“Мисс Excel” гэж нэрд гарсан Кэт Нортон өдгөө 30 настай. Тэрээр 2020 онд Microsoft Excel дээр ажиллах хялбар аргуудыг 15 секундын эрч хүчтэй бүжигтэй хослуулан TikTok-т тавьж, цахим ертөнцөд шуугиан тарьж эхэлсэн. Хэдхэн сарын дотор тэр 297 ам.долларын Excelerator курс буюу 10 видео хичээлээс бүрдсэн 100 минутын багцаа эхлүүлсэн. Суралцагчид хичээлүүд болон холбогдох ажлын дэвтрийг өөрийн хэмнэлээр, өөрийн цагтаа тохируулан бөглөхөөс гадна анхан эсвэл ахисан шатны сургалтын аль нэгийг сонгон (эсвэл Microsoft Office Suite-ийн бүрэн хэмжээний сургалтад 997 ам.доллар төлж) 12 цагийн дотор Excel-ийн шинэ хэрэглэгчээс мэргэжлийн түвшинд шилжих боломжтой.
Хичээлүүд нь ялангуяа ажилд орох боломжоо нэмэх, зах зээлд өрсөлдөх чадвараа сайжруулахыг эрмэлздэг 25-35 хүртэлх насны үзэгчдийн дунд хит болсон нь тэдний олонх нь цар тахлын улмаас гэрээсээ ажиллаж, ажил мэргэжил, карьераа өөрчлөх талаар бодож байсан үе юм.
Нортон бол онлайн багшийн маш тод жишээ юм. Тэр эрэлт хэрэгцээтэй ур чадвар эзэмшсэн бөгөөд магадгүй хамгийн чухал нь түүнийгээ зарахдаа маш сайн.
Гэхдээ хэн ч, тэр байтугай Нортон өөрөө ч ямархан алтны уурхайд шидэгдэж орхисноо тухайн үед таамаглаж чадахгүй байлаа. Анхны сургалтаа нээснээс хойш хоёр сарын дотор л тэрээр Excel болон бусад олон сэдвээр хүмүүст сургалт явуулж, өмнөхөөсөө хамаагүй илүү орлого олж эхэлсэн ба тэр цагаас хойш “Мисс Excel”-ийн ажлаа бүтэн цагаар хийхээ больсон байна. Тэрээр одоо ихэнх цагийг компанийн борлуулалтыг хариуцдаг найз залуугийнхаа хамтаар амран, аялж өнгөрөөдөг бөгөөд долоо хоногт ойролцоогоор 15 цаг ажилладаг ажээ. 16,000 гаруй хүн тэдний сургалтыг худалдан авсан бөгөөд 6 оронтой тоогоор хэмжигдэх орлоготой өдрүүд хэд хэд тохиосон байна. Тэр хаа байгаа газраасаа хүссэн үедээ шууд дамжуулдаг хичээлийнхээ талаар “Вебинар цацагдах үед их хэмжээний бэлэн мөнгөний урсгал орж ирдэг” гэжээ.
Нортон тэргүүтэй маш олон инфлүүнсэр онлайн сургалтын тэсрэлтээс мөнгө хийж байна. Тэд хэн ч хийж чадах төдийгүй илүү мөнгө олж амьдралаа сайжруулах боломжтой хичээлүүд заадаг. Жишээлбэл, эрүүл гэдэс гэж юу болох, гэрийн ажил ба үүрэг хариуцлагын тэгш хуваарилалт, технологийн ажилд хэрхэн орох вэ, өөртөө итгэх итгэл болон Microsoft Office багц, и-мэйл маркетинг гэх мэт.
