“Walmart”-ийн машины зогсоол дээр тас хийх чанга дуу сонсогдсон нь ямар нэг зүйл буруугаар эргэсний дохио байлаа. Флорида мужийн Чидли хот дахь “Walmart”-ийн гаднах “Electrify America” компанийн нийтийн цэнэглэх станцад Касс Типпит 2017 оны “Chevrolet Bolt” машинаа цэнэглэж байсан агаад 15 минутын дараа өнөөх чимээ гарч, улмаар цэнэглэгчийн дэлгэц тас хар болжээ. “Хянах самбар нь зул сарын гацуур шиг л гэрэлтсэн” гэж К.Типпит өгүүлэв. Тэрбээр машинаа цэнэглэгчээс салгасан ч ассангүй. Улмаар тусламж ирэхийг хэдэн цагаар хүлээж, олон долоо хоног үргэлжилсэн “зовлон” нь эхэлжээ.
АНУ-ын нөгөө захад Ансон Вонг мөн адил бэрхшээлтэй тулгарав. Сан-Диего хотын “Fashion Valley Mall” дахь “Electrify America”-гийн нийтийн цэнэглэх станцад тэрбээр 2022 оны “Rivian R1T” ачааны машинаа холбожээ. Тэрбээр найзын хамтаар худалдааны төв рүү алхаж байтал тэсрэх мэт чимээ гарч, цэнэглэх станцын дэргэдэх цахилгааны дэд станцаас хар утаа суунаглах нь харагдав. А.Вонг машин руугаа гүйн очиж, цэнэглэхийг нь болиулаад залгуурыг цэнэглэх үүрнээс гаргахаар оролдсон ч гарч ирсэнгүй. Тэрбээр машинаа асааж чадалгүй олон цаг болж, шийдэл хайсаар олон долоо хоногийг алджээ.
К.Типпит, А.Вонг хоёр АНУ-ын цахилгаан машины дэд бүтцэд үүссэн хамгийн том ангал руу унасан нь энэ юм. Батерейгээр ажилладаг машинууд нь зөвхөн хотод бус хөдөө, орон нутагт “хөл дүүжлэх унаа” болсноор жолооч нар нийтийн цэнэглэх станцуудаас ихээхэн хамааралтай болж эхлэв. Гэвч ихэнх цэгийн цэнэглэгч ажиллах боломжгүй байхаас гадна зарим нь машинаа сүйтгүүлсэн тохиолдол ч гарч байна. Ийм эвдрэл, гэмтэл гарах үед хэн нь буруутайг олж тогтоох боломжгүй байгаа нь байдлыг бүр хүндрүүлдэг аж.
2022 оны J.D.Power Survey-ээс үзвэл цахилгаан машин эзэмшигч таван хүний нэг нь цахилгаан тасарсан, эсвэл цэнэглэгч ажиллагаагүй байсны улмаас өнгөрсөн жил нийтийн цэнэглэх станцуудад машинаа цэнэглэж чадаагүй байна. Ийм бэрхшээл нь тус салбарын хувьд нэн чухал цаг үед тохиож байгаа нь харамсалтай. Цахилгаан машинууд өдгөө улам түгээмэл болж байгаа бөгөөд АНУ-д өнгөрсөн жил зарагдсан нийт машины зургаан хувь буюу 800 мянга нь цахилгаан машин байв.
Өдгөө АНУ-д 56 мянган станцын 148 мянган цэнэглэгч ажилладаг бөгөөд энэ тоог 500 мянгад хүргэхээр Цагаан ордны эрх баригчид зорьж буй.
Тиймээс улам их цэнэглэгч станц хэрэгтэй болно. Өдгөө АНУ-д 56 мянган станцын 148 мянган цэнэглэгч ажилладаг бөгөөд энэ тоог 500 мянгад хүргэхээр Цагаан ордны эрх баригчид зорьж буй. Эдгээрийг барьж байгуулахад зориулж 2021 оны Bipartisan Infrastructure Law-д 7.5 тэрбум ам.долларын төсвийг тусгасан. Мөн энэ сарын эхээр “Tesla” компани өөрийн үйлдвэрлэж буй машинууддаа зориулж 75 мянган цэнэглэгчийг ашиглалтад оруулна гэж амлаад буй. Энэ нь АНУ дахь хүлэмжийн хийн хамгийн том эх үүсвэр болох тээврийн салбарын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлж буй нөлөөг бууруулах стратегитай уялдаж байгаа юм.
Энэ хооронд цахилгаан машины хэрэглэгчид нь шинэ зүйл туршиж үзэх сонирхолтой технологи сонирхогчдын хүрээнээс давж гарчээ. Маш олон цахилгаан машины гүйлт 100 мянган милийг давж, хоёр болон гурав дахь эздийнхээ гарт очоод байна. Эдгээр машин эзэмшигчид гэртээ цэнэглэгчгүй учраас нийтийн цэнэглэх станцуудад найдахаас өөр аргагүй болдог.
Чухам эдгээр хэрэглэгч цахилгаан машин руу хийх шилжилтийн хувь заяаг шийдэх юм. Ихэнх америк хүн хуучин машин авдаг агаад тэд тоглоом бус найдвартай хөл дүүжлэх унааг хүсдэг. Тэдэнд хүссэн газарт нь найдвартай хүргэх машин хэрэгтэй. Тиймээс Засгийн газраас ямар хөнгөлөлт урамшуулал санал болгохоос бус харин цахилгаан машин одоо унаж буй хэрэглэгчдийн санал сэтгэгдлээс (сайн муу алин боловч) хамаарч олон нийтийн санал бодол хэр байх, мөн улам олон хүн байгальд ээлтэй машин руу шилжих үйл явцын хурд хамаарна. Харин найдваргүй цэнэглэгч станцууд энэхүү шилжилтэд саад болох эрсдэлтэй юм. 2022 онд “Autolist”-ийн гаргасан санал асуулгаас үзвэл цахилгаан машин худалдаж авахаас хүмүүсийн татгалздаг гол гурван шалтгаан нь өндөр үнэ, хол зайд унаж болох эсэхэд эргэлздэг, хаана цэнэглэхээ мэддэггүй явдал байжээ.
Гэхдээ үүнд зориулсан шийдлийг хайж буй. Цэнэглэгч станцуудын хүртээмжийг нэмэх, суурилуулах зардлыг бууруулахаар компаниуд ажиллаж байна. Гэхдээ хүнд суртал, ялгаатай бөгөөд хоорондоо өрсөлдөгч стандартууд, хэрэглэгчийг хамгаалах байдал сул зэрэг бэрхшээлийн улмаас бодлого боловсруулагч нарын оролцоо яахын аргагүй шаардагдахаар байгаа юм.
К.Типпит, А.Вонгийн асуудал адилхан эхэлсэн ч ялгаатай байдлаар төгсжээ. А.Вонг “Electrify America”, “Rivian”-тай олон цаг утсаар ярьж, алдаа засах заавруудыг нь хичээнгүйлэн дагасан ч үр дүнгээ өгсөнгүй. Бямба гаргийн оройн найман цаг болжээ. Харин шөнө дунд “Electrify America”-ийн засварчин ирж, цэнэглэгчийг салгах гэсэн боловч чадсангүй. Ядарч цөхөрсөн А.Вонг “Uber” такси дуудаад гэр лүүгээ хоёр цаг явж харьсан байна. Дараагийн даваа гарагт нь “Electrify America”-ийн дөрөв, “Rivian”-ий гурван ажилтан ирж, машины урд хэсгийг салгаж, цахилгааны системийг нь ажиллагаагүй болгосон бол “Electrify America”-ий засварчид цэнэглэгчийг салгаж авчээ. Харваас цэнэглэгч хошуу нь барьцалдаж шатсан байв. А.Вонг уг машинаа хоёр сарын өмнө 100 мянган ам.доллароор худалдаж авсан байлаа. “Rivian”-ий засварын баг машиныг нь засварын төвдөө аваачиж, засахаар болсон агаад түүнд түр унах машин болон таксины мөнгө өгсөн байна. Улмаар тус компани гурван сарын дараа машиных нь зайг солиод эргүүлж өгчээ.
Харин К.Типпит тийм азтай байсангүй. “Electrify America” компани түүнийг машинаа өөрийн зардлаар хамгийн ойрын дилерт аваачихыг зөвлөсөн байна. Тэрбээр дилер дээр машинаа оношлуулахын тулд машиндаа 350 доллароор гал хамгаалагч худалдаж авч, суулгах ёстой болов. 25 мянган мильтэй уг машиныг К.Типпит сар орчмын өмнө 23 мянган доллароор худалдаж авчээ.
Хэдий машин нь найман жил, 100 мянган милийн үйлдвэрийн баталгаатай байсан ч “Chevrolet”-ийн толгой компани болох “General Motors” уг гэмтлийн буруутан нь цэнэглэгч станц гэж үзсэн байна. Түүнд хэн ч түр унах машин, таксины мөнгө өгсөнгүй. Харин засварын төлбөрийг төлбөл дараа нь нөхөж өгнө гэж “Electrify America” хэлсэн агаад К.Типпит эцэст нь даатгалын компаниар зарим төлбөрөө төлүүлжээ.
Автомашин үйлдвэрлэгчид цоо шинэ загварын цахилгаан машинаа сурталчлах зуур хуучин цахилгаан машины зах зээл улам томорсоор байна. 2021 онд АНУ-д 1.4 сая цахилгаан машин бүртгэлтэй байв. Америкчууд жилд 40 сая хуучин машин, харин 17 сая шинэ машин худалдаж авдаг. Нэг машиныг дунджаар 12 жил унадаг гэсэн тооцоо бий.
