Гадаа тэнгэр бүүдийж цас бударсан, гэрт халаалт зогсож амнаас уур гарсан хаврын нэгэн жихүүн өдөр. Магадгүй эрчим хүч бидний амьдралд ямар үнэ цэнтэй, чухал вэ гэдгийг байгаль дэлхий хаврын хүйтэн салхиар дамжуулан шивнэж буй мэт энэ өдөр Монгол Улсын Эрчим хүчний салбарын 100 жилийн түүхэн ой тохиож байна.
Нэгэн зууныг амжилт бүтээл, сургамж түүхээр бүтээснээ тэмдэглэж буй энэхүү өдрийн мэндийг хүргэхийн хамт энэ салбарынхаа ирээдүйн хөгжил дэвшлийг хамтдаа бүтээх зорилготой энгийн нэгэн мэргэжилтний хувиар өөрийн суралцаж, сонсож мэдсэн зүйлсээ хуваалцаж буй ээлжит нэгэн тэмдэглэлээ хүргэж байна.
Австрали Улсын Эрчим Хүчний салбарын хөгжлөөс юунд суралцаж болох вэ?
Монгол улсын эрчим хүчний салбарын өнцөг булан бүрд ажиллаж буй төр, хувийн хэвшлийн олон мянган ажиллагчдын төлөөлөл болсон 19 залуусын хамт миний бие 2023.01.23-05.23-ны хооронд Австрали Улсын Засгийн Газрын санхүүжилтээр зохион байгуулагдсан “Монгол Улсын Эрчим Хүчний Салбарын Хөгжил” богино хугацааны сургалтыг амжилттай суралцаж, төгслөө.
Өмнө нь 2015 – 2016 онд Мэльбурний Их Сургуульд суралцаж байх үедээ тус улсын эрчим хүчний салбарт дөнгөж эхэлж байсан өөрчлөлт, шинэчлэлтүүдийн талаар их сургуулийн ширээнээс сонсож, дуулж байснаа зургаан жилийн дараа бодит амьдрал дээр хэрхэн буусныг эрчим хүчний салбарынх нь мэргэжилтнүүдтэй нүүр тулан уулзаж, томоохон компаниуд, төслийн сайтуудаар явж нүдээр харах боломж олдсон юм. Өнгөрсөн гурван сарын хугацаанд сурч, мэдсэн олон зүйлсийн хамгийн чухал 3 зүйлийг хуваалцъя.
- Тодорхой Бодлого, Хэмжигдэхүйц Зорилтууд нь Салбарын хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр
Магадгүй танд дээрх өгүүлбэр наад захын ойлгомжтой зүйл шиг санагдаж байгаа байх. Харин Австрали улс энэ өгүүлбэрийн утга учир, үнэ цэнийг хамгийн сайн ойлгож, хэрэгжүүлж буй нь харагдсан. 2015 онд, тус улсын Засгийн Газар болоод Эрчим Хүчний бодлого тодорхойлогч гол байгууллагууд нь Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, сүүлийн жилүүдэд гарсан эрчим хүчний техник технологи, эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүдийн тусган, улсынхаа ирэх 5-6 жилд баримтлах “Сэргээгдэх Эрчим Хүчний Зорилт” буюу Renewable Energy Target (RET) удаан хугацаанд хэлэлцэж, зөвшилцсөний үр дүнд маш энгийн тодорхой зорилт дэвшүүлжээ. Энэ нь “Австрали улс 2020 гэхэд 33,000 ГВТц цахилгаан эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээс үйлдвэрлэнэ” гэсэн зорилт байв. Энэ зорилт нь эрчим хүчний салбарын компаниуд, хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагуудад маш тодорхой дүр зураг (Market Certainty) -г бий болгож өгснөөр 2016-2019 онд тус улсын сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд түүхэн дээд хэмжээний хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээс оруулж чадсанаар 2019 онд дээрх зорилтдоо хүрч чадсан байна.
Монгол улсын хувьд, Сэргээгдэх эрчим хүчний зорилтоо баталсан байдаг буюу 2020 онд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан чадлыг нийт суурилагдсан хүчин чадлын 20%-д, 2030 онд 30% д хүргэнэ гэж тодорхойлсон байдаг. Энэхүү зорилт нь нэг талаасаа мөн л адил их тодорхой мэт боловч хамгийн чухал тодорхойлогдоогүй үлдсэн зүйл нь (missing point) бид нийт эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ яг хэдэн хувийг сэргээгдэхийн эх үүсгүүрээс гаргах вэ гэдэг юм. Үүнийг бид, Эрчим хүчний салбарын статистик үзүүлэлтээс маш тодорхой харж болно. 2022 оны байдлаар, цаасан дээр бид аль хэдийн 20%-н зорилтдоо хүрсэн боловч, Амьдрал дээр дөнгөж 10.2% буюу 803 ГВтц эрчим хүчийг сэргээгдэхийн эрчим хүчний эх үүсгүүрүүдээс үйлдвэрлэсэн байна. Харамсалтай нь энэ сүүлийн 2-3 жилийн туршид ийм байгаа бөгөөд, ирэх 3-4 жилд ч яг энэ хэвэндээ байхаар харагдаж байгаа юм.
