundation” сангийн ажилтнууд Солонгосын дайны тухай 2021 онд бүтээгдсэн киноны үргэлжлэл болох “Чанжин нуур дахь тулаан II” киноны үдэшлэг хэлбэрийн кино-үзүүлбэрт оролцсон бөгөөд энэ нь Хятадад бүтээгдсэн хамгийн үнэтэй кино юм. Суртал ухуулгын төв газрын нэгэн оффисын захиалгаар уг кинонуудыг хийсэн бөгөөд барууны орнууд уг киног хэт эх оронч үзлийг өдөөх зорилготой “АНУ-ын эсрэг суртал ухуулга” гэж зэмлэдэг.
Туршиж үзсэн мэргэжлийн хүмүүсээс асуувал хятадууд өвөрмөц кофег барууны орнуудад зарахад хэцүү гэдгийг хэлэх болно. Энэ нь 12 жилийн өмнө Юньнань тосгонд олон саяын хөрөнгө оруулалт хийж, өөрийн кофегоо “дэлхийд” таниулна гэж зарлаж байсан Starbucks яагаад Хятадад үйлдвэрлэсэн кофегоо хилийн чанадад түгээх талаар дорвитой төлөвлөгөө гаргаагүйг тайлбарлах байх.
Peet’s Coffee-н чанарын менежер Хью Морретта нь юньнань үрийг Америк руу импортолж чадсан цөөхөн хүмүүсийн нэг юм. Тэрээр 2018 онд Ла Коломбе воркшопын ахлах кофе хуурагчаар ажиллаж байхдаа Юньнань мужид төвтэй барууны өөр нэг компани болох Yunnan Coffee Traders-тэй хамтран энэ худалдааг хийжээ. Морретта эртний хятад суваргаар чимэглэгдсэн хайрцагт савласан дан ганц гарал үүслийн энэ сортын кофены талаар “Тийм сайн яваагүй” гэж хэлэв. Энэ нь ердөө хоёр улирал үргэлжилсэн. “Гэхдээ хэрэв чи Starbucks бөгөөд Хятадад аль хэдийн жижиглэнгийн дэлгүүрүүдтэй бол энэ нь танайд [энэ] зах зээлд нэвтрэхэд тусална гэж бодож байна” гэжээ.
2009 онд Starbucks Хятадаас юньнань кофены анхны тусгай шугамыг “South of the Clouds” нэртэй гаргасан. Гэвч чанар болон тоо хэмжээ дутмаг байснаас “South of the Clouds” холимог болон хувирч, зөвхөн Хятад, Сингапур, Малайзад нийлүүлэгджээ. Starbucks юньнань үрээр хийсэн ганц гарал үүсэлтэй кофегоо 2017 онд анхлан гаргасан; Юньнань кофе нь Starbucks-ын барууны зах зээлд хэзээ ч өргөн дэлгэрч байгаагүй.
Starbucks байгуулагдсан цагаасаа эхлэн ёс суртахуунтай, тогтвортой эх үүсвэрийн талаар дуу хоолойгоо хүргэсээр ирсэн юм. Тус компани нь тухайлбал, Fairtrade зэрэг бие даасан байгууллагуудтай олон жил хамтран ажиллаж, кофегоо дэлхий даяар ёс зүйтэй бөгөөд экологийн аюулгүй нөхцөлд ургадаг гэдгийг тэдний аудиторуудаар баталгаажуулж иржээ. Гэсэн ч үйл явцыг нэг дээвэр дор, өөрийн дээвэр дор оновчтой болгохын тулд эдгээр түншлэлийг үндсэндээ зогсоож, бие даасан аудитыг халсан байна. 2004 онд байгуулагдсан CAFE Practices (Кофе ба Фермерийн тэгш байдал) гэрчилгээжүүлэх хөтөлбөр нь тариаланчдыг чанараас эхлээд эдийн засгийн ил тод байдал, экологийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлага зэрэг 200 гаруй шалгуураар үнэлдэг.
Тариаланчдын өмгөөлөгчид CAFE Practices-ийн ил тод бус байдлыг удаан хугацаанд шүүмжилсээр ирсэн. Энэхүү хөтөлбөр нь Walmart, Procter & Gamble зэрэг корпорацуудад байгаль орчны нөлөөллийг бууруулахад тусалдаг ашгийн бус байгууллага болох Conservation International-тай нэг холбоонд нэгдсэнээр байгуулагджээ. Conservation International нь CAFE Practices-ийн дан ганц аудитыг нийтэлдэг бөгөөд нөлөөллийн үнэлгээг таван жилд нэг удаа гаргадаг. CAFE Practices-ийн хамгийн сүүлчийн тайлан нь 2018 онд гарсан байна. (Аудитын баталгаажуулах үйл явцыг тусдаа гуравдагч этгээд SCS Global Services гүйцэтгэдэг. SCS гэрчилгээжүүлэх процессын бүх лавлагааг Starbucks-т шилжүүлсэн.)
