Амжилт хэр их хэрэгтэй зүйл хийснээр бус, хэр их хэрэггүй зүйлээс татгалзаж чадсанаар хэмжигддэг гэсэн үг байдаг. Монголд жижиг, дунд бизнесүүд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, борлуулалт, санхүү, хүний нөөц гээд бүх зүйлээ өөрсдөө хийхээр зүтгэж, голдуу өөр нэртэй ижил төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг. Гэвч удалгүй түрээсийн төлбөр, банкны зээл, татвар хураамж, цалингийн өглөгөө төлөх эргүүлэгт орж томорч давжаардаг, нэг бол аажмаар унтардаг. Харин чаддаг чаддагаараа нэгдээд, нэг схемээс бүгд харилцан ашигтай ажиллах бизнес моделийг боловсруулаад, төлөвлөгөөтэй, тэнцвэрээ хадгалаад явбал бизнес хөгжих боломжтой. Яг ийм зарчмаар бүтээгдэхүүн хөгжүүлдэг “Натурал Монгол Үндэсний Сүлжээ” ХХК – ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбадрахтай ярилцлаа.
“Natural Mongolia” бизнес загвар хөгжүүлэх экосистемийн санаа хэрхэн төрсөн бэ?
Энэ ажлыг яагаад хийх болсон зорилгоосоо эхэлье. Би хэдий хотод төрж өссөн ч хөдөөд дуртай. Эхнэртэйгээ танилцаад үерхэж байхдаа 2001 оны өвлийн амралтаараа хөдөө гэрт нь очиж байлаа. Ингээд эхнэр болон эхнэрийнхээ гэр бүлтэй сар гаруйн хугацаанд хөдөө мал дээр, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Үзүүр хавчиг гэх өвөлжөөнд 45 хоногийн турш зуднаар хамт байсан юм.
Хадмууд маань их хөдөлмөрч, хадам аав маань насаараа малын эмч хийсэн хүмүүс. Тэр жил маш олон айлын хот харласан тийм хүнд өвөл болсон ч ажил хөдөлмөр, ухаалаг маллагааны үр шимээр зудыг хохиролгүй давж гарахыг биеэр үзсэн. Хотоос хөдөө очсон би чадах хэмжээндээ ажилд нь тусална. Өвс тэжээл ачилцахад тав, арван боодол өвс авч шидээд л “амьтан болж байгаа” юм. Хөдөө өвөлжөөнд цасанд явж, хоол ундаа бэлтгэнэ, малын хашаа хороо цэвэрлэнэ. Ундарсан их ажилтай ч хөдөөд дуртай хэвээрээ л байсан.
Хожим нь Хас Банкны орон нутгийн салбар хариуцсан бүсийн менежер, бүсийн захирлаар ажиллаж байхдаа жилийн аль ч улиралд хөдөө томилолтоор их явдаг болсон. Тэр үед бэлчээрийн даац хэтрээд цөлжилт нүүрлэсэн, ширгэж тасарсан голын хоосон сайр их таардаг байсан, гол харламаар. Хэн олон малтай, хэн их өвс “зулгааж” байгаа нь хожих юм шиг л уралдсан сэтгэхүйтэй болсон мэт санагддаг.
Банканд мөн жижиг дунд бизнесийн зээлийн борлуулалт хариуцаж ажилладаг байсан учраас тухайн үед уул уурхайгаас бусад бараг бүх салбарын бизнесийн зарчмыг таньж, мэдэж эхэлсэн. Үүндээ ч их сонирхолтой байлаа. Бизнесийн зээлийн эргэн төлөлтийг чанартай хадгалах шаардлагатай учраас, мөн өөрөө сонирхолтой учраас тухайн бизнесийн сул тал нь юу юм, яаж үйл ажиллагааг нь сайжруулж болох вэ гэх мэтээр их ухаж судалж, ойлгохыг хичээдэг байсан. Энэ үед жижиг дунд бизнесүүдэд нийтлэг нэг алдаа байгааг анзаарсан нь тэд бүх зүйлээ өөрсдөө хийх гээд л зүтгээд байдаг явдал юм. Тэр дундаа бичил, жижиг, дунд бизнесүүд хамаг юмаа өөрсдөө хийх гээд л үзнэ.
