Цахилгаан автомашин, цэвэр эрчим хүчний нөөцлүүрийн эрэлт огцом нэмэгдэж байгаа энэ үед Австрали дэлхийн литийн эрэлтийн ихэнх хувийг хангахаар төлөвлөж байна. Ингэснээр малтмал түлшний хэрэгцээ буурах боловч литийг хэрхэн тогтвортой олборлох вэ гэсэн өөр нэг асуудал урган гарч ирнэ.
***
Баруун Австрали дахь Перт хотоос гурван цаг орчим давхих газарт, South Western Highway-гээс холгүй, олон жилийн түүхт уурхайн Greenbushes хотын архан талд гүн, саарал “сорви” бий.
Энэ бол цагаан тугалганы Cornwall Pit орхигдсон уурхай юм. Нийт 265 метр гүн тус ил уурхайн олон шаталсан үенүүд бараг нэгэн зууны түүхийг нь хүүрнэх мэт давхарлажээ. 1888 онд эндхийн голоос цагаан тугалгыг хүмүүс бараг л гараараа ухаж авдаг байсан агаад өнгөн хөрсний “олборлолт” дууссаны дараа хүмүүс аргаа өөрчилж, илүү гүн ухах болсноор энэхүү асар гүн ил уурхай үүссэн байна.
1980 онд Greenbushes уурхайгаас өөр нэг металл олдсон ч уурхайн эзэд огт тоосонгүй. Зөөлөн, мөнгөлөг цагаан өнгийн исэлддэг шүлтийн металл болох литийг тухайн үед геологийн содон металлд тооцдог байлаа.
1983 онд литийг шил үйлдвэрлэл, ган, хэв цутгалт, керамик, тосолгооны материал, төмөрлөгийн хайлш зэрэг цөөн, онцгой салбарт ашиглахаар олборлож эхлэв. Үүнээс арав гаруй жилийн дараа, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл хүн төрөлхтний оршин байхуйд заналхийлж буйг бүгд ойлгож, шатахуунаар ажилладаг дэлхий дээрх 1.45 тэрбум гаруй автомашиныг цахилгаан машинаар солих ёстой талаар улс орнууд хэлэлцэж эхэлснээр Greenbushes-ийг огт өөр өнцгөөс харах болжээ.
Өдгөө Cornwall-ийн цагаан тугалганы уурхай хаагдсан бол Greenbushes дэлхийн хамгийн том литийн уурхай болоод байна.
Ердөө хоёр жил хүрэхгүй хугацаанд Австралийн сподумений үнэ 10 дахин өслөө. Сподумен бол лаптоп, гар утас, цахилгаан машины батерейнд ашиглах зорилгоор баяжуулан ашигладаг литийгээр баялаг түүхий эд юм. 2021 оны нэгдүгээр сард 415 ам.доллароор зарагдаж байсан нэг тонн сподумен 2022 оны аравдугаар сард 4994 ам.долларын үнэ хүрч өссөн талаар Benchmark Mineral Intelligence байгууллага мэдээлсэн.
Дэлхий дахин Парисын гэрээнд тусгасан зорилгодоо хүрэхийн тулд 2040 он гэхэд литийн хэрэглээг одоогийн түвшнээс 40 дахин нэмэгдүүлэх ёстой гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцож буй.
Энэ бүхнээс литийн халуурал эхэлж, улмаар Австрали улс дэлхийн тэргүүлэгч литийн ханган нийлүүлэгч болох байр суурийг өөрийн болгох боломжтой болоод байна. Гэхдээ нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах зорилгодоо хүрэхийн тулд хүн төрөлхтөн энэ металлыг ихээр ашиглаж буй ч литийн олборлолт тогтвортой байж чадах уу гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм.
2021 онд Greenbushes уурхайгаас олборлосон литий нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн тавны нэг хувийг эзэлсэн бөгөөд энэ хэмжээ цаашид ч өсөхөөр байна. Тус уурхайг эзэмшдэг Talison Lithium компани 2019 онд талбайн хэмжээг хоёр дахин томруулах зөвшөөрөл авсан агаад 1.9 тэрбум австрали долларын өртөг бүхий өргөтгөлийн арга хэмжээ дуусахад нийт 2.6 км урт, нэг км өргөн, 455 метр гүн ил уурхай болох юм. Лондоны хамгийн өндөр (310 м) барилга The Shard уг уурхайд элбэгхэн багтана гэсэн үг.
