“Forbes”-ийн 2023 оны жагсаалт нь дэлхий даяарх орлогын тэгш бус хуваарилалтын таагүй дүр зураг болон харагдаж буй.
***
Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хувьд 2022 он доргионтой жил байсан гэж тодорхойлох нь дутуу үнэлсэн хэрэг юм. Саяхан “Forbes” сэтгүүлийн гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтаас үзвэл тэд өнгөрсөн жил алдаа бүрийнхээ төлөө өндөр үнэ төлсөн нь тодорхой байна.
Өнгөрсөн жилийн өдийд “Tesla”, “Twitter”-ийн Гүйцэтгэх захирал Э.Маск, Энэтхэгийн тэрбумтан Г.Адани, криптогийн хаан асан С.Банкман-Фрид нар дэлхийн хамгийн баян хүмүүсээр тодорч байлаа. “Forbes”-ийн жагсаалтаас үзвэл түүнээс хойш тэдний эд баялаг криптогийн салбарын дийлэнх тэрбумтнуудын адилаар ихээхэн дундарчээ. Э.Маск дэлхийн хамгийн баян хүн гэсэн алдар нэрээ алдсан бол Банкман-Фрид жагсаалтаас бүрмөсөн хасагдаж, Г.Адани 11-ээс 24 дүгээр байр хүртэл ухарсан бол спортын салбараас 12 шинэ тэрбумтан төрж, дуулиан дэгдээв. Тэдний дунд сагсан бөмбөгч Л.Жэймс, гольфчин Т.Вүдс, “Формула-1”-ийн “Mercedes-AMG Petronas” багийн эздийн нэг, авто уралдаанч асан Т.Волфф нар бий.
Өдгөө тоглож буй хоёр тамирчин буюу Л.Жэймс, Т.Вүдс тэрбумтны статустай болсон нь бүр онцлууштай юм. Тэрбумтан спортын одууд зодог тайлсан хойноо л ийм баян болдог уламжлалтай байв. “Өдгөө улам олон тамирчин хөрөнгө оруулах, компанид хувь эзэмших, брэндээ сайжруулах тал дээр ухаалаг болж байна” гэж “Forbes”-ийн баялгийн сэдэв хариуцсан ахлах редактор Ч.Питерсон-Витхорн өгүүллээ. Л.Жэймс л гэхэд үл хөдлөх хөрөнгө болон “Fenway Sports Group” (“Бостон ред сокс” багийг эзэмшдэг) зэрэг бизнест хөрөнгө оруулсан бол Т.Вүдс төрөл бүрийн брэндийн сурталчилгаа, гольфтой холбоотой компаниудад хөрөнгө оруулан орлогоо нэмэгдүүлжээ.
Гэхдээ 2023 оны тэрбумтнуудын чансааны хамгийн санамсаргүй “зочин” хэн байв? Тэр хүн бол магадгүй дуучин Ж.Баффетт. “Аялан тоглолт хийх зэргээр мөнгө олж, түүнийгээ ухаалаг хөрөнгө оруулалт болгон ихээхэн хэмжээний мөнгө олсноороо Жимми Баффетт нь Леброн, Тайгер Вүдстэй ижил төстэй юм” гэж Питерсон-Витхорн тайлбарлав. Түүний хамгийн алдартай “Margaritville” дуу нь түүхэн дэх хамгийн их ашиг орлоготой дууны нэг бөгөөд тэрбээр сүүлийн жилүүдэд улам олон байрлалд шинэ салбараа нээж буй олон тэрбум ам.долларын үнэлгээ бүхий зочид буудлын сүлжээний эзэн болжээ.
“Forbes”-ийн тооцоогоор өдгөө дэлхий дээр 2640 тэрбумтан байгаа нь өнгөрсөн жилээс 28-аар цөөн бөгөөд тэд 2022 онтой харьцуулбал 500 тэрбум ам.доллароор ядуурчээ.
Технологийн салбарын тэрбумтнууд хоёр жил дараалан “шатаж”, нийт 200 тэрбум ам.доллароор бага хөрөнгөтэй болоод байна.
