Онцлох гурван санаа
- Бүх шатандаа засаглал сул, дэд бүтэц сайн хөгжөөгүй байгаа нь Монгол Улсыг олон улсад өрсөлдөх чадвараар хамгийн их доош татаж байна.
- Монгол Улсад бизнесийн байгууллагууд ашигтай ажиллах нөхцөл сүүлийн жилүүдэд улам муудсаар байна.
- Манай улс дээд боловсрол эзэмшигчдийн тоогоор дээгүүр оноотой байгаа ч оюуны дайжилт (brain drain) их, бүтээмж муу байна.
Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан гэж юу вэ?
Дэлхийн өрсөлдөх чадварын тайланг 1989 оноос хойш тасралтгүй гаргаж байна. Уг тайланд улс орнуудыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл, 20 дэд бүлэг, 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулан өрсөлдөх чадварын рейтинг гаргадаг.
Хамгийн сайн өрсөлдөх чадвартай улсаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улсууд тодорсон бол Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс өрсөлдөх чадвараар хамгийн сул байна.
Манай улс энэ тайланд 2015 оноос хойш багтаж байгаа бөгөөд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн мэдээлснээр 2018 оноос хойш онооны үзүүлэлт тогтмол буурсаар байна. 2023 оны тайланд нийт 64 улсыг жагсааснаас Монгол Улс 100 онооноос 35.56 оноо авч 62-т буюу хойноосоо гуравт эрэмбэлэгджээ. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч, нэг эрэмбэ ухарсан үзүүлэлт юм.
Сайн үзүүлэлтүүд
Манай улс Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд юугаараа давуу вэ? Нэгэн сонирхолтой баримт дурдахад дээрх 64 улс дотроо Монголд оффис түрээслэхэд хамгийн хямд ажээ. Мөн эмэгтэй удирдлагуудын тоогоор тавдугаар эрэмбэлэгджээ. Уул уурхайн түүхий эдийн экспорт нэмэгдсэний нөлөөгөөр бараа бүтээгдэхүүний экспорт, төсвийн үзүүлэлтүүд, ДНБ-ийг хүн амтай харьцуулсан үзүүлэлтүүд сайн гарсан.
Сайжирсан 15 үзүүлэлт дотор дээд боловсрол эзэмшигчдийн тоо хамгийн өндөр байгаагаас гадна системийн банкнууд IPO хийсэнтэй холбоотой хөрөнгийн зах зээлийн үнэлгээ сайжирчээ.
Муу үзүүлэлтүүд
Анхаарал татах 15 үзүүлэлтийн хувьд Монгол Улсын Засгийн газрын чадамж хамгийн бага буюу ердөө 5.5 оноо авчээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Удирдах Зөвлөлийн дарга П.Цагааны хэлснээр энэ нь “Маш ичмээр” үзүүлэлт бөгөөд Монголд багийн дарга, Иргэдийн хурлаас эхлээд Засгийн газар, УИХ хүртэлх бүх түвшинд засаглалын хямрал нүүрлэснийг илтгэж байна. Мөн төрийн санхүүгийн хүртээмж, бодлогын тогтвортой байдал гэдэг үзүүлэлтээр 7-9 хөн авсан байна.
Дэд бүтэц нь уламжлал ёсоор манай улсын өрсөлдөх чадвар, бүтээмжийг доош татсан хэвээр. Тиймээс уул уурхайгаас бий болж буй ашгийг халамжийн шугамаар тарааж, импортыг санхүүжүүлээд дуусгах биш эрчим хүч, төмөр зам зэрэг дэд бүтцийн суурь бүтээн байгуулалтуудад зарцуулах хэрэгтэйг П.Цагаан онцоллоо.
Бизнесийнхний санааг зовоож буй нэг чиг хандлага нь Монголд бизнесийн байгууллага ашигтай ажиллахад улам хэцүү болж буй явдал юм. Тодруулбал, бүтээмж ба үр ашиг, хөдөлмөрийн зах зээл, санхүүгийн хүртээмж, менежмент зэрэг дээр хамгийн сүүлийн байруудад орж, нийт бүлэг үзүүлэлтээр өмнөх жилээс гурван эрэмбэ ухарчээ. Түүнээс гадна нягтлан бодох бүртгэл ба аудит гэсэн үзүүлэлт бууралттай гарсан нь энэ төрлийн үйлчилгээ нь чанаргүй, тамга тардаг үйлчилгээ болж хавтгайрсантай холбоотой аж.
Хэдийгээр нэг хүнд зарцуулж буй боловсролын зардал өндөр байгаа ч хөдөлмөр эрхлэлт болон ажиллах хүчний урт хугацааны өсөлт буурснаас гадна оюуны дайжилт өндөр байна.
Үүнээс гадна Монголд гадаадын хөрөнгө оруулалтын орчин ойлгомжгүй хэвээр. Тухайлбал, сүүлийн 20 жилд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт хариуцсан газрынхаа нэршил, бүтэц, харьяаллыг 10 удаа сольсон байхад Өмнөд Солонгост анх байгуулсан хэвээр байдаг аж. Хамгийн дурдууштай нь инновац, технологи бүтээх судалгааны ажлууд, тэдгээрт суурилсан бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн санхүүгийн болон бодлогын хөшүүргүүдийг төр бий болгохгүй байгаа, эрчим хүч, тээвэр ложистик хүртээмжгүй байгаа нь Монголд бизнес эрхлэх сонирхлыг төрүүлэхгүй байна.
Өрсөлдөх чадварын тайлангууд юунд хэрэгтэй вэ?
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтарч ажиллахаас гадна Монгол Улсын аймгуудын өрсөлдөх чадварын тайлан, Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайланг хатуу тоонуудад үндэслэн гаргадаг. Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр муу ч байсан, сайн ч байсан энэ нь гутрах, эсвэл онгирох шалтгаан биш, харин бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид зөв шийдвэр гаргах хамгийн бодитой мэдээлэл бүхий хэрэгсэл болдог гэдгийг П.Цагаан хэллээ. Жишээ нь, аймгуудын өрсөлдөх чадварын тайлантай танилцаад аймгийнхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлж чадсан Сүхбаатар болон Ховд аймгуудын жишээг дурдлаа.
Ирээдүйн сорилтууд
Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төв нь Монгол Улсад 2023 онд тулгарч болох таван сорилтыг нэрлэжээ:
- Инфляцийн түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй.
- Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна.
- Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.
- Сонгууль, улс төрийн мөчлөгийн хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй.
- Орос-Украйны дайны улмаас бий болсон геополитикийн хурцадмал байдал болон Бээжин-Тайваны хоорондох нөхцөл нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай.