“Буухиа элч” компани сайтар төлөвлөсний үндсэн дээр Улаанбаатар хотыг 35 бүсэд хуваажээ. Бүсчилсэн хүргэлт хийдэг учраас тэд түгжрэлд түгжигдэлгүй хамгийн шуурхайгаар хүргэдэг.
***
Эхний гараа
Энэ хорвоо дээрх хамгийн сайхан мэдрэмжүүдийн нэг бол хийж, бүтээснээ хэн нэгнээр үнэлүүлэх юм. Зөв замаар алхаж буйгаа мэдрэх, басхүү тэр замаар бусдын итгэлийг үүрч алхахад илүү их хариуцлага шаардлагатай. Гэхдээ л энэ бол гайхалтай мэдрэмж. Яг энэ мэдрэмжийг авч, ирээдүйгээ маш томоор зураглаж байгаа нэгэн залуу хосын үйл хэргийн талаар энд өгүүллээ.
Түүнийг О.Асралт гэдэг. Буухиа элч компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал тэр бээр саяхан “шарк”-уудад хүргэлтийн үйлчилгээний бизнесээ танилцуулж, 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн юм. Олон шөнийн нойроо хугасалж, гэр бүлдээ зарцуулах цагаа танан байж хөл дээр нь босгосон түүний бизнес харин хүлээлтээс нь ч илүү үнэ цэнтэй болсон байв. О.Асралт болон түүний гэргий, ажлын “алтан” хамтрагч Б.Уянга нар 900 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чадсан юм. 2-8 насны гурван хүүгийн аав, ээж болсон энэ залуу хос 2019 оноос эхлүүлсэн бизнестээ дөрөв дэх хүүхдийнхээ адил санаа тавьдаг.
Тэдний хүргэлтийн үйлчилгээний бизнест хөл тавьсан нь Японд ажиллаж, амьдарч байсан үеэс нь эхлэлтэй. О.Асралт Японд нисэхийн инженерээр суралцаж байхдаа унтахад ердөө 2-4 цагийг л зарцуулдаг байв. Учир нь тэр ихэнх монголчуудын адилаар суралцахын хажуугаар ажил хийдэг байлаа. Хүргэлтийн үйлчилгээний компанид ажилладаг байхдаа компанийн “хөдөлгүүр” хэрхэн ажиллаж байгааг тод анзаарч, Монголд энэ зах зээл бараг л эзэнгүй шахуу байгааг анзаарчээ. Улмаар цар тахлын өмнө эх орондоо ирэхдээ эгчийнхээ онлайн дэлгүүрийн ажилд туслалцдаг байсан нь бизнесээ эхлүүлэх санааг нь өрдсөөр байж. “Буухиа элч”-ийн эхний гараа ингэж л эхэлсэн байна.
Одоо тэд хүргэлтийн бизнесээрээ дамжуулан нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг ч тодорхой хэмжээнд шийдвэрлэх болжээ. Хүн бүр дэлгүүр орохын төлөө түгжрэх шаардлагагүй. Мөн дийлэнх онлайн худалдаа эрхлэгчид гэртээ хүүхдүүдээ хардаг эмэгтэйчүүд байдаг учраас ээжүүдийг ажилтай, орлоготой байхад тэдний бизнес тодорхой хэмжээнд хувь нэмрээ оруулсаар байна.
Наймтын систем
Цар тахалтай зэрэгцэн эхлүүлсэн хүргэлтийн үйлчилгээний бизнес О.Асралтын төсөөлснөөс ч илүү хурдацтай тэлж байв. Анх 10 хүрэхгүй ажилтантай байсан бол одоо анхдагчууд нь Бүсийн менежерүүд болж, тус бүрнээ долоо, долоон хүн хариуцан ажилладаг болжээ. Ийнхүү найм, наймаараа хуваагдаж, хүргэлтээ бүсчилж хийдэг болсноор богино хугацаанд орон зайгаа тэлж чадсан байна.
Одоогоор Монгол Улсад онлайн худалдаа эрхлэгч 15 мянган хүн бий гэсэн албан бус тоо судалгаа байна. Гэхдээ энэ бол байж болох хамгийн бага тоо. Онлайн худалдаа эрхлэгчдийн 10-аад хувь буюу 1500 нь “Буухиа элч”-тэй тогтмол хамтран ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүргэлтийн үйлчилгээний талбарт тэд “Монгол шуудан”-гийн дараа орно. Ойрын ирээдүйд, бүр тодруулбал гурван жилийн дараа “буухиа элч”-үүд онлайн худалдаа эрхлэгчдийн 35 хувьтай нь хамтран ажиллахаар зорьж байна. Энэ хэрээр наймтын систем өргөжсөөр байх болно.