Суман дахь малчны хоршоо гэхэд малчдынхаа амьдрал ахуйг сайжруулахын тулд зээл өгч болно, мах, түүхий эд бэлтгэл, боловсруулалт, бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт хийгээд дээр нь зах зээлд танигдах, байр сууриа олохын тулд брэнд, маркетингийг нь ч хийнэ гэсэн хандлагатай. Гэтэл энэ бүгдийг хэн дуртай нь хийдэг зүйл биш. Тэгэхээр чаддаг чаддагаараа хоршоод явах нь илүү оновчтой.
Би эхнэрийн хамтаар санхүүгийн менежмент, бизнесийн зөвлөх үйлчилгээний www.sanhuuch.mn компаниа үүсгээд 10 жил болж байна. Үүнийхээ зэрэгцээ жижиг дунд бизнесүүд, хоршоодын үр ашигтай хамтрал үүсгэх, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний брэнд, борлуулалтын суваг үүсгэх зорилгоор “Natural Mongolia” онлайн дэлгүүрийг 2015 онд нээж байлаа. Хэдийгээр нээсэн даруйдаа идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй ч хөдөөтэй, хөдөө аж ахуйтай холбогдсон бизнес санаагаа “Natural Mongolia”-гаар дамжуулж хэрэгжүүлнэ гэсэн бодлоо дотроо тээгээд л яваад байсан. Зүйрлэвэл, онлайн орчин дахь Нарантуул зах байх ёстой гэсэн санаагаар naturalmongolia.mn домэйнаа авч, хөдөөтэй холбогдсон бизнес хийнэ гэсэн санааны үндсэн дээр цахим дэлгүүрээ үүсгэн байгуулж байсан. Нээгээд удаагүй байхдаа Цагаан сар угтаж, гар урчуудын бүтээл, Монгол оймс гэх мэт зүйлс сайт дээрээ худалдаалж үзсэн. Тухайн үед Санхүүч Мн дээрээ илүү анхаарч, хөгжүүлэх шаардлагатай байсан учраас “Natural Mongolia” төслөө түр хойш тавих шийдвэр гаргасан юм.
Сүүлд 2020 онд хөл хорионы үеэр бизнес төлөвлөлт дээр нь зөвлөгөө өгч дуусах үед харилцагч компанийн захирал залуус маань Монгол Ангус үхрийн аж ахуйгаа танилцуулж, хэрхэн зах зээлд гаргах талаар ярилцсан юм. Махны салбарт зүгээр л ийм, тийм брэндийн үхрийн мах гээд зах зээлд гаргаад ирэх нь явцгүй, амжилттай ба амжилтгүй олон брэндүүд өрсөлдөж байгаа. Шинээр танилцуулах брэнд, бүтээгдэхүүн нь нийгэм, байгаль дэлхийд нүүрлэж байгаа олон асуудлаас бага ч болохнээ шийдсэн байх хэрэгтэй. Хэдий чинээ олон асуудал шийдэж чадна тухайн бизнесийн оршин тогтнох хугацаа илүү урт, тогтвортой байх болно гэсэн байр сууриа илэрхийлж, “Natural Mongolia” төслийг сэргээн үргэлжлүүлэх, хөрөнгө оруулж хамтран ажиллах санал тавьсан юм.
“Natural Mongolia”-гийн бизнес модель, алсын харааны талаар дэлгэрэнгүй яривал?
Жижиг дунд бизнесүүд дангаараа бүх зүйлээ өөрсдөө хийх гэж зүтгэхийн оронд чаддаг чаддагаараа нийлээд, бизнесээрээ дамжуулан илүү олон асуудлыг шийдэж чадах нь чухал. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, маркетинг, борлуулалт, санхүү, хүний нөөц гээд шийдвэл зохих бүхнийг эмхэлж дуусаад, бүгд зэрэгцэж өөр нэртэй нэг ижил бүтээгдэхүүн гаргаж аваад, түрээсийн төлбөр, банкны зээл, татвар хураамж, цалингийн өглөгөө төлөх эргүүлэгт орчхоод байна. Алдагдалтай үнээр бүтээгдэхүүнээ зарж, бүхнийг болгох гэсэн эрмэлзэлдээ хэт хөтлөгдөн өнөө маргаашаа харж бизнес хийснээр баялаг бүтээгч биш өглөг бүтээгч болдог. Энэ бол оновчтой шийдэл биш. Зах зээл маш харгис. Өдөр хоногоо өнгөрөөх санхүүгийн асуудлуудтайгаа хөөцөлдөөд ирвэл бизнес, бүтээгдэхүүн хөгжихгүй. Энэ хэрээр зах зээлээс шахагдаж байдаг. Хэдий хичээж зүтгэж байгаа санагдсан ч шахагдах л болно. Тэгэхээр чаддаг чаддагаараа нэгдээд, нэг схемээс бүгд харилцан ашигтай ажиллах бизнес моделийг боловсруулаад, төлөвлөгөөтэй, тэнцвэрээ хадгалаад явбал бизнес хөгжих боломжтой. Ухаалаг бизнес загвар бол бизнесийн амин сүнс байдаг.
