Ажлын байранд утсаар ярихаас зайлсхийх
Компани болгонд ажлын байранд баримтлах дүрэм журам гэж бий. Гэвч Монголын ихэнх компанид байгууллагын дотоод дүрэм байдаг боловч тэр нь бодит байдал дээр төдийлөн хэрэгждэггүй. Оффисын ажилтны хувьд гар утасны хэрэглээ чөлөөтэй байж болох ч худалдан авагчидтай харилцах ажил хийдэг хүмүүс аль болох утасны хэрэглээгээ хязгаартай байх талаас нь бодож үзвэл зүгээр. Худалдан авалт хийж буй зочны хажууд худалдааны зөвлөхүүд утсаар ярьж байгаа нь худалдан авагчийг үл хүндэтгэж буй үйлдэл болж харагдах, мөн ажлаа хийхгүй цаг нөхцөөж буй гэсэн сэтгэгдлийг зочинд өгдөг.
Бохь зажлах нь зочинд эвгүй харагдана
Монголын дэлгүүр супермаркетын худалдагч нарт харагддаг нэг алдаа бол ажлын байран дээр бохь зажлах асуудал юм. Энэ үзэгдэл нь дэлгүүр, супермаркетын зааланд ажилладаг худалдагч болон кассын ажилтанд нийтлэг харагддаг. Бохио чанга дуугарган зажлах нь бусдад төвөгтэй санагддаг гэдгийг төдийлөн анзаардаггүй байж магадгүй юм. Зочин үйлчлүүлэгч нарын хувьд иймэрхүү үйлдлийг харсан ч хэлдэггүй. Тиймээс зочин үйлчлүүлэгч танай дэлгүүр, супермаркетын талаар сөрөг сэтгэгдэлтэй болж гардаг гэдгийг бодох хэрэгтэй.
Ажлын байрны хувцас хир толботой байх ёсгүй
Дэлгүүр супермаркетын ажилтнуудын хувьд байгууллагынхаа нүүр царай болж ажилладаг тул хувийн ариун цэвэр болон ажлын хувцаслалтад онцгойлон анхаарах хэрэгтэй. Худалдагч нарын ажлын хувцас 2-3 ээлжийнх байвал зүгээр. Нэг ээлжийн хувцас бохирдсон тохиолдолд сольж өмсөх өөр ээлжийн хувцас байх нь зүйтэй. Мөн худалдагч нарын хувцаслалт болон хувийн ариун цэврийн асуудалд дэлгүүр супермаркетын менежер нь давхар хяналт тавьж ажиллаж байвал зохино.
Үнэт эдлэл зүүхээс зайлсхийх
Монголчууд эрт цагаас үнэт эдлэл зүүж хэрэглэж ирсэн ард түмэн. Энэ нь наад захын эмээл хазаараа хүртэл мөнгөлж хэрэглэж байснаас нь харж болно. Харин худалдааны салбар болон хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн хувьд ажлын байран дээр худалдан авагчийн нүдэнд өртөхүйц үнэт эдлэл зүүж хэрэглэхгүй байвал зүгээр. Учир нь янз бүрийн амьдралтай хүмүүс танай дэлгүүрээр үйлчлүүлэх тул таны үнэт эдлэл зүүсэн байдлыг харж, худалдан авагчийн сэтгэлзүйд эвгүй сэтгэгдэл төрж өөрийгөө дорд үзэх хандлага бий болдог. Тухайлбал Японы ресторан зоогийн газар болон дэлгүүр супермаркетад ажиллаж буй хүмүүсийг үнэт эдлэл болон хүний анхаарлыг татахуйц ээмэг зүүлт зүүхийг хатуу хориглодог.
Сайн байна уу, Баярлалаа!
Монголчууд эрт дээр үеэс нүүдлийн соёл иргэншил, дөрвөн улирлын мөчлөг бүхий ахуйдаа таарсан мэнд мэдэх нарийн ёстой ард түмэн. Гэвч орчин цагт суурин соёл иргэншилд шилжсэнээр хүмүүсийн харилцаанд өөрчлөлт орсон. Худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж буй хүмүүс гаднаас зочин орж ирэх бүрд мэндлэх тал дээр дутмаг санагддаг. Жишээ нь гаднаас хүн орж ирвэл мэндлэхгүй гэрийн эзэгтэй ховор болов уу? Яг үүнтэй ижил хандлагаар таны ажиллаж буй албан байгууллага нь таны хоёр дахь гэр гэсэн ойлголтыг бий болгох хэрэгтэй. Орж ирсэн худалдан авагч бүртэй эелдэг харилцаж, талархан үдэж гаргадаг байвал зүгээр.
Хүн бүхэнтэй ижил тэгш харилцах
Дэлгүүр супермаркетад худалдан авалт хийхээр янз бүрийн хүмүүс үйлчлүүлдэг. Сүүлийн үед Монголын аль ч салбарт хүнийг өмссөн хувцсаар нь дүгнэн харьцах үзэгдэл нийтлэг харагддаг. Ялангуяа төрийн албан хаагчид хүнийг гадна үзэмжээр нь дүгнэн дор үзэх хандлага байдаг. Тиймээс та бүхэн худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж байгаа бол хүнийг гаднах байдлаар ялгаварлан гадуурхаж болохгүй! Танай дэлгүүрийг зорьж ирсэн хүн бүхэн “гол зочин” гэсэн сэтгэлээр хандаж найрсаг үйлчлээд гаргаж байх хэрэгтэй.
Эх сурвалж: japanguide.mn
9905-7125, 9110-6861, 8010-3508
contact@japanguide.mn