Teachable эсвэл Kajabi зэрэг онлайн сургалтын олон арван платформ дээр байршсан эдгээр курс нь хэдэн зуун ам.доллароос хэдэн мянган ам.долларын үнэтэй, өдрийн “эрчимтэй” курсээс эхлээд хэдэн сарын турш ч үргэлжилж болдог. Тэдний дийлэнхэд байдаг нийтлэг тал нь тэд бие даан ажилладаг. Бидеонууд, ажлын хуудас, контентууд зурсын бүх материалыг суралцагчдыг бүртгүүлэхээс өмнө бэлтгэсэн байдаг бөгөөд суралцагч шинээр элсэх бүрд мөнгө автоматаар дансанд нь орж байдаг. Хэрэв контент бүтээгч азтай бол хэдэн долоо хоног, хэдэн сарыг зарцуулаад, олон жилийн турш ашиг авчрах сургалт бүтээчхэж чадна.
Эдгээр сургалтын ихэнх нь бизнесийн тухай байдаг нь учиртай юм. “Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх” төрлийн хичээлүүд ч гэсэн илт тухайн хүний зах зээлд гарах чадварыг дээшлүүлэхэд чиглэгддэг. Онлайн сургалт бүтээгчдийн хувьд санхүүгийн тогтвортой байдалд хүрэх хамгийн найдвартай арга нь хувиараа бизнес эрхлэх явдал бөгөөд шинжлэх ухаан, урлаг, спорт тодорхой салбарын мэдлэгээс илүү чухал зүйл бол үүнийгээ бусдад худалдах чадвар юм.
YouTube-ийн контент бүтээгч-аялагч Дэймон Доминикийн гадаад хэлний курсууд нь оюутнуудад франц ба испани хэлний харилцан яриа заадаг зугаатай, маш эвтэйхэн засварласан видео бичлэгүүд, хөгжилтэй түүхүүдээр баялаг байдаг. Цар тахлын улмаас аяллын видео бичлэг хийхэд хүндрэлтэй болж эхлэх үед өмнө нь хэл заах туршлагатай байсан Доминик курс нээхээр шийджээ.
Доминик шиг контент бүтээгчдийн хувьд онлайн курс нээх нь интернет платформууд дээр контент хийхэд тохиолддог тогтворгүй, урьдчилан тааварлашгүй байдлаас амсхийх таатай боломж юм. “Хэдэн сар тутамд алгоритмд өөрчлөлт ордог бөгөөд яг одоо бол бүгд богино видео руу шилжиж байна” гэж тэр хэлэв. Ихэнх сургалтын платформууд ямар үнийн бодлого сонгохоос хамаараад орлогын тодорхой хувийг авдаг, эсвэл жилдээ хэдэн мянган ам.долларын өртөгтэй бүтээгчид ашигладаг Teachable зэрэг дижитал сургалтын платформ байдаг. Доминик санал болгох хичээлүүдээ зохион байгуулах, зураг авах, засварлахдаа зургаан сар зарцуулсан. Одоогийн байдлаар 5000 гаруй хүн түүний 199 ам.долларын үнэтэй франц хэлний курст хамрагдаад байна.
Teachable нь өөрийгөө дээд боловсролыг орлох зүйл гэж үздэггүй ч үүнийг нөхөж чадна гэсэн найдлагатай байдаг. “Ихэнх хүмүүс коллежид хэзээ ч явдаггүй бөгөөд тэдэнд өөрсдөд нь болоод амьдралд нь тохирох шийдэл хэрэгтэй” гэж Teachable-ийн ерөнхий менежер Марк Хаселтин тайлбарлаж байна. “Уламжлалт боловсролын тулгамдсан асуудал бол маш үнэтэй байхаас гадна хувь хүний биш, харин сургуулийн цагаар байдаг, мөн профессорууд өөрсдийн нэр хүндэд илүү санаа тавьдаг.” Харин инфлүүнсэрүүд суралцагчидтай харилцахдаа мэргэжлийн байдаг.