Корпорэйт компаниуд жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесүүдээ, жижиг дундууд нь бичил бизнесүүдээ ажлаар хангаад хамтдаа урагшилна. “Natural Mongolia” брэнд болон энэхүү брэндийн дор дэд брэнд хөгжүүлэх, бүтээгдэхүүн бий болгох, судалгааны үндсэн дээр туршилтын үйлдвэрлэл явуулах, патент батлуулах, бүтээгдэхүүний ашигтай загварыг гаргаж ирэх үндсэн зарчмаар бид ажилладаг. Тухайн брэндийг зах зээлд амьдрах чадвартайгаар хөгжүүлэх, дотоод гадаадаас худалдааны сэжим үүсгэх, түнш компаниудаараа хамтдаа нийлж амжилттай хэлцэл захиалгыг биелүүлэх, бүтээгдэхүүнээ нийлүүлэх зарчмаар явна гэсэн ийм л зорилттой.
“Natural Mongolia” бизнес загвар бол өөрөө бүхнийг хийхийн эсрэг.
“Natural Mongolia” төслийн үндсэн зорилго бол бичил, жижиг, дунд бизнесүүдээс бүрдсэн кластер нэгдсэн зорилго, нэг малгай брэндийн дор ажиллаж, зах зээлийн эрэлтийг хангах, хамтдаа ажилтай, орлоготой байхад чиглэдэг. Энэ үндсэн зарчим, зорилгодоо тулгуурласан бизнес моделийг боловсруулж, түүнийгээ улам боловсронгуй болгоход анхаарч байна. Гэхдээ яг юуг, яаж хийх вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм.
Өнөөдөр манай улс уул уурхайн бус экспортыг хөгжүүлье гэж зорьж байна. Монгол Улс экспортын нэр нүүр болсон олон брэнд, бүтээгдэхүүнтэй болох ёстой. Экспортын чиг баримжаатай брэндийг хөгжүүлэхдээ гадаад хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тохирох, НҮБ – ийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд, тойрог эдийн засгийн (Circle Economy) зарчимд аль болох нийцсэн, байгаль орчин нийгэмд ээлтэй бүтээгдэхүүн хөгжүүлэх шаардлагатай. Эндээс бид тэр шаардлагад нийцэж чадаж байна уу гэдгээ эргэн харах хэрэгтэй болно.
Хөдөө аж ахуй бол уул уурхайн бус экспортод жин дарах чухал салбар. Гэвч бэлчээрийг доройтуулахаас эхлүүлээд байгаль орчноо сүйдэлж бий болгосон бүтээгдэхүүн дээрх шаардлага шалгуурыг давах уу гэдэг нь гол асуудал. Тэгэхээр манай бизнес модель, кластер нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ, орцын тодорхой хэсгийг хаягдал түүхий эдээр хангана, ингэхдээ баахан чанаргүй мал өсгөөд, зарим түүхий эдээ хаядаг тогтолцооны эсрэг байна. “Natural Mongolia” брэндийн дор хөгжүүлсэн брэнд нь хариуцлагатай, чанартай, байгаль орчинд ээлтэй аж ахуй, үйлдвэрлэлээс бүтээгдэхүүн бий болгоход чиглэнэ. Бүтээгдэхүүн хөгжүүлэхдээ судалгаанд маш анхаарна. Тухайн зах зээлийн онцлог, хэрэгцээ шаардлага нь юу вэ гэх мэт. Хэрэглэгчийн талаар ч баримт цуглуулж, судалгаа хийх шаардлагатай.
