Б.Наранчимэг
Уншигч таны өглөөний цайнд ээзгийтэй хөц будаа, дангинуур боорцог, гишүүнэтэй аарцны сэрүүн ундаа санал болгох “Horeca Mongolia” чуулганаас дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Хүн төрөлхтөн “Ковид-19” цар тахлын дараа эрүүл зөв амьдрал, байгаль дэлхийтэй ойр байх, хором мөч бүрээс аз жаргалын амтыг мэдэрч амьдрахыг илүү чухалчлах болжээ. Яг л энэ цаг үед сүүлчийн нүүдэлчид бид өв соёл, ахуй, эх дэлхийтэй шүтэн барилдсан ёс заншил тэргүүтнээ хүн төрөлхтөнд таниулах, сурталчлах таатай боломж олдож байна. Засгийн газраас энэхүү үзэл санааг чухалчилж, 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, нэг сая жуулчин хүлээж авах зорилт тавиад байна.
Үүнтэй холбогдуулан “Horeca Mongolia” төрийн бус байгууллага энэ жилийн чуулганаа “Gastronomy&Tourism” сэдвээр зохион байгуулсан юм.
Д.Гантөмөр: Жуулчид хоол ундаагаар дамжуулж тухайн улс орныг мэдрэхийг хүсдэг болсон
Чуулганыг нээж Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр үг хэлэхдээ дараах зүйлсийг онцолж байлаа. Аялал жуулчлал гэдэг үгийн цаана байгаль, цаг уурыг харуулах, ямар нэг зүйлийг үзүүлэхээс гадна өнөөдөр үйлчилгээ гэдэг зүйл хүний өдөр тутмын амьдралын хэв маягийн нэг хэсэг болсон идэж уух буюу биетээр амсдаг зүйлээс хэрхэн таашаал авч буйгаас хамаардаг болсон. Тийм учраас үүнийг дэлхий нийтээрээ хоол ундааны аялал буюу гастроном аялал жуулчлал гэж нэрийдэж байна. Энэ нь монголоор бол “Яаж дайлж цайлж байна вэ, зочилж байна вэ” гэдэг зүйлийг хамааруулахдаа зөвхөн хоол ундаа бус энэ бол түүнтэй холбоотой өв соёл, эко систем, хоол ундааг зочинд хүргэж өгөх, хоолоор дамжаад тухайн улс орныг мэдрэх гэсэн цогц экосистемийг хамааруулж чадсанаараа гастрономи туризмын гол концепц нь оршиж байна гэж олон хүмүүс харж байна. Тэгэхээр бид угсаа гарвал нэгт Буриад, Халимаг, Тува, Өвөр Монголоос хоол ундааны тал дээр юугаар ялгарах юм. Бүгдээрээ адилхан бууз хуушуур хийгээд суух юм уу гэдэг асуудал яригдана. Юун түрүүнд, бууз хуушуураас илүү цагаан идээн дээр инновац хэрэгтэй болж байна. Хамгийн гол онцлог нь монгол гэж байгаа хоолнуудыг олон улсын амттай нийлүүлж дундаас нь шинэ амт гаргаж ирэх юм. “The Hu” хамтлаг монгол үндэсний дуу хөгжмийг барууны дуу хөгжимтэй холиод дундаас нь шинэ чиглэл гаргаж ирсэнтэй адил. Хоол ундаан дээр бас ийм байж болох боломжийг бид эрэлхийлж байна.
Б.Дэлгэржаргал: Монгол үндэстний идээ зоогийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж байна
Улс орон бүрт гастрономи туризм хөгжиж байна. Бид энэ удаагийн чуулганаар гастроном туризмыг онцлох болсон шалтгаан бол монгол үндэстний идээ зоогийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох боломж буйг салбарынханд харуулахыг зорьсон. Манайд Улаанбаатар хотод ч бай, Эрдэнэт, Дархан, Өмнөговь, Баянхонгорт ч бай түгээмэл бараг өглөөний цайнд өндөг зайдсаар дагнах гээд байдаг тал бий. Тэгэхээр бид өөрсдөө асар их өв соёлтой, түүхтэй ард түмэн. Үүнийгээ бид дотоодын болон гадаадын жуулчдад сурталчилъя, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох асар их боломж байна.
“Гастрономи аялал жуулчлалын холбоо” төрийн бус байгууллагаас инновац шингэсэн цагаан идээний холимог бүхий эрүүл зөв өглөөний зоогийг бэлтгэж чуулганд оролцож буй 200 гаруй оролцогчдод амтлуулж, танилцуулсан нь чуулганы бас нэг онцлог байлаа гэж “Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв”-ийн эрхлэгч Б.Дэлгэржаргал ярьсан юм.
Г.Бямбасүрэн: Шимийн архийг Солонгос сөжү, Япон сакитай ижил түвшинд хөгжүүлж, таниулахыг зорьж байна
“Horeca Mongolia” чуулганд анх удаа оролцож буй “Цагаан асгат” компанийн захирал, “Шимийн охь” брэндийн үүсгэн байгуулагч Г.Бямбасүрэн шимийн архийг Солонгос сөжү, Япон сакитай ижил түвшинд хөгжүүлж, таниулахыг зорьж байна гэв. Тэрбээр, “Дэлхий дахинд гастрономи аялал жуулчлал, дарсны аялал жуулчлал хөгжиж байгаа энэ үед манайх энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Манай компани байгуулагдаад дөрвөн жил болж байгаа. Монгол ахуй соёлын нэг болсон, үндэснийхээ идээ ундаанд инновац шингээж, орчин үеийн хэрэглээнд тохирсон байдлаар хэрэглэгчдэд яаж хүргэх вэ, үйлчлүүлэгчдэд хэрхэн танилцуулах вэ гэдэг тал дээр ажиллаж байна.
Манай бүтээгдэхүүн бол шимийн охь буюу нэг усаар дээжилж авсан ундаа юм. Монголчууд хүндтэй хүндээ шимийн охь дээжээ барьдаг уламжлалтай. Бүтээгдэхүүн маань амьд чанартай ашигтай бактер өөртөө агуулдаг учраас зөв зохистой хэрэглэвэл ходоодны галыг дэмжиж, хий ядаргааг дарах увидастай. Мөн маш олон шатлалт орчин үеийн технологи ашигладаг учраас хүний биед нөлөөлөх хор нөлөө бага байдаг” хэмээн ярьсан юм.