Greenbushes бол Австрали улсын 2021 онд олборлосон 55 мянган тонн литийн 40 орчим хувийг нийлүүлсэн тус улсын хамгийн том литийн (чулуун орд) уурхай юм. Гэхдээ тун удахгүй хэд хэдэн том уурхай нээгдэхээр хүлээгдэж буй. Өрнө зүгт орших Kalgoorlie мужийн алдартай уурхайнууд бүхий Баруун Австрали болон Пилбарад литийн дөрвөн уурхай үйл ажиллагаа явуулж байна. Баруун Австралиас гадна орших литийн цорын ганц уурхай, Австралийн литийн зургаа дахь том уурхай Дарвин 2022 оны 10 дугаар сарын эхээр Northern Territory-д нээлтээ хийсэн. Өөр хоёр уурхайн төлөвлөлтийн ажил эхэлсэн бол хэд хэдэн төсөл хөгжүүлэлтийн янз бүрийн шатандаа явж байгаа аж.
Австралийн эдгээр уурхай 2021 онд дэлхийн нийт литийн хэрэглээний бараг тал хувийг хангажээ. Австралийн араас Чили, БНХАУ орж буй. Гэхдээ эл хоёр улс шорвог уснаас литий олборлох аргыг ашигладаг. Харин ирэх жилүүдэд эл дараалалд өөрчлөлт орж магадгүй байна. Учир нь дэлхийн нийт судлагдсан литийн нөөцийн ихэнхийг эзэмшдэг, Өмнөд Америкийн “литийн гурвалжны улсууд” буюу Чили, Аргентин, Болив үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөж буй. Зөвхөн Чили улс гэхэд дэлхийн литийн үйлдвэрлэлийн 25 хувь, тогтоогдсон нөөцийн 40 хувийг дангаараа эзэмшдэг. Нөөцийн хэмжээгээр тус улсын ард Болив (дэлхийн нийт нөөцийн 24 хувь), Аргентин (21 хувь) ордог ч үйлдвэрлэлийн хэмжээ нь тун бага хэвээр байна.
Эдгээр улс литийн салбараа хөгжүүлэхээр ажиллаж байгаа энэ цаг үед уг критикал түүхий эдийг хоёр ялгаатай эх үүсвэрээс олборлох сонголттой бид тулгараад байна: Австралийн чулуун орд уу, эсвэл Чилийн уурхайнууд шиг давсаар баялаг уснаас гаргаж авах уу?
“Чулуун ордоос литий гаргаж авах арга нь бусад уул уурхайн үйл ажиллагаатай бараг ижил хэмжээгээр байгаль орчинд нөлөөлнө. Харин шорвог уснаас гаргаж авах арга нь тэс өөр” гэж Мельбурны RMIT их сургуулийн профессор, Австралийн уул уурхайн салбарт ажиглалт хийдэг бие даасан Mineral Policy Institute-ийн захирал Гэвин Мадд онцлов.
Түүний өгүүлснээр литий олборлолтын талаарх буруу мэдээлэл, төөрөгдөл түгээмэл байдаг аж. Жишээлбэл, литий бол тун ховор металл гэдгийг үгүйсгэх олон баримт байгаа ч өдгөө хүртэл хүмүүс эсрэгээр итгэдэг байна. “Литиы бол үнэндээ тун түгээмэл олдоцтой ашигт малтмал. Дэлхийн хаа сайгүй бий, харин хүмүүс литийг олборлох талаар огт анхаарахгүй ирсэнд л учир нь бий” гэж тэрбээр хэллээ.
Австрали дахь литийн уурхайнуудын байгаль орчинд үзүүлж буй нөлөөг хүмүүс Өмнөд Америкт болж буй нөхцөл байдалтай адилтгаж, буруугаар ойлгодог гэж К.Мадд өгүүлэв.
Эхний ялгаа нь геологиос эхэлнэ. Өмнөд Америк зэрэг залуу эх газруудад литий нь өндөрлөг газрын давст нуурын ёроолд байдаг. Харин Австрали бол геологи талаасаа илүү эртний газар нутаг юм. Литий агуулсан пегматитын ордууд тус улсын бүх мужаас олдож байгаа нь олон мянган жилийн өмнө мөргөлдөж Австрали тивийг үүсгэсэн газрын массуудтай холбоотой юм. Тус улсын Пилбара, Баруун Австрали дахь Ийлгарн, North Territory-гийн Пайн Крийк муж, Куинсланд дахь Жоржтаун, Викториагийн төв хэсэгт литийн ийм ордууд бий.