- Эрчим хүчний Хуучин сүлжээтэйгээ Шинэ эрчим хүчний шилжилт (Energy Transition) хийх боломжгүй
Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх, эрчим хүчний шилжилтийг хийнэ гэдэг нь өнгөрсөн 100 жилд барьж бүтээсэн хуучин сүлжээндээ хэдэн шинэ Нар, Салхины эх үүсгүүрүүд холбоод болчих зүйл биш юм байна гэдгийг Австрали улс гашуун туршлагаар суралцжээ. Үүний хамгийн алдартай нэг жишээ нь 2016 оны есдүгээр сарын 28 -нд Өмнөд Австрали муж даяар харанхуй (Blackout) нөмөрсөн явдал юм. Тухайн цаг үед, Өмнөд Австрали муж нь тус улсын төдийгүй дэлхийн хэмжээнд хамгийн “Ногоон” эрчим хүчний системтэйд тооцогдож нийт цахилгаан хэрэглээнийхээ 50% орчмыг сэргээгдэх эрчим хүчнээс тэр дундаа салхины эрчим хүчээр хангаж байв. Гэвч, хоёр өдөр үргэлжилсэн хүчтэй шуурганы улмаас 450 МВт орчим чадлыг салхин цахилгаан станцуудаас хангаж байсан дамжуулах шугамд гэмтэл гарч тасарсан. Үүнээс болж хэдхэн секунд хүрэхгүй хугацаанд зэргэлдээ Викториа мужтай холбогддог цорын ганц дамжуулах шугам (Interconnection) -ыг 137% хүртэл хэт ачаалсны улмаас шугамын автомат хамгаалалт ажиллан цахилгаан тасарч Өмнөд Австрали улс муж даяараа харанхуй болсон байдаг. 2016 оноос хойш энэ явдлын гол буруутан хэн бэ? (Танил сонсогдож байгаа биз?) гэдгийг тодорхойлох хэлэлцүүлгүүд орон даяар удаан өрнөсөн бөгөөд байгалийн давагдашгүй хүчин зүйл хүчтэй салхинаас эхлүүлээд, Засгийн газрын оновчгүй бодлого гээд маш олон зүйлсийг буруутган шүүмжилсэн байна. Уншигч та сонирхвол, тус явдлын талаар янз бүрийн өнцгөөр тайлбарлаж бичсэн маш олон сонирхолтой мэдээ, тайланг интернэтээс амархан олж унжиж болно.
Албан ёсны дүгнэлтийг мөн сонирхвол уг холбоосоор үзээрэй.
Харин Удаан хугацааны шүүмжлэл, хэлэлцүүлгийн эцэст Австралийн эрчим хүчний салбарынхан нэг зүйлийг маш сайн ойлгосон нь хуучин систем шинэ эрчим хүчний шилжилт хийхэд хангалтгүй, угаасаа тийм зориулалтгүй юм байна гэдгийг бүгд ойлгож, хүлээн зөвшөөрсөн явдал байв. Тэгээд хамтдаа зохих шийдлээ ч олж тодорхойлсон бөгөөд аль хэдийн ажил хэрэг болгоод дор бүртээ ажиллаад эхэлсэн байна.
Өнгөрсөн зууны туршид хөгжүүлж бий болгосон Хуучин эрчим хүчний системийн дизайн төлөвлөлт маань угаасаа Тохируулгатай, Төвлөрсөн цөөн хэдэн Эх үүсгүүрээс (Heavily regulated Centralized Generations) Хэрэглэгч рүү гэсэн нэгхэн урсгалтай (One-way flow to Passive Consumers), Үйлдвэрлэл, Хэрэглээ нь төлөвлөж, таамаглахад амархан (Predictable Demand and Supply) байсан юм байна.
Гэтэл Шинэ сүлжээ нь өөрөө Өрсөлдөөнт, Тархмал эх үүсгүүрүүдийг холбосон (Distributed and Competitive Energy Resources), Үйлдвэрлэл, Хэрэглээг төлөвлөх, хянахад хүндрэлтэй (Intermittent Supply and Demand) сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийг эрчим хүчийг хоёр урсгалтайгаар дамжуулж, түгээж хангах (Bi-directional flow from/to Connected Consumers) шаардлагыг хангасан маш ухаалаг бөгөөд комплекс (Smart Grid with Complexity) байх шаардлагатай юм байна гэдэг дээр бүгд санал нэгдсэн байна.