Өнгөрсөн жилийн өдийд (Twitter-ийг худалдаж авах 44 тэрбум ам.долларын санал тавихаас өмнө) Э.Маск дэлхийн хамгийн баян хүн болж, 2022 оны эхээр 219 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байв. Технологийн салбарын ихэнх тэрбумтны адилаар түүний хөрөнгө 2019, 2020 онд үлэмж хэмжээгээр нэмэгдсэн бөгөөд 300 тэрбумын хязгаарыг давсан цорын ганц хүн хэвээр байна. Гэхдээ Twitter-ийг авахтай холбоотой дуулиан шуугиан, тус компанийг удирдаж эхэлснээс хойш гаргасан олон дараалсан этгээд шийдвэр нь түүний имиж төдийгүй “Tesla”-гийн хувьцааны үнэд ч сөргөөр нөлөөлөв. Тус компани Э.Маскийн хөрөнгийн дийлэнхийг бүрдүүлдэг учраас энэ жил тэрбээр дэлхийн хамгийн баян хүн хэмээх алдар нэрийг тансаг бараа бүтээгдэхүүний хаан, “Moët Hennessy Louis Vuitton”-ий Гүйцэтгэх захирал Б.Арнауд алдав. Өдгөө “Forbes” Э.Маскийн хөрөнгийг 180 тэрбум ам.доллар гэж үнэлж буй. Азийн хамгийн баян хүн асан, Энэтхэгийн тэрбумтан Г.Адани өнгөрсөн жил 90 тэрбумын хөрөнгөтэй байсан бол “Adani Group”-ийг луйврын хэрэгт буруутгасан тайланг АНУ-ын хөрөнгө оруулалтын фирм гаргаснаар хөрөнгө нь ихээхэн хорогдож 47.2 тэрбум ам.доллар боллоо.
Ихэнх хөрөнгөө хандивлах бодолтой явдгаа өнгөрсөн намар илэрхийлж байсан Ж.Безос хүртэл үлэмж алдагдал хүлээж, 57 тэрбумыг алдсанаар 114 тэрбумын хөрөнгөтэйд тооцогдож байна. Нийгмийн сүлжээний “Truth Social” компани нь хэрэглэгч олох гэж зовж байх зуур АНУ-ын Ерөнхийлөгч асан Д.Трампын хөрөнгө 700 сая доллароор багасжээ.
Гэмт хэрэгт холбогдсон хэд хэдэн тэрбумтан жагсаалтаас бүрмөсөн хасагдсаны дотор залилан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж буй FTX-ийн тэргүүн С.Банкман-Фрид бий. Өнгөрсөн жил еврей нарыг доромжилсон мэдэгдэл цөөнгүй хийсэн рэппер К.Уэсттэй “Adidas” компани гэрээгээ цуцалснаар тэрбээр мөн л тэрбумтны жагсаалтаас хасагдав.
Түүнчлэн крипто валютуудын ханш огцом унаж, дүрэм журам чангарснаар крипто тэрбумтнуудын хөрөнгө асар ихээр хорогдсон байна. Крипто болон блокчэйний 19 тэрбумтныг өнгөрсөн жил “Forbes” жагсаалтдаа оруулж байсан бол энэ жил уг тоо ес болж буурснаас гадна бүгд жилийн өмнөхөөс ядуурчээ. “Coinbase” крипто биржийн Гүйцэтгэх захирал Б.Армстронгийн хөрөнгийн гуравны хоёр “алга болсон” бол, “Gemini” биржийг үүсгэн байгуулагч Камерон, Т.Винклевосс өдгөө тус бүр 1.2 тэрбумын хөрөнгөтэй болсон. Өнгөрсөн жилийн хөрөнгөтэй нь харьцуулахад энэ ердөө 25 хувь нь юм.