Та бүхэн “Nolly” брэндийн дор гэрийн тэжээвэр амьтанд зориулсан, хөдөө аж ахуйн гаралтай материалаар хийсэн хувцас, цүнх гэсэн сонирхолтой бүтээгдэхүүн хөгжүүлж байна. Монгол Улс энэ чиглэлд хэр өрсөлдөх чадвартай вэ?
Тухайлбал, нохойд зориулсан бүтээгдэхүүн бий болгоё гэхэд нохой үүлдрээсээ хамаараад өөрийн гэсэн онцлог талтай бол тэр нь юу байх вэ гэдгийг нарийн судлах шаардлагатай. Нохой бол нийгмийн оролцогч, хүний дотнын анд, гэр бүлийн гишүүн. Тэдэнд ч бас хэрэглээ бий. Тэдэнд өмсөх, эрүүл хооллох хэрэгцээ байна. Гэхдээ сэрүүн байх дуртай, хувцас өмсөх шаардлагагүй үүлдрийн нохой бас бий. Нохойн эрүүл хоол тэжээл юу байж болох вэ? Энэ мэтчилэн асуултын хариуг олох судалгааг молекул ба эсийн биологиор суралцдаг том охин маань бие даан хийж, баталгаат эх сурвалжтай мэдээлэл, үндэслэлүүдээр биднийг хангаж өгдөг.
Дөрвөн нохой тутмын нэг нь хорт хавдартай, 10-аас дээш настай хоёр нохой тутмын нэг нь хавдраар өвдөж нас бардаг. Үүний шалтгаан нь тэдний хоолыг үйлдвэрлэж буй арга технологиос болж байна. Дэлхий нийтээр хариуцлагатай болж, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн рүү тэмүүлэх тренд бий болж байна. Нохойд ч гэсэн эрүүл, шим тэжээлтэй хоол өгөх ёстой юм байна гэдгийг ойлгодог болж байна. Түүхий эд материалыг гүн хөлдөөхгүй, өндөр хэмд халууны аргаар хэт боловсруулахгүйгээр бэлтгэсэн нохойн хоол зах зээлд, үйлдвэрлэлд нэвтэрч эхэлсэн байгаа. Харин хоолны дийлэнх орц нь малын дайвар, иймд бидэнд эрүүл бөгөөд шим тэжээл сайтай гэрийн тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэх зах зээл байна.
Судалгаанд үндэслэн, нохойн хоолыг “dry freeze” буюу хүйтэн хатаалга, манай уламжлалт мах борцлохтой адил технологиор хийж өгөх нь оновчтойг тодорхойлж, судлаачид жор боловсруулж туршилт хийсэн байдаг.
Бидний хог дээр хаядаг малын дайвар бүтээгдэхүүнийг зарим ногоо, жимсний хаягдалтай хольж багсраад хүйтэн хатаалгын технологиор хийсэн нохой, муурны хоол бэлтгэн экспортлоход бид өрсөлдөх чадвартай байна. Дэлхийн нэг хүн тутамд 3 фермийн амьтан буюу мал амьтан ногддог бол Монголд нэг хүн тутамд 20 мал амьтан ногдож байгаа. Өөрөөр хэлбэл бидэнд түүхий эд материалын давуу боломж байна.
Ийм орон зай, зах зээл рүү ороход бидэнд хангалттай бололцоо бий. Мөн нохойн үүлдэр олон төрөл болж, хүмүүс жижиг биетэй, эгдүүтэй хөөрхөн нохойг ихээр үрчлэн авдаг болж байна. Энэ төрлийн нохойнууд даарахаараа өвчлөх эрсдэл өндөр. Тэгвэл энэ үүлдрийн нохойнуудад яагаад ноолууран хувцас хийж өгч болохгүй гэж. Энэ мэтчилэнгээр бүтээгдэхүүн хөгжүүлэх боломж байна.
Манай улсад зөгийн аж ахуй эрхэлдэг Михачи компани, Томоко захирал манай Санхүүч.мн-ийн харилцагч байсан. Томоко захирал манай “Natural Mongolia” концепцийн талаар сонсоод, нохойд зориулсан ноолууран хувцас хийж болох санааг анх хэлж зөвлөсөн юм. Түүний дүү нэхмэл эдлэлийн дизайнер жижиг нохойд зориулсан ноолууран цамцны загвар зурж өгсөн. Зургийн дагуу туршилтын үйлдвэрлэлийг түнш компаниудаараа хийлгэж, үргэлжлүүлэн дотоодын зөвлөх компанитай хамтран хэд хэдэн загвар бүтээсний үр дүнд таван төрлийн бүтээгдэхүүн бүхий L’amore Mio буюу “Миний хайр” нэртэй жижиг нохойд зориулсан ноолууран хувцасны коллекц бий болсон юм.
