Таны таваг дээрх тахианы махны сонирхолтой үүслийг тайлбарлавал…
Өнөөгийн цаг үеийн үлдэгдлийг хожмын соёл иргэншлийн хүмүүс ухаж төнхөж үзэх юм бол тэнгэр баганадсан барилга, iPhone гар утас, автомашин бус харин хавьгүй даруухан зүйл буюу тахианы яс биднийг тодорхойлно гэдэгт зарим археологич итгэдэг.
Яагаад? Учир нь хүн төрөлхтөн дэндүү их тахиа иддэг. 2020 онд дэлхий нийт 70 тэрбум тахиа идсэн бол 1965 онд дөнгөж найман тэрбумыг идэж байв. Хачирхалтай нь хүмүүсийг ийм их тахиа идэх боломжийг олгосон өнөөгийн систем нь бичиг хэргийн жижигхэн алдаанаас үүссэн гэж тахианы салбарынхан үздэг юм.
Уг түүх 100 жилийн өмнө буюу 1923 онд, АНУ-ын Делавер мужийн Ocean View хотын Сесил Стийл хэмээх гэрийн эзэгтэй, фермерээс эхэлдэг. Тухайн цаг үеийн хөдөөгийн ихэнх оршин суугчдын нэгэн адилаар С.Стийл цөөн тооны тахиа тэжээж, гэрийнхээ өндөгний хэрэгцээг хангадаг, өндөг гаргахаа болихоор нь тахиагаа алж иддэг байв. Гэтэл нэг өдөр хотын тахиа үржүүлгийн газар түүнд захиалснаас нь 10 дахин их буюу 500 тахиаг андуураад авчирч өгчээ.
Тухайн үеийн фермүүд ихдээ л 300 тахиа тэжээдэг байсан учир 500 бол асар их тоо байлаа. “Amazon”-ийн өмнөх үе учраас тэр үед барааны буцаалт гэж байсангүй. Ийнхүү С.Стийл нүүрсний зуухаар халаадаг дундаж хэмжээний саравчиндаа бөөн тахиа тэжээж эхэлжээ. Дөрвөн сар гаруйн дараа 100 орчим тахиа нь үхсэн ч тэрбээр үлдсэн тахиануудаасаа багагүй орлого олж эхэлжээ. Тодруулбал, өнөөгийн инфляц тооцсон ханшаар авч үзвэл паунд тус бүрээс 11 ам.долларын орлого олсон аж. Улмаар С.Стийл фермийн үйл ажиллагааг өргөжүүлж эхлэв.
Эргийн хамгаалалтад ажиллаж байсан нөхөр Дэвид “Вилмер” Стийл нь эхнэртээ туслахын тулд ажлаасаа гарч, гурван жилийн дараа тэдний тахианы тоо 10 мянгад хүрлээ. С.Стийлийн гэр бүлийн амжилтын түүх олонд түгж, 1928 он гэхэд олон зуун фермер зөвхөн махыг нь борлуулах зорилгоор олон мянган тахиа тэжээж эхлэв. Үүнээс өмнө фермерүүд зөвхөн өндгийг нь ашиглах гэж тахиа тэжээдэг байжээ.
Өнөөгийн хэмжүүрээр авч үзвэл 10 мянган тахианы ферм нь жижигт тооцогдоно. Тахианы үйлдвэрийн нэг байр өдгөө 40 мянга хүртэл тахиаг өсгөдөг болсон. Харин С.Стийлийн цаг үед энэ бол аварга том тоо байв. Үржүүлгийн газрынхны түгээлтийн санамсаргүй алдаа цагаа олж таарсан бөгөөд учир нь 1920-иод он нь АНУ-ын эдийн засгийн эрс өсөлтийн үе байсан учир их мах идэх хангалттай орлогыг америкчууд олж байлаа. Хөдөө аж ахуйн хөргөгч, тээврийн хөгжлийг дагаад сүлжээ дэлгүүрүүд бий болж, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалт өссөнөөр махны хангамж ч сайжрав.
Энэ цаг үетэй зэрэгцээд хөдөө аж ахуйн масс үйлдвэрлэлд үлэмж нөлөө үзүүлсэн амин дэмийн нэгэн өөрчлөлт гарчээ. Тэр бол D витаминыг нээсэн явдал юм. Өвлийн хүйтэн саруудад дулаан байранд удаан хугацаагаар байлгасан тахианууд сульдаа өвчнөөр бөөнөөрөө үхдэг байв. Харин D витаминыг нээснээр тахиаг хэдийд ч, тэр тусмаа өвлийн хүйтэнд ч олон зуугаар нь эрсдэлгүй тэжээх боломжтой болсон юм.