“Тэрбумтнуудын хөрөнгө хоёр жил дараалж буурах нь ховор. Тэд яахын аргагүй бодлогын өндөр хүү, эдийн засаг удааширна гэсэн айдсын нөлөөнөөс ангид байж чадаагүй нь харагдлаа” гэж Питерсон-Витхорн өгүүлэв. Гэхдээ л дэлхийн тэрбумтнуудын удирдаж буй хөрөнгө асар их буюу 12.2 их наяд ам.доллар юм.
Дэлхийн тэрбумтнуудын удирдаж буй хөрөнгө асар их буюу 12.2 их наяд ам.доллар юм.
Спортын салбараас төрсөн 10 тэрбумтны ихэнх нь багийн эзэд байна. Спортын багууд урьд хожид байгаагүй үнэ цэнтэй болжээ. Өнгөрсөн жил “Денвер бронкос” баг 4.65 тэрбум ам.доллароор “Walmart”-ын залгамжлагч, тэрбумтан Р.Валтонд зарагдаж байв. “Тамирчид маш их мөнгө олж, багууд ч маш их орлого олж байна” хэмээн Питерсон-Витхорн онцоллоо. Телевизээр дамжуулах эрх ч урьд өмнө байгаагүй өндөр үнээр зарагдаж, онлайн бооцооны бүүм нь ойрын ирээдүйд спортын салбарт улам их хөрөнгийг төвлөрүүлэх төлөвтэй байна.
Тансаг бүтээгдэхүүний салбарт ажилладаг тэрбумтнуудын оргил цаг мөн ирэв. Нийт 211 тэрбумын хөрөнгөтэй болсон Б.Арнаугаас гадна Бетенкурт-Мейерсууд (L’Oréal), Вертхаймерсийнхан (Chanel), Ж.Арманигийн хөрөнгө өнгөрсөн жил өсжээ. Ф.Бетенкурт-Мейерс өдгөө дэлхийн хамгийн баян эмэгтэйгээр тодроод байна. Тансаг хувцас хэрэглэл нь инфляц, эдийн засгийн хямралд “тэсвэртэй” байдгийн учир нь ихэнх хүн амьжиргааны зардлын өсөлттэй тэмцэж байхад баян хэрэглэгч нар ихээхэн мөнгө зарцуулсан хэвээр байдагт оршиж буй. 2022 онд LVMH компанийн орлого 14 тэрбум еврод хүрч дээд амжилт тогтоосон нь үүний нотолгоо билээ.
“Forbes” сэтгүүл 1987 оноос эхэлж тэрбумтнуудын жагсаалтыг гаргаж эхэлсэн. Эхний жилдээ тэд дэлхий даяар 140 тэрбумтныг онцолж байсны 44 нь АНУ-ын иргэд байлаа. Тэр цагаас хойш тэрбумтнуудын тоо гэрлийн хурдаар өсөж 2640 болоод буйн 735 нь америк тэрбумтан юм.
Уг жагсаалтад багтах нь зарим тэрбумтны хувьд нэр төрийн хэрэгт тооцогддог бол зарим нь дургүй. “Манай жагсаалтад хэддүгээр байрт бичигдсэндээ маш их ач холбогдол өгдөг, байр доошлохгүй байхыг хүсдэг цөөн хэдэн тэрбумтан байдгийг би сайн мэднэ” гэж Питерсон-Витхорн дурдав.
Харин зарим хүний хувьд “Forbes”-ийн 2023 оны жагсаалт нь дэлхий даяарх орлогын тэгш бус хуваарилалтын таагүй дүр зураг болон харагдаж буй. “Манай нийгэмд тэгш бус байдал ямар их газар аваад буйг энэ жагсаалт жил бүр сануулдаг боллоо. Асар олон хүн амьдралаа арайхийн залгуулж байхад хэдхэн зуун хүнд үлэмж их эд баялаг хуримтлагдаад байгаа нь цаашид оршин тогтнох боломжгүй модель юм” гэж татварын шинэчлэлийн “Patriotic Millionaires” зөвлөх бүлгийн тэргүүн М.Пийрл онцлов.