Хүний хүрэх, эсвэл харах боломжгүй нөхцөлд хяналт, хамгаалалтын системийг бүрдүүлэх нь аль ч улсын аюулгүй байдалтай шууд хамааралтай байдаг. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот зам тээвэр болон гэрэлтүүлэг муутай гудамж, талбайн хөдөлгөөний менежментийг сайжруулахад гол анхаарлаа хандуулж, хурд хэтрүүлэх, замын хөдөлгөөний дүрмийг зөрчих асуудлуудыг шийдэх, хотын оршин суугчдад илүү аюулгүй орчныг бүрдүүлж ажиллахыг зорьж байна. Тэгвэл бид хяналтын системээр тэргүүлэгч Dahua брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч MNDahua Tech компанийн гүйцэтгэх захирал Г.Дөлгөөнтэй ярилцлаа.
-Та бүхэн Dahua брэндийг 2020 оноос эхлэн албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн юм байна. Энэ шийдвэрийг анх хэрхэн гаргаж байсан бэ?
-Манай компани анх дөрвөн ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж, байгууллагуудад технологийн шинэ шийдэл, бүтээгдэхүүн танилцуулах байдлаар гараагаа тавьж байлаа. Тухайн үед 10 байгууллагатай харилцдаг байсан бол өнөөдөр бид 90 гаруй төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран ажилладаг болсон байна. Гэхдээ бид бүхий л цаг хугацаанд ашгийн төлөө гэхээс илүү хариуцлагатай, чанартай, хурдан шуурхай үйлчилгээг санал болгохыг гол зорилгоо болгон ажиллаж ирсэн. Өнөөдрийн бидний бий болгосон үнэ цэн бол тууштай байдлын үр дүн гэж бодож байна. Цаашид бид тив дамнасан дистрибьютер компанийн жишиг стандарт, зарчмаас суралцаж, өөрсдийн арга барилаар нэвтрүүлэхийг хичээж байна. Монголын зах зээлд олон улсын хяналтын камер, барилгын домофон систем, цогц автоматжуулалтын системийг өргөжүүлэн нэвтрүүлэхэд бүх партнер байгууллагын маань хамтын хүч хөдөлмөр ихээхэн нөлөөлдөг.
-90 гаруй байгууллагатай түншилж ажилладаг гэлээ. Түнш байгууллагууддаа ямар үнэ цэнийг бий болгож ажилладаг вэ?
-Нэгдүгээрт, бид партнер байгууллагынхаа бизнесийг дэмжиж ажилладаг. Харилцагчид маань бидэнтэй хамтарч ажилласны үр дүнд мэргэжлийн түвшинд, аль ч салбарт тохирсон оновчтой, ухаалаг, нэгдсэн хяналтын системийн шийдэл боловсруулж, эцсийн хэрэглэгчдэд хүргэж чаддаг. Хоёрдугаарт, манай компани инженерийн нөү-хау буюу яг энэ цаг мөчид дэлхийд трэнд болж буй биет аюулгүй байдлын нэгдсэн цогц системийг харилцагч байгууллагууддаа зөвлөдөг. Бид бүгдийн мэдэх хяналтын камер зөвхөн хянах үүрэг гүйцэтгэхгүй. Харин хиймэл оюунд суурилсан илүү ахисан түвшний шийдлийг санал болгож, өөр дээрээ дата боловсруулж, менежментийн түвшинд ашиглах боломжийг ч бүрдүүлдэг. Гуравдугаарт, бид партнер байгууллагынхаа инженерүүдийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат олгох сургалтанд хамруулдаг.
-Барилгын салбарынханд, тэр дундаа харилцагч байгууллагууддаа сүүлийн үеийн ямар технологийн шийдлийг санал болгож байгаа вэ?