Үүний үр дүнд ч, маш их хөрөнгө оруулалт, хүчин чармайлт орж бий болгох Шинэ эрчим хүчний сүлжээнийхээ төлөвлөлтийг бүх шаардлагатай талууд (Stakeholders)- ын оролцоог хангах замаар хийж гүйцэтгэсэн бөгөөд одоо хэрэгжүүлэх ажилдаа дор бүрнээ ханцуй шамлан орсон, ажлын явц үр дүнгээ жил бүр хэлэлцэж, баталгаажуулдаг юм байна. Аливаа улсын хувьд, Эрчим хүчний салбар нь өөрөө Улс орны хөгжлийн суурь салбаруудын нэг тул уг салбарын хөгжлийн төлөвлөлтийг маш олон хүчин зүйлсийг нарийн тооцож төлөвлөн, хамгийн оновчтой зөв аргаар хийх шаардлагатай байдаг, тэрийг хэрхэн хийдгийг харуулсан дэлхийн хамгийн сайн жишээнүүдийн нэгийг бид яах аргагүй Австрали улсаас харж, суралцаж, хамтран бүтээх боломж байна. Жишээ болгож тус улсын эрчим хүчний нэгдсэн системийн төлөвлөлтийн 2022 оны шинэчлэгдсэн хувилбартай танилцаж болно.
- Том хөрөнгө оруулалтуудыг Төр хийх шаардлагагүй, харин Зохицуулалт дээрээ анхаардаг юм байна
Уншигч та анзаарсан бол, эхний хэсэгт дурдсан хөрөнгө оруулалтуудыг бараг 100% хувийн хэвшил хийсэн. Австрали улсын баримталж буй хөгжлийн бодлого нь технологи нь батлагдсан (mature and proven technologies), зах зээлийн зарчмаар явах боломжтой болсон (commercially viable) төслүүдэд улсын төсвөөс огт хөрөнгө оруулдаггүй. Харин эдгээр төслийг хэрхэн хамгийн эдийн засгийн үр өгөөжтэй байх Арилжааны механизмууд, Зохицуулалтын арга хэлбэрүүд дээр илүү төвлөрөн ажилладаг юм байна. Энэ нь ч үр дүнгээ маш сайн өгч байгаа.
Авч хэрэгжүүлэх боломжтой маш олон арга механизм, бизнес загварчлал (Business Models)- ыг харж, сурч мэдсэнээс хамгийн энгийн нэг жишээг дурдвал, Урвуу Үнийн Тендер (Reverse Auction, Монгол орчуулга нь буруу байвал уучлаарай) -н механизмыг оновчтой ашигласнаар нийт системийн хэмжээнд шинэ эх үүсгүүрүүдийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, цахилгааны үнийг тогтворжуулах, ирээдүйд бүр хямдруулах боломжуудыг бий болгож байна. Энэ аргыг хамгийн энгийнээр тайлбарлавал, Улс, орон нутгийн ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөнд уялдуулан хаана хаана, ямар төрлийн, хэдий хэр чадлын эх үүсгүүрүүдийг шинээр барьж холбовол хамгийн үр дүнтэй байх вэ гэдгээ эхэлж тодорхойлно. Дараа нь тэр эх үүсгүүрүүд дээрээ аль компани – хөрөнгө оруулагч хамгийн хямд цахилгаан эрчим хүчийг гэрээгээр тохирсон хугацаанд (Reverse Auction for Power Purchase Agreement) найдвартай нийлүүлж чадах вэ гэдэг тендерийн өрсөлдөөнт шалгаруулалт явуулж, төслүүдээр хэрэгжүүлснээр Засгийн газраас том хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй, улс тэр мөнгөө өөр илүү чухал (Priority), нэн шаардлагатай нийгмийн бусад салбарын төслүүд эсвэл Ирээдүйд хэрэгтэй шинэ технологийн жишиг төслүүд (Pilot Projects) -дээ зарцуулах боломжийг бүрдүүлж байна.
Манайх шиг хөгжиж буй, эдийн засгийн боломж муутай, ядуу буурай орнуудын хувьд Засгийн газар нь зээл тусламж, өр зээл тавиад аль хэдийн технологи, шийдэл нь тодорхой болчихсон том чадлын эрчим хүчний эх үүсгүүрүүд барих гээд, Төр нь өөрөө хийх гээд зүтгээд байдаг нь тийм ч оновчтой биш бололтой. Энэ арга барил маань эргээд улсын өрийн дарамтыг нэмэгдүүлэх, ирээдүйд эдийн засагтаа илүү өндөр үр өгөөж авчрах төслүүдэд хөрөнгө оруулах, хэрэгжүүлэх боломжуудаа үгүй хийх эрсдэлийг дагуулж байна.
Төр маань нь Бодлого Төлөвлөлт, Зохицуулалт дээрээ анхаараад, Хувийн хэвшил нь шинэ техник, технологийн нутагшуулах, хөрөнгө оруулалт татах, бизнесийн шинэ боломжууд, зах зээлийн шинэ загварчлалыг боловсруулж, хөгжүүлэн Хэрэгжүүлэх дээрээ тус тус илүү анхаарчихвал Монгол улсын эрчим хүчний салбар хөгжлийн дараагийн үе шатныхаа босгон дээр байна даа гэдэгт итгэл дүүрэн байна.
С.Мөнхбаатар
Эрчим хүчний мэргэжилтэн (MSc, Energy Systems Engineering and Commercial)
сайн нийтлэл болжээ хуучин болон шинэ системийн онцлог, ялгаа, хөрөнгө оруулалтын шийдлүүдийг товч тодорхой тайлбарласан байна
Сайхан тэмдэглэл байна. Баярын мэнд хүргэе.