К.Типпитийн жишээнээс үзвэл хуучин цахилгаан машин эзэмшигчид ямар нэг эвдрэл, гэмтэлтэй тулгарвал өөрсдөө л хариуцлага хүлээх бололтой. Энэ нь машины үнэд ач холбогдол өгдөг худалдан авагчдыг цахилгаан машинаас үргээх эрсдэлтэй юм.
“Өнөөдөр 2010 он биш. Цахилгаан машинтай хүн бүр өөрийнхөө зэрэг зиндааг гайхуулах гэсэн хөрөнгө оруулалтын сангийн баян менежер байхаа болисон шүү дээ. Би л лав эдийн засагт хэмнэлтэй, ирээдүй цахилгаан машин руу чиглэж байгаа учраас л худалдаж авсан” гэж К.Типпит өгүүлсэн.
“Electrify America” компани нийт 3500 цэнэглэгч бүхий 800 станцтай цахилгаан машины хамгийн том нийтийн цэнэглэгч сүлжээг ажиллуулдаг юм.
Машинуудынхаа нүүрсхүчлийн хийн ялгарууллын тестийн тухай худал мэдээлэл өгсөний улмаас хүлээсэн шийтгэлийн дагуу “Volkswagen” тус компанийг 2016 онд байгуулжээ. Тэр цагаас хойш жолооч нар тус компанийн ажиллуулдаг станцуудын засвар үйлчилгээ муу, байнга цахилгааны тасалдалтай байдаг, өвөл муу цэнэглэдэг гэх гомдол мэдүүлсээр ирсэн юм. “ChargePoint”, “EVgo” зэрэг бусад нийтийн цэнэглэгч сүлжээнүүд ч ийм асуудалтай тулгарсаар буй.
Тиймээс аюулгүй байдлаас гадна цахилгаан машины цэнэглэгч сүлжээ нь түгээмэл, найдвартай, амархан хэрэглэх боломжтой, хямд өртөгтэй байвал шатахуун болон хийн түгээх станцуудтай өрсөлдөх юм. Түүнээс гадна цахилгаан машины жолооч нар алс хол аялахдаа нийтийн цэнэглэгч аль станц ажиллаж байгааг, сул цэнэглэгч байгаа эсэхийг заавал анхаарах шаардлагатай болдог. Эс бөгөөс станц дээр очоод сул цэнэглэгч байхгүйн улмаас машинаа цэнэглэх гэж удаан хүлээх, машин нь цэнэггүй болж эзгүй хээр зогсох зэрэг аюул бий. Түүнчлэн цэнэглэгч станцуудаар үйлчлүүлэхийн тулд олон төрлтийн апп, эсвэл данстай байх шаардлага ч гардаг. Одоогоор энэ бүх чиглэлд ахиц дэвшил гарч буй. Олон мянган станц байгуулагдаж, шинэ загварын цэнэглэгч нь цэнэглэх үнэ болон суурилуулах хугацааг бууруулж, шинэ төрлийн цэнэглэгч системүүд бий болж буй.
“Electrify America” компани л гэхэд 2026 он гэхэд АНУ, Канадад 10 мянган цэнэглэгч бүхий 1800 станцтай болохоор төлөвлөсөн. “ВР” зэрэг газрын тосны аварга компаниуд ч цахилгаан машины цэнэглэгч станцад хөрөнгө оруулж эхэлсэн. Эдгээр компани газар зүйн хувьд АНУ-ыг бүрэн хэрсэн маш олон шатахуун түгээх газар эзэмшдэг давуу талаа ашиглаж цахилгаан машин цэнэглэх замаар нэмэлт орлого олохоор чармайж буй юм.
Гэхдээ л Засгийн газрын оролцоотой шийдэх асуудлууд бий. Тухайлбал, цэнэглэгч сүлжээ тус бүрийг хоорондоо илүү уялдаатай ажилладаг болохыг шаардаж, ингэснээр хэрэглэгч нар цэнэглэгч станц бүрд очихдоо заавал бүртгүүлэх шаардлагагүй болгох ёстой. Мөн ялгаатай машин, сүлжээний цэнэглэх стандартыг нарийвчлан зааж өгөх, хэрэв машин эвдэрч эсвэл цэнэглэгч станцаас шалтгаалж гэмтвэл хэн хариуцлага хүлээх талаарх тодорхой журмыг батлах зайлшгүй шаардлага бий.
Эдгээр нь зөвхөн аюулгүй байдлыг хангах бус жолооч нар цахилгаан машин, ачааны машинд итгэл хүлээлгэсэн хэвээр байхад нэн чухал ач холбогдолтой юм. Хамгийн гол нь байж болох бүхий л асуудлаас сэргийлэх бус харин сөрөг туршлага, сэтгэгдлээс шалтгаалж улам олон хэрэглэгч цахилгаан машинд дургүй болохоос сэргийлэх явдал билээ.
Эх сурвалж: VOX.COM