Цахилгаан эрчим хүч, химийн боловсруулалт ихээр шаарддаг учраас литийг баяжуулах процесс нь байгаль орчинд эрсдэл учруулах боломжтой ч Geoscience Australia төрийн байгууллагын Ашигт малтмалын зөвлөх үйлчилгээний хэлтсийн дарга Аллисон Бриттын өгүүлж буйгаар Австрали дахь литийн олборлолт нь бусад металлын уурхайгаас төдий л ялгаагүй ажээ.
Харин Өмнөд Америкт литий олборлох процесс нь том, адармаатай химийн төхөөрөмжөөр тоглохтой адил юм. Давст нуурын ёроол дахь литий өөр олон төрлийн эрдэстэй холилдсон байдаг агаад ялгаж авахын тулд нуурын ёроолоос шорвог усыг шахуургадаж гаргаад дараа нь тусгай цөөрөмд хуримтлуулан ууршуулж, нягтшил нь сая тутамд 6000 ширхэг болох хүртэл тунгаадаг. Нэг тонн литий үйлдвэрлэхэд 1.9 сая тонн ус зарцуулдаг агаад энэ их усыг цөөрөмд хадгалах явцад асгарах, гоожих эрсдэл үүсдэг байна.
Үүний дараа нэмэлт боловсруулалт хийж литийг гаргаж авдаг. Тухайлбал, Чилийн давст нууруудаас гаргаж авсан литийн карбонатыг батерей үйлдвэрлэгчдийн хамгийн их худалдаж авдаг литийн гидроксид болгохын тулд арай их ажиллагаа ордог аж. Харин Австралийн чулуун ордоос гаргаж авсан литийг нунтаглаж сподумен гаргаж авдаг. Зургаа орчим хувийн литий агуулдаг эл материалыг Австралиас БНХАУ руу усан онгоцоор тээвэрлэнэ. БНХАУ бол дэлхийн литийн 60 хувь, литийн гидроксидын 80 хувийг баяжуулдаг гол улс юм. Гэвч энэ байдлыг өөрчлөх үүднээс Баруун Австралийн засаг захиргаа литийн уурхайнуудтай ойрхон баяжуулах үйлдвэрүүд байгуулахаар ажиллаж байна.
Гэхдээ ийм үйлдвэрүүд нь байгаль орчны сорилтыг бий болгох нь гарцаагүй. Сподуменээс литий ялгаж авах процесс нь их хэмжээний цахилгаан эрчим хүч болон хүхрийн хүчил шаарддаг. Энэ процессоос үүссэн шааргыг устгах ёстой бөгөөд байгаль орчин бохирдуулахаас нь сэргийлэхийн тулд маш сайн хяналт тавих шаардлагатай.
Гэхдээ Австралийн зарим улс төрч нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахын тулд литийг олборлох нь нэн чухал гэж үздэг. Өнгөрсөн оны 10 дугаар сард Дарвинд Finniss Lithium Project төслийг эхлүүлэх нээлтийн ёслолд оролцох үеэрээ Northern Territory-гийн Уул уурхай, аж үйлдвэрийн сайд Н.Манисон “Уур амьсгалын өөрчлөлт, нүүрсхүчлийн ялгаралтай тэмцэхэд зайлшгүй олборлох ёстой ашигт малтмалууд бий. Бид ийм шилжилтийг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж өгүүлж байв.
Австралийн литийн уурхайнуудад тулгарч буй асуудлууд ихэвчлэн уул уурхайн салбарын нийтлэг бэрхшээлүүд юм. Тухайлбал, ил уурхай нь газрын гадаргууд гүн нүх үлдээж, экосистемд дарамт болдог. Уул уурхайн үйл ажиллагаанаас үүссэн тоос шороо нь гол мөрөн болон хот суурины агаарыг бохирдуулах, ширүүн борооны улмаас далан нурах, улмаар ойролцоох гол нуурт шингэх, газрын гүний усыг бохирдуулах, уурхайн хаалтын дараа нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг бүрэн хийхгүй байх гэх мэт асуудал бий.
