Монголын тээвэр зуучийн салбарт “Нисдэг чингэлэг” хэмээх логистикийн үйлчилгээг хөгжүүлж буй “MN line” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Бат-Амартай ярилцлаа.
Энэ компанийн гүйцэтгэх захирал гэдэг өнцгөөс өөрийгөө танилцуулбал?
10 жилийн өмнө энэ компанид борлуулалтын менежерээр ажилд орж байсан. Бага багаар шат ахисаар одоо гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Анх “Нисдэг чингэлэг” тээврийн төсөлд гар бие оролцож, амжилттай зохион байгуулж эхэлсэн.
Нягтлан бодогч, санхүүч мэргэжилтэй. Оюутан байхаасаа ажилласан тул практик дээр нэлээд мэргэшсэн. Гүйцэтгэх захирал болоод хоёр жил болж байна. Компани маань одоо 30 орчим хүнтэй. Замын-Үүд дээр төлөөлөгч, Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал, Хятадын Эрээн хотод, БНСУ-д гээд нийт 5 хүн ажиллаж байна.
“MN line” ХХК-ийн тээвэр зуучийн салбарт оруулсан хувь нэмрийг та яаж тодорхойлох вэ?
Анх 2015 онд “MN Line Korea” салбараа байгуулж байсан. Гаднын оронд салбар нээсэн анхдагч компаниудын нэг. Анх Солонгосоос Улаанбаатар хүртэл газрын тээврээр дөрвөн хоногт ачаа тээвэрлэнэ гэхэд хүмүүс итгэдэггүй байсан. Бид ч зах зээлдээ нэг их танигдаагүй байсан. Манай ачаа тээвэр Инчеон боомтоос дөрөв дэх өдөр хөдлөөд Улаанбаатарын гаалийн талбай дээр нэгдэх өдөр нь ирдэг байсан. Бид анхны маркетингийн төслөө “Нисдэг чингэлэг” гэж нэрлэсэн. Дөрвөн жилийн хугацаанд бид цаг агаарын нөхцөл байдлаас болж ганц нэг хоног алдах тохиолдол байсан ч дөрвөн хоногоо байнга барьж ирсэн. Энэ дөрвөн хоногийн тээврээр Солонгосоор дамжуулан цаад талын Зүүн өмнөд Азийн тээврийн ачаануудыг авдаг байсан. Малайз, Тайланд, Сингапур гэх мэт. Тухайн үед импортоор сүү, сүүн бүтээгдэхүүн тэр бүр оруулж ирж чаддаггүй байсан. Энэ мэт хурдан муудах эрсдэлтэй барааг бид тээвэрлэж эхэлсэн. Агаараар тээвэрлэж байсан барааг газраар тээвэрлэхээс зардлын хувьд хэд дахин бага болж улмаар барааны өртөг нь буугаад ирдэг учир зарим худалдааны байгууллагад нэлээд том боломж өгсөн.
Тээвэр зуучийн салбарын хууль, эрх зүйн асуудал хүндрэлтэй. Үнэндээ сохор хүн шиг л явдаг. Эрх зүйн асуудал нь өмнөх зуунд гацчихсан гэхэд нэг их хэлсдэхгүй.
Цар тахал гарч хил хаагдсанаар тээвэр зогсож нэлээд бүсээ чангалуулсан. Гурван сарын турш нэг ч чингэлэг хүлээж авч чадахгүй байдалтай байсан. Солонгосоос чингэлгүүд гарсан ч Монголын хилийг тойроод гацчихдаг байлаа. Бид яаж ийж байгаад гацсан чингэлгүүдээ авъя гэсэн зорилготой ажиллаж Монголынхоо хилийг тойрч явсаар Гашуун сухайтын боомтоор авсан. Тухайн үед импортын бараа ханган нийлүүлдэг нэлээд компанийн асуудлыг шийдэж өгсөн. Наад боомтоор чинь хүнс оруулж ирж болохгүй гэж байсан ч зогсолтгүй явсны эцэст бүх ачаагаа оруулсан. Тэр чингэлгүүд дотор Эрүүл мэндийн яамны бараанууд байсан тул харгалзах байгууллагуудад нь хандаж байж олон бичиг нааш цааш нь шидэж байж, бас тухайн үед Ерөнхий сайдын бүх боомтоор бараа бүтээгдэхүүн оруулж болно гэсэн бичгийг хүртэл барьж гүйж байж оруулж байсан.
Танай компанийн цаашдын стратеги төлөвлөгөө ямар байна?