Бүтээгдэхүүн хөгжүүлэхийн тулд өөрснөө үйлдвэр байгуулах бус, чаддаг компани, хүмүүсийг судалгааны үндсэн дээр олж холбогдох, хамтын хүчээ нэгтгэх нь цаг зав, зардал мөнгө хэмнэхийн зэрэгцээ бүгдээрээ ажилтай, орлоготой байх боломжийг бүрдүүлдэг.
Ингээд бид нохойд зориулсан, байгальдаа эргэн 100% задардаг, байгалийн гаралтай зөвхөн нэг төрлийн материал ашиглан 100% ноолууран цамц бий болгочихсон учраас нохойг авч явдаг, тээвэрлэдэг цүнх хийе гэсэн хайгуул хийж эхэлсэн. Дэлхий даяар зөөврийн хуванцар цүнх байна. Маш үнэтэй брэндийн арьсан цүнх ч байна. Үүрдэг цүнх ч бий. Ингээд маш олон бүтээгдэхүүн судлаад бүтээгдэхүүний анхны загвараа гаргах ажилд орсон. “Natural Mongolia” бизнес загвар бол өөрөө бүхнийг хийхийн эсрэг. Тиймээс арьсан цүнх үйлдвэрлэгч Марис трэйд компанитай хамтарч тэжээвэр амьтдыг зөөвөрлөх зориулалт бүхий цүнхний загвар гаргасан. Эхний загвараар шууд амжилд олно гэж байдаггүй. 3-5 оролдлого, сайжруулалт хийсний дараа нэг бүтээгдэхүүн бий болдог. Нолли брэндийн арьсан эдлэл нийт 7 төрлийн бүтээгдэхүүнтэй болоод байгаа.
Нохойд зориулсан ноолууран цамц, цүнх хийхийн тулд өөрснөө үйлдвэр байгуулах бус, чаддаг компани, хүмүүсийг судалгааны үндсэн дээр олж холбогдох, хамтын хүчээ нэгтгэх нь цаг зав, зардал мөнгө хэмнэхийн зэрэгцээ бүгдээрээ ажилтай, орлоготой байх боломжийг бүрдүүлдэг. Энэ л бидний бизнесийн үндсэн загвар. Жижиг, дунд үйлдвэрүүд дор бүрдээ тэжээвэр амьтны хувцас хэрэгслийн зах зээлийг судалж, бүтээгдэхүүн хөгжүүлэлтээс эхлэлээс нь төгсгөл хүртэл дор бүрдээ ажиллах гэвэл маш их цаг хугацаа зардал шаардах ба үүнийг манай бизнес загвар хэмнэж өгч байгаа юм.
Бүтээгдэхүүнийг маань хүмүүс хараад их өхөөрддөг. “Nolly” брэндийн нэр маань ч хүмүүст их таалагддаг юм билээ. Бид “Nolly” гэж нэрээ эхэлж бодож олоогүй, нохой, муураа таньж мэдэхэд л анхаарч байсан. Ингээд харилцагчаа таньж ойлгож, дурласны дараа брэнд, маркетинг, лого, ялгарал гээд энэ бүхэн дээр бид мэргэжлийн зөвлөгөөг “Bat Solution Partners” компаниас авч тэжээвэр амьтны брэндэд тохирсон нэр, лого төрсөн юм. Бид барааны тэмдэг, бүтээгдэхүүний ашигтай загвараа дотоодын зах зээлд бүртгүүлэн баталгаажуулсан. Олон улсад ч бүртгүүлэх бөгөөд бидний ижил ангилалд “Nolly” гэдэг нэрээр бүртгүүлсэн брэнд байхгүй юм билээ. Одоо бид зорьж байгаа зах зээлүүд рүүгээ, тодруулбал АНУ, Япон, Европын холбооны улсуудад бүтээгдэхүүнээ таниулж нэвтрэхэд анхаарч байна.
