Маркетинг бол мөнхөд хувьсан, хөгжиж байдаг салбар. Нийгмийн хатуу ширүүн өрсөлдөөн дунд “амьд үлдэх” гол зэвсэг нь маркетинг. Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хэдэн зуун компаниуд дундаас шалгарч, тодорч, торойж үлдэхийн тулд маркетингийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг мэдэрч, мөр зэрэгцэн алхах шаардлага зайлшгүй тулгарч байна. Бизнес эрхлэгчдэд зориулж маркетингийн чиг хандлагын “трэнд”-ийг үйл ажиллагаандаа нутагшуулж чадсан шилдэг жишээнүүдийг хүргэе.
- Personalization буюу хэрэглэгчийн хэрэглээн дээр суурилсан үйлчилгээ
Хэрэглэгчийн өмнөх хэрэглээн дээр нь үндэслэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох арга маркетингийн салбарт анх гарч ирэхдээ шуугиан дэгдээсэн бөгөөд энэ нь урьд өмнөхөөсөө ч илүү чухал зүйл болж байна. Учир нь хэрэглэгчид аливаа брэндүүд өөрсдийнх нь өвөрмөц хэрэгцээ, сонголтыг ойлгож, түүнд нь тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгоосой гэж үнэхээр их хүсдэг ажээ.
Энэ төрлийн үйлчилгээг амжилттай хэрэгжүүлсэн компанийн нэг жишээ бол “Spotify” юм. Тэд хэрэглэгчийн сонгосон өмнөх жагсаалт дээр суурилан, шинэ хөгжмийг санал болгодог байна.
- Интерактив контент
Интерактив контент нь энэ онд олны анхаарлыг татаж байгаа харьцангуй шинэ чиг хандлага юм. Энэ төрлийн контент нь хэрэглэгчдийн анхаарлыг татаж, брэндтэй утга учиртай харилцахад түлхэц болдог. Жишээ нь асуулт хариулт, санал асуулга, интерактив видео зэрэг орно.
Үүнийг сайн хийж байгаа нэг компани бол нүүр будалтын “Sephora” брэнд юм. Тус компани нь үйлчлүүлэгчдэд арьсны төрөл, өнгө төрхөнд нь тохирсон төгс кремийг сонгож, олоход нь тусалдаг интерактив асуулт ба хариултыг ашигладаг. Хэд хэдэн асуулт асууж, хэрэглэгчээс хариулт авсны үндсэн дээр түүнд тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг санал болгодог юм.
- Influencer маркетинг
Influencer маркетинг нь зах зээлд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч шинэ хэрэглэгчдэд хүрэхийн тулд компаниуд үүнийг маш их ашигласан хэвээр байна. 2023 онд ажиглагдаж байгаа гол өөрчлөлт нь, цөөн тооны дагагчидтай ч, маш өндөр хандалттай, чанартай дагагчдыг бий болгодог микро инфлүүнсэрүүд трэнд болж байна.
Микро-инфлүүнсэрийг амжилттай ашиглаж байгаа нэг компани бол арьс арчилгааны “Glossier” брэнд юм. Тус брэнд нь цөөн тооны дагагчтай боловч, чанартай нөлөөлөл үзүүлдэг инфлүүнсэрээр дамжуулж бүтээгдэхүүндээ дуртай, үнэнч хэрэглэгчдийн тоо болон чанарыг нэмсээр байна. Тэд маркетингийн энэхүү стратегийг хэрэглэж, үнэнч үйлчлүүлэгчдийн коммюнити болон фэнүүдийг бий болгож чадсан.
- Сошиал медиа стори
Instagram, Snapchat, Facebook зэрэг нийгмийн сүлжээн дэх түүхүүд сүүлийн жилүүдэд улам бүр хүчээ авч байна. Эдгээр богино хэмжээний түүхүүдээр дамжуулж, хэрэглэгчид нь тухайн брэндийн онцлог байдлыг хардаг бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татдаг.
Нийгмийн сүлжээний түүхийг үр дүнтэй ашиглаж байгаа нэг компани бол хувцасны брэнд “ASOS” юм. Тус брэнд нь зураг авалтын үеэрх, тайзны ард болж байгаа үйл явдлыг тогтмол видео түүхээр нийтлэхийн зэрэгцээ, үйлчлүүлэгчид ч мөн бодит амьдрал дээр хувцсаа хэрхэн сонгон үзэж байгааг харуулдаг. Энэхүү аргачлал нь “ASOS”-д олон нийтийн сүлжээнд брэндийн онцлогийг маш тод харуулахад туслаад зогсохгүй, бүхэл бүтэн коммюнити үүсэхэд нөлөөлсөн.
- Тогтвортой байдал
Тогтвортой байдал нь хэрэглэгчдийн хувьд тулгамдсан асуудал болж, брэндүүд ч анхаарал хандуулж эхэлж байна. 2023 онд илүү олон компаниуд маркетингийн үйл ажиллагаандаа тогтвортой байдлыг чухалчилж байна.
Үүнийг сайн хийж байгаа нэг компани бол гадуур хувцас үйлдвэрлэгч “Patagonia” юм. Тус брэнд нь удаан хугацааны туршид тогтвортой байдлын төлөө тууштай ажиллаж ирсэн бөгөөд тэд үүнийг маркетингийн хүчин чармайлтынхаа гол хэсэг болгосон. Patagonia-гийн “Эдлэгдсэн хувцас” кампанит ажил нь үйлчлүүлэгчдийг шинэ хувцас худалдаж авахын оронд хувцсаа засч, дахин ашиглахыг уриалж байгаа бөгөөд тус брэнд нь олон бүтээгдэхүүндээ дахин боловсруулсан материалыг ашигладаг.