Цаашид бид нисдэг чингэлгийн тээврийн үйлчилгээгээ илүү сайн хөгжүүлнэ. 2023 онд Засгийн газар экспортоо түлхүү анхаарна гэж мэдэгдсэн учраас бид ч мөн экспортод түлхүү чиглэнэ гэсэн зорилготой байна. Одоогоос экспортын түүвэр ачаа хийхэд бэлдэж байна. Түүвэр ачаа нь жижиг дунд бизнесүүдэд тохиромжтой тээврийн төрөл. Жижиг компаниуд нэг бүтэн чингэлэг дүүрэн ачаа татах боломжгүй. Ийм тохиолдолд үүнийг өөр компаниудын ачаатай нэгтгэн дүүргэх ажлыг бид зохицуулна гэсэн үг. Бид зөвхөн нэг улстай биш Солонгосоор дамжуулан бусад оронд тээвэрлэх системийг бий болгоно гэсэн үг.
Бизнес эрхлэгчийн хувьд экспорт хийхэд тулгамддаг гол асуудлыг хэрхэн харж байна вэ?
Монголд үйлдвэрлэсэн барааг экспортлоход тухайн бараа олон улсын стандартад нийцдэггүй. Эсвэл олон улсын үнэлгээ гаргадаг байгууллагууд Монголд дутуу дулимаг болохоор Монголоос бараа явуулахаар цаад орондоо очоод бичиг цаасны асуудалтай тулгардаг.
Экспортын боломжийн хувьд бид зөвхөн байгалийн баялаг, ноос ноолууран бүтээгдэхүүнээр хязгаарлагдаж болохгүй. Миний бодлоор Солонгос, Япон зэрэг орнуудад экспортод гаргах боломжтой чиглэл бол газар тариалангийн бүтээгдэхүүн. Бидэнд юу л байна тариалангийн шим тэжээл бүхий хөрстэй газар, талбай байна. Төрөл бүрийн хүнсний ногоо тариад экспорт хийж болно. Даанч стандартад нь хүрч чаддаггүй. Тэр стандартуудад нийцүүлдэг олон улсын байгууллагууд Монголд орж ирээд зөвлөгөө зөвлөмж, сургалт явуулах хэрэгтэй байна. Жишээлбэл, Монголд тарьсан төмсийг экспортлох боломж байдаггүй.
Худалдааг хөнгөвчлөхөд хамгийн түрүүнд юу хэрэгтэй гэж үздэг вэ?
Захиалгыг хялбарчлах. Биеэрээ заавал очиж худалдан авалт хийхгүй, онлайнаар худалдан авалт хийх загвар хөгжиж байна. Арван жилийн өмнө заавал дэлгүүр орж бараа авдаг байсан бол одоо ямар ч барааг гэртээ хүргүүлээд авч байна. Энд логистик маш чухал үүрэг гүйцэтгэдэг.
Манай харилцагчид голдуу импортын худалдааны бизнес эрхлэгчид байдаг бөгөөд тэдэнд бүх үйлчилгээг цогцоор нь хийж өгөхийг хичээдэг. Жишээлбэл, Дарханд бизнес эрхэлдэг хэрнээ хэзээ ч Улаанбаатар, Солонгост ирж үзээгүй харилцагч байна. Манай цогц үйлчилгээгээр бараагаа хүргүүлж авдаг. Энэ хүний хувьд худалдааг нь бид ингэж хөнгөвчилж байна.
Логистик агуулахын дэд бүтцийн хувьд гаалийн баталгаат агуулахуудаас бүрддэг. Энд гаалийн татвараа төлөөгүй, бүрдүүлэлтээ хийгээгүй барааг байрлуулдаг. Манайд томоохон эм, хүнсний компаниуд, машины шоу рүүмүүд гаалийн баталгаат агуулахтай байдаг. Иймэрхүү агуулахын дэд бүтэц нэлээд хөгжиж байна.
Түүнчлэн худалдааны бизнес эрхлэгчид саяхныг хүртэл хадгалалт гэдэг зүйлийг төдийлэн анзаардаггүй байсан бол одоо хөгжиж байгаа нь сайшаалтай.
Тээвэр зуучийн салбарт тухайн компанийн өрсөлдөх чадвар юугаар тодорхойлогддог вэ?
Үндсэндээ боломж хязгаарлагдмал. Тээвэр зуучын салбарын хууль, эрх зүйн асуудал хүндрэлтэй. Үнэндээ сохор хүн шиг л явдаг. Эрх зүйн асуудал нь өмнөх зуунд гацчихсан гэхэд нэг их хэлсдэхгүй.
