Технологи бол ирээдүй. Гэхдээ ирээдүйд хүргэх “галт тэрэг”-ийг хэн урагшлуулах вэ гэдэг нь асуулт дагуулсан хэвээр байна. Хэрэв манай улс мэдээллийн технологийн салбарын боловсон хүчиндээ анхаарахгүй бол ойрын 10-20 жилийн турш хүний нөөцийн дутагдалтай байна гэж “шинэ яам” мэдэгдсэн. Тийм ч учраас “ICT Expo 2023” арга хэмжээний хүрээнд татаж байгаа хөрөнгө оруулалтын багагүй хувийг хүний нөөцөө бэлтгэхэд зарцуулахаар төлөвлөжээ. Мөн гадаадын хөрөнгө оруулагчид болон технологийн томоохон компаниудын анхаарлыг Монголд мэдээллийн технологийн инженер бэлтгэхэд чиглүүлэхээр зорьж байна. Үр дүн нь эхнээсээ гараад эхэлжээ.
“ICT Expo 2023” арга хэмжээний үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал “HUАWEI” компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, 1000 инженер бэлтгэх санамж бичгийг байгуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд инженер бэлтгэснээр мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ахиц гарна гэж талууд үзэж байна.
Мөн мэдээлэл, технологийн салбарын боловсон хүчний хүртээмжийг зөв зохистой хангах хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг авч чадсан тохиолдолд салбарын болон харьяа есөн байгууллагад бакалаврын диплом шаардахгүйгээр ажилд авах ЦХХХ-ны сайдын тушаал гарсныг Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа онцолж байна.
Мэдээлэл технологийн үндэсний парк ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Ж.Золзаяа: Монголын мэдээллийн технологийн салбарт маш том ирээдүй бий. Гэхдээ хүний нөөцийн тал дээр анхаарахгүй бол манай улс ойрын 10 жилийн турш хүний нөөцийн дутагдалтай байх тооцоо гарч байна. Тиймээс технологийн стартапуудыг бойжуулж байгаа оролцогч талуудын үүрэг оролцоо салбарын боловсон хүчнийг нэмэгдүүлж, чадавхжуулахад маш чухал. Улс орнуудын стартап экосистемийг үнэлж дүгнэн харьцуулдаг Startup Link жагсаалтад Улаанбаатар хот 1000 хотоос 472-т эрэмбэлэгдэж байгаа бол Монгол Улс 100 улсаас 80-д орж байна. Энэ үзүүлэлтийг бид жил бүр сайжруулах шаардлагатай. Мэдээлэл, технологийн үндэсний парк мэдээллийн технологийн суурь шалгалт, ахисан түвшний шалгалт, пасспорт шалгалт авдаг. ЕБС, их сургуулийн суралцагчид, салбарын мэргэжилтнүүд гээд хэн бүхэн энэ шалгалтуудад нээлттэй оролцох боломжтой. Хэрэв шалгалтад тэнцвэл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгодог.
Саяхан ЦХХХ-ны сайдын тушаалаар эдгээр шалгалтад тэнцэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх сертификаттай болсон тохиолдолд заавал их дээд сургууль төгсөхгүйгээр, шууд ажлын байран дээр гарах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ бол салбарын хүний нөөцөө дэмжих маш том хөшүүрэг.
Дижитал хувьсгал дэлхий дахинаа эрчийг авч, өдгөө их өгөгдөл, хиймэл оюун ухаанд түшиглэсэн шинэ эрин рүү хүн төрөлхтөн жилээр биш өдрөөр тэмүүлж байна. 2025 он гэхэд компаниудын гуравны хоёр нь програм хангамжийн компани болж, аппликэйшнуудын 90 гаруй хувь нь үүлэн технологид суурилан хөгжинө гэсэн тоо судалгаа ч бий. Үүнийг дагаад бүхий л бизнесийн оршин тогтнох үндэс суурь нь мэдээллийн технологи болон хувирч, инженерүүд өрсөлдөөнт талбарын хамгийн гол тоглогчид болно гэдгийг салбарынхан онцолж байна.