Мөн наймтын системийн ажиллагаа амжилттай байхад “элч”-үүд чухал үүрэгтэй. “Буухиа элч” компани хүргэлтийн ажилтнаа авахдаа нас, хүйс, боловсролоор ялгадаггүй, харин хандлагыг нь чухалчилдаг байна.
Одоогоор компани 20-66 насны 60 гаруй ажилтантай. Ажилчид нь өдөрт 1000-1200 айлын хаалга тогшиж, илгээмж хүргэдэг.
Цар тахлын үед бизнесийн ашиг, санхүүгийн үзүүлэлтүүд нь хүлээлтээс өндөр байсан ч сүүлийн нэг жил гаруйн хугацаанд бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбоотойгоор компанийн ашиг нь 2021 оныхоос бага зэрэг буурчээ. Гэхдээ л тэд өнгөрсөн онд хангалттай ашигтай ажиллаж чадсан байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал сайжирвал бизнес нь улам өргөжнө гэсэн хүлээлттэй байгаа аж. Мөн бизнес тэлэхэд хүний нөөц хамгийн чухал учраас хариуцлагатай ажилтнуудаар багаа бүрдүүлэхэд онцгой анхаардаг байна.
Тухайлбал, ажилтнаа анх авахдаа тогтмол цалингаар цалинжуулдаг ч ажилдаа дадлагажаад, бүтээмж нь өсөөд ирвэл нэмэлт цалин, урамшуулал олгодог байна. “Ажилтан бүр зорилготой учраас тэдний зорилгыг биелүүлэхэд компанийн зүгээс дэм болж чадаж байна уу гэдэгтээ үргэлж дүн шинжилгээ хийхийг хичээдэг” гэж О.Асралт хэлж байсан юм. Ийм ч учраас тэд жил бүрийн эхэнд хамт олон дундаа судалгаа явуулж, ажлын орчин нөхцөл, цалин хөлсний бодлогоо хэрхэн сайжруулах талаар төлөвлөгөө гаргадаг байна.
Ажилтнууд ч тухайн жил компанидаа ямар үнэ цэн бүтээх талаараа төлөвлөгөө гаргаж, хэрэв хэлсэндээ хүрч, сайн ажиллавал жилийн эцэст урамшуулал авдаг. Хэдхэн сарын өмнө л гэхэд компани хоёр ажилтнаа 10 сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн “Оффисын багтаа залуу ажилчид ихтэй учраас компаниасаа хангалттай туршлага хуримтлуулж, ирээдүйд ажил мэргэжлээрээ өсөж хөгжихийг нь чин сэтгэлээсээ хүсдэг” гэж О.Асралт онцолж хэллээ.
Системээс гадуур
Онлайн худалдаа өргөжихийн хэрээр хүргэлтийнхэн хүрээгээ тэлсээр байна. Энэ хэрээр худалдагч, худалдан авагчийн дунд “системгүй буухиачид” өртөөлөх нь ч түгээмэл болсон байна. Үүнийг дагаад хүргэлтийн үйлчилгээний нэр хүнд унах, үйлчлүүлэгчийн итгэлийг алдах тохиолдол цөөнгүй гарах болсон. Зарим нь хүргэлтийн бус “дөхүүлэлтийн” үйлчилгээ ч үзүүлнэ.
Нөгөөтээгүүр хувь хүмүүс хэчнээн их энерги зарцуулж хүргэлт хийсэн ч үр дүн нь хангалттай бус байна. Бяцхан харьцуулалт хийгээд үзье. Иргэн Батаа хувиараа хүргэлт хийхээр шийдэв. Тэр хотын замыг сайн мэддэг сэргэлэн жолооч. Гэхдээ Батаа энэ их түгжрэл дунд өдөрт ихдээ л 30 хүргэлт хийсэн байх болно. Мөн хэт ачаалалтай ажиллахдаа инээмсэглэлээ мартах вий.