2022 онд Англи улсад Ковид-19 –ийн дараа эрсдэлээс сэргийлж no touch буй хүрэхгүйгээр нэвтрэх, зочлох, онгойлгох шийдлүүд трэнд болж эхэлсэн. Яг тэр үед бид Монголын зах зээлд мөн адил шийдлийг санал болгож эхэлсэн. Тодруулбал, Visitor management/Зочны удирдлагын систем юм. Энэ нь гаднаас хүн ирэх, хотхоны болон лифт, машины зогсоол, тоглоомын талбайн аль хэсэгт орохыг тухайн оршин суугч өөрөө шийдэх юм. Ингэснээр тухайн хотхоны аюулгүй байдал, VIP орчин үүсэх, хулгай, гаднын машин орж ирж зогсох гэх мэт ашиглалтын үеийн маш олон асуудлыг шийдэж байгаа. Мөн хогийн савны дүүрсэн эсэхийг хянадаг, айл цонхоороо ямар нэг зүйл шидэхэд илрүүлдэг камерууд зах зээлд сонирхолтой шийдлийн тоонд орж байсан.
Бид аливаа төсөл эхлэхээс авхуулаад ашиглалтын үед ч үйлчилгээ үзүүлдэг нь манай систем тухай төсөлд урт удаан, чанартай ажиллах боломж нөхцөлийг бий болгодог давуу талтай.
-Сүүлийн жилүүдэд хяналтын камерын үйлдлүүд хиймэл оюунд суурилсан технологийн тусламжтай улам хөгжсөөр байна. Үүнтэй зэрэгцэн Монголд Dahua брэндийг ашигладаг хувь хүн, байгууллагын тоо улам нэмэгдэж, олонд харьцангуй танигдаад байна. Камерт нэмэгдсэн шинэлэг үйлдлүүдээс дурдвал?
-1996 оноос камерын систем нь аналоги системээс дижитал технологид шилжсэн. Камерын системийн хувьд видео аналитик дата гэх ойлголтоор илүү баяжсан шинэ систем нэвтрээд байна. Энэ нь камерт бичигдсэн дүрс мэдээллийг өөрөө боловсруулан тухайн хэрэглэгчид ашигтай мэдээллийг боловсруулж өгнө гэсэн үг. Дэлхий дахинд энэ технологи хурдацтай нэвтэрч, Монгол Улсад ч хэдийнэ ашиглаад эхэлсэн. Жишээлбэл, үйлчилгээний газрууд хяналтын камерын тусламжтай өдөрт хэчнээн хүн орж гарч, аль цагаар хэдэн насны, ямар хүйстэй хүн үйлчлүүлж байгааг мэдэх, бүр цаашлаад VIP зочдын жагсаалт гарган мэдэгдэл илгээх боломжтой болсон. Мөн барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт аюулгүй ажиллагааны стандартад хяналтыг ухаалаг болгож, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааг хөнгөвчилсөн ухаалаг шийдэл ч бий. Түүнчлэн улсын дугаар таньдаг камераар тухайн байгууллагын үүдээр хэдэн цагт ямар дугаартай машин нэвтэрсэн зэргийг ч заавал хэн нэг хүн цаг гарган шүүж үзэх шаардлагагүй болж автоматжсан.
-Амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээсээ онцолж ярихгүй юу?
-Өнөөдрийг хүртэл бид 100 гаруй төсөл дээр түнш байгууллагын хамтаар амжилттай ажилласан байна. Үүнээс онцолбол, энэ жил бид Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж буй “Ногоон бүс” төслийн хүрээнд камерын нэгдсэн хяналтын систем суурилуулж, шийдлийн зөвлөхөөр ажилласны үр дүнд иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын зэрэгцээ гэмт хэрэг, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, үйлдэл дээр нь таслан зогсоох боломжийг бүрдүүлсэн орчин бий болоод байна.
Хоёрт, үйлдвэрлэлийн орчинд түнш байгууллагатай хамтран АПУ ХК –ийн долоон объект, Шунхлай группийн нэг объектыг төвлөрсөн нэг системд оруулсан. Тухайлбал, АПУ ХК –ийн Tiger үйлдвэрт гурван пост, 12 хүн ажилладаг байсан бол ухаалаг шийдэл нэвтэрсний дараа ердөө нэг пост, дөрвөн хүн ажилладаг болсон. Үүнээс гадна дэлгэцийн ард хяналт хийж буй хүн видео аналитик дата системээс өгч буй мэдээллийг цаг алдалгүй авч ажиллах боломжтой болж байгаа юм. Тэгэхээр энэ системийн хувьд ажлыг зөвхөн хялбарчлаад зогсохгүй хамгийн гол нь аливаа асуудлыг болж өнгөрсөн хойно нь биш урьдчилан харж шийдэх боломжийг бүрдүүлдэг гэсэн үг. Мөн тухайн байгууллага ухаалаг хяналтын системийг нэвтрүүлснээр компанийн үр ашигт илүү сайнаар нөлөөлдөг.