С.Стийлийн азын од цагаа олж гийснээс гадна байрлал нь ч тохиромжтой байв. Түүний ферм нь Вашингтон, Балтимор, Филадельфи, Нью-йорк зэрэг “өлсгөлөн” худалдан авагч ихтэй том хотуудтай харьцангуй ойрхноос гадна хямд, элбэг газартай Делмарва хойгт байрлаж байлаа.
С.Стийлд санамсаргүй байдлаар тохиолдсон энэ явдал нь өнөөгийн бидний мэдэх тахианы махны хувьсгалын эхлэл болсон юм. ХХ зууны эхний хагаст АНУ-ын иргэдийн махны хэрэглээнд тахианы мах 20 орчим хувийг эзэлж байсан бол энэ тоо өдгөө 44 хувь болсон. Улаан махтай харьцуулбал илүү эрүүл гэсэн ойлголт болон үйлдвэрлэхэд бага зардалтай, тиймээс худалдан авагчдад хямд үнээр очиж байсан учраас тахианы мах ийн “моодонд” оржээ. Өнөөдөр АНУ-д үхэр, гахайны мах 0.5 кг нь 4-10 ам.доллар байгаа бол тахианы мах хамгийн хямд нь 1.80 ам.доллар байна.
Өөрийнх нь “туршилт” эцэстээ ямар үр дүнд хүрснийг С.Стийл хараахан харж амжаагүй юм. Тахианы махны эзэнт гүрнээ улам томруулсан тэрбээр 1937 онд нөхрийн хамт мужийн сенатын гишүүн болжээ. Мөн 10 мянган ам.доллароор “The Lure” нэртэй далбаат завь худалдаж авав. 1940 оны аравдугаар сарын нэгэн өдөр тэд гурван зочдын хамт завьтайгаа загасчлахаар явсан бөгөөд Ocean City-ийн ойролцоо онгоцных нь карбюратор шатаж, улмаар завь нь дэлбэрчээ. Гурван зочин амьд үлдэж, Сесил, Вилмер амь үрэгдэв.
Гэнэтийн азтай тохиол, амбицын хослолынхоо үр дүнд С.Стийл тахианы махыг америкчуудын хоолны таваг дээрх чухал хүнс болгож чадсан төдийгүй хөдөө аж ахуйн салбарыг эгнэгт өөрчилсөн. Гэхдээ энэ процессын явцад бид тахиаг хүсэл зоригийнхоо өмнө сөгдүүлж, уг төрөл зүйлийг биологийн хязгаарт нь тултал тэжээж, үржүүлж, усны хоолой болон уушгиа бохирдуулж ирэв. Энэ бүхэн өдөр бүрээр өсөж буй хүн амыг хямд уургаар хангахад чиглэсээр ирлээ.
Тахиа өдгөө гэрийн нэн чухал тэжээвэр амьтдын нэг болсон. Гэхдээ тахиаг анх хүнсэнд бус зодоонд зориулан тэжээж эхэлсэн гэж археологичид үздэг. Эртний Грекийн Пергамум хотод тахианы зодоонд зориулсан амфитеатр хүртэл бий. 1940-өөд он хүртэл тахиа нь үхэр, гахайны махтай харьцуулахад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тун бага үүрэг гүйцэтгэдэг байсан. Эл байдал 1920-30-оод онд С.Стийл болон бусад анхдагчдын ачаар өөрчлөгдсөн юм. Улмаар удаах арванд нь үржүүлгийн дэвшилтэт арга нэвтэрснээр тахиа нь өндөг гаргагч жижигхэн амьтнаас аварга том, мах үйлдвэрлэгч машин болон хувирчээ.
1940-өөд онд олон мянган тахиаг махны зориулалтаар байранд үржүүлж болохыг С.Стийл харуулснаас 20 гаруй жилийн дараа эрдэмтэд, Засгийн газрын ажилтнууд, мах үйлдвэрлэгчид, сайн дурынхан хамтраад “The Chicken of Tomorrow” нэртэй илүү том тахиа бий болгох уралдааныг улс даяар зарлажээ. Тухайн үед тахиаг ихэвчлэн өндөгний зориулалтаар үржүүлдэг байсан бол A&P хүнсний сүлжээ дэлгүүр аль болох их махтай тахиа гаргаж ирэхийг хүсжээ. Энэ нь илүү том цээжтэй тахианы үүлдэр гаргана гэсэн үг байв.