Монгол гэхээр л монгол хүний сэтгэхүйд таарах, монгол нэрээр нэрлэх шаардлагагүй. Чиглэсэн зах зээлдээ зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь л чухал. Бид бизнесүүд хамтарч болдгийг харуулсан. Удахгүй хилийн чанадад үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд оролцоно. Ямартаа ч Герман, АНУ, Япон гэсэн гурван зах зээлд танилцуулна, борлуулалт хийж үзнэ.
Одоогоор бид “Nolly” гэсэн брэнд нэрийн дор гэрийн тэжээвэр амьтанд зориулсан хөдөө аж ахуйн гаралтай хувцас, цүнх гэсэн бүтээгдэхүүн хөгжүүлчихлээ. Мөн дээр хэлсэн нохойн хоол бүтээх төсөл бий. Охин маань нохойд зориулсан хоолны шим тэжээлийг тооцоолох математик тооцоолол, орц зохиосон байгаа. Үхрийн дайвар эрхтэн, чацарганы шаг, цагаа идээ зэргийг оролцуулсан орц бий. Одоо орцоо бариад бүтээгдэхүүн болгох, технологийн карт гаргахад хамтарч ажиллах түншүүдээ олно.
– Ирээдүйд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг эх үүсвэр хэрхэн нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна вэ?
-Дүнг нь тэд эд гээд яахав. Гэхдээ багагүй хэмжээний санхүүжилт орсон. Он гараад дараагийн шатны хөрөнгө оруулагч нартайгаа уулзана. Санхүүжилт, хөрөнгө оруулалт хийвэл хувиа өгөх яриа хэлцэл хийж байгаа. Бүтэхгүй байлаа гэхэд бид жаахан удаашрах л эрсдэлтэй, урт хугацаандаа өөрсдийн зүгээс санхүүжүүлээд явах боломжтой байгаа учраас хийж байгаа зүйлдээ итгэлтэй байна.
-Дотоодын зах зээлд борлуулалт хэр байх бол, дотоодын зах зээлийн багтаамжийг судалсан уу?
-Монголд гэрийн тэжээвэр амьтны тоо толгой тоймгүй. Гэхдээ жижиг нохой, мууртаа ноолууран цамц авч өмсгөх, цэвэр арьсан цүнх авч өгөх хэрэглэгчдийн хүрээ бага. Харин бидний хөгжүүлж байгаа гэрийн тэжээвэр амьтдын хоол бол бүгдэд нь хамаарна. Дотоодын зах зээлд ч эрэлттэй байна гэж бид тооцож байгаа.
Мэдээж борлуулалт чухал. Гэхдээ бид аль нэг дэлгүүрт бүтээгдэхүүнээ тавих, эсвэл дэлгүүр нээгээд энд манай бүтээгдэхүүн байна, ирж аваарай гээд өндөр үнээр маркетинг хийе гэж яарахгүй байгаа. Яагаад гэхээр дотоодын зах зээл манай брэндийг оршин тогтноход шаардлагатай орлогын 25-35 хувийг л өгч чадна гэж бид тооцсон. Ийм зах зээл дээр их хэмжээний маркетингийн төсөв гаргах нь утгагүй. Харин гэрийн тэжээвэр амьтандаа маш их ач холбогдол өгдөг, тэжээвэр амьтан нь гадаад руу эзэнтэйгээ хамт нисдэг тэр хэрэглэгчдэд хүрэх нь манай бүтээгдэхүүний дотоод борлуулалтад үр дүнтэй.
Мөн бид Бодь даатгал компанитай хамтарч ажиллах хүсэлтэй байгаа. Тэднийх гэрийн тэжээвэр амьтны даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр гэрийн тэжээвэр амьтан даарахгүй, өвдөхгүй, бас аюулгүй тээвэрлэх цүнхтэй бол гэмтэл бэртэл авах нь багасна. Энэ хэрээр даатгалын нөхөн төлбөрийн зардал нь буурах учраас Бодь даатгал харилцагчдадаа манай бүтээгдэхүүнийг таниулахад хамтран ажиллах, зэрэгцээ борлуулалт хийх маягийн загвар төсөөлж байна. Цаашдаа бид showroom буюу үзүүлэнгийн маягийн цэг нэгийг байгуулна гэж бодож байна. Түүнчлэн, мал эмнэлгүүдтэй ч хамтарч ажиллаж эхэлсэн байгаа.