Аюулгүй хот, аймаг, Монгол Улсыг бий болгоход нэгдсэн хяналтын систем хэрэгтэй.
-Та бүхэн алсын хараагаа хааш чиглүүлж байна вэ?
Манай компанийн бизнес шийдлийн онцлог бол биет аюулгүй байдлыг хангах цогц систем юм. Өөрөөр хэлбэл, таны эд хөрөнгөөс эхлээд хувь хүний аюулгүй амьдрах, нийгмийн амар тайван байдлыг бий болгоход чиглэсэн гэж ойлгож болно. Энэ утгаараа манай нэг л төхөөрөмж ажиллахгүй байх тохиолдолд түүний цаана үүсэж болох өндөр эрсдэл байнга дагаж явдаг гэсэн үг. Тиймээс эрсдэлээс сэргийлэх ганц зүйл бол стандартын дагуух угсралт, бараа бүтээгдэхүүний чанар байдаг. Энэ бүхэнтэй уялдуулан бид алсын хараагаа монгол хүнд ээлтэй, аюулгүй орчныг бий болгоход чиглүүлэн ажиллаж байна.
-Монголын хяналтын камерын зах зээлийн тэлэх орон зай, нөөц бололцоог та хэрхэн харж байна?
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй аргын нэг нь мэдээж хяналтын камерын техник хэрэгсэл, хяналтын нэгдсэн систем байдаг. Үүнийг одоогийн Засгийн газрын санаачилж буй “Шинэ сэргэлтийн бодлого” –той холбож харах нь зүйтэй байх.
2021 оны судалгаанаас харахад төрийн байгууллагуудад ашиглагдаж буй камерын тоо 6686 ширхэг байснаас бараг тал нь ажилладаггүй гэж дурдсан байсан. Харин өнгөрсөн онд 10000 гаруй камертай болж, ашиглалтын засвар үйлчилгээг 3000 гаруй камерт хийсэн гэх тооцоо бий. 2030 он гэхэд энэ тоо хувийн хэвшлийн оруулахгүйгээр 65000+ болж нэмэгдэнэ гэсэн тооцоо ч хийгдсэн байдаг. Тиймээс 2022 оноос эхлэн манай компани “Аюулгүй дүүрэг”, “Ногоон бүс”, “Түгжрэлгүй хот” зэрэг олон улсын стандартад нийцсэн томоохон шийдлийг бүтээгдэхүүний хамт танилцуулж, зарим төсөл нь хэрэгжиж эхлээд явж байна. Үүнд, би иргэн хүний хувьд баяртай байдаг.
-Тэгвэл технологийн дэвшлээр монголчууд хаахна явна гэж хардаг вэ?
-Нэг үеэ бодвол хүмүүс аюулгүй байдал хэрхэн хангагдах талаар ойлголттой болж хэрэгцээ шаардлагаа тодорхойлж чаддаг болсон. Гэхдээ видео аналитик датаг хангалттай хэмжээнд ашиглахгүй байна гэж хардаг. Харин манай компанийн хувьд энэ төрлийн технологийн системийн найдвартай байдлыг чухалчилдаг. Энэ ч үүднээс бидний санал болгож буй систем дэлхийн тэргүүлэх технологийг хөгжүүлэгч бүтээгдэхүүн гэдгийг онцолъё.
-Танай компанийн таван жилийн дараах нийгэмд үзүүлэх нөлөөг та ямар байгаасай гэж төсөөлж байна вэ?
Нэгт, “Аюулгүй хот” төслийн хүрээнд монгол хүнд ээлтэй хотыг бий болгоход зөв шийдлийн системийг санал болгох. Хоёрт, замын хөдөлгөөний ухаалаг шийдлийн хүрээнд түгжрэлийг бууруулахад бодитой шийдэл, инженерчлэлийн санал оруулах. Гуравт, “Ногоон бүс” хөтөлбөрийн хүрээнд гэмт хэргийг бууруулах гэж онцолж харж байна. Эдгээр гурван зүйлийг бодитоор хэрэгжүүлэхэд бид систем шийдлийн хувьд хувь нэмэр оруулж ажиллана хэмээн үзэж байна.