Олон улсын хөдөлмөрийн шинжээч, Ванкувер дахь Саймон Фрейзерийн Их Сургуулийн Улс төрийн сургуулийн захирал, НҮБ болон Их Британийн засгийн газарт дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээний талаар зөвлөгөө өгдөг Женевьев ЛеБарон хэлэхдээ, олон нэр хүндтэй гуравдагч талын гэрчилгээжүүлэгчид тахал гэх мэт хүчин зүйлсээс болж Хятадад үйл ажиллагаагаа явуулахад бэрхшээлтэй тулгарсан, бусад нь тус улсаас хөөгдсөн. 2021 оны наймдугаар сард Бээжин Disney болон Apple-д зөвлөдөг аудитор Verité-ийн орон нутгийн хэлтсийн оффисуудыг хаажээ. 2022 оны зургаадугаар сард Европын Холбооны Худалдааны танхимаас компаниуд “гуравдагч талын аудит хийх боломжгүй болж байгаа учраас Хятадаас гарч байна” хэмээн гомдоллож, “Үүнд анхаарлаа хандуулахгүй бол улам олноороо гарах болно” гэж анхааруулсан.
Bath-ийн Их сургуулийн олон улсын хөгжлийн профессор, “Certifying China” номын зохиогч Исиан Сун “Гадаадын хөрөнгө оруулалтын буян бол стандартыг дээшлүүлдэгт байдаг, учир нь улс оронд сайн туршлагыг авчирдаг учраас” гэж хэлжээ. “Гэхдээ эсрэг чиглэлд явж байж бас болно” гэж тэр хэлэв. Starbucks-ын 2018 оны тайлан “хангалттай цогц биш байна. Тэдний стандарт хэр хатуу чанд, хэр сайн хэрэгжиж байгааг та мэдэхгүй.”
Хятад улс албадан хөдөлмөр эрхлэлтээр дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй орны нэг гэж нэр дурдагддаг бөгөөд АНУ-ын Хөдөлмөрийн яам кофег олон улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөрийн хамгийн эрсдэлтэй бүтээгдэхүүний тоонд оруулдаг. Ямар ч судалгаагаар Юньнань дээрх хоёр асуудалд нэрвэгдээгүй байна. Гэхдээ тус муж нь алслагдмал, гурван улстай хиллэдэг, Хятадын үндэстний цөөнх хамгийн их төвлөрдөг нутаг бөгөөд цагаач ажилчдад түшиглэдэг.
2021 оны гуравдугаар сард барууны орнууд Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаас долоо хоногийн өмнө, АНУ Шинжаань дахь хүний эрхийн зөрчлийг буруушаан Их Британи, Канадтай хамтарсан мэдэгдэл хийхээс өмнө Шинжаань мужийн төв Өрөмч хотод Starbucks “туршилтын түр дэлгүүр” нээн, 30 000 аяга кофе үнэгүй тарааж, брэндийн аяга, цай болон бусад бараа зарж, шинэ худалдааны төвийн нээлтийг сүр дуулиантай тэмдэглэсэн. Starbucks-ын мэдэгдсэнээр энэ үйл явдал нь компанитай ямар ч холбоогүй эсвэл компанийн зөвшөөрөлгүй бөгөөд барааны тэмдгийн зөрчлийн хэрэг тул компани хуулийн дагуу арга хэмжээ авч байна гэсэн байна. Гэсэн хэдий ч нөлөөлөгчид, нэгэн алдартай хоолны блогч TikTok-ийн хятад хувилбар болох Douyin-д Starbucks-д анх удаагаа зочилж, “Энэ олон жилийн турш шаналж хүлээсний эцэст нээгдсэнд бахдан баярласнаа, мөн Starbucks аавыг хэзээ ч орхиж явахгүй байх гэж найдаж байна” хэмээн хэлжээ.
2021 оны эхээр Ши Жиньпин дарга Ховард Шульцад захидал илгээж, АНУ-Хятадын хооронд гаалийн татварын дайн эрчимжиж байгаа энэ үед түүнийг болон Starbucks-ыг Хятадын худалдааг дэмжихэд “үргэлжлүүлэн идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг” уриалсан байна.