Тэгвэл Буухиа элч нар яаж ажилладаг вэ? Тэд харилцагчдын бараа бүтээгдэхүүнийг очиж аваад оффистоо төвлөрүүлдэг. Дараа нь илгээмжүүдээ хаана хүргэхээсээ шалтгаалан ангилан ялгана. Ангилж ялгасан илгээмжийг хүргэлтийнхэн хуваан авч, гараас гарт хэрэглэгчдэд хүргэнэ.
Гэхдээ бизнес загварын үндэс нь болсон нэг том давуу талтай. “Буухиа элч” компани сайтар төлөвлөсний үндсэн дээр Улаанбаатар хотыг 35 бүсэд хуваажээ. Бүсчилсэн хүргэлт хийдэг учраас тэд түгжрэлд түгжигдэлгүй хамгийн шуурхайгаар хүргэдэг. 18:00-00:00 цагийн хооронд татан авсан илгээмжээ маргааш нь гэхэд харилцагчийн гар дээр тавьсан байхыг тэд чухалчилдаг. Илгээмжийг харилцагчаас татан аваад, агуулах дээр ангилж ялган эцсийг хэрэглэгчдэд хүргэдэг энэ арга бол дэлхий нийтэд түгээмэл байдаг хамгийн шалгарсан арга юм. Өөрөөр хэлбэл, нэг хүн жижиг бүсчлэлд ажиллах тусмаа олон хүргэлт хийх боломжтой гэсэн үг.
Сүхбаатарын талбай, Натур орчмыг хариуцсан нэгэн ажилтан нь хоёрдугаар сарын 28-ны өдөр 70 гаруй харилцагчийн барааг 164 хүнд хүргэсэн байв.
О.Асралттай ярилцах зуурт нэг зүйл анхаарал татсан юм. Ажлын гүйцэтгэлийн тайланг харахад Сүхбаатарын талбай, Натур орчмыг хариуцсан нэгэн ажилтан нь хоёрдугаар сарын 28-ны өдөр 70 гаруй харилцагчийн барааг 164 хүнд хүргэсэн байв. “Энэ л бидний давуу тал” гэж О.Асралт хэлж байсан юм. “Буухиа элч”-үүд наймтын системээр ажиллахад баярын өдрийн ачааллыг ч ажрахгүй давдаг байна. Хэрэв хувь хүмүүс байсан бол өдрийн 30 хүргэлт нь хоёр дахин нэмэгдэхэд л тэнцвэрээ алдаж болзошгүй. Тиймээс буух эзэн, буцах хаяг, үйлчилгээний соёл, стандартаа бодсон ч хүргэлтийн үйлчилгээг хэн дуртай нь хийгээд байх нь өрөөсгөл зүйл юм.
Барианы дүрэм
Өндөр хөгжилтэй орнуудад хүргэлтийн үйлчилгээ улам төгөлдөржсөөр байна. Дрон болон роботоор хүргэлт хийхийн зэрэгцээ илгээмжийн хайрцгууд ч ухаалаг болж байна. Харин манай улсад энэ бүхэн хэтэрхий өртөгтэйн зэрэгцээ нутагшиж, төлөвштөлөө цөөнгүй жилийг үдэх нь гарцаагүй. Тиймээс манай улсын хувьд хүн төвтэй хүргэлтийн үйлчилгээг хөгжүүлэх нь хамгийн эхний сонголт юм.
Хаалганаас хаалганд, гараас гарт хүргэх гол холбогч нь хүргэлтийн ажилтан. Тэд лого бүхий дүрэмт хувцас өмсөж, хариуцлагатайгаар хүргэлт хийх ёстой. Мөн очих цагаа тодорхой мэдэгдэх, ямар нэг шалтгааны улмаас хүлээлт үүсгэх бол үнэнээ хэлэх зэрэг нь наад захын соёл, төлөвшил. Үүгээр барахгүй харилцагчийн бараа, үйлчилгээний нүүр царай гэдгээ ухамсарлаж, хэрэглэгчдэд баярласнаа илэрхийлж, инээмсэглэх нь барианы гол дүрэм юм.