Одоогоор Монгол Улсын нийт айл өрхийн 25 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай. Гэр хорооллын айл өрхүүдийн 54, орон сууцны айлуудын 12 хувь нь гэрийн тэжээвэр амьтантай. Гэхдээ гэр хороололд байгаа нохой бол байгалиасаа хүйтнийг тэсвэрлэх чадвартай. Харин орон сууцанд 25 мянган муур, нохой байна. Эднээс жижиг нохой гээд хайвал бидний зорилтот хэрэглэгчийн тоо нэлээд багасна. Жилдээ 300-500 нохой, муурт бидний одоогоор хөгжүүлсэн байгаа бүтээгдэхүүн хүрэх боломжтой. Цүнх, цамц, хөтөлгөө, чээживч, ялгадасны уут авлаа гэхэд нэг сая төгрөг болно. Ингээд тооцохоор дотоодын зах зээлээрээ бид оршин тогтнох боломжгүй. Нолли бол анхнаасаа экспортын чиг баримжаатай хөгжүүлж байгаа брэнд. Экспорт хийж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.
Байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сонирхох хэрэглэгч гаднын зах зээлд маш олон байна. Бид уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортын орлогоо нэмэгдүүлье гэхэд хэзээ ч массын үйлдвэрлэлээр Хятадыг гүйцэхгүй. Тиймээс чанартай, байгалийн гаралтай, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, үнэ цэнтэй, өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр амжилттай ажиллаж чадна.
Монголчууд массын зах зээлд биш, чанартай, байгалийн гаралтай, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн, үнэ цэнтэй, өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх чадвартай болно.
Мөн бид Японд гэрийн тэжээвэр амьтанд зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн дээр очиж байсан. Байгаа бүтээгдэхүүний бараг 90 хувь нь Хятадаас орж ирсэн, хямд материалаар хийсэн, маш хямд байсан. Ноолуурын орцтой хувцас байлаа гэхэд маш бага орцтой байх жишээтэй. Хонины ноосоор тэжээвэр амьтны хувцас хийдэг италийн нэг брэнд байсан. Тэдний үнэ манайхтай ойролцоо. Харин гэрийн тэжээвэр амьтны зөөврийн цэвэр арьсан цүнх байна уу гээд хайхад тухайн үзэсгэлэн дээр нэг ч байгаагүй. Энэ нь нэг талаар айдас төрүүлсэн. Үнэхээр ийм хэрэглээ байна уу, үгүй юу гэж эргэлзэхэд хүргэсэн. Нөгөө талаасаа сайн мэдээ нь зах зээл байгаа юм байна, тодорхой зах зээлд хандах боломж байна гэж дүгнэсэн.
Манайд харин нэг асуудал байгаа нь ноосны боловсруулалт, ноосон утасны үйлдвэрлэл сайн биш юм байна. Хятад руу ч юм уу түүхий эдээ явуулж утас хийлгэе гэхээр брэндийн маань үндсэн түүхий эд гарал үүсэл нь Хятад болох талтай.
Бид Англи, Япон, Орос хэл дээр вэбсайтаа хөрвүүлж байна. Жижигхэн ч гэлээ үнэ цэнтэй зах зээл рүү яаж ухаалгаар орохоо бид төлөвлөсөөр байх болно. Гадаад, том зах зээл гээд дэлгүүр нээхэд яарахгүй байна. Гэхдээ гадаад хамтрагчид хайсны үр дүнд хамтрагчид ч холбогдож байна.
“Natural Mongolia” үхрийн аж ахуй, мах үйлдвэрлэлийн салбарт шийдэл боловсруулж байгаа гэж дуулсан. Махны гинжин хэлхээг ямар байдлаар зохион байгуулах вэ?
“Natural Mongolia” брэндийнхээ нэрийн дор үхрийн нойтон махыг нь дотоодын зах зээлд нийлүүлнэ. Арьсаар нь тэжээвэр амьтад зөөвөрлөхөд зориулсан үүрэн болон зөөврийн цүнх хийчихнэ. Дайвар бүтээгдэхүүнээр нь гэрийн тэжээмэл амьтны шим тэжээлтэй хоол хийнэ. Ер нь малыг жилийн дөрвөн улиралд хээлтүүлгэд оруулдаг, жилийн дөрвөн улиралд төл авдаг, жилийн дөрвөн улиралд бойлдог, чанартай эрчимжсэн мал аж ахуйд шилжих шаардлагатай.