Ши Жиньпин гадаадын бизнесийн удирдагчтай шууд харилцсан тухай мэдээ барууныхныг цочирдуулсан, ялангуяа Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн нь мэдээ гэхээсээ илүү албан ёсны мэдэгдэлтэй төстэй болсонтой холбоотой аж.
Хятадын бизнесийн зөвлөх Стоун Фиш тэр үед, өөрийгөө төвийг сахигч гэж үзсээр ирсэн Шульцэд “аюултай бүс рүү орж байна” гэж анхааруулжээ.
Уолл Стрит өмнө нь Шульцтай холбоотой ийм мөчүүдийг ихэвчлэн сайшааж, “Шульцын 4D шатрын нүүдэл” гэж үздэг байв. Тэрбумтан, хөрөнгө оруулагч Билл Акман 2018 онд Хятад орлогыг нь гурав дахин нэмэгдүүлнэ гэж урьдчилан таамагласных нь дараа Starbucks-ын 1.1%-ийн хувьцааг эзэмших болсноо зарлав. Акман, Шульцын Цагаан Ордонтой холбоотой хүсэл эрмэлзлийг түүний даатгалын бодлого гэж болох юм гээд “Хятадуудын хамгийн сүүлд хийх зүйл бол тэд Америкийн дараачийн ерөнхийлөгчийн компанийн араас явах юм.” гэж хэлжээ.
Өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тохиолдуулан Коммунист нам Хенри Киссинжерээс эхлээд коммунист яруу найрагч Пабло Неруда, Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нельсон Мандела зэрэг “дэлхий дахинд тус намыг илүү сайн ойлгоход тусалсан” гадаадын зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлжээ. Тэдний дунд орчин цагийн бизнесийн нэг удирдагч байсан нь Шульц байв. Энэхүү бичгээр илэрхийлсэн хүндэтгэлд Шульц Ши Жиньпинд 2020 онд илгээсэн байж болох урьд өмнө илчлэгдэж байгаагүй захидлаас эш татсан бөгөөд таван жилийн өмнө Сиэтл хотод Starbucks-ын Ши Жиньпинд зориулсан хүндэтгэлийн зоог дээр Ши Жиньпингийн хэлсэн үг түүнд ямар их сэтгэгдэл төрүүлснийг дахин дахин дурдаж байсныг өгүүлжээ. (Ши дарга Гүйцэтгэх захирлын ширээний ард суугаад олон өдрийн айлчлалынхаа явцад цорын ганц улс төрийн яриагаа хийжээ; энэ нь түүний Америкт хийсэн анхны төрийн айлчлал байлаа.) “Тэр өдөр таны хэлсэн сэтгэл хөдөлгөм үгсийг би одоо ч санаж байна” гэж Шульц бичжээ. “Хятадын мөрөөдлийн сайхан амьдралд тэмүүлэх тухай хэсэг нь надад Америкийн мөрөөдлийг сануулдаг юм.”
Шульц 2017 онд Гүйцэтгэх захирлын ажлаа орхиж, ТУЗ-ын гүйцэтгэх дарга болсны дараах анхны ажил нь Ши Жиньпиний төрөлх сургууль болох Цинхуа Их сургуульд үг хэлжээ. Тэрээр “Бид энд Starbucks-ыг ажиллуулахдаа Америкийн биш харин Хятадын компани байдлаар үйл ажиллагаагаа явуулж байна.” гэжээ. Тэр үед Starbucks Хятад дахь түншүүдээ худалдаж авахад хэдэн сар л дутуу байсан. Тэрээр мөн “Starbucks-ын 75-аас доош насны хятад ажилчдын эцэг эхийг эрүүл мэндийн даатгалд хамруулах гэж байгаагаа зарласан нь түүхэн чухал үйл явдал юм. . . Яг л сүүлийн 47 жилийн хугацаанд бидний Starbucks-ийн түүхэнд хийсэн бусад зүйл шиг” гэж тэр хэлэв.