Нийт 40 орчим оролцогч эцсийн шатанд шалгарснаас Калифорнийн фермер Ч.Вантрессийн “бүтээл” шилдгээр шалгарчээ. Тэрбээр New Hampshire Red, Cornish гэсэн хоёр үүлдрийг эрлийзжүүлж, хайбрид тахиа гаргаж авсан нь бусад үүлдэртэй харьцуулбал илүү хурдан булчин суудаг байв. Түүний гаргаж авсан үүлдэр нь тахиа үржүүлгийн салбарт давамгайлах болсон бөгөөд тэрбээр “бүтээлээ” 1974 онд “Tyson Foods” компанид заржээ. Үүнээс 12 жилийн дараа “Tyson Foods” компани өрсөлдөгч Cobb хэмээх үүлдэртэй дахин эрлийзжүүлснээр Cobb-Vantress нэртэй үүлдэр үүссэн байна. 2016 оны байдлаар дэлхийн нийт тахианы бараг тал нь “Cobb 500” үүлдрийнх байжээ.
Мөн энэ үетэй зэрэгцээд малын тэжээлийн салбарт нэгэн нээлт гарав. 1928 онд А.Флеминг пеницилинийг нээсэн нь орчин цагийн анагаах ухаанд эрс өөрчлөлт авчирсан антибиотик болов. Үүнээс 20 жилийн дараа Америкийн эрдэмтэд фермийн амьтдад антибиотик ауреомицин ашиглах нь илүү хурдан өсөж томордог болохыг олж тогтоосон байна. Ингэснээр фермийн амьтдад антибиотикийг ихээр ашиглах болсон билээ.
Хүмүүс эрүүл мэнддээ санаа тавьж эхэлсэн нь ч тахианы мах моодонд ороход нөлөөлөв. Малын гаралтай өөх тосны хэрэглээ нь зүрх судасны өвчний шалтгаан болдог талаар 1970-аад оноос эрдэмтэд сануулж эхэлсэн агаад 1977 онд АНУ-ын сенат “Dietary Goals for the United States” нэртэй тайлан гаргаж, америкчуудад “амьтны гаралтай махны хэрэглээг бууруулах… ханасан өөх тос багатай мах сонгох”-ыг сануулав. Тахиа, цацагт хяруул, загасны мах илүү их идэхийг тус тайланд зөвлөснийг америкчууд сонссон байна. 1970-2019 оны хооронд АНУ-д үхрийн махны хэрэглээ 28 хувиар буурсан бол тахианы махных 173 хувиар нэмэгджээ.
Төд удалгүй хүнсний компаниудын ээлж ирэв. Тахианы наггетийг 1963 онд Америкийн нэгэн эрдэмтэн бүтээсэн боловч 1983 онд “McNugget”-ийг Америк даяар танилцуулснаар жинхэнэ алдар нэрд хүрч, олны хэрэглээ болжээ. Дэлгүүрүүдэд тахианы наггет хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болж, 40 жилийн дараа ч тус компанийн хамгийн их орлого авчирдаг бүтээгдэхүүн хэвээр байна. 2019 онд америкчууд 2.3 тэрбум тахианы наггет идсэн тооцоо бий.
Тахианы мах нь мөн соёлын эрс өөрчлөлтийг ч үзэж өнгөрүүлэв. Тахианы махыг эмэгтэй хүнийх, үхрийн махыг эрчүүдэд зориулсан гэж эртнээс үзэж ирсэн тухай “Tastes like chicken” номын зохиолч Э.Рюд онцолсон нь бий. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тахианы мах нь бодибилдингийн тамирчид, эрүүл хооллогчдын гол сонголт болж эхлэв. Учир нь хүнсийг бүтцээр нь уураг, өөх, нүүрс ус гэж гурав хуваадаг шим тэжээлийн ухаан газар авсных юм. “Тахианы мах нь уураг агуулдгаараа бусад махтай адил боловч бага хэмжээний өөх агуулдаг учир илүү давуу талтай гэдэг нь 1980-аад оны хооллолтын зөвлөмжөөс харагддаг. Өнөөдөр ч гэсэн улаан мах болон хүчирхэг байдлыг хооронд нь холбодог. Гэхдээ тахианы махны талаарх эрт үеийн ойлголтууд асар их өөрчлөгдөж байгаа” гэж Э.Рюд номдоо бичжээ.