Тэгэхээр бизнес загварын гинжин хэлхээний эхэн дээр байгаа малчиндаа байгальд ээлтэй цөөн тооны чанартай мал маллах, мөн тэднийг зохион байгуулалтад оруулж дундын хоршоо байгуулах, улмаар “Natural Mongolia”, “Nolly” брэндийнхээ үр шимийг хүртээдэг байхаар бизнес загварчлалаа төсөөлж боловсруулсан. Том зургаараа байгальд ээлтэй мал аж ахуйг дэмжих, хариуцлагатай нийлүүлэгч-малчдынхаа мал, махыг зах зээлийн үнээс өндөр үнээр авах, цаашлаад тогтвортой хөгжлийг дэмжих, гинжин хэлхээний оролцогч талууд бүгд ашигтай ажиллах энэ зарчмаар явах юм. Байгальд зохистой тооны мал малладаг, малдаа шаардлагатай тэжээлээ тариалж бэлддэг, малаа шаардлагатай үзлэгт хамруулдаг байх нь чухал. Энэ дээр дундын хоршооны гишүүн мал эмнэлэг орж ирнэ.
Малчны хотноос үхрийг тээвэрлээд мах бэлтгэлийн үйлдвэрт аваачихдаа олон цагаар зогсоож, өвс тэжээлгүй, ус ундгүй байлгаж, стресстүүлж бойлох нь маш буруу зүйл. Тиймээс малчны хотноос малыг тээвэрлэхээс нь эхлүүлээд бүх шат дамжлагад стандарт тогтоосноор хэрэглэгчийн хэрэгцээ шаарддлагыг хангаж чадна. Ачих ёстой тоогоор нь ачаад, тусгаарлаад, хэсэг хугацаанд тэжээгээд, стрессгүй байлгаж, бүх шинжилгээнд нь хамруулсны дараа малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь чухал.
Стандарт шаардлага хангасан үйлдвэрт үхрийг технологийн картын дагуу нядалж, төхөөрч, бэлтгээд манайхаас өгсөн захиалгын дагуу нэг үхрийг 25 айлын 7 хоногийн хэрэглээнд нийлүүлснээр айл өрхүүд ч шинэ мах идэх боломж бүрдэнэ. Малаас үлдэх, хаях зүйлгүйгээр хэрэглэгч болон дараагийн шатны бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт хүргэнэ гэдэг маш чухал. Магадгүй гарсан бүтээгдэхүүн үнэтэй байж болох ч эрүүл, аюулгүй байна. Шинэ бүтээгдэхүүн эрэлхийлдэг зах зээл хангалттай бий шүү дээ.
Гинжин хэлхээний үзүүр талаас нь барьж аваад гогцоог тайлж явсаар 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн бэлэн болчихсон байна. Эхнээс нь зах зээлд гаргалаа. Үүний цаана малчнаас эхлүүлээд мах бэлтгэлийн үйлдвэр, дизайнер, маркетинг, борлуулалт, тээвэрлэлт гээд бараг 10-аад оролцогч тал бий. Энэ бүхнийг уялдуулахад бидний зөвлөх үйлчилгээний туршлага, жижиг дунд бизнес эрхлэгч харилцагчийн хүрээлэл их нэмэр болсон. Эхнэр бид хоёр бараг 10-аад жил жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зөвлөгөө өгч байсан. Тээврийн компани, мах бэлтгэх үйлдвэр гэх мэтээр гинжин хэлхээний ихэнх оролцогч нь ажил хэргийн холбоотой түншүүд байгаа. Гинжин хэлхээний оролцогчдодоо хариуцах хэсгийг нь хүлээлгэж өгөөд өөрснөө дараагийн ажил руугаа урам зоригтой орж, экспортын чиг баримжаатай дараагийн бүтээгдэхүүнээ хөгжүүлэхэд анхаарах болно. Гинжин хэлхээндээ бид хэт олон оролцогч оруулахгүй, гол нь хариуцлагатай талуудыг хамруулна. Ойрын хугацаандаа дайвар бүтээгдэхүүнээр тэжээвэр амьтны хоол үйлдвэрлэх ажил руугаа ханцуй шамлан орохоор уулзалтын цаг товлоод явж байна.