Хэдийгээр энгийн мэт боловч энэ бүхнийг төлөвшүүлэхэд багагүй хугацаа шаардсаныг “Буухиа элч” компанийн Дэд захирал Б.Уянга хэлж байлаа. Цар тахлын оргил үед хөл дээрээ боссон бизнес учраас халдвар хамгааллын дэглэмтэй холбоотойгоор хаалга тогшихоос аль болох зайлсхийж, хэн нэгнийг илгээмжээ гарч ирж авахыг хүсэх нь хүргэлтийнхний дунд түгээмэл байсан. Харин цар тахал намжсаны дараа хаалга тогшиж, гараас гарт илгээмжийг хүргэх хэрэгтэй гэсэн шаардлага тавихад шаардлага тавьснаас хагас жилийн дараа үйлчлүүлэгчээс нэгэн гомдол иржээ. “Танай ажилтан илгээмжээ гарч ирээд авчих гэлээ” гэсэн тэр гомдлыг компани хариуцлагатайгаар хүлээн авч, ажилчдадаа ахин шаардлага тавьсны үр дүнд ийм төрлийн гомдол дахиж сонсоогүй байна.
Одоо тэд харилцагч, хэрэглэгчийн гүүр болж, шилдэг шийдэл, технологийн ахиц дэвшлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн, салбартаа тэргүүлэгч компани болж, өргөжин хөгжинө гэдэгтээ юу юунаас илүү итгэлтэй байна.
Ирээдүйн буухиа
Одоогоор “Буухиа элч” компани зөвхөн онлайн худалдааны барааг хэрэглэгчдэд хүргэж байна. Энэ нь ихэвчлэн жижиг зүйлс байдаг учраас цаашдаа том оврын бараа хүргэхэд хөрөнгө оруулалтынхаа тодорхой хувийг зарцуулахаар төлөвлөжээ. Мөн орон нутаг руу салбарлаж, зах зээлээ тэлэх нь хамгийн том зорилтуудынх нь нэг.
Үүгээр барахгүй хоол хүнс, хүн хүргэхээр төлөвлөж байгаа аж. Хоол хүнсний хүргэлт бол хурд шаардсан маш сонирхолтой талбар. Дээр нь хэрэглэгчдийнхээ итгэлийг хөсөрдүүлэхгүй ажилласнаар хүүхдүүдийг нь гэр, сургууль, цэцэрлэгийнх нь хооронд тээвэрлэх гээд олон төрлөөр үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.
Буухиа элчийнхэн зах зээлд хэдийнээ байр сууриа эзэлсэн учраас өрсөлдөөнд ялагдана гэж бодолгүйгээр ирээдүйд хэрхэн, яаж тэлэхээ л анхаарч байна гэсэн юм.
Тэдний өөр нэг зорилго нь үйлчилгээгээ цахимжуулах. Тиймээс аппликэйшн, вэбсайтаа хөгжүүлэхдээ гуравдагч хөрөнгө оруулагчид санал тавихаар төлөвлөжээ. Бараа, үйлчилгээгээ хүргүүлж буй харилцагчдад зориулсан аппликэйшн нь илгээмжийг хүргэсэн эсэх, хүргэсэн бол хэзээ хүргэснийг, хүргээгүй бол хэдийд хүргэх боломжтойг харилцагчид харуулна. Харин хүргэлтийн жолооч нарт зориулсан аппликэйшнд тухайн бараа үйлчилгээг захиалсан хэрэглэгчдийн хаяг, байршил, холбоо барих утасны мэдээлэл харагдахын зэрэгцээ хаа хаанаас бараа татах эсэхээ нягтлах боломж олгох юм. Өөр нэг чухал аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд хэрэглэгч өөрийнх нь захиалсан бараа үйлчилгээг ямар хүргэгч хүргэх, хэдийд ирэх боломжтойг аппликэйшнээр хянах юм.
“Аппликэйшний хөгжүүлэлтэд энэ оноос анхаарч байгаа учраас багагүй цаг хугацаа шаардсан ажил болно” гэж О.Асралт хэлж байв. Мөн 2019 оноос хойш үйл ажиллагаа явуулсан учраас хүргэлтийн өгөгдөл, мэдээлэлдээ тулгуурласан зөвлөмжүүдийг харилцагчдадаа санал болгох тал дээр ч анхаарна гэсэн юм.
Гагцхүү энэ бүхнийг дангаар бус бусадтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн тэд хамтралыг суралцах боломж гэж үздэгээ ч ярилцлагын үеэр онцолж байсан. “Хөрөнгө оруулалт гэдэг нь дан ганц мөнгөөр хэмжигдэхгүй, үүнийг дагаад менежмент, мэдлэг, туршлага орж ирнэ” гэж Буухиа элч компанийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчид онцолж байсан юм.
Материал дээр ажилласан Т.Амаржаргал, Г.Даваадорж