Гэсэн хэдий ч академик багш нар инфлүүнсэрүүдийг тэр бүр шилдэг сургагчид гэж үздэггүй. “[Эдгээр инфлүүнсэрийн] зарим нь салбартаа хууль ёсны сургуулийг дүүргэсэн байдаг бол зарим нь тийм биш байдаг ч бодитой, зөв харилцаа үүсгэхийн тулд хүлээн зөвшөөрөгдсөн хязгаар, хэв загварыг ашиглан өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлсэн мэргэжилтнүүдийн байр сууринд байршуулж болно” гэж Пенсильванийн Их Сургууль дахь Анненбергийн Харилцааны Сургуулийн харьяа Дижитал Соёл ба Нийгмийн Төвийн Эмили Хунд тайлбарлав. “Хүүхэд хүмүүжлийн салбарт сурган хүмүүжүүлэх сургалтыг маш олон хүн боломжит өнцөг бүрээс зардаг. Нэг талаас, энэ нь жинхэнэ бэлтгэгдсэн сэтгэл зүйчдээс ирж буй сургалт бол үнэхээр сайн хэрэг, учир нь олон хүмүүс хэрэгтэй зөвлөгөө авах боломжтой болж байна. Нөгөөтээгүүр, та хүүхдэдээ юу тохиолдож болох талаар өдөр бүр контент хүлээн авч байна. Энэ нь сэтгэлгээний хэв маяг, дэлхий ертөнцөд хандах арга барилыг борлуулах нэгэн хачирхалтай динамикийг бий болгож байна.”
Онлайн курсууд нь эргэлзээтэй (эмэгтэй хүнийг үзэн ядагч, хүний наймаачин Эндрю Тэйтийн “Хастлерийн их сургууль”-д сарын 50 ам.долларын төлбөртэй крипто арилжаа, шууд худалдааны хичээл)-ээс эхлээд илт гэмт хэргийн шинжтэй (хичээлүүдийн дотор юутай ч “945 ам.долларын гүнзгий түвшин” гэх зургаан долоо хоногийн курс байдаг бөгөөд түүнд нь зээлийн картыг хэрхэн хулгайлж, тансаг амралтын газруудад төлбөр хийх тухай заадаг) байх нь энүүхэнд. Эдгээр нь интернетийн өргөн талбар дахь онлайн сургалтын салбарын муу нэр зүүсэн хичээлүүд бөгөөд YouTube-ийн видеонууд, Medium-н нийтлэлүүд, Reddit болон жиргээн дээр хүмүүс эдгээр курсууд эцэс төгсгөлгүй зарагдаж байгаад сэтгэл зовж буйгаа илэрхийлдэг. “Эдгээр хог новшийг зарж буй “инфлүүнсэрүүдийн” зааж буй зүйлсийнх нь ач холбогдол улам багассаар, өөрсдийгөө бараа болгон сурталчлах нь ихэссээр байдаг” гэж Reddit-ийн нэг сэтгэгдэлд бичжээ.
Breaking Even Communications хэмээх маркетингийн зөвлөх компанийг үүсгэн байгуулагч Николь Оуэллет хамтран ажилладаг жижиг бизнес эрхлэгчдээрээ дамжуулан инфлүүнсэр багштай курсуудтай танилцсан бөгөөд тэдний ихэнх нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх тухай үнэтэй бизнесийн сургалтад төлбөр төлсөн гэж хэлж байжээ. “Эхэндээ би эдгээр хүмүүс надаас илүү мэддэг байх гэж бодсон” гэж хэлээд Оуэлетт инээв. “Тэгээд л би үүнийг судалж эхэлсэн.”
Түүнийг хамгийн их бухимдуулсан зүйл бол үйлчлүүлэгчдэд нь зөвлөгөө үр дүнгээ өгөөгүй цорын ганц шалтгаан нь сургалтын хөтөлбөрийг зохих ёсоор дагаагүй гэж итгүүлсэн явдал байв. Түүний үйлчлүүлэгчдийн хамрагдсан сургалтууд нь бүгд нэг ижил зөвлөгөөний дагуу ажилласан болохыг тэр олж мэджээ.