Тахианы мах нь уургийн хямд эх үүсвэр болж байгаа хэдий ч АНУ-д жил бүр есөн тэрбум тахиаг өсгөж үржүүлж байгаа нь байгаль орчин, ажиллах орчин, амьтны сайн сайханд асар их нөлөө үзүүлж байна. Хүмүүс бид тахиаг өөрчилсөн, хариуд нь тэд хүмүүсийг, мөн дэлхийг өөрчилжээ.
Америкийн есөн тэрбум тахианы заримыг үржүүлж буй тахианы фермд очвол бүх тахиа хог, ялгадас дээрээ сууж байгааг та олж харна. Тахианууд залхуу, эсвэл ялгадас дээрээ суух дуртайдаа бус явж чадахгүйдээ тэр юм.
1940-өөд оны “Chicken of Tomorrow” тэмцээний ялагч нар аварга том биеийг нь турьхан нарийн хөл нь дийлж явж чадахааргүй шинэ үүлдрийг үүсгэсэн юм. Тухайн үед тахиа нь 84 өдрийн дараа зарагдах буюу “зах зээлийн жин”-дээ хүрдэг байсан бол өдгөө үүнээс хоёр дахин бага хугацаанд л жиндээ хүрдэг болсон.
Тахианы биеийг компаниуд хэрхэн өөрчилснийг Канадын судлаачдын нэгэн алдартай судалгаа харуулдаг. Тэд 1957, 1978, 2005 оны үүлдрийн тахиаг сонгоод яг ижил төрлийн тэжээлээр 56 өдөр хоолложээ. Туршилтын дараа 1957, 1978 оны үүлдрийн тахиа тус бүр 1, 2 кг жин нэмсэн бол 2005 оных нь 4.1 кг жин нэмсэн байв.
Тахиаг илүү хурднаар том болгож өсгөх нь хэрэглэгч нарт ашигтай төдийгүй өнөөгийн бөөнөөр өсгөх модель нь удаан томордог, уламжлалт үүлдэртэй харьцуулбал хүлэмжийн хий бага ялгаруулдаг. Гэхдээ үйлдвэрлэлийн ийм бөөний арга нь тахианд асар их зовлон зүдгүүр, эрүүл мэндийн асар их уршиг авчирдаг юм. Түүнчлэн хүмүүс үхрийн бус тахианы мах улам их иддэг болсон учир бүр их тахиа алах ёстой болно. Зарим тооцооноос үзвэл нэг үхрийн мах нь 100 тахианы махтай тэнцдэг аж.
С.Стийл нэгэн зууны өмнө санамсаргүй боломжийг ашиглаж, 50 бус 500 тахиа тэжээж эхлэхдээ чухам ямар хувьсгалыг эхлүүлж буйгаа огтхон ч гадарлаагүй. Мөн тахианы мах нь хүмүүсийн хоолны цэст давамгайлж эхлэхээс хамаагүй өмнө нас барсан билээ. Гэхдээ тэрбээр фермерийн болон хүнсний систем, дэлхийн агаар, усыг, мөн тахиаг эрс өөрчилсөн хувьсгалыг эхлүүлсэн юм. Энэ хувьсгал өнөөгийн нийгэм, байгаль орчинд ч сөрөг нөлөө авчирсан.
Өнөөгийн масс үйлдвэрлэлийн эл систем өөрчлөгдөх шинж алга. “Асар бүтээмжтэй махны үйлдвэрлэл бий болгоход чиглэсэн уг систем нь улам бүр томорсоор байна. Олон улсад махны хэрэглээ буурах шинж тэмдэг огт алга” гэж Э.Рюд өгүүлэв.
Гэвч ирэх зуунд өнөөгийн хүнсний систем өөр нэг хувьслыг үзэж өнгөрүүлж магадгүй. Өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын Хүнс, эмийн байгууллага нь амьтны эсээс гаргаж авсан буюу лабораторид ургуулсан, хиймэл махнаас бүтээсэн тахианы анхны үүлдэрт зөвшөөрөл олгосон. Хэрэв 100 жилийн дараа сэтгүүлчийн ажлыг хиймэл оюун бүрэн үгүй хийгээгүй байх аваас ирээдүйн нэгэн сэтгүүлч дараагийн С.Стийлийн тухай түүхийг бичих болов уу. Гэхдээ тэрхүү хүн нь фермер бус харин тахианы мах огт ороогүй тахиа бүтээж буй дэлхийн аль нэг улсын эрдэмтэн байх биз ээ.
Эх сурвалж: Vox.com