Жил бүр Хятадын бариста нар тэдний гэр бүлийн хамт Хятадын түншүүдийн Гэр бүлийн форумд уригдан очиж, Starbucks ажилчдадаа хэрхэн хандаж байгаа талаар санал бодлоо илэрхийлдэг. Энэхүү арга хэмжээ нь Сиэтл хотын гүйцэтгэх захирлуудын 2012 онд сэдсэн ажилчдын сэтгэл санааг өргөх арга байсан бөгөөд нэг талаар компанид тулгараад байсан ажилчдаа хадгалан авч үлдэх зорилготой, тэдний мөрөөдөл болсон ажил байв. 2017 оны үед Хятадын бариста нар зах зээлийн ханшаас дээгүүр цалин авч байсан, эрүүл мэндийн даатгал, хувьцаа сонгох, “Шинэлэг авьяасын хөтөлбөр” буюу “дэлхийн жишигт нийцсэн корпорацын их сургууль” болох Starbucks-ын Сургалтын төвд хандах, мөн түрээснийх нь тал хувийг бүрдүүлдэг сар бүрийн байрны тэтгэлэг нь Шульцаас ажлын орчноо сайжруулахыг биечлэн гуйдаг АНУ-ын баристануудад сонсоход ч хэцүү нэмэлт хөнгөлөлтүүд байж магадгүй юм. Хятад улс орлогын тэгш бус байдал хамгийн өндөр орнуудын нэг бөгөөд Ши Жиньпингийн “нийтийн хөгжил цэцэглэлтийн” кампанит ажил үүнийг залруулахыг зорьж байна.
Шульц Цинхуад хэлсэн үгэндээ баристануудын эцэг эхэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх шийдвэр нь тийм ч хэцүү байгаагүй гэсэн байна. Энэ нь хятад ажилчдын хүссэн нэг номерын тэтгэмж байсан аж. Тэрээр жил бүр болдог хурал дээрээ, тэр өглөө эцэг эхээ насан туршдаа асран халамжлах үүрэг хариуцлагынхаа талаар ажилчдын ярихыг сонсож байхдаа уйлсан тухайгаа хуваалцсан бөгөөд энэ нь “АНУ-д бидний ихэнх нь туулдаггүй зүйл юм” гээд “Тэдний түүхийг сонссоны дараа, тэд биднээс туслахыг гуйж байхад бид яаж хараад сууж чадна гэж?” хэмээсэн байна.
Шульц хэлэхдээ, Starbucks-ыг АНУ-д дэвшилтэт өөрчлөлт авчрах платформ болгон төлөвшүүлэхийн тулд түүний хийсэн улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа; Америкийн арьс өнгөөр ялгаварлах харилцааг засах оролдлого, гэрлэлтийн тэгш байдлыг дэмжих, ерөнхийлөгч асан Трампын лалын шашинтнуудын хоригийг эсэргүүцэх зэрэг ажил нь Америкийн хил хүрээд зогсдог гэжээ. Тэрээр 2016 онд The Seattle Times сонинд өгсөн ярилцлагадаа “Бидний нийгэмд үзүүлэх эдгээр нөлөөлөл, бидний стратеги АНУ-д онцгой чухал гэж бид үздэг” гэж хэлжээ. Гэсэн хэдий ч Хятадын суртал ухуулгад хувь нэмэр оруулдаг буяны ажил нь улс төрийн шинжтэй болж харагддаг.
АНУ-Хятадын Бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Крэйг Аллен, нэг хөл нь Америкт, нөгөө хөл нь Хятадад байдаг компаниудын удирдагчдын хувьд нарийн бодож боловсруулсан харилцааны стратеги маш чухал юм гэжээ.
“Гүйцэтгэх захирал бүр өөрийн компаниа АНУ болон Хятадын аль ч зах зээл рүү нэвтрүүлэх итгэл хүлээсэн үүргээ бодох ёстой” гэж тэр хэлэв. “Чиний ажил бол өсөх явдал бөгөөд үүнийг хоёр улсад хийх ёстой.” Гол арга бол дамжуулж буй илгээлт зөв өнгөөр хүрч байх ёстой. “Та гэртээ дургүй зүйлтэйгээ тулсан бол тодорхой нэг арга замаар шийднэ, харин та зочин байгаад тэр дургүй зүйлтэйгээ учирвал өөр өнгөөр дуугарах шаардлагатай болно.”
Саяхан Starbucks Хятад дахь нийгмийн нөлөөллийн анхны тайлангаа гаргажээ. Үүнд 2006 оноос хойш 1.3 сая гаруй цаг нийгэмд тустай ажил хийж, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдэд 18 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн тухай дурдсан бөгөөд энэ нь бараг эрх баригч намын хүслийн жагсаалт аятай сонсогдоно. Хөдөө орон нутгийг сэргээж, тариачдын кофег дэлхийн тавцанд гаргахыг хичээж байна, хөдөөгийн эмэгтэйчүүдэд шинэ боломжуудыг бий болгож, Юньнань уншлагын хөтөлбөрийг зохион байгуулж, 2024 он гэхэд хөдөө тосгоны 375 сургуульд 125,000 шахам сурагчдад зориулсан 1600 номын булан байршуулна гэжээ.