Онлайн хичээлд хүмүүс олноор хамрагдахад хүргэдэг нэг том шалтгаан бол эдийн засгийн хямрал. “Хүмүүс мөнгөний шаардлагатай тулаад ирэхээрээ давхар ажил хийх тухай бодож эхэлдэг” “Миний уулзалтын өрөөнд нэгээр тогтохгүй бизнес эрхлэгч тэдний бизнесийг аварч чадах эсэхийг асуун уйлж байсан. Ялангуяа сүүлийн хоёр курс дүүрсэн, хүлээлгийн жагсаалт байгаа гэж хэлсэн бол тухайн курс маш сонирхолтой мэт санагддаг. Тэднийг ярьж байгаа зүйлээ үнэхээр мэдэж байгаа гэж бодоцгоодог” хэмээн Оуэллет хэлэв.
Мy Tech Best Friend бол хүмүүст мөнгө олох, ялангуяа өндөр цалинтай технологийн ажилд шаардагдах ур чадварыг зааж өгөх зорилготой курс байв. Чарли Хоу энэ салбарт аль хэдийн ажиллаж байсан бөгөөд тэрээр Твиттерээс уг хөтөлбөрийн тухай олж мэдсэн ба хүмүүс туршлагагүй эхлээд хэрхэн 90,000 ам.долларын цалинтай болтлоо явснаа ярьж байжээ. Тэрээр 3700 ам.долларын “эртэч шувууны” хөнгөлөлттэй үнээр сарын хөтөлбөрт бүртгүүлсэн байна.
Гэтэл Мy Tech Best Friend-ийн үүсгэн байгуулагч Мэри Аводеле түүний сургалтыг хойшлуулжээ. Чарли Хоу 770 хүнтэй ангийнхаа тухай “Тэр бидэнтэй холбогдохдоо биднийг бичиг үсэггүй эсвэл тэнэг гэж дуудаж байсан” гэж ярьж байв. Хичээл өөрөө “гайхалтай” байсан ч ихэнх хэсгийг нь бусад хичээлээс хулгайлсан байсныг Хоу хожим олж мэдсэн. Хоу өөрийн бухимдлын талаар твиттер хуудас дээрээ нийтэлсний дараа утсанд нь заналхийлэл ирж эхэлжээ. Тэрээр одоо мөнгөө буцааж авахаар оролдож байна.
Аводеле дагагчдаа мөлжихийн тулд нэр хүндээ ашигласан гэж буруутгагдаж буй цорын ганц инфлүүнсэр биш бөгөөд Хоу ч өндөр ашигтай онлайн сургалтын инфлүүнсерт хууртагдсан цорын ганц хүн биш юм.
Нэгэн эмэгтэй Refinery29-д өгсөн ярилцлагадаа тэрээр Сара Аквисомбе гэгчийн “No Bull Business School”-д 1200 фунт стерлинг, мөн “Өглөө таван цагт босоод кардио дасгал хийх эсвэл таныг дэмждэггүй хүмүүсээс салах” гэх мэт улиг болсон, хамааралгүй зөвлөмжүүд багтсан “зургаан сарын амжилтын хурдасгуур”-ын төлбөрт сард 199 фунт стерлинг төлсөн гэж хэлжээ. 2018 онд аялал жуулчлалын инфлүүнсэр Аги Лал Инстаграм дагагчдаа хэрхэн өсгөх тухай 12 долоо хоногийн 497 ам.долларын курс явуулжээ. Оюутнууд “Зураг авхуулахдаа жирэмсэн мэт харагдахгүй байхыг хичээ” гэх зэрэг дэмий зөвлөгөө, “Старбакст ажилладаг хүмүүс өөрсдийн чадлын хэмжээнд амьдарч чаддаггүй” гэх мэт доромжилсон сэтгэгдлүүдтэй таардаг байсан гэжээ. 35 оюутан мөнгөө буцааж авахыг хүссэн өргөдөлд гарын үсэг зуржээ.