Ковидын үед нийслэлд хөдөлгөөн хязгаарлахад зарим чиглэлийн үйл ажиллагааны компаниудыг зөвшөөрөлтэй явуулж байсан хэрнээ тээвэр зуучын салбарын компаниудад зөвшөөрөл олгоогүй. Уг нь энэ бол байнгын зогсолтгүй ажиллах ёстой салбар. Манай нэг ч ажилтан гэрээсээ гарч чадахгүй байхад бид гаалийн талбай дээрээс Эрүүл мэндийн яамны шаардлагатай барааг авч чадахгүй байдалтай байсан. Арга ядаж гэрээсээ ажил руугаа алхаж очдог үе байлаа. Эм ханган нийлүүлдэг компаниуд нь Эрүүл мэндийн яамдаа хандаж албан бичиг авч байж бид явж байсан.
Солонгос, Япон зэрэг орнуудад экспортод гаргах боломжтой чиглэл бол газар тариалангийн бүтээгдэхүүн.
Гэхдээ цар тахлын үед энэ салбарын онцлог, энд ажиллаж буйгаар бахархах зүйлс нэлээд тохиолдсон. Дотоодод шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг нь хангах тал дээр бид гарц шийдэл олж, Эрүүл мэндийн яамны тендерт шалгарсан компаниудын шаардлагатай бараа, эм, эмнэлгийн хэрэгслийг оруулж ирсэн. Ресторанууд хоолны материалгүй болчихсон байхад амтлагч гэх мэт материалыг оруулж ирж байв Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэхийн нэг бахархалтай зүйл нь энэ юм.
Дутагдал нь урдаасаа хойшоо ганцхан төмөр замтай, дэд бүтэц нь хөгжөөгүй, далайд гарцгүй ийм оронд энэ төрлийн бизнес эрхлэх нь хүндрэлтэй. Тэгээд ч энэ төрлийн бизнес Монголд үүсэж хөгжөөд богино хугацаа өнгөрсөн байна.
Захиалагчдад мэдээллийн урсгал, замын мэдээг тээврийн компани байнга өгч байх ёстой. Хил нээснээс хойш харьцангуй гайгүй, ямар нэгэн стрессгүй, замын мэдээгээ харилцагчдаа түргэн шуурхай байх үүднээс имэйл, утсаар өгч байна. Аппликейшн туршиж үзэж байна. Апп хэрэглэхээр харилцагчидтайгаа амьд харилцаагүй болчих юм гэж үзсэн.
Тээврийн үнэ өртгийн хувьд бид он гарснаар нэлээд сайн бууруулаад байна. Ковидын үеэр цаад талаасаа буюу харилцагч орнууд тээврийн өртөг зардлаа өсгөсөн. Одоо хил нээснээр зарим зардал нэлээд багассан. Хилээр гарахын тулд нэг чингэлэг өмнө нь бараг сар болдог байсан нь төмөр замын ачаалалтай холбоотой. Мөн чингэлэгийн түрээсийн зардал үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн. Одоо бүх үйлчилгээ жигдэрсэн тул түрээсийн зардал багасаж өртөг буурах боломжтой болсон.
“MN line” ХХК-ийн соёл?
Компанийн засаглал, соёлын хувьд чөлөөт сэтгэлгээтэй, дарга цэргийн ялгаа гаргахгүй байлгахыг хичээдэг. Зарим компанийн захирал хүмүүсээ нэлээд чөлөөтэй ажиллах нөхцлөөр хангадгийг миний хувьд дэмждэг. Өмнө нь ажил хүнийг голдоггүй гэдэг байсан бол сүүлийн үед эсрэгээрээ болчхоод байна. Ажил гэдэг хүний хоёрдахь гэр нь учраас хүн ажил дээрээ ирээд аль болох таатай нөхцөлд ажиллуулах, хэн нь сайн ажиллаж байна, түүнийг нь урамшуулах бодлоготой.
Захирал хүний хувьд өөрийгөө хөгжүүлэх үүднээс гадны сургалтуудад онлайнаар хамрагддаг. Богино хэмжээний онлайн сургууль, сургалтуудад нэлээд суудаг. Байнга сурч хөгжиж байхыг боддог. Компанийн харилцагчдыг нууцлах зарчим барьдаг. Монголын зах зээл жижиг гэдэг шиг бүх харилцагчтайгаа холбоотой байгаа. Харилцагчдынхаа тоог нэмэхээс илүүтэй үйлчилгээгээ чанаржуулахад анхаарч ажилладаг.