Гэвч эдгээр бэрхшээлийг шийдэх боломжтой гэж Г.Мадд үзэж байна. Тухайлбал, баяжуулах үйлдвэрийг уурхайтай ойрхон байгуулснаар тээвэрлэлтээс үүдэлтэй нүүрсхүчлийн ялгарлыг бууруулах боломжтой аж. Түүнчлэн уул уурхайн тоног төхөөрөмжийг цахилгаанаар ажиллуулж болох төдийгүй сэргээгдэх эрчим хүчнээс хангах боломжтойг Канадын нэгэн алтны уурхайн жишээ харуулж байна.
Түүнчлэн литийг Австралид их хэмжээгээр олборлохгүй гэж Г.Мадд үзэж байгаа бөгөөд улмаар нүүрсний эрэлт буурахтай зэрэгцээд тус улсад уул уурхайн үйл ажиллагаа нийт хэмжээгээрээ цаашид буурна гэж онцлов. Тэрбээр энэ талаар “Зөвхөн нүүрс олборлохын тулд Австрали улс жил тутам 5-8 тэрбум тонны хөрс хуулалт хийдэг. Тиймээс нүүрсийг уул уурхайн салбарын тооцооноос хасаад үзэх юм бол огт өөр тоо харагдана” гэж нэмж хэлсэн.
Байгаль орчинд литий олборлолтын үзүүлж буй нөлөөг бууруулах өөр нэг арга бол дахин боловсруулалтыг нэмэгдүүлэх юм. Өнөөдрийн байдлаар Австрали литий-йон батерейн ердөө 10 хувийг дахин ашигладаг байна. Цахилгаан машины батерейн хугацаа дуусаж эхлэх 2030 оноос эхлээд уг асуудал ноцтой хэмжээнд яригдахаар байна гэж Battery Stewardship Council (BSC)-ийн Либби Чаплин өгүүлсэн. “Хэрэв энэ асуудлыг анхааралдаа авахгүй бол тун ойрын ирээдүйд хаягдал батерейн томоохон асуудалтай, цахилгаан машины литий батерейн бөөн хаягдалтай бид нүүр тулна. Ийм хаягдлыг цуглуулж, хадгалах нь ихээхэн бэрхшээл дагуулж болзошгүй” гэж тэрбээр хэлсэн юм.
Бүтэн тивийг эзэлсэн тус улсад цахилгаан машины хаягдал батерейг цуглуулах, тээвэрлэх, ангилах зэрэг олон асуудал тулгарах нь гарцаагүй учраас багаас нь эхлэх юм бол энэ асуудлыг шийдэх иж бүрэн дэд бүтэцтэй болно гэж Л.Чаплин санал болгожээ.
Литийн батерей дахин боловсруулах том хэмжээний үйлдвэр байгуулах боломжтой эсэхэд олон хүн эргэлздэг ч Л.Чаплин өөр бодолтой байна. Цахилгаан машины батерейн ердөө нэг хувийг литий эзэлдэг агаад ган, хуванцар, хөнгөн цагаан, зэс зэрэг бусад материалыг дахин боловсруулах боломжтой. Харин бусдыг нь буюу литий, бал чулуу, кобальт зэрэг “хар масс”-ыг дахин боловсруулах нь тун хэцүү юм. Нэн ялангуяа олборлох үйл явц нь байгаль орчинд ихээхэн хор уршиг тарьдаг кобальтыг дахин боловсруулахад онцгой анхаарах ёстой гэж Л.Чаплин анхааруулав. Тус эрдсийн нийт үйлдвэрлэлийн 70 хувийг Бүгд найрамдах ардчилсан Конго улс дангаар эзэлдэг юм.
Литийн батерейг дахин боловсруулах процессыг улам сайжруулах нь илүү их литий олборлох эрэлтийг бууруулна гэдэгтэй санал нэг буйгаа Л.Чаплин илэрхийлсэн. “Эдгээр батерейг дахин ашиглах асуудлыг хөндөхгүйгээр литий эсвэл уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярих боломжгүй. Нэгэнт л олборлоод гаргаж авсан бол ахин дахин ашиглах нь бидний үүрэг” гэж тэрбээр онцлов.
Эх сурвалж: bbc.com. Ройс Курмеловс