Онлайн луйврынхан өөрсдийн сургалтаа Мисс Excel эсвэл Доминикийн франц хэл зэрэг хууль журамд нийцсэн курсуудын нэгэн адил борлуулж байгаа нь онлайн сургалтын өсөлтөд тус ч болдог, саад ч болдог. Олон хүмүүс коллежийн оронд өөрийн сонирхсон сэдвээр онлайн хэсэгчилсэн сургалтуудад хэдэн зуу, хэдэн мянган ам.доллар зарцуулдгийг төсөөлөхөд хэцүү биш.
Сониуч зан, шүүн тунгаах болон нарийвчлах сэтгэлгээг чухалчилдаг хүмүүнлэг боловсролын гол зарчмууд ба зайнаас явагддаг, эрэлт хэрэгцээнд суурилсан онлайн сургалтын үзэл бодлын хоорондох зөрөөтэй байдал нь хувийн бизнес эрхэлж буй инфлүүнсэрүүд болон уламжлалт корпорац эсвэл улсын салбарт ажиллах сонирхлын ялгааг тусган харуулж байна. Онлайн курсын багш нар болон ерөнхийдөө технологийн чиглэлийнхэн хүн боловсролтой байхын хэрээр мөнгө олох чадвартай байна гэж үздэг бөгөөд бизнесийн магистрын зэрэг эсвэл программ хангамжийн инженерийн 10 жилийн ажлыг нэг вэбинар эсвэл нэг бууткэмп болгох боломжтой гэх нь бий.
Энэхүү хэтийн төлөв нь хандлагаа өөрчлөхөөс өөр юу ч “боломжуудыг тань нээж” таныг саятан болгож чадахгүй гэж үздэг өөртөө туслах ухааны багш нарын зан чанартай нийцэж байгаа юм. Нортон “Мисс Excel” хөтөлбөрийнхөө асар их амжилтынхаа талаар ярихдаа Мароккод йогоор хичээллэж байхдаа даган суралцсан, хүч чадлаа хэрхэн илрүүлэх тухай лекц уншиж, ном бичдэг Жо Диспензагийн сургаалийг ихэд үнэлсэн байдаг. (Хэдийгээр Диспенза өөрийгөө квантын физик, мэдрэл судлалын чиглэлээр мэргэшсэн хүн гэж тодорхойлдог ч тэрээр мэс засалч мэргэжилтэй.)
Нортон хүүхэд байхдаа мэдэрсэн сэтгэл түгшүүрийг хэрхэн даван туулж чадсан тухайгаа “Бид зүгээр л сэтгэлгээн дээрээ ажиллавал бүх зүйл хэрхэн өөрчлөгдөж болох нь үнэхээр гайхалтай. Олон хүн энэ ирмэг дээр гацсан мэт санагдаж, тэднийг барьж байгаа бодлуудаа дахин программчилж чадна гэдгийг ойлгохгүй байна. Биднийг хязгаарлаж буй ганц зүйл бол хэзээ нэг цагт бидний өөртөө тавьсан хязгаарлалтууд юм. Үүнийг тодорхой болгосны дараа тайвширч, энэ нь таныг хувь заяаны замд тань оруулж, хамгийн дээд цэгт нь хүргэнэ” гэж Нортон хэлж байна.
Нортонд Microsoft Excel-ээс гадна өөр том төлөвлөгөө бий. Компаниуд багтаа урам зориг өгч, сэтгэлгээгээ тэлэхийн тулд түүнийг урьж эхэлсэн. “Би ажил дээрээ ичимхий, эв дүйгүй байсан ч интернетээр бүжиглэж, бодож байснаасаа ч илүү их мөнгө олох болсон”
“Тэгээд би “Хөөх, би үүнийг хийж чадсан юм чинь бусад хүмүүс ч үүнийг хийж чадна гэж бодсон юм” гэж тэр хэллээ.
Ребекка Женнингс. VOX.COM